Хотын зурвас: Хаврын уртад ээж рүүгээ залгаарай
Хотын зурвас: Хаврын уртад ээж рүүгээ залгаарай

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Хахирган цагийн аашин дунд мал ахуй, гэр орноо арчлах, хол, ойр суугаа үр хүүхдээ ачилж бөөцийлөх том сэтгэлийн хүч монгол малчин ээжээс л гардаг болов уу. Хаврын уртад ээж рүүгээ залгаарай, хүмүүс ээ. 

Төгрөг нутагт, манай хотонд баясгалант хавар иржээ. Сайхан үнэр, бөөн амин дэм шингэсэн ямааны уураг чанаж илгээжээ, ижий минь. Таван зуу гаруй километрийн цаанаас шүү, бүр. Нямбай, чамбай боож баглаж, скочдож, утасны дугаар хүртэл бичиж наасан хайрцгийг хараад хавар болохоор, ээжээс илгээмж ирэхээр бодогддог нэгэн дурсамжаа саналаа.

Дөрвөн жилийн өмнө тэнгисийн эргийн хотын хаврын ийм өдрүүдэд долоо хоногт нэг удаа ээжтэйгээ утсаар ярьдаг байлаа. Урт өдөр ээжийн хонь эргүүлэх нь өглөө эрт ажил эсвэл хичээлдээ алхах миний хуваарьтай яг таарна. Тэнгэр сайхан, шинэ төлүүд гарсан өдөр ээжийн дуу хоолой илүү цоглог, нэг л тэнүүн байдаг сан. Одоо ч адил даа. 

Тэр хавар утасны төлбөр хоёр мянга орчим евро гарч би гурав хувааж төлсөн юм. Ингэж төлөхийг Графтон гудамжийн Водафон /үүрэн телефоны оператор/-ы менежер эмэгтэй зөвлөсөн билээ. Холбооны бус улс руу дуудлага хийхдээ ганцхан дугаартай олон удаа, удаан хугацаагаар ярьж тийм өндөр төлбөр гарсан нь түүнийг шоконд оруулсан юм. Ямар учиртайг дахин дахин лавлахад нь “Би ээжтэйгээ ярьдаг юм аа” гэж хэлээд “Та хоёр ямар азтай юм бэ” гэдэг хариулт сонсож байв. Жиндүүхэн газар сонссон дулаахан үгсийн нэг тэр байсан.

Даарч явахад, уйлж байхад, баярлаж хөөрөхөд ээжийн үг хамгийн нөмөртэй, хамгаас хүчтэй бас үнэн байдаг. Ээжтэйгээ ярьж, ээжийгээ л сонсож байвал газрын хол, ойр, төлөх мөнгөний их, бага хамаа юу сан билээ.

Ер нь хүнд “өнөөдөр ийм сайхан хоол хийлээ. Болдог сон бол хүүхдэдээ чатаар, мессежээр явуулчих юм сан” гэж ярьдаг нэгэн ээжээс өөр заяадаггүй болов уу. Өчнөөн алсаас ингэж ярьдаг байсан ээжид минь Улаанбаатар хүртэлх 500 километр зам “айлын” дайтай санагддаг болохоор хоол унд, хоормог тараг зөөлгөж сэтгэл, хайранд нь бөмбөрсөөр таарах юм. Ээж минь. Өгөхийн төлөө төрсөн та минь. Өөртөө юу ч үлдээлгүй өр сэтгэлээ бусдад хуваачихдаг өрөвдөлтэй ээж минь. 

Хахирган цагийн аашин дунд мал ахуй, гэр орноо арчлах, хол, ойр суугаа үр хүүхдээ ачилж бөөцийлөх том сэтгэлийн хүч монгол малчин ээжээс л гардаг болов уу. Хаврын уртад ээж рүүгээ залгаарай, хүмүүс ээ.