Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүх юмны “буруутан” болов. Өнөөгийн Монгол Улсын байгаа байдал, авлигын систем, ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гээд энэ бүгдийн ард Ц.Элбэгдорж байгаа гэх агуулга бүхий хоёр ярилцлагын нэвтрүүлгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах нэрт найруулагч “херо” Баатар ойр ойрхон бэлтгэж цацав. Эхний зочин нь Ерөнхий сайд өөрөө байсан бол хоёр дахь зочин нь С.Зориг агсны гэргий Б.Булган байлаа. Олны анхаарлыг татсан тун сонирхолтой зочин байсан ч хууль, шүүхийн байгууллагад өгсөн нууцын гэрээ зэрэг олон шалтгааны улмаас болсон явдал, хэргийн тухай дэлгэрэнгүй ярих боломж байсангүй. Харин Ц.Элбэгдоржийг бүх юмны буруутай гэх мессежийг олон нийтийн өмнө ил тодоор зарлав.
Гэхдээ энэ бол хувь хүний үзэл бодол, дүгнэлт. Тодруулбал, дээр дурдсан хоёр ярилцлагад Ц.Элбэгдорж ийм учраас буруутай гэх ямар нэг баримт нотолгоо байхгүй. Харин Ерөнхий сайд ч тэр, Б.Булган ч тэр “Ц.Элбэгдорж л бүхний буруутан” гэх ерөнхий ойлголт, мэдээллийг олон нийтэд өгөхийг зорьсон нь илт. Товчхондоо нэг талыг барьсан, хэн нэгний нэр төр, алдар хүндэд шууд халдсан гэж үзэж болохоор ярилцлагын нэвтрүүлгийг урьдчилан бэлтгэж, 14 арилжааны телевизээр нэг өдөр цацаж орхив.
Нэг хэсэг нь үүнийг сонгууль угтсан улс төрийн тархи угаалт гэж харж, үзэл бодлоо ч илэрхийлж байна. Нөгөө талаас Ц.Элбэгдорж үнэхээр буруутай гэх хүмүүс ч хангалттай олон бий. Тэр буруутай байж болно, буруугүй ч байж болно. Ямар ч гэсэн одоогоор нотлогдож, батлагдсан зүйл алга. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, өөрийн өөрийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт өгөх хэмжээнд л байна. Тэгвэл хэвлэл юу болов оо. Батлагдаж, нотлогдоогүй зүйлээр хэн нэгэн рүү дайрсан агуулга бүхий ярилцлагыг мэдсээр байж 14 телевиз эфирээрээ нэгэн зэрэг шахуу цацсан нь ёс зүйн хувьд байж болох үйлдэл мөн үү?
Нэг талаас нь харвал хэвлэл мэдээллийн байгууллага бол бизнес. Тэд чөлөөт зах зээлийн зарчмаар мөнгө олж, бизнесээ хөгжүүлэх ёстой. Үүнд төлбөрт нэвтрүүлэг ч багтана. Өөрөөр хэлбэл, захиалагч талын бэлтгэсэн нэвтрүүлгийг эфирээрээ цацаж өгсний төлөө төлбөр авч болно. Энэ бол хэвийн, байх ёстой зүйл. Хамгийн гол нь тухайн нэвтрүүлэг хэн нэгнийг гүтгэж доромжлох зэргээр хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн агуулгагүй байх ёстой. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага урьдчилан хянаж, нэвтрүүлэх үүрэгтэй. Ингэхдээ төлбөрт нийтлэл, нэвтрүүлэгт Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын дагуу тусгай тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ёстой юм.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим:
- Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.
9.1 Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээр татгалзана.
Харин төлбөртэй биш бол 14 телевиз улс төрийн хараат байдалд орсон уу гэх асуулт гарна. Учир нь Ерөнхий сайдынх нь ахын бэлтгэсэн нэвтрүүлгийг 14 телевиз, барагтай л бол хөдлөөд байдаггүй хөтөлбөрөө эвдэж, нэрийг нь ч зоолгүйгээр цацсан нь анхаарал татаж байна. Аль нэгэн нам, улс төрийн бүлэглэлийн эрх ашгийн үүднээс ийм үйлдэл хийсэн юм биш биз гэх болгоомжлол эрхгүй төрнө. Аль нь ч байлаа гэсэн ёс зүйн хувьд зөвтгөх аргагүй үйлдлийг арилжааны 14 телевиз гаргаад байна.
Сэтгүүл зүйн профессор Ж.Батбаатар “Суурь сэтгүүл зүй” номдоо:
“Ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл худал хуурмаг, бодитой бус мэдээлэл дамжуулах, бусдын нэр төрийг гутаах, гүтгэх, хэн нэгний юм уу, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилж нат талыг барих, суртал ухуулга хийх, үзэл бодлоо тулган хүлээлгэх, бусдын өмнөөс шийдвэр гаргах зэрэг нь бодит мэдээлэл хүлээн авах иргэний эрхэд халдаж буй хэрэг бөгөөд мэргэжлийн сэтгүүл зүйн үзэл баримтлалд харш юм” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөө гэж ярих дуртай. Гэвч бид эрх чөлөөгөө хадгалж, хамгаалж үлдье гэвэл ёс зүйтэй, зарчимтай байхаас эхэлнэ. Өнөөдөр аль нэг улс төрийн бүлэглэл, эрх ашигт үйлчилчихээд маргааш тэднээс хэвлэлийн эрх чөлөө, шударга ёс шаардаж чадах уу? Хэвлэн нийтлэх, үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хамгаалах, эрх баригчдаас шаардах нүүртэй байхын тулд бид өнөөдөр ёс зүйтэй байх ёстой. Хэрэв ямар нэг байдлаар хэн нэгэн, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилж байвал эргээд өөрсдийгөө аюул руу түлхэж буйтай ижил. Өнөөдрийн өөхнөөс маргаашийг уушги гэж үг бий.