01 сарын 11, 2024
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хамгийн чухал заалтыг хассан
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хамгийн чухал заалтыг хассан
Хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хамгийн чухал 11.2 дахь заалтыг хассан нь ямар үр дагавартай вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын АН-ын бүлгээс ажлын 3 хоногийн завсарлага аваад байна. Харин өнөөдөр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл"-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. 

Одоо мөрдөж буй хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-р хэсэгт хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжсэн маш тодорхой заалт байсан. Гэтэл шинэ хуулийн төсөлд энэ заалтыг хассан нь буруу гэдгийг онцолж байна.

Б.Зандан: Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал

410986368_1005846613843247_1981741872264120476_n 

Одоогийн мөрдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд байсан. Жишээлбэл, импортоор орж ирж байгаа өндөр технологи, бараа бүтээгдэхүүн дээр гааль болон НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт заалт байсныг авч хаясан нь харамсалтай. Ер нь хөрөнгө оруулагчид бидний үүд хаалга дээр дугаарлаад зогсдоггүй. Бид дэлхийн 200 гаруй улс орнуудтай өрсөлддөг болохоор илүү их хөрөнгө оруулалт татахын тулд тэдэнд илүү их боломж, илүү их урамшуулал олгодог байх хэрэгтэй. Энэ үүднээс татварын хөнгөлөлтүүдээ олгомоор байгаа юм.

Г.Жавхлантөгс “Амчам Монгол”-ын бодлого хариуцсан захирал

411374918_1110999043671439_6800267443075622129_n 

Тогтворжуулалтын гэрчилгээ гэж яриад байгаа. Тогтворжуулалт гэдэг нь урамшуулал мөн боловч хангалттай биш байгаа юм. Тэгэхээр бусад улс оронтой өрсөлдөхүйц байхын тулд урамшуулал заавал өгч байх ёстой юм. Үүний нэг хэлбэр нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн 11.2-т байсан. Засгийн газар хэлсэн ярьсандаа хүрээд татварын хуулиуддаа шинэчлэл оруулж үнэхээр багц шинэчлэлийг хийх хэрэгтэй байгаа юм. Тэгж байж асуудал шийдэгдэнэ. Үгүй бол хөрөнгө оруулагчид хохироод л хоцорно.

Одоо мөрдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т "Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно гэж заасан. Мөн 11.2.1. барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих" хэмээн заасан байдаг боловч хэрхэн татварын хөнгөлөлт эдлүүлэх, чөлөөлөх нь тодорхойгүй, бусад татварын тухай хуулинд сууж өгөөгүй учраас олон хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгчид өр төлбөрт ордог хүндрэл амьдрал дээр байна.

Өөрөөр хэлбэл хууль хоорондын уялдаа холбоо муу. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яамдууд гол хууль биш гэж үздэг нь ялгамжтай байдлыг бий болгодог. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт төрийн өмчит төслүүд, жишээ нь газрын тос, хөдөө аж ахуйн төслүүдэд нэг удаагийн хууль гаргах замаар хэрэгжиж байгаа гэх үндэслэлтэй. Түүнчлэн, нэгэнт гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих үүднээс хууль баталж байгаа бол бусад хуулийн уялдааг нь хангах шаардлага урган гарч байна.

Иймд шинэ хуулиа хуучнаасаа дордуулахгүй байх, хөрөнгө оруулагчдаа наандаж татварын хөнгөлөлт чөлөөлөлтөөр татах бодлогыг тусгах нь чухал байна гэдгийг танхимын төлөөллүүд онцоллоо.