01 сарын 11, 2024
Таксины зөвшөөрлийн ард 40000 жолооч “томчуудад” ажлын байраа булаалгана
Таксины зөвшөөрлийн ард 40000 жолооч “томчуудад” ажлын байраа булаалгана

Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгож, цэгцлэх нь зөв. Гэвч тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлагыг нь харахад бүртгэж, цэгцлэхээс илүү хувийн такси үйлчилгээг зах зээлээс шахаж оронд нь томоохон аж ахуйн нэгжүүдийн бизнес цэцэглэх нөхцөлийг бүрдүүлж байна. 

Тодруулбал, такси үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл олгохдоо Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна гэж Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд тусгасан. Автотээврийн тухай хуульд өнгөрсөн оны сүүлээр нэмэлт өөрчлөлтөөр оруулсан найман заалтын нэг нь “Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх” гэсэн шаардлага. Энэ шаардлага хувийн таксиг зах зээлээс шахан гаргаж, томоохон аж ахуйн нэгжүүд энэ зах зээлийг атгах гол хөзөр нь гэж хэлж болно.

Арваас дээш жил ашиглагдаагүй машин гэдэгт 2014 оноос хойш үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл хамаарна. Үндэсний статистикийн хорооны 2022 мэдээллээс харахад Улаанбаатар хотод ашиглаж буй 700 мянга орчим тээврийн хэрэгслийн 528 мянга буюу  75 хувийг нь 10-аас дээш жил ашигласан байна. Тэгэхээр нийт тээврийн хэрэгслийн 75 орчим хувь нь такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах нэг шаардлагыг хангаж чадахгүй гэсэн үг. 

1 

Өнөөдөр л гэхэд нийслэлд 728 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээр тээврийн хэрэгслийн 75 орчим хувийг нь 10-аас дээш жил ашигласан гэж тооцоолж болно. Энэ дунд таксинд явж амьжиргаагаа залгуулдаг хувь хүмүүсийн олонх нь багтана гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Харин одоо та таксинд явах хүсэлтэй ч машин чинь шаардлага хангахгүй бол боломжгүй гэсэн үг. Мэдээж хувь хүн машинаа зарж, 2014 оноос хойш үйлдвэрлэсэн шинэ тээврийн хэрэгсэл худалдаж аваад таксинд явж болно. Тэгвэл автомашины үнийг нь харъя.

Улаанбаатар хотын хувийн такси үйлчилгээний гол ачааг нугалж буй “Prius 30” загварын автомашины үнийг “Unegui.mn” сайтаас судлахад 20-30 сая төгрөгийн ханштай байна. 2024 онд Монгол Улсад гаалиар орж ирсэн боловч 2013 онд үйлдвэрлэсэн эдгээр машиныг худалдаж авсан ч такси үйлчилгээнд явах боломжгүй юм.

hoer_masin_zurag

Тухайн үйлдвэрлэсэн улсдаа 10 жил ашигласан ийм машинуудыг банк бус санхүүгийн байгууллагын зээлээр  авч унаад ч такси үйлчилгээнд явах боломжгүй. Магадгүй 2015 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг 30 сая төгрөгөөр авлаа гэхэд ганцхан жил л  таксинд явна гэсэн үг. Дөнгөж үйлдвэрээсээ гарсан машин унах санхүүгийн чадамжтай таксины жолооч Монгол Улсад хэд байх бол?

Тэгвэл энэ шаардлага  хэнд боломж олгох вэ?

Хөрөнгө, мөнгөтэй томоохон аж ахуйн нэгжүүдэд такси үйлчилгээ эрхлэх боломжийг өгнө. Тодруулж хэлбэл, хувийн такси үйлчилгээ зах зээлээс түрэгдэж, оронд нь томоохон аж ахуйн нэгжүүд зах зээлийг нь булаах нөхцөл бүрдэж байна. Улаанбаатар хотод нийт 40 мянга гаруй иргэн хувиараа таксинд явдаг гэсэн албан бус тоо байдаг. Таксинд явж амьжиргаагаа залгуулдаг энэ хүмүүс ажлын байраа булаалгахад ойрхон байна. 

Уг нь хууль хэн бүхэнд ижил тэгш үйлчлэх ёстой. Хэн нэгэн жолооч хуучин машинаа арчилж тордоод такси үйлчилгээний шалгуур шаардлагад нийцүүлсэн ч та 2014 оноос өмнө үйлдвэрлэсэн хуучин машин унадаг тул боломжгүй гэх хариулт сонсож таарах нь. 

Бүртгэж цэгцэлж, стандарт мөрдүүлэх нь зөв ч хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж, хувь хүнийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгаж мэдэх энэ заалтын ард 40 мянган өрхийн ахуй амьдрал бий.