Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4,1 хувиар өснө гэж тооцоолжээ.
Азийн Хөгжлийн Банк 2024 оны дөрөвдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа 2023 онд 7.0%-ийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4,1 хувиар өснө хэмээн тооцоолсон байна.
Эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байгааг онцолжээ. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдсаж 6.0 хувьд хүрнэ гэж таамагласан байна.
2023 онд ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн.
Инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ.
Инфляцын түвшин 2024 онд 7.0 хувь, 2025 онд 6.8 хувь болж буурах төлөвтэй байгаа ч энэ нь өндөр үзүүлэлт хэвээр байна. Сүүлийн үеийн эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай болох төлөвтэй.
Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын гамшиг, БНХАУ-ын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно.
Харин түүхий эдийн үнэ өсөх, нүүрсний борлуулалт нэмэгдэх, Оюу толгойн уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх зэрэг нь төсөөллийг өсгөх магадлалтай.
“Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэ хандлага үргэлжилнэ гэж бид таамаглаж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлжээ. Мөн дөрөвдүгээр сарын эхний байдлаар зургаан сая гаруй толгой мал хорогдсон, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгааг харахад хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол авчирч буй зудын гамшиг энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө.
Энэ нь Монгол Улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна.
Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.