04 сарын 16, 2024
Уугуул техник хэрэглэгчид Монголыг аврах уу?
Уугуул техник хэрэглэгчид Монголыг аврах уу?

Уугуул техник хэрэглэгчид Монголыг аврах уу?

Гар утас, интернетээр угжуулах нь холгүй өсөж буй “Z” үеийнхэн манай нийгмийн хөгжлийн хурдасгуур уу эсвэл мөхлийн үеийн эхлэл үү.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр нийгэм хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэхүү хувьслын явцад хүн төрөлхтний сэтгэхүйн чадавх, оюуны цар хүрээ улам бүр тэлсээр.  Харин монголчуудын хувьд аль шатанд явж буй нь ойлгомжгүй бөгөөд хуучин засаглалын өнгө аяс цухалзсан нийгэмдээ аж төрсөөр. Үүнээс үүдэж буй нэгэн бэрхшээл нь үе хоорондын ялгаа билээ. Гар утас, интернетээр угжуулах нь холгүй өсөж буй “Z” үеийнхэн манай нийгмийн хөгжлийн хурдасгуур уу эсвэл мөхлийн үеийн эхлэл үү гэдэг нь ойлгомжгүй байна. Учир нь энэ үеийн залуусаас хүлээх итгэл өдөр ирэх тусам алсарсаар буй. Нийгэм “Z” үеийг “залуучууд үг сонсдоггүй, утас ухахаас өөр шидгүй, ажил хийж сураагүй”, тэр бүү хэл цэргийн албанд татагдах нь эргэлзээтэй  гэх зэргээр тайлбарлах боллоо. 

Эрдэмтэд “Z” үед 1995-2010 оны үед төрсөн залуус багтана гэж тодорхойлсон байдаг. Нэг үгээр бол “ гар утасны уугуул хэрэглэгчид” гэдэг аж. Бидний өнөөгийн нийгэм миллениалууд болон “Z” үеийнхний амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг болсон. Тиймээс барууны орнууд тэдний сэтгэлгээ, шийдвэр гаргалт, аливаа чухал асуудалд хандах байдал, улс төрийн оролцоо, идэвх, сэтгэл зүй зэргийг нь нухацтай судалж, ойлгох чиглэлд анхаарах болжээ. Харин манай улсын тухайд үе хоорондын ялгааг тодорхойлсон “төгс” судалгаа алга байна. Иймд тус үеийн залуустай ойр ажилладаг тодорхой мэргэжилтнүүдээс "Z” үеийнхэн гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэдэгт тодорхойлолт авахыг хичээлээ. 

275581093_2890987404532094_7519239032953279759_n

ЕБ-ын нэгдүгээр сургуулийн Монгол хэл, бичгийн багш О.Отгонсүрэн:

-Энэ үеийн хүүхдүүдэд хичээл ороход хамгийн түрүүнд ажиглагддаг зүйл бол анхаарал төвлөрөлт. Учир нь тэд нэг зүйлд анхаарлаа хандуулах чадвар тааруу байдаг. Энэ талаар өөрийн сургуульд сурч байсан үетэй харьцуулж бодоход муу байгаа нь илүү их анзаарагддаг. Энэ нь интернэт, цахим технологиудтай холбоотой байх нь гарцаагүй. Анхаарал төвлөрөлт муу байгаагаас шалтгаалан сурагчид хичээл дундуур бусадтайгаа ярих, босож явах, өөр зүйлс хийх нь хичээлийн агуулгыг ойлгуулахад багшийн хувьд ихээхэн асуудалтай байдаг. Ялангуяа хэл бичиг, уран зохиолын хичээлүүд нь тогтвортой сууж сурах, төвлөрөх чадваруудыг хүүхдүүдээс шаарддаг. Тус үеийн хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэхийн тулд ном унших дадал хэвшлийг суулгах хэрэгтэй гэж хэл, уран зохиолын багшийн хувьд боддог гэв. 

 Сэтгэл зүйч А.Алтангэрэл: 

-“Z” үеийн хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвал сул ч бусад үетэй харьцуулахад анхаарлаа хуваарилах чадвар өндөр. Тэд хичээлээ хийж байхдаа дуу сонсох, хоол идэх гэх мэтээр олон зүйлд анхаарлаа тэгш хуваарилах чадвартай. 

Эцэг эхчүүд орчин цагийн хэллэгээр бол “Чи яагаад эмороод байгаа юм” зэргээр хүүхдийнхээ сэтгэл зүйг дардаг. Гэтэл энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүйд дарамт үүсгэдэг. Иймд тэдний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх орон зайг гаргаж, өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрийнхөөрөө дайрах тусам тэд холдож байдаг. Мөн эцэг, эхдээ өөрийн хүйсийн чиг баримжаа болон бусад зүйлсийн талаар үнэнээ хэлэх үед шүүмжлэлтэй ханддаг. Ингэснээр хүүхэд дотроо үнэнээ хэлэхгүй байх гэх сэтгэл зүйн хамгаалалтыг босгочихдог.

Шинэ үеийн залуус дэлхийн хөгжлийг даган, дуурайх, мөн манлайллыг хүсэж байна. Тэр хэрээрээ суралцаж байдаг. Харин эцэг эхчүүд өөрсдийн хүмүүжсэн арга барилаа тэдэнд тулгаж буй нь зөрчил үүсэх хамгийн том шалтгаан болж байгаа бөгөөд тэд шинэ үеийнхэнтэй яаж ойлголцохоо мэдэхгүй байна гэв. 2022 онд “СИКА” ХХК болон Монголын cанхүүгийн зах зээлийн холбоо хамтарч “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох судалгаа”-г боловсруулжээ. Уг судалгаанд Монголыг нийгмийн үеүдийг 

    • Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл) 
    • Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд) 
    • Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд) 
    • Шинэ үеийнхэн (1995 оноос хойш) гэж ангилжээ. 

Тайланд шинэ үеийнхнийг “Капиталист нийгэмд шилжих шилжилт шувтарч байх үеийн гэр бүлд төрсөн, 21 дүгээр зууны шинэ үзэгдлүүд болох дижитал, сошиал хэрэглээг өдөр тутамдаа ашиглан өсөж буй үе юм. Тэдний үзэл бодол, боловсрол, хэрэглээ зэрэг нь өмнөх үеийнхнээс их ялгаатай байна. Тэд бусад үетэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна гэж тодорхойлжээ. Харин хөдөлмөрийн зах зээлд энэ үеийн залуусыг онлайнаар харилцах дуртай, шинэ орчинд дасах, олон хүнтэй хамтарч ажиллах нь тэднээс багагүй тэвчээр шаарддаг. Мөн ажлын өндөр бүтээмжтэй, нээлттэй сэтгэлгээтэй, бүтээлч хандлагатай байдаг ч тууштай байдал үргэлж дутагддаг гэж тодорхойлжээ.

Хөдөлмөрийн зах зээл дэх “Z” үеийнхний оролцооны талаар “Эвсэл хүч” ХХК-ийн Хүний нөөцийн ажилтнаас тодруулахад: 

- Манай байгууллагад биеийн хүч шаардсан ажлын байр зонхилох хувийг эзэлдэг. Шинэ, хуучин үе гэж харьцуулахаас илүүтэй тухайн хүн ажилдаа дуртай байна уу” үгүй юу гэдэгт тууштай зан чанар илүү ажиглагддаг. Мөн ажилд шинээр орж буй залуус цалин болон нийгмийн хамгааллын үйлчилгээ гэх зэргийг хамгийн эхэнд асуудаг. Энэ нь манай нийгмийн бололцоо, хэрэгцээнээс хамаарч байгаа байх. Хүний нөөцийн хэлтэст надтай хамт “Z” үеийн төлөөлөл болсон нэг охин ажилладаг. Ер нь суралцах зүйл их. Тэр дундаа техник, интернетийг төгс эзэмшсэн санагддаг. Энэ чиглэлээр манай үеийнхэн хөлд нь чирэгдэж байгаа. Гэхдээ харилцан нэгнээсээ суралцаасай гэж хүсдэг. Дутагдалтай чанар нь гэвэл амархан сэтгэлээр унадаг, үг дааж сураагүй байдаг гэлээ. 

“Sparks” судалгааны байгууллагын хийсэн судалгаанаас харахад “Z” үеийнхэн нь сэтгэлгээний хувьд өөртөө эзэн байх, хувийн ур чадвар, бие хүний төлөвшлөө дээшлүүлэх болон өрсөлдөөнд маш идэвхтэй байдаг. Мөн ажлын байран дээр хамт олонтойгоо бус ганцаараа нэг өрөөнд ажиллахыг илүүд үздэг бөгөөд багаар ажиллахаас илүүтэй бие даан шийдвэр гаргахыг илүүд үздэг гэх зэргээр тэднийг тодорхойлжээ. 

436589149_1457743945123488_3520677903239286718_n 
"Z" үеийн төлөөлөл А.Оюун-Эрдэнэ

Нийгмийн янз бүрийн бүлэгт тухайн үеийн залуус ажиллаж байна. Тэдний төсөөлөл болох А.Оюун-Эрдэнэ нэг газраа удаан хугацаанд тогтвортой ажиллахыг хүсдэггүй аж. Учир нь ямар нэг чадварт суралцсан бол өөр салбарт, өөр мэргэжлээр суралцаж шинэ чадваруудад суралцахыг эрмэлздэг гэнэ. Жишээ нь, үйлчилгээний байгууллагад ачаалал даах, хүнтэй боловсон харилцах талаар суралцсан бол технологийн салбар руу хөрвөх гэх мэтээр зөөлөн ур чадвар/soft skill/-ээ хөгжүүлэхийг хичээдэг аж. 

Мөн тэрбээр “Өмнөх үеийнхэн эрсдэлийг хэтэрхий их боддог аймхай хүмүүс шиг санагддаг. Ямар нэг зүйлийг туршиж үзэхийг хүсдэггүй. Ихэнх газрууд анх ажилд ороход шинэ санаа, төслийг дэмжинэ гэдэг. Миний хувьд энэ нь өөрийгөө харуулах боломж гэж бодоод, ордог. Гэхдээ ямар ч шинэ санаа дэвшүүлсэн эрс няцаадаг нь таалагддаггүй. Энэ нь салбартаа шинийг эрэлхийлсэн мөрөөдлөөр дүүрэн залуусыг ажилд авах нэг төрлийн урхи шиг санагддаг. Тиймээс ч залуус хамтарч бизнес эхлүүлэхийг хичээдэг байх. Мөн албадан захирсан байдлаар харьцдаг нь зохисгүй санагддаг” гэв.

Ахмад үе залуу үеийг үргэлж шүүмжилдэг. Одоо шүүмжлүүлж байгаа залуу үе хөгшрөөд мөн л залуу үеийг шүүмжилнэ. Нэг үгээр бол дуусашгүй тойрог..Гэхдээ бидний амьдралын хэв маяг, хэрэглээ жил ирэх тусам өөрчлөгдөж байгаагийн адилаар нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөх нь зүйтэй биз ээ.