Гэрэл зургийн эх сурвалж: www.meds.gov.mn
Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү, Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа нар баруун болон хангайн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийсэн юм. Үүнээс хөдөөгийн сурагчдын сурч боловсрох эрхтэй холбоотой зөрчил, тулгамдсан асуудлыг тоймлон хүргэж байна.
Сургууль бол хүүхэд сурч боловсрох хамгийн таатай орчин байх ёстой. Гэтэл орон нутагт хүүхэд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн орчинд сурах нөхцөл өнөөг хүртэл бүрдэж чадаагүй байна. Үүнийг Хүний эрхийн үндэснийн комиссын Хангай бүс/Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл/-д хийсэн дүн жинжилгээнээс харж болно. Энэ бүсэд хамаардаг нийт 141 ерөнхий боловсролын сургуулийн 150 дотуур байранд 12 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Тэдний 10 мянга гаруй нь малчин өрхийн хүүхдүүд юм.
Ерөнхий боловсролын сургуулийн 22 дотуур байранд хяналт шалгалт хийхэд барилгын насжилт дууссан, цаашид ашиглах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан, зориулалтын бус, галын болон ослын стандарт шаардлага хангахгүй, ундны цэвэр усны хүрэлцээ дутмаг, боловсон ариун цэврийн өрөө болон усны өрөөгүй, унтлагын өрөөнд камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ. Тиймээс зөрчлүүдийг арилгуулахаар аймгийн Засаг дарга нарт шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд:
ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнхзаяа:
Хангайн бүсийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүрэлцээг нэмэгдүүлэх, шинэчлэх, дотуур байрын орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагатай. Ер нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийнн дотуур байрны асуудлыг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дэлгэрэнгүй тусгаснаар УИХ-ын 35 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх ажил улсын хэмжээнд үе шаттай хэрэгжиж эхлээд байна.
Баруун бүс /Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/ дэх хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний дүгнэлтээс хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой үүссэн хэд хэдэн асуудлыг харж болно.
ХЭҮК-ын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү:
Боловсролын салбарын чанар, хүртээмж нийслэл болон орон нутаг, төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургуулиудад харилцан адилгүй байна. Малчин өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд болон өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид, хөдөлмөр эрхэлж буй хөвгүүд сургууль завсардаж байгаа нь анхаарал хандуулах ёстой асуудал юм. Комисст сүүлийн гурван жилийн хугацаанд сурч боловсрох эрх зөрчигдсөн талаар 63 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд түүний мөрөөр болон комиссын гишүүний санаачилгаар 59 удаагийн хяналт шалгалт хийлээ.
Бүсийн хэмжээнд аймгийн төвийн ЕБС-ийн нэг ангид суралцах хүүхдийн тоо 40-50 сурагч байхад сумдад нэг ангид 10 хүрэхгүй сурагчтай хичээллэдэг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн зургаадугаар сургуулийн 80 хүүхдийн багтаамжтай дотуур байранд хоёр дахин олон буюу 160 хүүхэд амьдарч байгаа нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Мөн нэг хүүхдэд ноогдох зай талбайн хэмжээ, хоол хүнс, ахуй хангамж, ор болон зөөлөн эдлэлийн хүртээмж хангалтгүй байх зэргээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм.
Шалгалтаар цэцэрлэгийн хүртээмж, хүчин чадал доогуур үзүүлэлттэй гарсан байна. Баян-Өлгий аймагт л гэхэд цэцэрлэгийн насны хүүхдийн 70 хувь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйлчилгээнд хамрагджээ. Өөрөөр хэлбэл, тус аймаг дахь хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт улсын хэмжээтэй харьцуулахад доогуур үзүүлэлттэй байна. Түүнчлэн зарим алслагдсан аймаг, сум, багийн малчин өрхийн 2-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ зөөх (малаа орхих) боломжгүй, аймаг, сумын төвийн айлд суулгахад хүүхдийн нас хэтэрхий бага байдаг зэрэг бодит нөхцөл байдлаас шалтгаалж байна.