Гэрэл зургийн эх сурвалж: BBC World Asia
Нохой нядалж, махыг нь худалдаалвал “2-3 жилийн хорих ял”-аар шийтгэнэ. Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей “нохойн мах хэрэглэх”-ийг хориглох тухай хуулийн төслийг баталлаа.
Ийнхүү олон жилийн турш маргаан дагуулсан амьтны эрхийн асуудал дуусгавар болж байна. Дунджаар жилд нэг сая нохойг хүнсний зориулалтаар нядалдаг. Жилээс жилд нохойг тэжээх, гэр бүлийн гишүүн шигээ хайрлах иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч өрхүүдийн дунд нохойн махны хэрэглээ буурахгүй байгаа юм.
Шинэ хууль 2027 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Засгийн газрын статистик мэдээгээр 2023 онд улсын хэмжээнд 1600 орчим нохойн махны зоогийн газар, 1150 нохойн ферм бүртгэгджээ. Тэд нэг л өглөө ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжлээ. Төр засаг тухайн иргэдийг дэмжихээ илэрхийлсэн ч нөхөн төлбөр олгохыг эцэслэн шийдээгүй байна. Мөн хууль бусаар нохой нядалж, махыг нь худалдаалвал “3 хүртлэх жилийн хорих ял”-аар шийтгэхийг сануулжээ.
Дээрх шийдвэрийг дийлэнх иргэд дэмжсэн бол ахмадууд эсэргүүцлээ илэрхийлж байна. Тухайлбал, их сургуулийн оюутан И Чае Ён “Энэ хууль амьтны эрхийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Учир нь нохой гэр бүлийн гишүүн шиг болсон. Хэн ч гэр бүлийн гишүүнээ идэхийг хүсэхгүй”
гэсэн бол 86 настай Ким Сон Хо энэхүү хоригт сэтгэл дундуур буйгаа хэллээ. "Бид дундад зууны үеэс нохойн мах идсэн. Хэрэв нохойны махыг хоригловол үхрийн махыг ч хориглох хэрэгтэй” гэж Сөүл дэх “ВВС” агентлагт ярьжээ.
“Хэрэв нохойны махыг хоригловол үхрийн махыг ч хориглох хэрэгтэй."
Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин төрийн эрхэнд байхдаа нохойн махыг худалдаалах, нядлах, зүй бусаар харьцах нь амьтны эрхийг ноцтой зөрчиж байгааг сануулж, ард түмнээ аль болох энэ махнаас татгалзаж, хүнлэг байхыг уриалсан түүхтэй. Тэрбээр 2021 оны эхээр нохойн мах идэх уламжлал нь олон улсад манай улсын нэр хүндийг унагаж, эвгүй байдалд оруулдаг гэж мэдэгдсэний дараа “нохойн махнаас татгалзъя” хаштаг эрчээ авчээ. Мөн 24 цагийн дотор хагас сая иргэн Хөх Ордоны цахим хуудас руу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг шалгах, хаах хүртэл арга хэмжээ авахыг шаардаж, цахим гарын үсгээ зурцгаасан байна.
Томоохон судалгааны агентлагууд Ерөнхийлөгчийн санаанд ач холбогдол өгч, иргэдийн байр суурийг сонсож, судалгаа явуулжээ. Амьтдыг хамгаалах “Aware” байгууллагын захиалгаар явуулсан санал асуулгын үр дүнд оролцогчдын 78 хувь нь нохойн мах, муурын махыг худалдаалахыг хориглох, 48 хувь нь хэрэглэхийг хориглохыг дэмжжээ. Харин “Realmeter” байгууллагын явуулсан судалгаагаар 41 хувь нь нохойн мах хэрэглэх нь хувь хүний хэрэг, 59 хувь нь нохойг хүний хэрэгцээнд зориулан нядлахыг хуулиар хязгаарлахыг дэмжсэн байна. Хөндлөнгийн “Gallup” агентлагийн судалгаагаар найман хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд нохойн мах хүнсэндээ хэрэглэсэн гэжээ.
Үүнийг өнгөрсөн 2015 онтой харьцуулахад хэрэглэгчийн тоо 25 хувиар буурчээ. “Бошинтанг” гэж нэрлэгдэх нохойн махаар хийсэн хоолыг Солонгосын ахмадууд амтархан иддэг ч залуус тоодоггүй зүгээр л “хэвийн үзэгдэл” гэж хүлээн авдаг байна. Жил бүр хүнсний зориулалтаар үржүүлсэн нэг сая орчим нохойг хүнсэнд хэрэглэдэг.
Нохойн фермерийн захирал Жу Ён Бонг “Энэ салбар уналтад орсон. 10 жилийн дараа энэ салбар бүхэлдээ алга болно. Бид 60-70 настай. Одоо амьжиргааны эх үүсвэрээ алдахад хүрлээ. Иргэд дуртай зүйлээ идэх эрх чөлөөнд халдлаа” гэсэн бол хоолны газрын эзэн “Хоригт үнэхээр бухамдаж буйгаа илэрхийлж, Залуус нохойг тэжээж, гэр бүлийн гишүүн шигээ халамжилдаг болсонтой холбон тайлбарлалаа.
Тэрбээр “Цэвэрхэн орчинд өсгөсөн нохойг хүнсний зориулалтаар нядлах хэрэгтэй. Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудад нохойн махыг иддэг. Яагаад энэ махыг хориглоод байгаа юм бэ!” гэж ярьжээ. 1980-аад оноос эхэлсэн өмнөх засгийн газрууд нохойн махыг хориглоно гэж амласан ч ахиц дэвшил гаргаж чадаагүй. Одоогийн Ерөнхийлөгч Юн Сук Ёол, тэргүүн хатагтай Ким Кеон Хи нар амьтанд хайртай хүмүүс бөгөөд тэд зургаан нохойтой. Тэргүүн хатагтай хэвлэлд ярилцлага өгөх бүртээ нохойн махнаас татгалзахыг уриалдаг байна.