Гэрэл зургийн эх сурвалж: pexels, Жуан Пабло
Ийм нэгэн аминч бэртэгчин үзэл суурин иргэншилд дадаж ядан байгаа монголчуудын ухамсрын хэмжээг илтгэх боллоо. Богино бодолтой тэдний хувьд босгыг нь даваад гарсан л бол ямар ч асуудал хамааралгүй болдог нь харамсалтай.
Жижиг мэт боловч хамгийн том асуудал бол хог. Хогийг ангилж, ялгах нь бүү хэл гэрээсээ гаргаад хаяж сураагүй хэдэн зуун мянга, магадгүй нэг сая хүн хотод аж төрж байна. Хотын төвд орон сууцанд амьдарч буй оршин суугчид ил задгай эсвэл уутлах аядсан хогоо дөнгөж гэрийнхээ босгыг давуулаад л давхартаа, орцондоо хаячихна. Хүн хэлээр буюу соёлтой байдлаар ойлгуулахаар оролдоод ч амжилт ололгүй арга барагдсан юм.
“Эрхэм хөрш та хогоо гаргаж хаяна уу!” гэж бичээд коридорт наасны маргааш цаасны өнцгийг хэн нэгэн тамхины үнсээр шарлатал түлээд, яг дор нь ууттай хогоо орхисон байж билээ. Зургаадугаар давхрын “майкл корс”-ын цүнх, брэнд гутал, булган шубатай ч үргэлж уутны ам нь задгай хог хаядаг эмэгтэйд эелдгээр сануулсны эцэст “Чамд ямар хамаатай юм бэ?” гэдэг хариулт, хилэнт харцаар “шагнуулсан” гэх мэтээр тэднийг соёлжуулах гэсэн бүтэлгүйтэл үргэлжилнэ. Гэр хорооллын айлууд ч ялгаагүй. Хөршүүдээ хулгайн нүдээр харж байгаад хүний эзгүйд сэмхэн гэтэж гарч ирээд угаадас, үнс, хогоо гудамжиндаа асгачихдаг. Хамар хашааных асгадаг юм чинь би ч заваарна гэдэг “атаархуу” үзлээсээ болоод хөрс, ус, агаар, эцэст нь өөрсдийнхөө эрүүл мэндийг хорлодог.
Уг нь Монгол Улс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуультай. Түүндээ хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг хуульчилж өгсөн байдаг.
Гэрийн бууриа цэмцийтэл цэвэрлээд нүүдэг, цэмбийтэл малтаад буудаг, байгаль дэлхийгээ хамгаалж, хайрладаг нүүдэлчдийн ёс уламжлалаа уландаа гишгэсэн, соёлтой, цэвэрхэн, эрүүл, аюулгүй байх их хотын шалгуур, шаардлагыг үл тоодог XXI зууны иргэдийнхээ арчаагүйн “ачлалаар” хогонд даруулж, өмхий сэнхийсэн Улсын нийслэл минь хөөрхийлөлтэй.