04 сарын 01, 2024
Дасаж болохгүй далд гэмт хэрэг
Дасаж болохгүй далд гэмт хэрэг

Зургийн эх сурвалж- Adobe stock.com

Албадан хөдөлмөр эрхлэлт гэдэг нь маш бага цалинтай, эсвэл огт цалингүй ажилд хууртагдаж, өрийн барьцаанд орсон мөн бичиг баримтаа хураалгасан зэргээс ажлаа орхиж явах боломжгүй болохыг хэлнэ. 

Албадан хөдөлмөрийг олон улсад хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэрэг гэж үздэг. Өнөөдөр дэлхий даяар 27,6 сая хүн албадан хөдөлмөрт хохирч байна гэх судалгаа бий. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлж байгаагаар энэ төрлийн хохирогч дэлхийн улс орон бүрд гэж үздэг аж. Албадан хөдөлмөр эрхлэлт гэдэг нь маш бага цалинтай, эсвэл огт цалингүй ажилд хууртагдаж, өрийн барьцаанд орсон мөн бичиг баримтаа хураалгасан зэргээс ажлаа орхиж явах боломжгүй болохыг хэлнэ. 

Манай улсын хувьд Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэхийг хориглодог. Мөн эрүүгийн хуульд гэмт хэрэг хэмээн заасан байдаг. Өндөр цалин авч ахиу мөнгө олох гэсэн иргэд хууль бус ажилд зуучлагчдын өгөөш болдог байна. Зуучлалын төлбөрт иргэдийн бичиг баримтыг барьцаалан, цалингаас нь суутган, өрийн дарамтад оруулдаг жишээ дэлхийн олон улсад түгээмэл байдаг гэнэ. 

1 Хүний  эрхийн үндэсний коммисын гишүүн Ж.Хунан

Хүний  эрхийн үндэсний коммисын гишүүн Ж.Хунан:

-“Албадан хөдөлмөр эрхлэлтийн асуудал яагаад чухал юм бэ? гэвэл хүний эрхийн үндэсний комисст ирж буй өргөдөл гомдлын  зонхилох хувийг хөдөлмөр эрхлэх эрхтэй холбоотой асуудал эзэлдэг. Мөн манай байгууллагын 2026 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны стратеги төлөвлөгөөнд нийгэм эдийн засаг соёлын хэрэглээг онцгойлон анхаарч, энэ хүрээнд түлхүү чиглэж, ажиллах зорилготой байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтарч хүүхэд болон хорих ангид хоригдож буй иргэдийн  албадан хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг хийж байна” гэв.

Харин манай улсын хувьд энэ төрлийн дэлгэрэнгүй судалгаа ховор бөгөөд судалгааг шинэчлэх хугацаа хол зайтай байдаг. Жишээ нь, Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 11 жилийн дараа  энэ онд шинэчилжээ. Тус судалгаагаар улсын хэмжээнд нийт 5-17 насны хүүхдийн 16.3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Орон нутагт амьдарч буй хүүхэд нийслэлийнхээс илүү хөдөлмөр эрхэлдэг зэрэг дүн гарчээ. 

Албадан хөдөлмөрт ихэвчлэн амьжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэд илүү өртдөг. Олон улсын хөдөлмөрийн байгууллага албадан хөдөлмөртэй тэмцэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх явцад үндэслэн албадан хөдөлмөрийг илрүүлэх 11 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.

Үүнд:

  • Эмзэг байдлыг нь далимдуулах 
  • Хууран мэхлэх
  • Чөлөөтэй зорчихыг нь хязгаарлах
  • Тусгаарлах 
  • Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх 
  • Айлган сөрдүүлэх 
  • Бичиг баримтыг нь барьцаалах 
  • Өрийн барьцаа, төлөөс болгох 
  • Тэвчишгүй  нөхцөлд ажиллуулж, амьдруулах 
  • Хэт уртасгасан цагаар ажиллуулах  зэрэг багтна.

 

Тус үзүүлэлтээс чөлөөтэй зорчихыг нь хязгаарлах шалгуурыг тайлбарлах зорилгоор 2022 онд хийгдсэн “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-ны дөрөвдүгээр бүлэгт орсон “Хурдан морь унаач хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” хэсэгт тусгагдсан унаач хүүхдүүдийн жишээнээс танилцуулъя. 

Судалгаанд оролцсон 12 настай унаач хүү “Гэр рүүгээ явна гээд гутлаа бариад хөл нүцгэн зугтсан. Гэтэл туслах уяач барьж аваад гэрт оруулж хүлээд хонуулсан” гэж ярьжээ. Чөлөөтэй зорчихыг нь хязгаарлах гэж албадан хөдөлмөрт өртөгсдийг зугтахаас сэргийлж ажлын байранд болон тэднийг зөөж тээвэрлэх явцдаа цоожилж, харуул  хамгаалалттай байлгахыг хэлнэ. Мөн  өөр нэгэн унаач хүүхэд “Багаасаа өөр айлын морь унадаг байсан. Манай хамаатны ах ирээд намайг булааж аваад явсан ч нөгөө айлын хүн буцаагаад л авчирсан. Жаахан хүүхэд болохоор хэний морийг унахаа өөрөө сонгох боломжгүй байдаг” гэж хэлжээ.

Дасал болсон мэт боловч хууль зөрчсөн эдгээр үзэгдэл манай нийгмийн бүх давхаргад оршиж байна. Албадан хөдөлмөрийн хохирогч гэмт хэргийн хохирогч болсноо мэддэггүй, мэдсэн ч хэн нэгэнд эсвэл олон нийтэд мэдэгдэхийг хүсдэггүй нь ийм хэрэг далд, хуулиас гадуур орших хамгийн том шалтгаан болдог байна.