Өвлийг хэдэн төгрөгөөр “давав”?
Өвлийг хэдэн төгрөгөөр “давав”?

Гэрэл зургийн эх сурвалж: Полина Танкилевич, pexels

Намар сургууль эхлэхтэй зэрэгцээд ханиад ч эхлэв. Энэ өвөл гурван хүүхдийнхээ эм, эмнэлгийн үйлчилгээнд нийтдээ хэдэн төгрөг зарцуулж байгааг тооцож үзэхээр төлсөн баримт бүрээ хадгаллаа.

Гурван хүүхдийн ханиад, хатгаанд гурван саяыг зарцуулж байна

Хэдийгээр хахир өвөл шувтарч, хүйтний эрч сулрах тийшээгээ хандсан ч ханиадны эрч сулрах шинж алга. 

Би бага насны гурван хүүхдийн ээж. Бусад ээжийн л адил намраас өвөл, өвлөөс хаварт ханиад, хатгаатай зууралдаж, хүүхдүүдээ эмээр “хооллож” байна. Ходоод гэдэс нь цоорчихоогүй байгаа гэж санаа зовохдоо эмийн хэрэглээг нь багасгах гэж арчилгаа, сувилгаа, уламжлалт эмчилгээ, хоол, нойр гээд  их л хичээх юм. 

Зарим оронд борооны улирал гэж байдаг бол манайд бол ханиадны улирал л байх юм даа. Өрхийн, дүүргийн, хувийн эмнэлэгүүдээр бүгдээр нь л үйлчлүүлдэг. Хонх нь дугарахаар дамар нь таг гэгчээр хувийн эмнэлгээр байнга үйлчлүүлэх гэхээр мөнгө нь байдаггүй, улсынхаа эмнэлгээр үйлчлүүлье гэхээр хүрэлцээ, үйлчилгээ нь таг байдгийг нуух юун. 

 Эмнэлгийн хүртээмж, ариун цэвэр, эмийн замбараагүй хэрэглээ, эмийн чанар гээд л ханиад, хатгааг тойрсон маш олон асуудал байгаа ч энэ удаад зөвхөн эмийн үнийн талаар бичихээр багахан судалгаа хийсэн юм. 

Намар сургууль эхлэхтэй зэрэгцээд ханиад ч эхлэв. Энэ өвөл гурван хүүхдийнхээ эм, эмнэлгийн үйлчилгээнд нийтдээ хэдэн төгрөг зарцуулж байгааг тооцож үзэхээр төлсөн баримт бүрээ хадгаллаа. 

Өмнөх жилтэй харьцуулахад эмнэлэгт хэвтээгүй гэдэг амжилттай ч эмээр тасралтгүй “бөмбөгдүүлсэн” учир баримтууд ч овоо их хуримтлагджээ. Ингээд сагсайсан их баримтаа нэг бүрчлэн шүүж, нэмж үзтэл 2023 оны есдүгээр сарын 11-ээс 2024 оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх буюу таван сарын хугацаанд 2.450.000 орчим төгрөг зарцуулсан байна. Гэвч яг нарийн тооцвол хэд хэдэн удаагийн уламжлалт эмчилгээнд хүүхдүүдээ оруулсан бөгөөд баримт өгөөгүй юм. Түүнийгээ нэмбэл гурван сая төгрөг хэдийн давжээ. Үүнийг цааш нь жаахан задлаад үзвэл 2023 оны 9-р сард 109050 төгрөг, 10 дугаар сард 850204, 11 дүгээр сард 676666 төгрөг, 12 дугаар сард 381657 төгрөг, он гараад 2 дугаар сард 369000 төгрөг тус тус эм болоод, эмнэлэгийн үйлчилгээнд зарцуулжээ. 

img_5013 

Үнийн баримтуудаас хамгийн өндөр дүнтэй эм авсан нь 2023.11.16 нд  124850 төгрөгөөр Амоксиклав, Панцеф 400мг, Монтелукаст 4, 5 мг тайг, мөн Флюдитек, АЦЦ  авчээ. 

Хүүхдүүдээ үзүүлдэг хувийн эмнэлэгийн үзлэгийн төлбөр нь 30,000-аас 40,000 болон нэмэгдсэн төдийгүй эм, тарианы үнэ ч өмнөх жилтэй харьцуулахад их, бага хэмжээгээр бүгд л  нэмэгдсэн байна. 

 Үнэндээ ханиад хүрэх бүрт нэг хүүхдийн 40000 төгрөг, гурван хүүхдийн 120000 төгрөг эмчийн үзлэгт өгөх нь санхүүгийн хувьд хүндрэлтэй болж ирсэн тул өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хувийн эмнэлэг рүү хандаагүй болно. Өвөл эхлэв үү үгүй юу эмнээс салдаггүй манайх шиг айл монголд олон. Ойрхон насны хүүхдүүдтэй бол нэг нь эдгэж дуусаагүй байхад нөгөөх нь өвдөж эхлээд л ханиаднаас ханиадны хооронд амьдарч байгаа нь үнэн. 

Энэ нөхцөл байдлаас болоод аав, ээжийн нэг нь л бүтэн цагийн ажил хийж байна. Уг нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгчихөөд хоёул ажилламаар байвч ойр ойрхон өвдөх бүрт ажил цалгардана.  Манайд түүнийг ойлгох удирдлага даанч цөөхөн. Зөвхөн эм, эмнэлгийн үйлчилгээнд тэр тусмаа хүнд өвчин бус ханиад зэрэгт ийм хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь маш харамсалтай, санхүүгийн хувьд ч маш хүндрэлтэй байна. 

2024 оны байдлаар манай улсын цалингийн доод хэмжээ 660000 төгрөг гэж хуульчилсан. Гэтэл миний хүүхдүүд тавхан сарын хугацаанд 4,5 сарын цалингаар эм уусан байх юм. Өөрөөр хэлбэл нэг сард, нэг сарын цалингаар эм худалдаж авчээ. 

Гэтэл бид зөвхөн эм уугаад амьдрах бил үү?

Эмийн үнийн өсөлтийг хязгаарлах, барих бодлого гэж байдаг л баймаар юм. Гэвч тэр нь бидэнд мэдрэгдэхгүй юм. Зарим эмний үнэ 7-8 дахин нэмэгдэж байж бидний гар дээр ирдэг гээд салбарынх нь эрхэм ярьж байх юм. 

Хэт өндөр үнэтэй эмний үйлчлэл нь бас тийм ч сайнгүй байгаа нь бүр илүү ноцтой асуудал. Эмчийн зөвлөснөөр долоо хоног антибиотик уусан ч намдахгүй байна шүү дээ. Хүүхдээ өвдөхөд хэдий үнэтэй ч эмчийн зөвлөсөн бүгдийг авна. Хүний өвчин зовлон дээр дөрөөлсөн үнийн өсөлт яваад байна уу гэж хардах юм. 

Өвөл удахгүй дуусах ч, ахиад л өвөл болно. Жил бүр өвөл дөхөх бүрт айдастай, жил бүр эмнэлгийн ор хүрэлцээгүй, жил бүр хүүхдүүддээ эмийг хоолноос илүү өгсөөр хэдэн өвлийг даван гарах вэ?

Ханиалгах чимээнээр зүрх зүсэгдэж, яс хавталзсаар шөнө бүр сэрдэг аав ээжүүдэд эмийн үнийн өсөлт дарамт болж байна. 

Эм авах ч мөнгөгүй амьдралтай хэчнээн өрхийн хүүхдүүд шөнөжин ханиалгаж, халуурч хонож байгаа бол доо…