Төв цэвэрлэх байгууламж
Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүдээс очсон бохирыг 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэн Туул голд нийлүүлж байна. Тэгвэл цэвэрлэх байгууламжийн шат дамжлага бүрд яг ямар асуудал бэрхшээл гардгийг үндсэн гурван хэсэгт хуваан авч үзье.
Төв цэвэрлэх байгууламж бохир усаа 1400 мм, 1200 мм-ийн диаметртэй хос шугамаар хүлээн авдаг. Хос шугамаар ирсэн бохирдлыг насосоор механик цэвэрлэгээний байгууламж руу шахаж өгдөг байна. Энэ хэсэгт усанд уусдаггүй хог хаягдлыг шүүн сараалж хэсэгт үлдээснээр хогийн цэг рүү зөөдөг аж.
Анх 800 мянган хүнтэй хотын 230 мянган метр.куб ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан энэ байгууламж өнөөдөр 1,5 сая хүн амтай хотын үйлдвэр үйлчилгээ, ахуйн хэрэглээний бүх бохирыг хүлээн авч байна. Ирж байгаа бохирдлын хэмжээ нь стандарт хэмжээнээс 3-5 дахин өндөр тул техник технологийн эвдрэл, гэмтэл их гардаг. Үүнээс хамаарч хоногт 160-210 мянган метр.куб бохир хүлээн авдаг ч цэвэрлэх хүчин чадал нь 170 мянган метр.куб болж буурчээ.
1200 мм-ийн диаметртэй бохир ус хүлээн авах шугам.
Тухайлбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ноос ноолуур боловсруулах 53 үйлдвэрийн 26 нь “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжаар дамжуулан бохироо нийлүүлдэг. Харин үлдсэн 27 үйлдвэр нь бохир усаа шууд нийлүүлж байна. Мөн айл өрхүүдийн бохироос хог хаягдал, үсний сэв, салфетка, хоолны үлдэгдэл зэрэг хог хаягдал их гардгаас шалтгаалж, өдөрт 3-4 удаа техникийн саатал гардаг. Хоногт 700-800 кг үс, ноос цэвэрлэж, 4-5 тонн том хог хаягдлыг сараалж хэсэгт гар аргаар ялгах шаардлагатай болдог байна.
Төв цэвэрлэх байгууламжийн оператор А.Амаасүрэн:
Хүмүүс суултуур руугаа хог хаягдал их хийснээс болж тоног төхөөрөмж эвдрэх, гэмтэх тохиолдол их байна. Техникийн саатал гарвал зориулалтын хувцсаа өмсөөд гар аргаар бохирдлыг нь цэвэрлэдэг. Ээлжиндээ гурвуулаа ажилладаг ч эвдрэл гэмтлээ тэр дор нь засаад, дараагийн ээлжийн хүмүүстээ хэвийн хүлээлгэж өгдөг.
Бохир усны хог хаягдлыг ялгаж авсны дараа нарийн лаг шаврыг нь тунгаан зайлуулах “анхдагч тунгаагуурын хэсэгт оруулна. Энэ хэсэгт тунасан лагийг усгүйжүүлэх байгууламж руу шилжүүлдэг бол ус нь дараагийн дамжлаг руу шилждэг гэсэн үг.
Тунасан лагийг усгүйжүүлж, хатаах үед ойр орчимдоо хамгийн их үнэр гаргадаг. 96-98 хувийн чийгшилтэй буюу “тарган” хэлбэртэй лагийг 2018 оноос өмнө зориулалтын талбайд ил задгай асгаж, хатаж дуустал нь 5-6 жилийн хугацаанд хүлээдэг байж. Харин 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалттай лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсноор технологийн хувьд нэг шат ахисан байна. Энэ байгууламж нь хоногт 900-1300 метр.куб түүхий лаг хүлээн авч усгүйжүүлдэг. 96-98 хувийн чийгшилтэй лагийг 70-75 хувийн чийгшилтэй болгодог. Ингэснээр лагийн хатах хугацаа нь хоёр дахин багасаж, 2-3 жилийн хугацаанд хатаж байна.
Төв цэвэрлэх байгууламжийн лаг усгүйжүүлэх хэсэг.
Гэвч хатааж, үнэргүй болгож, бордоо хэлбэрт шилжүүлсэн лагийн овоолгын хэмжээ жилээс жилд нэмэгддэг. Яагаад гэвэл манай цэвэрлэх байгууламжид лагийг бүрэн хатааж, шатаадаг дамжлага байхгүй тул 100 хувь устгах боломжгүй байгаа юм.
Иймээс лагийг бүрэн хатааж, шатаах үйлдвэрийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэж эхэлсэн. Урьдчилсан тооцооллоор хоногт 500 метр.куб лаг хатаах байгууламж, 250 метр.куб лаг шатаах байгууламж барихаар төлөвлөжээ. Лаг хатаах төхөөрөмж ашиглалтад орсноор усгүйжүүлсэн лагийг байгалийн аргаар хатааж эвгүй үнэр гардаг байдлыг арилгана. Тодруулбал, 15-20 хувийн чийгшэлтэй хуурай лаг гаргаж, дараа нь 1100 цельсийн хэмд шатааснаар байгальд орчинд хоргүй үнсэн хэлбэрт шилжих юм.
Лагийн бүрэн боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ нь бэлэн болчихвол хөрөнгө санхүүжилт босгох ажилдаа орж, аль болох түргэн хугацаанд ашиглалтад оруулахын тулд ажиллана гэдгийг албаныхан хэлж байна. Гэхдээ яг хэзээ барьж эхлээд, хэдий хугацааны дараа ашиглалтад орох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Лагийг нь тунгааж авсан усыг биологийн аргаар цэвэршүүлэх дамжлага руу шилжүүлнэ. Хоёрдогч тунгаагуурт агаар болон бичил биетийн тусламжтайгаар исэлдүүлж, эрдэсжүүлсний дараа халдваргүйжүүлэх станцаар дамжуулан Туул голд нийлүүлдэг байна.
Өмнө нь бохир усыг хлороор ариутган Туул голд нийлүүлдэг байсан бол 2009 оноос хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх байгууламжтай болжээ. Ингээд хоногт 170 мянган метр.куб усыг 70-80 хувьтай цэвэрлэн Туул голд нийлүүлдэг байна. Сүүлийн дөрвөн жилд дунджаар 80 хувьтай цэвэрлэжээ. Энэ хувийг нэмэгдүүлэх боломжтой ч хүчин чадлаасаа давсан их хэмжээний ус хүлээн авдаг. Дээрээс нь ахуйн хэрэглээнээс гадна үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн стандарт хэмжээнээс хэд дахин өндөр бохирдолтой бохир хүлээн авч буй нь биологийн аргаар цэвэрүүлэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг байна.
Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдогч тунгаагуурын хэсэг.
250000 метр.куб хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж барих ажил 2020 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилга байгууламж, шугам хоолойн барилга угсралтын ажил 85 хувьтай байна. Ирэх наймдугаар сараас туршилт тохируулгын ажил нь эхэлж, ирэх онд хүлээлгэн өгнө гэдгийг албаныхан онцолж байна.
Төв цэвэрлэх байгууламжийн дарга О.Оюунбаяр:
Шинэ цэвэрлэх байгууламжийн аэротенк, анхдагч тунгаагуур зэрэг байгууламжууд нь олон улсын жишгээр далд хийгдсэн болохоор үнэр багасна. Хамгийн гол нь лагаа исгээд газ үүсгэж, цахилгаан эрчим хүч нэвтрүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой.
"Тогтвортой хөгжлийн төлөө" клубийн сэтгүүлчид Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус хүлээн авах хэсэгт.
Хэдийгээр шинэ цэвэрлэх байгууламжтой болсон ч бүх асуудал нэг мөр шийдэгдэхгүй. Лаг бүрэн боловсруулж, шатаах үйлдвэр барих ажил эхлээгүй байна. Мөн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн хэт их бохирдолтой усыг шууд авахгүйн тулд, үйлдвэрүүдийг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болох тогтоол гарсан. Үүнийг хэрэгжүүлэхэд хугацаа орох хэдий ч эхнээс нь цэгцлээд явж байна. Наад зах нь иргэд суултуур руугаа хоолны хаягдал, нойлын цаас, сальфеткаа хийж бохирдол нэмэхгүй байх нь бидний ажилд тус болно гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн дарга онцолж байлаа.