01 сарын 08, 2024
“Сэтгүүлч ба алуурчин”-аас сэтгүүлчдийн авах хоёр санаа
“Сэтгүүлч ба алуурчин”-аас сэтгүүлчдийн авах хоёр санаа

Сэтгүүлчийн хувиар Жанет Малколмын “Сэтгүүлч ба алуурчин” номд юуг хэрхэн өгүүлсэн нь сонирхол төрүүлж байв. Мөн номын өмнөх үгт “сэтгүүлчийн увайгүй үйлдэл, аймшигт гэмт хэрэг манай нийгэмд ч тохиож буй зүйлтэй нэлээд төстэй гэсэн нь анхаарал татсан юм. Гэвч яг үнэндээ энд өгүүлсэн МакДональдын “Үхлийн зөн” ном нь сэтгүүлчдийн өдөр тутам хийдэг ажлаас нэг шат илүү баримтат, эрэн сурвалжилсан шинжтэй бүтээл байв. Уг номоос сэтгүүлчийн өнцгөөс харж, суралцаж болох хоёр санааг онцолъё.

Хэт мунхаг, эсвэл өөртөө бардсан сэтгүүлч биш л бол юу болоод буйг анзаарч, түүний үйлдлийг ёс суртахууны хувьд зөвтгөх аргагүйг мэднэ. /Номын 13-р тал/

Нэг. Ичих нүүргүй сэтгүүлч

Энэ ном нь зохиолч, сэтгүүлч Жо МэгГиннис эхнэр, хоёр хүүхдээ хөнөөсөн хэрэгт холбогдсон эмч МакДональдын тухай ном бичихээр гэрээ байгуулж, эцэст нь хэрхэн хуурч мэхэлсэн тухай бүх талын эх сурвалж, баримт дээр тулгуурлаж Жанет Малколмын ул суурьтай бичсэн бүтээл юм.

Нэг талаас өөрийгөө хэрэгт холбоогүй, гэмгүй нэгэн гэж батлах гэсэн шүүгдэгч, нөгөө талаас олон нийтийн сонирхлыг татах сэдэв олж сайн бүтээл хийхийг хүссэн  сэтгүүлч хоёрын хүсэл сонирхол нэгдэж ном бичих гэрээ байгуулна. Ингэснээр Жо МэгГиннис МакДональдын өмгөөллийн багт орж, бүх баримт материалтай танилцах эрхийг авснаар сайн ном бичнэ гэх хүлээлт үүсгэж, түүнийг шоронд хоригдсоны дараа ч захидлаар харилцсаар байна. Гэвч эцэст нь сэтгүүлч Жо МэгГиннис “МакДональд”-ыг алуурчин болохыг баталж, нотлох гэж хичээсэн баримт сэлтээр дүүрэн “Үхлийн зөн” номоо гаргаж орхино. Эндээс сэтгүүлч эх сурвалжаа, бүтээлийн гол дүрээ хууран мэхэлж болох уу? гэдэг ёс суртахууны том асуулт урган гарна. Хүний итгэлийг олж мэдээлэл авчхаад түүнийгээ нөгөө хүнийхээ эсрэг ашиглах нь зөв үү? гэх асуулт. Ёс суртахууны хувьд ийм зүйл байж болохгүй гэдгийг харуулсан нь энэ номоос сэтгүүлчдийн авах эхний санаа.

Хэрэг нь гарвал үйлчилдэг ёс суртахуунд би ер итгэдэггүй, мөн сэтгүүлчид хүнтэй ажиллахын тулд буруу ойлголт төрүүлж, худал хэлэх ёстой гэдэгтэй ч санал нийлэхгүй. /Номын  134-р тал/

Хоёр. Үнэн өөр бол яах вэ?

Мэдээж сэтгүүлч тухайн хүнийг гэм буруугүй нэгэн гэдгийг батлан харуулах зорилгоор ном бичнэ гэж гэрээ байгуулсан байж болно. Гэвч бодит байдал эсрэгээрээ байж таарвал яах вэ? Тодруулбал, үнэн өөр байвал яах вэ?

Энэ тохиолдолд сэтгүүлч гэрээгээ дагах уу, эсвэл тухайн хүнийг алуурчин мөн гэдгийг баталж нотлох нь зөв үү? гэх дараагийн асуулт гарах юм. Жо МэгГиннис-ийн хувьд номоо гарах хүртлээ МакДональд-ыг гэм буруугүй гэдэгт итгэж, түүнтэй үргэлж хамт байгаа гэдгээ илэрхийлж захидлаар харилцаж байснаа эцсийн мөчид урвасан. Тэр үүнийхээ төлөө шүүх дээр ялагдсан юм. 

“Би түүнийг нялуун үгээр бус жинхэнэ хүн шиг яриулахыг хичээж байсан юм. Энэ хүртэл надад ярьсан зүйлс нь хэт өнгөц, ямар ч сэтгэл хөдлөлгүй санагдсан тул ярилгүй үлдсэн нууц байж л таарна гэж бодсон” гэв. /Номын  181-р тал/ 

Жо МэгГиннис-ийн хувьд эхнээсээ МакДональдийг буруутай гэдгийг нотлох зорилготой байсан бол түүнтэй шударгаар харилцах ёстой байлаа. Хэн нэгэнд итгэл төрүүлж, баримт сэлтийг нь авсны дараа, хуурч мэхлэхийн оронд эхнээсээ шударгаар харилцах ёстой байв. Эсвэл өөрт хэрэгтэй баримтаа түүнийг хуурахаас өөр аргаар олж авах нь түүнийг шүүх танхимд ялагдахаас аврах юм. Мөн сэтгүүлч шударга байж, мэргэжлийн зарчмаа барьснаар хэн нэгэн эх сурвалжийн хэлсэн бүрийг үг, үсэггүй дамжуулах шаардлагагүй болж, хараат бусаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ бол хоёр дахь санаа. 

Судлагдахууны хэлсэн бүхнийг бичиж нийтэлдэг хүмүүс бол сэтгүүлчид биш хэвлэн нийтлэгчид…  /”Сэтгүүлч ба алуурчин” номын хэсгээс/ 

about_the_book  

Зохиогч: Жанет Клара Малколм. 1934 онд тухайн үеийн Чехословак улсын Прага хотод төрсөн жүүд хүн. Түүнийг таван настай байхад гэр бүлийнхэн нь АНУ-ын Нью-Йорк хотод цагаачилж иржээ. Жанет Малколм амьдралын ихэнх хугацаагаа өнгөрүүлсэн тэрхүү хотдоо 2021 оны зургаадугаар сард 86 насандаа, өвчний улмаас таалал болсон байна. Зохиолч, сэтгүүлч түүний хамгийн алдартай бүтээл нь 1990 онд хэвлэгдсэн “Сэтгүүлч ба алуурчин” юм.

Сэтгүүлч Кэти Ройф "The Paris Review" сэтгүүлд бичихдээ “Жанет Малколмын эл бүтээл үнэн хэрэгтээ сонгодог зохиол болж, Орчин үеийн ном сан /1917 онд хэвлэн нийтлэгч Бони, Лайврайт нар үүсгэн байгуулсан/-аас зарласан XX зууны шилдэг 100 баримтат зохиолын номын жагсаалтын 97 дугаарт бичигдэж байсан юм. Энэ цаг үед сэтгүүл зүйн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй бүхий л оюутанд энэ номоос эшилж заадаг болсон гэхэд хилсдэхгүй юм” гэжээ.

Мөн “Columbia Journalism Rewiew”-т Дуглас Макколламын /The American Lawyer сэтгүүлийн Вашингтон дахь сурвалжлагч/ өгүүлснээр “Жанет Малколм 1989 онд “The New Yorker” сэтгүүлд бичсэн “Сэтгүүлч ба алуурчин” хэмээх өгүүллэгтээ сэтгүүлч болон субъектийн харилцааг алдаршуулсан. Сэтгүүлч эх сурвалжаасаа урвасан тухай түүний зохиол өнөөг хүртэл хуучрахгүй байгаа нь мэргэжлээрээ гүн гүнзгий нөлөөлснийг илэрхийлнэ. Малколмын бүтээл гарснаас хойш 10 жилийн дараа түүний нэгэн цагт маргаантай байсан байсан онол нь мэргэн ухаан болж чадсан билээ. Гор Вайдал /Америк зохиолч, нөлөө бүхий сэхээтэн/ эх сурвалжаас урвах явдлыг сэтгүүл зүйн “төмөр хууль” гэж нэрлэсэн юм” гэсэн байдаг.

Жанет Малколм “Сэтгүүлч ба алуурчин” номыг хэвлэхийн өмнө жил буюу 1989 оны гуравдугаар сард “The New Yorker” сэтгүүлд хоёр цувралыг нийтлэхэд нэлээн шуугиан үүсгэж, мэдээллийн салбарт өргөн хэмжээний мэтгэлцээн болж байжээ. Нэг жилийн дараа ном болгон хэвлэгдэхэд тэр их шүүмжлэл дахин өрнөсөн байна.