2024 он. Хүн бүрд ямар ч утгатай жил байж болно. Харин нийт монголчуудын хувьд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ хэрэгжүүлж өөрийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төр барих эрх эдлэх чухал он цаг эхэлж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуультай жил.
Өнөөдөр монголын нийгэмд, өнөө маргаашаа аргацаасан амьдралдаа сэтгэл хангалуун байгаа сонгогчид алга. Төрийн түшээд харин үнэн хэрэгтээ ямар бодолтой явдгийг бид мэдэхгүй. Агаарын бохирдол, түгжрэл, газрын наймаа, нүүрсний хулгай, шахмал түлш, өдөр ирэх бүр дордож буй нийгмийн төрх, ... энэ бүгд сонгогч таны олон удаагийн сонголтын үр дүн.
Монгол Улсын сонгуулийн насны иргэд анх удаа УИХ-ын сонгуульд санал өгсөн 1992 оны сонгуулиас хойш сонгогчдын ирц буурсаар ирснийг судалгаа харуулж байна. Шинэ Үндсэн хууль баталж, улмаар 1992 онд явуулсан анхдугаар УИХ-ын сонгуулийн ирцээс харвал Монгол Улсын нийт сонгогчдын 95,6 хувь нь оролцож байжээ. Энэ дүн 2012 оны УИХ-ын сонгуулиар 67,28 хувь болж хамгийн бага түвшинд хүрсэн бол 2020 оны ирц 73,60 хувь байжээ.
Сонгуульд нэр дэвших хүсэл, сонирхолтой горилогчид, аль нэгэн тойргоос сонгогдсон гишүүд торго, дурдан, аяга, таваг барьж гүйгээд, мөнгө төгрөг тараагаад, ахмадын тохой түшиж, хүүхэд тэвэрч зураг татуулаад байдаг нь ч учиртай. Учир нь урд жилүүдийн сонгуульд ирж саналаа өгсөн сонгогчдын олонх нь идэр наснаас өндөр настан хүртэлх хүмүүс байна.
Энэ тухай судлаач, доктор, дэд профессор Н.Мягмарцоож “Монголын сонгуулийн насны иргэдийн 44 хувийг эзэлдэг 18-35 насны залуучуудын сонгуулийн оролцоо хангалтгүй буюу хоёр хүний нэг нь л сонгуульд оролцож байгаа нь энэхүү асуудалд анхаарах хэрэгтэй болсны дохио юм” гэж өгүүлжээ.
Тэгэхээр энэ он бол 18-35 насны сонгогч залуусын хувьд өөрийнхөө өнөөдөр, маргаашийг ээж, аав, өвөө, эмээ нарынхаа гарт даатгах бус илүү ухаалаг хандаж сонгуулийн тухай мэдлэгтэй болж, нэр дэвшигчийг судалсны эцэст өөрсдийн оюун бодлоор сонголтоо хийх цаг ирлээ гэдгийг сануулж байна.
Харин энэ ангиллаас дээших насны сонгогчид тэр тусмаа ахмад, өндөр настнууддаа горилогч, нэр дэвшигчийн гоё тортой бэлэг, сайхан инээмсэглэлд битгий хууртаарай. Бэлгийг нь авсан ч үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож хэрсүү сонголт хийгээрэй гэж уриалж байна. Мөнгөөр, сархдаар бас бус зүйлээр саналаа худалддаг бүлэг хүмүүсээс “Энэ удаа л битгий тийм зүйл хийгээрэй” гэж гуймаар байна. Энэ бичвэрийг тэд маань уншихгүй байх л даа, гэхдээ л хэлчихье.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг юм шүү. Жирийн сонгогчдын хувьд тэр эрхээ эдлэх боломж олдож буй ганц боломж нь сонгуульд оролцож, саналаа өгөх юм.
Хүүхэд, хөгшидгүй хэнд ч мадлуулахааргүй мэдээллийн боловсролтой байцгаая.