Японы сонгуулийн самбар: FB хэрэглэгч Э.Энхтөрийн оруулсан зургийг ашиглав.
Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид зурагт самбараараа өрсөлддөг үе ард хоцрох нь. Тодруулбал, энэ удаагийн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр тойрогт нэр дэвшигчид тус бүрдээ зурагт самбар хэвлэж, гудамж талбайд байршуулахгүй. Харин сум, дүүргийн Засаг дарга тодорхой шаардлага, стандартын дагуу нэгдсэн самбар бэлтгэж байршуулахаар болсон юм.
Зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлэх аж. Ингэхдээ сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулах юм байна. Мөн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулж болно гэж хуульд заажээ.
Харин бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй. Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй.
Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг хүргэхэд дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараана.
"Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.
Нэр дэвшигч нь ухуулах хуудсыг нэг хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд гудамж талбайд байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож, орчин бохирдуулахыг хориглоно. Мөн нэг нам, эвслийн тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болох юм байна.