Гэрэл зургийн эх сурвалж: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулган ирэх долоо хоногт болно. Үүнтэй уялдуулан Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс ижил сэдэвт уулзалтыг зохион байгуулж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) М.Итгэл, секторын эрхлэгч, доктор (Ph.D) Х.Отгонбаатар нартай ярилцав. Зочдын ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
2. Судалгаанаас ажиглахад 2012 оноос эхлэн боловсролын салбарт үүсэж байсан асуудлуудыг цар тахал ил гарган анхаарлын төвд авчирч, нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг ойлгуулсан. Тиймээс ч ЮНЕСКО-оос 2021 онд “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ” тайлан гаргасан. Улмаар 2022 онд “Хувьсаж буй боловсрол” олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож үүрэг амлалт, түүний хэрэгжилтээ танилцуулсан 130 гаруй орны дунд Монгол Улс байсан. НҮБ-ын Хувьсаж буй боловсролын чуулганаар технологийн чиглэлээр манлайлал үзүүлж байгаа дэлхийн тэргүүлэгч таван орны нэгээр Монгол Улс шалгарсан.
3. Монгол Улсын хувьд боловсролын хувирган өөрчлөлт хэмээх агуулгыг хөдөлмөрийн зах зээл болон тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх ур чадваруудыг шинээр олгох, багш мэргэжлийг хувирган өөрчлөх, үүргийг эргэн харах, боловсролын эдийн засгийн асуудал буюу нөөцийг хуваарилах, цахим шилжилтийг хэрхэн хийж, зэрэгцэн хөгжиж явах вэ гэдэг чиглэлд хийх хэрэгтэй гэж санал нэгдсэн.
4. Нэг хэсэг дэлхий нийтээр даяарчлал гэдэг зүйлийг барьж, баримталж явлаа. Гэтэл бүгд нэг адилхан тоосго өрсөн мэт болох нь ээ гэдгийг олж харжээ. Тэгээд даяарчлалын хандлагатай бөгөөд үндэсний онцлогоо шингээж авч үлдсэн үзэл санаагаар явъя гэдэг шийдлийг харсан байна. Үүнд цар тахлын үеэр боловсролын салбарт үүссэн асуудлууд их нөлөөлж. Үндэсний онцлогоо даяарчлалтай, даяарчлалыг үндэсний ялгаралтайгаа хослуулсан, дан даяарчлалаар эсвэл үндэсний онцлогоороо явж байгаа улс орнууд байна.
5. Монголын боловсролын хувирган өөрчлөлт гэхээр одоо байгаа зүйлийнхээ юуг нь авч үлдэж, алийг нь орхиж, нэмж шинээр хэрхэн хөгжүүлэх юм бэ гэдэг зүйл л яригдана. Даяаршлын хандлагатай, үндэсний онцлогтойгоор хувирган өөрчлөлтийг хийнэ. Монголынх гэдэг онцлог, уламжлал, соёл, хэл, хамгийн гол нь монгол сэтгэлгээг үнэт зүйлээ болгоно. Чуулганы үндсэн агуулга ч үүнтэй уялдаж өрнөнө.
7. Цар тахал дэлхийн нийт суралцагчдын 90 гаруй хувьд нь ямар нэгэн нөлөөлөл үзүүлсэн. Статистик мэдээллээс хархад, 2021 оны байдлаар 244 сая хүүхэд танхимын гадна байсан нь боловсролд ямар хортой үйл явдал болсныг гэрчилнэ. Боловсролын асуудал залуучуудад маш их хамаатай. Дэлхийн нийт хүн амын 25-30 хувийг 18-аас доош насныхан эзэлж байна. Гэтэл энэ насны залуучуудын боловсролын асуудал маш эмзэг байгаад анхаарах шаардлага үүссэн.
8. Цар тахлын үед цахимаар суралцагчдаас бие дааж сурах буюу өөртөө зорилго тавин хичээллэж түүнийхээ үр дүнг үздэг чадвар сул байгаа нь ажиглагджээ. Тухайлбал, үүнийг мэдсэн Австрали улсын боловсролын судалгааны байгууллага суралцагчдын тэрхүү чадварыг сайжруулахын тулд сургалтын хөтөлбөртөө тусгаж өгөх тухай зөвлөмжийг салбар яамандаа хүргүүлжээ. Манай улс ч мөн шинэ үзэл баримтлалдаа тусгаж буй юм байна.
9. Монгол Улс анх удаа 2022 онд Сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөр ПИСА/PISA-д хамрагдсан. Тэгвэл тус онд уг шалгалтыг өгсөн орнуудтай үзвэл монгол сурагчдын цахим хэрэгсэл ашиглаж хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцох чадвар оролдлого бусдаас илүү төлөвшсөн нь ажиглагджээ. Гэхдээ цахим хэрэгсэлтэй ажиллаж суралцах оновчтой цагийг тогтоож өгөх нь зүйтэй.
10. Олон улсад сургалтын үндсэн хөтөлбөр нь 10-12 жилийн хугацаанд хөдөлж, өөрчлөгдөхгүйгээр батлагддаг, шаардлагатай зүйлсийг дунд сайжруулалт хийгээд явдаг жишиг хандлага байдаг юм байна. Монгол Улсын хувьд 2018 онд Сургалтын хөтөлбөрийн менежментийн цикл гэдгийг тэрхүү жишгийн дагуу гаргасан.
11. Цөм хөтөлбөр хүүхэд бүрийг хөгжүүлэх гэдэг үзэл санаатай байсан. Харин одоо хүүхэд бүрийг амьдралд бэлдэх буюу ур чадварыг нь хөгжүүлэх тал руу явж байна. Тэгэхээр ийм хөтөлбөр, сургалтыг эзэмшүүлэхийн тулд багш ямар мэдлэг, чадвартай байх вэ гэдгийг томьёолох, бэлтгэх шаардлагатай.
12. Багш нарт сурагчдаа ойлгох гэдэг цоо шинэ ойлголт орж ирж байна. Ингэхээр багш бэлтгэдэг сургуулиуд, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд тэднийг хэрхэн сургах, бэлтгэх вэ гэдэг нь чухал болно. Ер нь багш мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын агуулга, арга зүй хоорондоо нэгдмэл цогц байдлаар явах ёстой. Энэ тухай ч үзэл баримтлал дээрээ тодорхой тусгаж байна.