Х.Тэмүүжин: Хууль зүйн сайд асан
“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб” цагаан сарын өмнөхөн “Democracy transformation” өглөөн уулзалт зохион байгуулах үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин илтгэл тавьсан юм. Х.Тэмүүжин Монгол Улсын ардчилал хэрхэн гажуудаж буйг хууль сахиулах байгууллагын жишээгээр тайлбарлахын зэрэгцээ энэ алдааг засахын тулд юу хийх хэрэгтэйг гарц шийдэлтэй нь танилцуулсныг тоймлон хүргэж байна.
Бид нийгмийн шилжилт гэж ярьдаг байснаа больчихлоо. Шилжээд дуусчихсан гэж ойлгож байх шиг байна. Гэтэл үгүй юм аа. Ардчилал дэлхий нийтийн ололт байсан учраас 1990 онд үнэт зүйлийн хувьд алдаа байгаагүй. Тэр үнэт зүйл, үзэл санаандаа таарсан таарсан байгууллагуудыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болгосон. Парламент, Засгийн газар, бие даасан шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, сэргийлэгч гэдэг зэвсэглэсэн цэргийн маягийн дэглэмээс иргэний хууль сахиулах байгууллага руу нэр томъёоны хувьд шилжсэн ч гэдэг юм уу, маш олон зүйлийг өөрчлөх гэж оролдсон. Гэхдээ дандаа байгууллагын хэмжээнд, харагдах дүрсний хэмжээнд. Бүр нэг чиг үүрэгтэй байгууллагыг хоёр, гурваар нь зэрэг байгуулсан байх жишээтэй. Гэвч тэр байгууллагууд хүний эрхийг эрхэмлэдэг, хууль засагладаг, ардчилсан нийгэмд хэрэгтэй соёлыг үйлдвэрлэж байна уу? Үүнд л хамгийн том анхаарлын тэмдэг байгаа юм.
Хэрэв тэр соёл үйлдвэрлэгдэхгүй бол шилжилт яваагүй гэсэн үг. Гаднаас нь харахад хэлбэр дүрсийг нь авсан ч дотроо агуулга байхгүй. Бидний байгаа соёлыг харахаар огт ардчилсан биш. Орчин үеийн ардчилсан засаглал, бүгд найрамдах төрийн хамгийн гол зүйл нь цэргийн эсвэл шашны дэглэм байж болохгүй шүү гэж хэлдэг. Гэтэл манайд Их хурлын дарга нь хүртэл ёслоод зогсож байдаг. Төрийнхөн бүгд цэргийн формд дуртай. Цэргийн байвал чухал, хариуцлагатай, мундаг ажил хийж байна гэж бодох хэмжээнд нийгмийн үнэлэмж хүртэл тогтчихсон.
Ингээд харахаар монголд үйлдвэрлэгдэж байгаа соёл ерөөсөө ардчилсан биш. Ерөөсөө хүний эрхийн төлөө биш, иргэний байр суурийг бэхжүүлдэггүй, хуулийг дээдлэх соёлыг дэмждэггүй. Яг эсрэгээрээ хуулиас илүү дарга үнэ цэнтэй, хувийн өмчөөс илүү төрийн өмч илүү чухал. Ингэж бүх юм эсрэгээрээ байгаа нь ардчилал гажуудсаны хамгийн том илэрхийлэл болж байна.
С.Зоригийн аллагын дараа хуулийн салбар тэр чигтээ уруудсан
Тухайлбал, хуулийн салбарын хөгжлийг харахад сонирхолтой үйл явц харагдаж байна. Ямар ч гэсэн 1990 онд дарга засагладаг тогтолцооноос хуулийг эрхэмлэдэг тийм тогтолцоо руу явах шилжилт хийсэн. Тэгээд 1992 оны Үндсэн хууль батлагдсан. Харамсалтай нь 1992 оны Үндсэн хуулийг дагаад хуулийн бүх систем орвонгоороо өөрчлөгдөх ёстой байсан ч тэр өөрчлөлтийг хийгээгүй. Зүгээр Үндсэн хуулиа батлаад бүх юм ингээд гоё болчихно гэж найдаад хүлээсэн. Ингээд 1996-1998 онд өөрчлөлт гарч эхэлсэн. Эдийн засгийн маш хүчтэй лебиралчлал явсан учраас хуулийнхан хүссэн хүсээгүй дагаж өөрчлөгдсөн. Мөн хяналт шалгалтын механизм суларч эхлэхэд хуулийн байгууллага бүхэлдээ арай өөр болох юм шиг байна гэдэг байдлаар өмнөх арга барилаа эргэж ажигласан, хүлээсэн байдалтай байсан юм.
Харамсалтай нь 1998 оны 10-р сарын 02-нд С.Зоригийн аллага болсны дараа хуулийн салбар тэр чигтээ уруудсан. Юу ч өөрчлөгдөөгүй. Гол алдааг нь судлаачид Зоригийн хэргийг илрүүлэх гэдэг нэрийн дор хуулийн байгууллагад төсвийг нь шилжүүлж өгсөнтэй холбоотой гэж үздэг. Хоёрт, тухайн үед дутагдалтай байсан, дэвшилтэт гэж хэлж болох гүйцэтгэх ажлын тоног төхөөрөмжийг худалдан авч шилжүүлж өгсөн. Хуулийн байгууллага тэр мөнгө, хүчтэй тоног төхөөрөмжийг Зоригийн хэргийг илрүүлэх үйл ажиллагаандаа ашиглаагүй.
Харин тэр үеийн томоохон бизнес эрхлэгчид, улстөрчид, нийгэмд нөлөө бүхий хүмүүсийн хувийн амьдралыг бүгдийг нь онгичсон. Дуртайгаа чагнаж, хүссэн мэдээллээ цуглуулсан. Тэр их мэдээлэл юунд зориулагдаж эхэлсэн бэ гэхээр ерөөсөө хэн албан тушаалд очих вэ гэдэг наймаа руу явж эхэлсэн. Хавтаст хэргүүд бариад гайгүй албан тушаалтан руу аваад гүйчихдэг. Таны өрсөлдөгчийн мэдээлэл энэ байна, ийм юм байна гээд мэдээлэл зөөдөг болж хувирсан. Ингээд хэн өөрийгөө амжилттай зарах вэ гэдэг зах зээл ажиллаад ирэнгүүт 1998 оноос хойших бүх цагдаагийн дарга, прокурор, дээд шүүхийн ерөнхий шүүгч гэх мэтчилэн албан тушаалууд ийм тохирооны наймаанд явсан. Бизнес эрхлэгчид өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд төлбөр төлдөг эсвэл өөрийнхөө хүнийг хуулийн байгууллагад тавьдаг тийм систем ажиллаж эхэлсэн. Ингээд бүхэлдээ авлигаар асуудлаа шийддэг болсноор хуулийн систем дампуурсан. Дампуурал нэг цэг дээр очиж түр зогссон. Тэр нь 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдал.
“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб”-ын өглөөний уулзалт. /2024.01.30/
Монголд хууль засагладаг систем байхгүй
Энэ үйл явдал таван хүний амь настай холбоотой. Цагдаагийн дарга гэдэг бол ардчилсан нийгэмд зүгээр л төрийн дундаж албан тушаалтан шүү дээ. Гэтэл 7-р сарын 1-ний хэрэгт шүүхээр оруулах гэж бөөн юм болсон. Шүүхийн шийдвэр гараад хорих ял өгөхөд шорон руу нь шууд ачиж явж чадахгүй, эмнэлэг рүү аваачиж өгсөн. Гадаа нь цагдаагийн бие бүрэлдэхүүн жагсчихсан, шүүхийн байрыг хамгаалж байгаа цагдаа нь аль талдаа орох уу гээд эргэлзчихсэн, шүүгч нь байрнаасаа гарч чадахгүй түвшинд оччихсон зэрэг олон үйл явдал болсон. Энэ үйл явдлын дараа 7-р сарын 1-ний хэрэгт холбогдсон хүмүүсийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан. Яагаад гэхээр өмгөөлөх эрхээ Хууль зүйн яамнаас авдаг учраас лицензээсээ салмааргүй байна гэдэг. Өмгөөлөгч нар ажлаа хийж чадахгүй тийм хэмжээнд очсон.
Үүнээс хойш 2008, 2012 оноос өөрчлөлт эхлүүлсэн. Ямар ч гэсэн Хууль зүйн яамнаас хуульчийн лиценз өгдгөө болиод мэргэжлийн байгууллага руу шилжүүлэх гэж оролдсон. Шүүгчийн хараат бус байдал, аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагаас салгаж, тахарын албан байгуулсан зэрэг олон ажил хийж байсан. Харамсалтай нь 2015 оноос хойш бүх зүйл эсрэгээрээ явсан.
Одоо Монголд хууль засагладаг систем байхгүй. Зүгээр л дарга засаглаж байна. Даргын үг бүх салбарт хуулийг орлох хэмжээний хүчтэй байгаа. Хууль баталж, хэрэгжилтийг нь хангахын тулд гурав, дөрвөн жил зовж байхад дарга нэг өглөө босж ирээд үг хэлэхэд гуравхан хоногийн дотор хэрэгжих хэмжээний хүчтэй байна.
Боломж олдвол “Transformation” хийхээс өөр аргагүй
Манайхан реформ асуудал шийдэхгүй хувьсгал хийе гэж ярьдаг. Гэтэл хувьсгал хийвэл ардчилал өөрөө байхгүй болно гэсэн үг. Бид ардчиллыг солих тухай биш зам зуураа гээчихсэн тэр зүйлээ буцаагаад янзлах тухай ярих ёстой. Тэр арга зам нь ерөөсөө л “Тransformation” юм байна.
Модыг унах гэж байхад нэг талаас нь гадаснаас уях нь реформ. Харин мод бул чулуунаас болж унах гэж байвал тэр чулууг авж байж л мод тэгширнэ. Тэгэхээр энэ суурь бүтцийн хэмжээний гүн бүтцийн өөрчлөлт рүү /Тransformation/ орохоос өөр аргагүй. Одоо дахиад боломж олдвол “Transformation” хийнэ.
Бид 2012-2016 онд реформ хийх гэж оролдсон ч дийлээгүй. Тэр үед хэм хэмжээ, чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж үзсэн. Одоо бол үйл ажиллагаа, хандлага, зан үйлээс нь эхэлж, хүнийг нь өөрчлөх ажлыг давхар хийхээс өөр арга байхгүй. Энэ шилжилтийг хийхийн тулд харилцаа, арга барил, дотоод соёл, хувийн итгэл үнэмшлийг нь эвдэх ёстой. Тэрийг эвдэхийн тулд цагдаагийн сургуулийг хууль сахиулах сургууль болгож өөрчилсөн. Шалтгаан нь ердөө л тэр.
МАН гарч ирээд тэр сургуулиа дотоод хэргийн их сургууль болгоно гэдэг чинь ерөөсөө л хандлагын зөрүү байхгүй юу. Хууль сахиулах чиглэлээр мэдлэг эзэмжих эсвэл дотоод хэргийн гэдэг нэртэй хуучин арга барилаараа хүн зоддог, тийм цагдаагийн алба хаагч байх хоёрын ялгаа байхгүй юу. Зохион байгуулалт биш хандлага, соёл, ертөнцийг үзэх цонхыг нь өөрчлөх илүү гүн өөрчлөлт хийх тухай юм.
Хууль дээдэлдэг, ардчилсан улс орны цагдаагийн байгууллага бол хүчний биш хууль сахиулдаг, тушаалаар биш хуульд захирагддаг, даргад биш иргэнд үйлчилдэг, цэргийн биш мэргэжлийн ур чадвартай, хаалттай биш ил тод тайлагнадаг, иргэнтэйгээ хамтарч ажилладаг систем байх ёстой. Ийм ялгаатай үйлдлийг хийх арга бол Тransformation. Үүнийг хийхийн тулд боловсролтой нь, зан үйлтэй нь ярихаас өөр аргагүй. Өдөр тутам хийдэг ажлынх нь дэгийг өөрчлөхөөс өөр арга байхгүй. Монгол улс гажуудсан ардчиллаа засъя гэвэл нүдэнд харагдахгүй ч их хүчтэй нөлөөлдөг тэр зүйлүүдтэй тулах хэрэгтэй. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд бүх салбарт яг ийм асуудал байна.