СОР17: Дэлхий нийтийн 18 тэрбум ам.доллараас Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
СОР17: Дэлхий нийтийн 18 тэрбум ам.доллараас Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо

СОР17 бага хурлын хаалтын хэвлэлийн бага хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, СОР17-н Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 12 өдрийн турш хуралдаж өнөөдөр /2026.08.26/ өндөрлөж байна. СОР17 бага хурлын хаалтын хэвлэлийн бага хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, СОР17-н Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Б.Батцэцэг: Хүнд хэлэлцээр, уулзалт, ойлголцлуудыг давлаа

cop17haaltbat СОР17 бага хурлын Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад хэргийн сайд

СОР17 бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулаад шийдвэр гаргах өдөр өндөрлөж байна. Энэхүү хэвлэлийн бага хурлын дараа шийдвэрээ эцэслээд шөнө дунд хурал өндөрлөх нь. Монгол Улсын Засгийн газар энэхүү бага хурлыг эх орондоо зохион байгуулсан нь нэгдүгээрт нэр төрийн хэрэг бөгөөд олон улсад, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө нэр хүндээ хамгаалсан чухал үйл явдал боллоо. Нийт төлөөлөгчид 34 шийдвэрийг зөвшилцөж баталсан. Эдгээр шийдвэрт байгаль орчны чиглэлээрх конвенцуудын уялдаа, жендер, иргэний нийгмийн асуудлууд, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг тусгасан. Монгол Улсын санаачилсан “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” нэртэй Улаанбаатарын тунхаглалыг баталлаа. Мөн Алжир улсын санаачилсан Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэнд талархал илэрхийлэх тогтоолыг баталсан.

Сайд, сайдын түвшний төлөөлөгчид оролцдог өндөр түвшний уулзалтууд наймдугаар сарын 25-ны өдрөөс хойш зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд бага хурлын хоёр дахь долоо хоногоос чухал шийдвэрүүд гарлаа. Манай улсын хувьд ГХЯ болон БОУАӨЯ-ны ажлын уялдаа холбоо, оролцоо чухал байснаас гадна бусад улс оронтой дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаатай байдаг нь зарим яриа хэлэлцээг амжилттай болоход нөлөөллөө. Хүнд хэлэлцээр, уулзалт, ойлголцлуудыг давсан. Зохион байгуулагч орны хувьд 200 орчим талын зөвшилцлийг бий болгох, санал зөрөлдсөн асуудлыг зохицуулах, тохирсон хувилбарыг санал болгох зэрэгт анд нөхдийн бүлэг, албан бус ажлын хэсэг байгуулах зэргээр хүчин чармайлт гаргаж ажиллалаа.

 Ясмин Фуад: Талуудын сайн хамтын ажиллагааны үр дүнд зөвшилцөлд хүрч чадлаа

cop17haaltyasmin Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад

Өнөөдөр бид СОР17 бага хурлын хаалтын хэвлэлийн бага хурлыг хийж байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бага хурлын эхний өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс малчид ирж оролцсон нь хүчтэй эхлэл байлаа. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил тохиож байгаа энэ онд дэлхийн малчид цугларч хоёр өдрийн турш тэргүүлэх чиглэлүүдээ ярьж, дуу хоолойгоо өргөж, гаргасан тунхаглалаа СОР17-д өргөн барьсан нь онцгой үйл явдал боллоо.

“Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн. Харин бид эндээс үүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог илүү боловсронгуй болгосон байдлаар буцаж байна. Үүнд, улс төрийн шийдвэрүүд, шинжлэх ухааны илүү хүчирхэг үндэслэл, шинэлэг санхүүжилтийн механизм, хөрөнгө оруулалтын төслийн багц болон шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх түншлэлүүд багтаж байна. Талуудын маш сайн хамтын ажиллагааны үр дүнд зөвшилцөлд хүрч чадсан. Энэ бол бид хамтдаа урагшлах боломжтой болсон гэсэн үг. Олон талт системийн гол үр ашиг. 1.29 тэрбум. /23 улсыг хамарсан, газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтэд зориулсан 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдсэн бөгөөд үүний төвд бэлчээрийн асуудал оршиж, 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын багц багтаж байна.сур/

Тогтвортой хөдөө аж ахуй, эрүүл хүнсний асуудал, шороон шуурганы тухай ярилцаж, хэлэлцсэн. Санхүүжилтгүй бол эдгээрийг хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоо чухал болж байна. Эмэгтэйчүүд, залуус, уугуул нутгийн иргэдийг бид сонслоо. Эдгээр бүлгийг сонсож СОР17-н Ерөнхийлөгч бид хоёр ч эмэгтэй хүний хувьд газрыг сэргээх, ирээдүйг сайжруулахад эмэгтэйчүүдийн оролцооны асуудалд анхаарал хандуулж ажиллалаа.

Гэхдээ Улаанбаатарыг зөвхөн энэ хурлын хүрээнд зарласан зүйлээр нь дүгнэхгүй. Түүний үлдээх өв нь цаашид юу болохоор хэмжигдэнэ. Улс орнууд гангийн эрсдэлд илүү сайн бэлтгэгдсэн эсэх, доройтсон газар болон бэлчээр нутгийг нөхөн сэргээж чадсан эсэх, санхүүжилт хэрэгжих боломжтой төслүүдэд хүрч чадсан эсэх, мөн газрыг хариуцан ашиглаж буй хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэхээр хэмжигдэнэ.

Ц.Сандаг-Очир: Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллана

 cop17haaltsand СОР17 бага хурал зохион байгуулах үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд

СОР17 бага хурлын бодлогын өв болох Тал хээрийн төлөвлөгөөг талууд, олон улс, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар дэмжүүлсэн нь хамгийн чухал үр дүнгийн нэг боллоо. Бэлчээрийн тогтвортой менежмент, ус, газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийг шинжлэх ухаан, бодлого, хөрөнгө оруулалттай холбох энэхүү санаачилгыг бид цаашид тууштай хэрэгжүүлэх болно.

СОР17 бага хурлын үеэр цэнхэр бүсэд 447, ногоон бүсэд 309 нийт 756 үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэхүү хурлыг зөвхөн хурлын танхим дахь хэлэлцүүлгийн тоогоор хэмжих учиргүй юм. Засгийн газар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллага, уугуул иргэд өөрсдийн арга туршлагаа хуваалцсан нь мөн энэ хурлын нэгэн давуу тал боллоо.

Дэлхий нийтээр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа байдаг ч одоогоор жилд 77 тэрбумын хөрөнгө оруулалтыг л шийддэг тухай баримт байна. Тиймээс СОР17 бага хурал зөвхөн санхүүжилтээс гадна төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, санхүүжүүлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнд хүргэж, ахиц дэвшил гаргах тухай цаашлаад газрыг хэрхэн үр ашигтай зөв ашиглах, газрын доройтлыг бууруулж тэглэх вэ гэдэгт түлхүү анхаарлаа хандуулж ажиллалаа. 

СОР17 талуудын бага хуралд цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад санхүүжүүлэгч байгууллагуудын зүгээс санхүүгийн дэмжлэгээ үзүүлэхээ амалж, гэрээ хэлэлцээ байгууллаа. Тухайлбал, дэлхий нийтэд газрын доройтлыг тэглэж, цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.доллар үүнээс Монгол Улсад нийтдээ нэг тэрбум 480 сая ам.доллар буюу таван их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээ, санамж бичгүүдийг байгуулсан байна. Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро, Дэлхийн банктай 100 сая ам.доллар, уул уурхайн компаниудын 5000 га талбайд заг мод тарьж газрыг нөхөн сэргээхэд 130 сая ам.доллар, Ногоон санхүүгийн корпорац, Хаан банкны 50 сая ам.долларын гэрээ хэлэлцээг амжилттай хийгээд байна. Бас Номин компани Богд хаан ууланд ан амьтдад зориулсан экологийн нүхэн гарцын ажлыг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй хийхээр болсон. Энэ ажлыг манай улсад анх удаа хийх гэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил Засгийн газар хамтарч татварын хөнгөлөлт урамшууллаар гүйцэтгэхээр болж байгаа.  

Мөн СОР17 бага хурлын үеэр болсон Хотын дарга нарын чуулга уулзалтаар НЗДТГ Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, BYD компани, Дэлхийн банк болон НҮБ-тай хамтран гэр хорооллын яндаг цөөлөх, нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, авто зам, ногоон байгууламж байгуулах зорилгоор 400 сая ам.долларын гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсэн дүн мэдээ байна. Түүнчлэн манай улс 863 мВт-ын ногоон хиймэл оюуны дата төв хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой дижитал дэд бүтцийг хослуулсан томоохон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадлаа.

Үүнээс гадна ногоон бүсэд дотоодын 53 байгууллага гадаад, дотоодын байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлж 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж нээсэн байна.

Эдгээр санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах Монгол Улсын үндсэн зорилготой шууд нийцэж байгаагаас гадна хувийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжих, орон нутаг дахь бизнес хөгжих, иргэдийн орлого нэмэгдэж амьжиргаа дээшлэх бодит үр өгөөж өгөх гэрээ хэлцлүүдийг байгууллаа.

СОР17 бага хурлын 12 өдрийн хугацаанд цэнхэр бүсэд 20 мянга, ногоон бүсэд давхарсан тоогоор 85 мянга гаруй нийтдээ 110 мянга гаруй хүн зочилсон байна. Эдгээр бүсэд 3000 гаруй төрийн болон хувийн хэвшил, үйлчилгээний салбарынхан, сайн дурын ажилчид, оюутан залуус ажиллалаа. Мөн Улаанбаатар хотын зочид буудлуудад 14 мянган ор борлуулагдаж 5.4 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт олсон бол бага хурлын талбайн хоол үйлчилгээний салбарт давхардсан тоогоор 87 мянган зочин төлөөлөгч үйлчлүүлсэн байна.  

Нэмж хэлэхэд, СОР17 бага хурал болсон хугацаанд Монгол Улсад нийт 141 мянга гаруй жуулчин ирсэн байна. Манай улс зохион байгуулагч орны хувьд өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлэхийн төлөө ажилласан. Бидэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газар, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, НҮБ-ын олон улсын байгууллагууд, бүсийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, оролцогч улс орнууд, иргэний нийгэм, бизнесийн салбар, шинжлэх ухааны байгуулагууд, хэвлэл мэдээлэл, залуус, орон нутгийн иргэддээ талархаж байна.

Монгол Улс СОР17-н уриаг ажил хэрэг болгохын төлөө цаашид ирэх хоёр жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллах болно.