СОР17 ба Монголын цөлжилт, Европын далай, Антарктидын халим, Америкийн усны асуудал
СОР17 ба Монголын цөлжилт, Европын далай, Антарктидын халим, Америкийн усны асуудал

Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 Улаанбаатар хотноо 11 дэх өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр /2026.08.26/ carbonbrief.org сайтад Орла Двайер, Жулиана Виглионе нарын бичсэн Цөлжилттэй тэмцэх хэлэлцээ-Түүхэн дээд түвшинд хүрсэн далайн температур- Колорадогийн усны асуудал гарчигтай цогц өгүүллийг орчуулан хүргэж байна. Энэхүү өгүүлэл нь СОР17 бага хурал өрнөж буй энэ цаг үетэй болон тухайн хурлаар хэлэлцэж буй хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудыг нэг гарчигт багцлан өгүүлснээрээ онцлог байгаа юм.

Сarbonbrief.org нь уур амьсгал, шинжлэх ухаан, эрчим хүч, байгаль орчны бодлогыг дата, судалгаанд тулгуурлан дүн шинжилгээ, тайлбар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэдэг Их Британи улсад төвтэй төрөлжсөн хэвлэл. Харин Жулиана Виглионе тус сайтад редактороор ажилладаг бөгөөд байгалийн шинжлэх ухааны эрдэмтэн бол Орла Двайер хөдөө аж ахуй, хүнс, биологийн олон янзын байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч юм.

Монгол дахь цөлжилттэй тэмцэх хэлэлцээ

Ган: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-н үеэр дэлхийн хэмжээнд мөрдөх Гангийн тухай протоколын асуудлаар улс орнууд байр суурийн зөрүүтэй хэвээр байна гэж “Down To Earth” /Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн чиглэлээр дагнан мэдээлэл бэлтгэдэг Энэтхэгийн Шинэ Дели хотод төвтэй вэб сайт болон сэтгүүл.орч/ мэдээлжээ. Тус протоколыг 2024 онд болсон хэлэлцээний өмнөх томоохон шатанд “шийдвэрлэлгүй үлдээсэн” бөгөөд заавал биелүүлэх эсэх дээр улс орнууд санал зөрөлдсөн гэж тус хэвлэл онцолсон байна. Харин Нигерийн “Premium Times” сонин “Монгол дахь бага хурал наймдугаар сарын 28-нд хаалтаа хийхээс өмнө шийдвэрүүдийг эцэслэхээр улс орнууд өрсөлдөж байна” гэж мэдээлжээ.

Санхүүжилт: COP17-н үеэр хэд хэдэн санхүүжилтийн зарлал гарлаа. “Edie” /тогтвортой хөгжил, байгаль орчин, эрчим хүчний хэмнэлт болон компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр дагнан мэдээлэл, дүн шинжилгээ бэлтгэдэг Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл.орч/ хэвлэлд мэдээлснээр улс орнууд болон хувийн хэвшлийн зүгээс газрын доройтлыг нөхөн сэргээх, гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх төслүүдэд зориулан 1.3 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт татахаар болжээ. Мөн “Reuters” Олон улсын байгаль хамгаалах холбооноос гаргасан шинэ тайланг мэдээлсэн бөгөөд тайланд улс орнууд газрын доройтлыг нөхөн сэргээх чиглэлээр тавьсан зорилтуудаасаа ихээхэн хоцорсон гэж дүгнэсэн байна.

Эсэргүүцэл: Уугуул иргэдийн төлөөлөгчид COP17-ын үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, албан ёсны хэлэлцээнд илүү өргөн хүрээнд оролцохыг шаардсан талаар “Down To Earth” мэдээлэв. Эсэргүүцэгчид “энэ удаагийн COP-д зориулан байгуулсан уугуул иргэд болон уламжлалт нийгэмлэгүүдийн тусгай бүлэг нь хангалтгүй бөгөөд зөвхөн бэлгэдлийн шинжтэй” гэжээ.

Далайн температур урьд өмнө байгаагүйгээр өсөв

Далайн гадаргын температур өсөв: Далайн гадаргын температур наймдугаар сарын 22-нд 21.1°C хэмд хүрсэн нь өдрийн дундаж хэмжилтээр түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж “Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба” /Copernicus Climate Change Service/-аас мэдээлжээ. Коперникийн энэхүү бүртгэл 1979 оноос эхэлсэн бөгөөд өмнөд өргөргийн 60°-аас хойд өргөргийн 60°-ын хоорондох дэлхийн далайг хамардаг. Үүнээс гадна “Дэлхийн цаг уурын шалтгаан нөхцөлийг тодорхойлох холбоо” /World Weather Attribution/-ны судалгааны бүлгийн шуурхай аттрибьюцийн судалгаагаар зургаа болон долоодугаар сард Европын далайд өндөр температурын эрчим нэмэгдэхэд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн гэжээ. Мөн ийм өндөр температур тохиолдох магадлалыг ч нэмэгдүүлсэн нь тогтоогдсон байна.

Далайн асуудлаар дээд хэмжээний уулзалт: Удахгүй Турк улсад болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцын талуудын 31 дүгээр бага хурал буюу СОР31 болно. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр олон улс орон далайг хамгаалах сайн дурын арга хэмжээнүүдийг хэлэлцэн тохирох шийдвэрт тусгуулахаар санаачилга гаргасан талаар “Climate Home News” /олон улсын уур амьсгалын бодлого, НҮБ-ын хэлэлцээрүүд (COP), уур амьсгалын дипломат харилцааны чиглэлээр дагнан мэдээлэл бэлтгэдэг Их Британид төвтэй цахим мэдээллийн агентлаг.орч/ мэдээлжээ. Энэхүү төлөвлөгөөнд дэлхийн далай болон уур амьсгалыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх бүс нутгийн болон олон улсын алхмуудыг уялдуулах арга хэмжээ багтана гэж мөн мэдээлсэн байна. COP31-г хамтран зохион байгуулагч Турк улс арваннэгдүгээр сард болох COP31-ын өмнө есдүгээр сард Трабзон хотод “Далай, тэнгисийн дээд хэмжээний уулзалт” зохион байгуулна.

Нүүдэллэж буй халимууд: Өмнөд далайн криллийн загас агнуур /Antarctic krill/ тогтоосон хэмжээндээ хүрсэн тул төлөвлөсөн хугацаанаас гурван сар гаруйн хаагдсан гэж “Mongabay” /байгаль орчны шинжлэх ухаан, биологийн олон янзын байдал, ой мод хамгаалал ба уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг сэтгүүл зүйн платформ/ мэдээлжээ. Крилл нь Антарктидын хүнсний сүлжээний суурь болдог. Гэвч загасыг үй олноор агнаж буй байдал болон уур амьсгалын өөрчлөлт хавсран сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдэгт эрдэмтэд санаа зовниж буйг мөн онцолсон байна. Мөн “BBC News” олон жилийн турш үргэлжилсэн шинэ судалгааны талаар мэдээлэхдээ далайн мөс хайлж алга болсны улмаас халимнууд Зүүн Гренландын өмнө нь хүрэх боломжгүй байсан бүсүүд рүү шилжин орж байгааг тогтоосон гэжээ.

Колорадо мөрний усны хүндрэл

Энэ долоо хоногт “Carbon Brief” АНУ-ын Колорадо мөрөнд үүсээд буй түүхэн хэмжээний усны хомсдол болон одоо үргэлжилж буй Эль-Ниньогийн үзэгдэл ямар нөлөө үзүүлж болзошгүй талаар тайлбарлав. АНУ-ын баруун бүсийн усны нөөцийг зохицуулдаг АНУ-ын Нөхөн сэргээлтийн товчоо /US Bureau of Reclamation/ өнгөрсөн долоо хоногт Колорадо мөрний усны удаан үргэлжилж буй хомсдлыг шийдвэрлэх зорилготой, удаан хүлээлгэсэн төлөвлөгөөгөө танилцуулжээ. Энэ сарын эхээр АНУ-ын хамгийн том хоёр усан сан болох Мид нуур /Lake Mead/ болон Пауэлл нуур /Lake Powell/ хоёул Колорадо мөрөн дээр байрладаг бөгөөд усны түвшин нь  түүхэндээ байгаагүй хамгийн доод хэмжээнд хүрсэн байна.

Товчооноос санал болгож буй усны хэрэглээний бууруулалт 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд Колорадо мөрний доод сав газрын гурван муж Аризона, Калифорни, Невадад хамаарах ажээ. Харин дээд сав газрын дөрвөн муж Колорадо, Нью-Мексико, Вайоминг, Ютад төлөвлөгөөний дагуу усны хэрэглээг заавал бууруулах шаардлага тавихгүй аж.

Харин өнгөрөгч даваа гарагт Невада муж уг төлөвлөгөөтэй холбогдуулан Трампын засаг захиргааг шүүхэд өгчээ. Тус мужийнхан төлөвлөгөө нь байгаль орчин, нийгэм-эдийн засаг, эрүүл мэнд болон хүний аюулгүй байдалд асар их сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа ажээ.

Усны хомсдол

Мид болон Пауэлл нуурын усны хомсдол нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хэлбэлзэл, удаан хугацаанд усыг хэтрүүлэн хэрэглэсний дүн юм. Колорадо мөрнийг усаар тэтгэдэг дээд сав газар энэ зууны дөрөвний нэгээс илүү хугацаанд “мега ган”-д нэрвэгдээд байна. 2020 онд хийсэн судалгаагаар 2000-2018 оны хооронд үргэлжилсэн энэхүү мега гангийн эрчмийн бараг тал хувь нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болохыг тогтоожээ.

Үүний зэрэгцээ Колорадо мөрний усыг олон жилийн турш байнга хэтрүүлэн ашиглаж ирсэн байна. Ус ашиглах эрхийг тус мөрний дээд болон доод сав газрын долоон мужид 1922 оны “Колорадо мөрний компакт” гэрээгээр хуваарилжээ. Мөн дараа нь байгуулсан бусад хэлэлцээрээр Мексикт олгох усны хэмжээг ч тогтоосон байна. Эдгээр хэлэлцээрээр сав газрын дээд болон доод хэсгийн мужуудад тус бүр жилд 7.5 сая акр-фут /9.25 шоо километр/, харин Мексикт 1.5 сая акр-фут /1.85 шоо километр/ ус хуваарилахаар тогтсон аж.

Гэсэн хэдий ч 2000 оноос хойш хайлсан цаснаас голын сав газарт орж буй усны дундаж хэмжээ 12.5 сая акр фут 15.42 км3/ орчим байна. Энэ хугацаанд усны хэрэглээг сайн дурын үндсэн дээр бууруулах, ус хэмнэх арга хэмжээ авч ирсэн ч усыг байнга хэтрүүлэн авч ашиглаж байгааг нөхөх, улмаар мөрний усан сангуудын усны нөөцийг сэргээн нэмэгдүүлэхэд хангалтгүй байсан гэж Юта мужийн их сургуулийн Колорадо мөрний судалгааны төвийн ахлах судлаач доктор Жак Шмидт хэлжээ.

Эль-Ниногийн нөлөө

Одоогоор үргэлжилж буй Эль-Нино /Номхон далайн экватор орчмын төв болон зүүн хэсгийн далайн гадаргын ус олон сарын турш хэвийнээс дулаарах үзэгдэл.орч/  түүхэн дэх хамгийн хүчтэй үзэгдэл болно гэж таамаглаж байгаа ч АНУ-ын баруун хэсэгт үүсээд буй усны хомсдолын асуудлыг удаан хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авахгүй байна.

“Эл-Нино үзэгдэл АНУ-ын баруун өмнөд хэсэгт илүү чийглэг өвлийг авчирсаар ирсэн ч энэ нь ихэвчлэн голын доод сав газрын мужуудад бороо хэлбэрээр ордог. “Carbon Brief” сэтгүүлийн уур амьсгалын шинжлэх ухааны чиглэлээр бичдэг Доктор Зик Хаусфатер “Wired” /шинэхэн технологиуд эдийн засаг, улс төр, соёл, шинжлэх ухаанд хэрхэн нөлөөлж буйг гүнзгийрүүлэн судалдаг АНУ-ын технологи, соёлын сэтгүүл.орч/ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Эл Нино үзэгдэл болон голын дээд сав газрын цасны зузаан эсвэл голын урсацын хэмжээ хоорондын хамаарлыг баталсан эрдэм шинжилгээний судалгаанууд маш сул, хангалтгүй байдаг” гэж тайлбарлажээ.

Харин "Эл-Нино үзэгдэл Колорадо голын сав газрын усны хангамжид эергээр нөлөөлж болох ганц боломж нь: Хэрэв энэ үеэр ердийн хэмжээнээс их хур тунадас орсноор Аризона болон Калифорни мужынхан тариалангийн талбайгаа услахдаа голын уснаас татаж авах хэмжээгээ багасгах явдал юм" гэж доктор Шмидт “Carbon Brief”-д ярьсан байна. Түүний хэлснээр, 2025 оны намар онцгой чийглэг нөхцөл бүрдсэнээр ийм байдлаар усны хэрэглээг бууруулах боломж бий болсон байна. Ингэснээр их хэмжээний ус хэмнэж чадсан. Энэ нь биднийг үнэхээр аварсан гэв. Гэсэн хэдий ч Мид болон Пауэлл нуурын усны түвшин ирэх хавар хүртэл буурсаар байх төлөв ажиглагджээ. Учир нь тэр үед Колорадо мөрний дээд сав газрын цасан бүрхүүл хайлж эхлэх юм. Тэрбээр усны хангамж буурсаар байх олон сарын хугацааг бид туулах хэрэгтэй болж байна гэж хэлэв.

Эх сурвалж: www.carbonbrief.org