“Усны өдөр”-ийн үеэр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2026.08.25/ “Усны өдөр”-ийн хүрээнд ганг тэсвэрлэх чадварыг бэхжүүлж, газар, усны уялдаа холбооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвээр үйл ажиллагаанууд зохион байгуулж, талууд хэлэлцсэн юм.
Усны өдрөөр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ”, “Ус, газар, байгаль орчны талаарх ойлголт: байгалийн тогтолцоо, шинжлэх ухаан, нийгмийг уялдуулах нь”, “Ус, бүсчилсэн хөгжил ба эдийн засгийн тусгай бүс”, “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” зэрэг сэдэвт хэлэлцүүлэг болсон.
Эдгээрээс “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын павильонд зохион байгуулсан “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Онцгой байдлын ерөнхий газар ажилласан юм. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Зудын эрсдэл ба 2023–2024 оны зудын сургамж”, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв “Зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт авах арга хэмжээ: Монгол Улсын туршлага, сургамж”, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа, доктор Д.Сэржмядаг “Усны гаралтай гамшгийн эрсдэл: Үерийн эрсдэлийн төлөв байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, МУЗН, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийллээ.
“Усны өдөр”-ийн үеэр
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Ус нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, хүн амын эрүүл мэнд, амьжиргаа, хүнс, эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн үндсэн нөөц. Монгол Улсад тохиолдсон зудын давтамж хоорондын хугацаа ойртож 1944-1980 оны хооронд 9-10 жил, 1981-2000 оны хооронд 7-8 жил, 2001-2025 оны хооронд 3-5 жилийн давтамжтай болсон. Түүнчлэн хаврын шар усны үер, гэнэтийн үерийн тохиолдлын давтамж, эрчим нэмэгдэж түүнээс учрах хохирлын хэмжээ өссөөр байна. Үерийн тохиолдлууд нь эргээд ургамлын гарцад нөлөөлж газрын доройтол, цөлжилтийг улам бүр гүнзгийрүүлэх нөхцөлийг бий болгох байна” гэлээ.
Энэхүү хэлэлцүүлгээр ус, цөлжилт газрын доройтлыг хамтатган хэлэлцэхээс гадна ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаар бодлого, шинжлэх ухаан, практик туршлагыг танилцуулсан нь онцлог байлаа.
“Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээний хүрээнд болсон Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлын үеэр
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81,9 цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Усгүйгээс үүдэлтэй цөлжилт, ган нүүдлийн соёлтой ард түмэнд хамгийн хүнд тусдаг. Иймээс Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах зорилготой хөтөлбөр. Мөн монголын аж үйлдвэрүүд усгүйгээр ажиллах ямар ч боломжгүй. Дэлхийн улс орнуудад хэрэгжиж байгаа цөлжилтийн эсрэг усны нөөц бүрдүүлэх арга хэрэгсэл Монгол Улсад хэрхэн буух боломжтой вэ гэх мэт асуудлыг ярьж байна.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр усаа 60 км зайнаас буюу Сэлэнгээс татдаг. Энэ нь аж үйлдвэрийн салбарт усны хэрэгцээ хамгийн чухал гэдгийг нотолж байна. Дархан-Уул аймагт гангийн үйлдвэр барихаар Засгийн газраас шийдсэн. Цаашид зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулна. Ингэхээр усны хэрэгцээ гарна. Иймээс аж үйлдвэрийн буюу бизнесийн зориулалттай усны хэрэгцээ их гарч байгаа. Аж үйлдвэрийн салбар шаардлагатай усыг гүн болон цэвэр уснаас ашиглахгүйгээр хур тундаснаас гарч байгаа усыг ууршуулахгүйгээр нөөцлөх журмаар хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй.
Харин Улаанбаатар хотын усны асуудал хүн амын төвлөрөлтэй холбоотой. Ер нь бодлого төлөвлөлт болон барилгажилттай усны асуудал шууд хамааралтай. Усыг үр ашигтай ашиглах тухайд бид хэд хэдэн төсөл санаачилж ажиллаж байгаа. Усны үнэ цэнийг иргэдэд сайн таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Устай холбоотой санхүүжилтийг бүрэн шийдэх боломжтой. Учир нь хүн, амьтны усны хэрэглээнээс гадна бизнесийн зориулалтаар усны хэрэгцээ маш өндөр байна.” гэдгийг онцолсон.
“Усны өдөр”-ийн үеэр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлуудын үеэр усны тухай сэдэвчилсэн өдөр гаргаж талуудын түвшинд хэлэлцэж, олон улсын зочид, төлөөлөгчдөд хүргэсэн анхны тохиолдол СОР17-н “Усны өдөр” болжээ. Ийнхүү манай улс зохион байгуулагч орны хувиар усны асуудлыг хөндөж, бэлчээр, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд авч ирж сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдээр конвенцын талуудын анхааралд хүргэлээ.