Монполимет ХХК-ийн БОНС-ийн албаны дарга Т.Октябрь
Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурал /СОР17/ болох гэж буйтай холбогдуулан Монполимет ХХК-ийн БОНС-ийн албаны дарга Т.Октябрьтай ярилцлаа. Монполимет компани хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтийн жишиг тогтоосон бөгөөд газрыг доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэгт бодит хувь нэмэр оруулан ажиллаж буй юм.
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурал /СОР17/ болоход 10 гаруйхан хоногийн хугацаа үлдсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд танай байгууллагын зүгээс хэрхэн оролцож байгаа вэ?
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурал /СОР17/-ыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулах гэж буй нь сайшаалтай үйл явдал. Гэхдээ улс орондоо үлдэх эерэг үр дүнтэй, үр ашигтай, олон улсын түвшинд сэтгэл ханамжтай, хөрөнгө оруулагч болон хүлээн авагч талуудын хүсэл, зорилгод нийцсэн харилцан ашигтай байдлаар зохион байгуулахад анхаарах шаардлагатай болов уу. Манай компани нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэгчийн хувиар, хоёрдугаарт, байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны хүрээнд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд идэвхтэй ажилладгийн хувьд СОР17 бага хуралд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэхүү бага хуралтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн Зөвлөлтэй хамтран хөгжүүлж буй “Үндэсний ногоон лаб” платформоос зарласан “Тал хээрийн төлөвлөгөө - COP17” төслийн сонгон шалгаруулалтад оролцож гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулагдах 15 төслийн нэгээр шалгараад байгаа.
Бид байгаль орчны нөхөн сэргээлтийн 30 жилийн туршлагадаа тулгуурлан эвдэрч орхигдсон уул уурхайн талбайг байгаль, бэлчээр, орон нутгийн иргэдийн амьжиргаатай уялдуулан сэргээж, тогтвортой үнэ цэнийг дахин бүтээх зорилготой “Build Green Land” нэртэй төсөл бичсэн. Манай төсөл газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэгт тодорхой эерэг үр дүн үзүүлэх юм.
-Тэгвэл та “Build Green Land” төслийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Хэдэн төслөөс сүүлийн шатны 15-д шалгарсан юм бэ?
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцыг дэлхийн газрын төлөөх дуу хоолой гэж тодорхойлдог шүү дээ. Манай компани хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг эрхлэхийн сацуу байгаль орчны нөхөн сэргээлтийг олон жилийн туршид үр дүнтэй, амжилттай хийж газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлд туршлага, мэдлэг хуримтлуулсан. Тиймдээ ч газрын доройтлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр санал боловсруулан “Үндэсний ногоон лаб” платформд илгээж, улмаар 135 төслөөс шилдэг 15 төслийн нэгээр шалгарч одоо COP17-д оролцохоор ажиллаж байна. Уул уурхайн хариуцлагагүй ажиллагаа, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд өртөж 20 гаруй жил нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газрын экосистемийг цогцоор нь нөхөн сэргээхээр төсөлдөө тусгасан. Ер нь биологийн нөхөн сэргээлтийг зөвхөн ургамлан бүрхэвч бий болгох гэж үзэхээс илүүтэйгээр тухайн бүс нутгийн экосистемийн тогтвортой байдлыг хангах, орон нутгийн иргэдийн хэрэгцээ, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх гэж авч үзэх ёстой байдаг.
Одоо байгаль орчны нөхөн сэргээлт хийж буй байгууллага, хүмүүс нэг дутагдал байна. Энэ юу вэ гэхээр, нөхөн сэргээлт хийхдээ аливаа орчинд хурдан ургах чадвартай цөөн зүйл ургамлыг ашиглаж зөвхөн ургамлан бүрхэвч бий болгоход л анхаарч буй явдал. Ийм арга нь тухайн бүс нутгийн экологийн онцлог, орон нутгийн иргэд, мал аж ахуйн хэрэгцээ, уламжлалт хэрэглээтэй уялдсан ургамлын сонголтыг хязгаарлаж байгаа юм. Иймд бид доройтсон газрын нөхөн сэргээлтэд тухайн бүс нутагт тохиромжтой, унаган ургамлуудаас гадна анагаах ухаанд ашигладаг эмийн ургамлуудыг тарьж, ургуулж байна. Энэхүү ажил нь биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн ургамлын тархац, нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах боломжийг бүрдүүлнэ.
Мөн нутгийн иргэдийн уламжлалт хэрэглээ, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг хангах зорилгоор зонхилон тохиолддог зүрх судас, амьсгалын зам, бөөрний өвчлөлд түгээмэл хэрэглэдэг эмийн ургамлуудыг тарьж, ургуулж буй нь бодит үр өгөөжтэй зэрэг шинэлэг байдлаараа салбарын санаачилгуудаас давуу талтай байгаа юм.
-Танай компани байгаль орчнын нөхөн сэргээлт хийхдээ хэдэн га талбайд бэлчээрийн ургамал тарьж, ургуулсан байдаг вэ. Бэлчээрийн ургамлыг амжилттай тарьж, ургуулсаар жил өнжихгүй мал идээшлэх хэмжээнд хүргэнэ гэдэг асар их хөдөлмөр орно. Та бүхэн хэрхэн хийсэн бэ?
-Бид энэ хугацаанд 300 га гаруй газарт бэлчээрийн олон наст ургамал тарьж, ургуулсан байна. Нөхөн сэргээлтийн хамгийн чухал хэсэг нь тухайн газрын хөрсийг ургамал ургах таатай орчин болгож боловсруулах, бэлтгэх байдаг. Бид ашиглалт явуулж эхлэхдээ шимт хөрсийг стандартын дагуу хуулж, хадгалаад нөхөн сэргээлтдээ эргүүлэн ашигладаг. Нөхөн сэргээлтийн эхний жил хөрсийг азотоор баяжуулан ургамал ургах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингээд монгол орны бэлчээрийн голлох төрлийн ургамлуудаас тухайн бүс нутгийн хөрсөнд тохиромжтой нь судалгааны үндсэн дээр тогтоогдсон, малд идэмжтэй ургамлуудыг сонгон тарьж, ургуулдаг юм. Тухайлбал, шар царгас, хошоон, ерхөг, согоовор зэрэг 8-10 төрлийн буурцагт болон үетэн олон наст ургамлын үрийг хольж тарина. Энэ нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, дараагийн жилүүдэд бусад ургамал ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Нөхөн сэргээлт хийсэн эхний хоёр жил бол маш их анхаарал, халамж, хөдөлмөр шаардлагатай байдаг. Харин гурав дахь жилээс нутгийн унаган ургамлууд бие даан ургаж, мал бэлчээрлэх хэмжээнд хүрдэг дээ.
2012 оны тавдугаар сар Мод тарих талбайн бэлтгэл ажил / 2022 оны долоодугаар сар 10 жилийн дараах байдал
-Ер нь уул уурхайн үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, нутгийн малчид малаа танай талбай руу оруулчхаад амгалан тайван суух гэдэг эсрэг тэсрэг гурван ажлыг хэрхэн асуудалгүй зохион байгуулдаг юм бэ?
-Таны хэлснээр зохицоход бэрх гурван тал байгаа биз. Гэхдээ олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд манай талбайд энэ гурван тал аль хэдийн зохицон ажиллаад, амьдраад, идээшлээд сурчихсан байна. Өнгөрсөн хугацаанд малд идүүлсэн, тасдуулсан модыг тоолбол хэдэн мянгаар хэмжигдэнэ. Биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай руу малчид малаа оруулсныг тоолбол мөн адил дүн гарна.
Гэхдээ бид малчдын малыг талбайгаасаа хөөж гаргахаас илүүтэйгээр нөхөн сэргээлтийг ямар их хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж хийдэг вэ гэдгийг орон нутгийн иргэдэд ойлгуулахын тулд үзүүлэх сургалтуудыг хийж ирсэн. Үүнээс гадна тухайн бүс нутгийн малчдын хүүхдүүд, оюутан залуучуудыг зуны амралтаар нь ажлын байраар хангаж нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцуулах, цаашилбал байгаль орчиндоо элэгтэй, байгалиа хамгаалах сэтгэхүй төлөвшүүлэхийг хичээж ажилладаг.
Нөхөн сэргээсэн талбайгаа мал тогтмол бэлчээрлэх, малын бэлчээр нутаг боломжтой болох хүртэл буюу бидний тарьж, ургуулсан ургамал, модод бие даан ургах чадвартай болтол талбайгаа хашиж, хамгаалдаг. Үүнийг мэдээж хүний нөөц, санхүү хөрөнгийн хүчээр л хийнэ шүү дээ. Өмнө хэлсэнчлэн малчид, орон нутгийн иргэдэд энэ талын мэдлэг, ойлголт өгөх зэргээр асуудлыг шийдвэрлэж байна. Нөгөө талаар малчид малаа нөхөн сэргээсэн талбай руу бэлчээх, мал орох зэрэг нь тухайн бүс нутагт бэлчээрийн хомсдол бий болсныг харуулж байгаа юм. Тухайлбал, Заамарын бүс нутгийн 60 орчим хувийг малын бэлчээрт ашигладаг байсан бол уул уурхайн олборлолт эрчимтэй явагдаж эхэлсэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд малын бэлчээрийн хэмжээ 50 орчим хувиар багассан гэсэн судалгаа байдаг. Ингэснээр бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн байгаа юм. Мөн мал сүргийн тоо ч тодорхой хэмжээнд өсөж нэмэгдсэн болов уу.
Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэвэл, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төлөвшүүлэх шаардлага. Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг байх үүргийг хуулиар хүлээлгэдэг, гүйцэтгүүлдэг байх зарчим юм. Манай компанийг үйл ажиллагаагаа эхлүүлсэн 30 гаруй жилийн өмнө Монгол Улсад олборлолтын дараах нөхөн сэргээлтийн тухай ойлголт, бодлого байгаагүй боловч бид судалж, хийж, туршлагажиж, салбартаа хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоож ирсэн. Тиймдээ ч Монгол Улсын тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 24 удаа шалгарсан байна.
-Танай салбарын яамны нэгэн мэдээлэлд сууж байхад байгаль орчны нөхөн сэргээлтийг аялал жуучлалын жишиг болгож хөгжүүлсэн Монполимет компани гэж жишээ татан ярьж байсан. Ямар бүс, орчныг бий болгосон юм бэ?
-Манай компани Монгол Улсдаа хамгийн олон чиглэлээр биологийн нөхөн сэргээлт хийж, биологийн олон янз байдлыг бий болгож, экосистемийг сэргээхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Манай үүсгэн байгуулагчийн баримталдаг зарчмын дагуу уул уурхайн үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа шинжлэх ухааны үндсэн дээр, мэргэжлийн түвшинд явдаг. Мөн олборлолт, нөхөн сэргээлт хоёр бол нэгэн зүйлийн хэзээ ч үл салгаж болох тал гэж үздэг болохоор өнөөдрийн түвшинд хүрсэн гэж ойлгодог. Бид уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг бүс нутагтаа 2001 онд Тосон хэмээх нуур байгуулж, 2011 онд улсын гадаргын усны бүртгэлд бүртгүүлсэн нь усны эх үүсвэрийн нэмэгдүүлэхийн сацуу биологийн олон янз байдлыг шинээр бий болгосон.
16 га талбай хамардаг энэхүү цэнгэг уст нууртаа загас нутагшуулахаас эхлээд эргийн тохижилт хүртэл бүхий л ажлыг манай хамт олон хийж гүйцэтгэсэн. Одоо жил бүр найман зүйлийн усны шувуу зорин ирдэг нутаг, таван төрлийн загастай тул спорт загасчлал сонирхдог залуус, байгалийн сайхныг мэдрэх гэсэн хүмүүсийн очдог газар болсон.
Бүс нутагтаа 326 га талбайд хагас сая модтой, найман төгөлийг ойжуулсан. 14 төрлийн модыг мөчрөөр болон үрээр үржүүлдэг. Мод тарих, ургуулах хүсэл сонирхолтой хүмүүст зориулан “Нэг мод-Нэг амь” аяныг жил бүр зохион байгуулж ирлээ. Заамар сумын нутгийн иргэдийн хүсэлтээр таван га талбайд чацаргана, монос, өрөл, үхрийн нүд тариалсан нь 10 гаруй жилийн өмнөөс үр жимсээ өгч эдийн засгийн эргэлтэд орж байна. Бэлчээрийн олон наст ургамлын тухай өмнө дурдсан. Тэгэхээр олборлолтын дараа биологийн нөхөн сэргээлтийг хийхдээ ирээдүйд орон нутгийн иргэдэд болон нийгэмд үзүүлэх үр өгөөж, эерэг талуудыг төлөвлөж, хамгийн гол нь асар хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан гүйцэтгэсний үндсэн дээр аялал жуулчлал, амралтын бүс болох эхлэлийг тавьсан юм.
Тосон нуур - усны эх үүсвэрийн нэмэгдүүлж, биологийн олон янз байдлыг шинээр бий болов.
-Одоо тэгвэл туршлагаа бусдад хэрхэн хуваалцаж байна вэ. Бас ямар техник, технологи ашигладаг вэ?
-Сүүлийн үеийн бөгөөд байгальд ээлтэй технологиудыг ашигладаг. Өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, чадвар, туршлагыг төрийн байгууллага, хувийн хэвшил, хувь хүн ялгаагүй бүхий л талаар хуваалцаж байдаг. Тосон үйлдвэрийн байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн талбайтай танилцах нь нээлттэй. 2012 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн үзүүлэх сургалтуудаас гадна дотоод, гадаад их сургуулийн оюутнууд, багш нар, гаднын улсын уул уурхайн яамныхан, байгаль орчны чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид үргэлж л манайд зочилж байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хуваалцвал, бид ирэх оны үзүүлэх сургалтаа Күинсландын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион байгуулахаар болоод байна.
-Саяхан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ж.Сандаг-Очир уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлт хийгээгүй гэж хэвлэлээр мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ер нь хариуцлагатай уул уурхай гэдгийг хуулиар маш сайн, ойлгомжтой тодорхойлох хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэдэг, үүргийг нь гүйцэтгүүлдэг шударга, зөв бодлого шаардлагатай байгааг зөвхөн салбарынхан гэлтгүй байгаль орчинд анхаардаг, ирээдүйдээ санаа зовдог хүн бүр л харж, дүгнэж, хэлж, ярьж байна. Бид ч тэдний нэг. Манай компани 2025 оны 11 дүгээр сарын байдлаар Тосонгийн шороон ордод ашиглалт явуулсан талбайнгаа 90 гаруй хувь буюу 980 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 63 хувь буюу 654 га талбайд биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлыг хийж холбогдох төр захиргааны байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн өгсөн. Салбарын сайдын тэрхүү хариуцлагагүй мэдээллийг үзсэн. Хариуцлагатай уул уурхайн үлгэрлэлийг үзүүлж, нөхөн сэргээлтийн жишгийг тогтоож яваа, салбарын яам, холбогдох төрийн байгууллагад хамаг тайлан мэдээллээ хүргүүлсэн манай хамт олонд бол харамсалтай санагдсан. Холбогдох хүмүүсээсээ мэдээллээ нягтлаад залруулга хийх байх гэж бодож байгаа.
-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг манай улс анх удаа баталлаа. Хуульд карбон кредитийн тухай тусгаж өгсөн байна билээ. Танай байгууллага карбон кредитийн тооцоолол хийлгэж байгаа юу?
-Ийм хуультай болсон нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд ажилладаг хэсэгт чухал алхам боллоо. Манай компани ойжуулалтын ажлын хүрээнд 326 га талбайд хагас сая мод тарьж ургуулан, 17 хүртэлх настай, 5.5 км урттай найман хэсэг ойн төгөл бий болгосон. Одоогоор бид тарьж, ургуулсан моддынхоо нүүрстөрөгчийн шингээлтийн тооцооллыг хийлгэж байна. Дараагийн алхам бол таны асуусан карбон кредит тооцуулах ажил байх болно.
2014 оны зургаадугаар сар нөхөн сэргээлт хийж мод тарьж, ургуулж буй талбай / 2024 оны долоодугаар сар 10 жилийн дараах байдал
-2030 онд дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн зорилгыг дүгнэх цаг дөхөж байна. Танай байгууллагын хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтэд багагүй хувь нэмэр оруулж буй юм байна.
-Тогтвортой хөгжлийн 17 зорилгын биелэлтэд Монполимет групп хувь нэмрээ оруулсаар байна. Баталгаатай, тогтвортой, ээлтэй ажлын байраар монгол хүмүүсээ хангаж ажилгүйдэл, ядуурлаас сэргийлэхээс эхлээд бидний хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын эерэг үр дүнгүүд Монгол Улсад хамааралтай бүхий л зорилгод нөлөөлж байгаа. Хүн төвтэй, ирээдүй хойчийн сайн сайхан байдлыг хамгаалсан, байгальд ээлтэй байхад зорьж ажилладаг болохоор ийм үр дүнтэй гарах нь тодорхой болов уу. Энд Монцемент компанийнхаа инновац, дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд гаргасан зарим үзүүлэлтээс дурдъя. Өнгөрсөн хугацаанд 2,5 сая кВт/цаг эрчим хүч хэмнэж, үйлдвэрийн хаягдал дулаанаас 120 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 100 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулж, 99 мянган тонн усыг дахин цэвэршүүлсэн байна.
Ярилцсанд баярлалаа.