Д.Нацагдорж судлаач, доктор, профессор Ч.Жачин
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, эх оронч, сод хүмүүн Дашдоржийн Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй билээ. “Судлаачийн үг” буландаа Д.Нацагдоржийн гар бичмэлийг, түүгээр дамжуулан уран бүтээл, сэтгэлгээ, амьдрал, оршихуйнх нь тухай судлахад 50 жилийг зориулсан Д.Нацагдорж судлаач, доктор, профессор Ч.Жачинг урьж ярилцлаа. Бидний яриа үе үеийн уран зохиолын багш нар, эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргасан түүний төрөлх сургууль, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн 306 тоот ангид өрнөсөн юм.
-Д.Нацагдоржийн тухай хэн ярих билээ гэхээр хамгийн эхэнд санаанд ордог хүн бол та. 120 жилийн ой нь болж буй их зохиолчийн гар бичмэлийг та судалж эхэлсний 50 жил мөн болж буй юм билээ. Энэ хугацаанд таны олж нээсэн, илрүүлж гаргасан судалгаагаа багцлан тодорхойлбол ямар үр дүн гарч байна вэ?
-Тийм, тийм. Энэ асуултыг надаас хүн ер асууж байгаагүй юм байна шүү. Би 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн юм. Тухайн үед биднийг гуравдугаар курсийн оюутан байхад Д.Нацагдоржийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан уралдааныг сургууль дээр оюутнуудын дунд зарлахгүй юу. Түрүүлбэл гадаад аялах, дэд байр эзэлбэл дотооддоо буюу Төв аймгийн Баяндэлгэр сумаар аялах болзолтой. Ингээд манай анги дэд байр эзэлж Төв аймгийн Баяндэлгэр сумаар аялж Д.Нацагдоржийн ойр дотнын хүмүүстэй уулзаж, үг хэлийг нь анхлан сонсох завшаан тохиосон. Жишээлбэл, Д.Нацагдоржийн багш н.Алтангэрэлийн гэргий Үрчгэр гэдэг хөгшинтэй уулзаж байсан. Хорин хэдэн /1920/ оны үед Д.Нацагдоржтой намын нэг үүрт харьяалагдаж хамт ажил хийж байсан Чулууны Хас гэдэг хүнтэй, бас Д.Нацагдоржийн авга ах Ванжил хэмээх хүнтэй уулзсан. Энэ мэтээр Д.Нацагдорж гэж ийм хүн байж дээ, ингэж амьдарч байж дээ гэдгийг өгүүлж ярьсан өчнөөн олон хүнтэй уулзсан даа. Түүний нутгаар явсан энэ аялал бол зун цагт болсон. Тэгээд намар ирэнгүүтээ Улаанбаатар хотоор бас баахан явж байгаа юм аа. Наваан-Юндэн, Б.Ренчин зохиолч гэх мэтээр уулзаж Д.Нацагдоржийн тухай мэдэх юм сан гэдэг хүсэл тээгээд явах болсон. Тэгээд тэр цагаас хойш ингээд л 50 жил болчихсон байна даа. Энэ хугацаанд би юу хийв гэхээр Д.Нацагдоржийн гар бичмэлийг нь л судалсан юм.
Намайг 1978 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд орсон тэр жил Б.Содном гуай бурхан болов. Тэрхүү Балданы Содном гэдэг хүний гар дээр Д.Нацагдоржийн гар бичмэлүүд байдаг байжээ. Тэгээд хүрээлэнд ажиллаж байсан залуучуудаас манай хүрээлэнгийн захирал Амгаагийн Лувсандэндэв гэдэг хүн монгол бичгийн шалгалт авсан. Монгол бичгээр гараар бичсэн юмыг уншихдаа би арай гайгүй байсан юм байлгүй. Тэр гайгүй байдгийн учир нь би энэ Багшийн дээд сургуулийн Надмид багшийн шавь байсных юм. Түүний шавь болсон хүн бол монгол бичиг сурахгүй байхын аргагүй сайн багш байсан л даа. Тэгээд тэр багшийн шавь байсан учраас монгол бичгээр дармал юмыг уншихаас гадна гараар биччихсэн юмыг нь ойр зуур уншихаар хэмжээнд байж л дээ. За тэгээд тэнд комисст одоод анх удаагаа Д.Нацагдоржийн гар бичмэлийг харж байсан.
Д.Нацагдоржийн гар бичмэлийг үнэндээ Б.Содном судлаач ихэнхийг уншаад, учир зүйг олоод хэвлэлд бэлтгээд 1955 онд нэг түүврийг, 1961 онд мөн нэг түүврийг нь гаргаад уншигчдад хүргэчихсэн байсан. Гэхдээ л Б.Содном судлаачийн тэр хийчихсэн ажил, Д.Нацагдоржийн энэ гар бичмэлүүдийг харахаар бас хиймээр юм гарч ирээд болж өгөхгүй байсан л даа. Жишээлбэл, Б.Содном “Харанхуй хад” гэдэг өгүүллэгт гарч байгаа тэр гоо сайхан эмэгтэйн эх дүрийг Д.Нацагдоржийн хоёр дахь гэргий Нина-г гэж ойлгоод, зохиолчийн “Ина” гэж бичсэнийг “Нина” гэж засаад, тэгээд зохиосон он цагаа “1930 он” гэж зохиолч бичсэн байтал нь бүр 1936 он гэсэн байсан. Тэгэхээр анхны эргэлзээ төрсөн юм бол “Харанхуй хад” дээр гарсан гэсэн үг. Үгүй ээ, энэ яагаад Д.Нацагдорж, 1932 онд Нина Чистяковатай гэрлэсэн байхад, 1930 онд бичсэн зохиолд нь “Нина” гэж гарах билээ гэсэн хамгийн анхны том асуултын тэмдэг үүсэж байгаа юм.
Тэгээд үзээд байсан чинь биш байна аа. Тэр “нина”, “ина”, хоёр чинь монгол бичигт нэг цэг буюу дуслаар л ялгарна. Тэгсэн чинь тэр цэгийг Д.Нацагдоржийн бичсэнээс өөр өнгөтэй үзгээр дусал тавьчихсан байна аа. Зарим нь бүр дусалгүй байх юм.Тэгвэл энэ үг “нина” гэсэн үг биш, “ина” гэсэн үг юм байна. “Ина” гэдэг нь юу юм бэ гээд, ингэж яваад л анх удаагаа “Харанхуй хад”-ын тухай бичиж байх жишээтэй.
Тэгэхээр миний хийсэн нэг ажил бол “Нина” гээд андуурч явсаныг “Ина” буюу яруу найруулга гэдэг үг юм байна. “И” гэдэг нь “ирагу”, “на” гэдэг нь “найруулг буюу уран зохиол. Тэгээд “Харанхуй хад” гэдэг зохиолд яруу найруулга буюу уран зохиолын тухай их чухалчилж үзүүлсэн юм байна гэж үзсэн явдал юм.
-Эмэгтэй хүний тухай биш гэж үү?
-Эмэгтэй хүний тухай биш. Уран зохиолын тухай юм.
-Аан, за.
-За тэгээд, гар бичмэлүүдийг нь үзээд байсан чинь дотроос нь нэг сонин зүйл оллоо. Дугуй дүрс зураад, чагталж зураад, энд тэнд нь үг бичээд, тийм юм гэхийн тэмдэггүй ноорог байх юм аа. Тэгээд түүнийг үзээд байсан чинь цаг, хүн, мал гээд биччихсэн байна. Ногооны униар, цэцгийн хур гэж байснаа, намрын хонгор салхи, намрын шар нар, цагаан сар гэх зэргээр бичсэн нэг сонин зүйл байсан. Тэгээд дөрвөн тойрог зураад түүнийгээ хоёр зураасаар чагтлан хуваагаад 16 хэсэг болгочихсон байв. Нөгөөдхөө үзэж байгаад нэг зохиолын төлөвлөгөө юм байна гэдгийг тогтоосон. Энэ бол Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” зохиолын төлөвлөгөөг гар бичмэл дундаас нь олсон хэрэг юм. Ингээд энэ зохиолд дөрвөн цагийн тухай юу үзүүлсэн бэ гэдгийг цоо шинээр илэрхийлж болох тийм зүйл гарч ирж байгаа юм л даа. Энэ бол миний хийсэн хоёрдугаар ажил болж байна.
Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” зохиолын төлөвлөгөө
-Та задалж тайлбарлаж өгнө үү?
-Ерөөсөө монгол хүн болоод төрсөн бол энэ байгаль, дэлхий орчноо яг л тэр үндэснийхээр, монгол хүн гэдгийнхээ үүднээс мэдэрч байдаг. Одоо жишээлбэл, шувуу ганганаад л ирэхээр монгол хүн бол хавар боллоо гэж, шувуу буцаад, ганганалдаад явахаар намар боллоо гээд нэг тийм уйтгартай, аргагүй цаг эргэж байна даа ч гэдэг юм уу. Хурга, ишиг майлаад л эхэлбэл монгол хүн чинь сайхан хавар болж байна даа гэж боддог. Морь хурдлаад, эрийн гурван наадам болохоор сэтгэл нь огшоод байдаг. Тэр чинь нөгөө үндэсний мэдрэхүй гэдэг нь. За тэгтэл үүний хажуугаар хүн өөрөө түүхэн цаг үед түүхэн зүй тогтлоороо төлөвшиж байдаг. Тухайлбал, хувьсгалаас өмнө бол хүн малаа сайн маллах юм сан. Ээж аавыгаа нэг сайхан асрах юм сан, би энэ удмыг л залгах ёстой гэж бодож, нэг тийм ухамсар тэр хүнд төлөвшөөд явдаг ч юм уу. Гэтэл 1920-30-аад он болоод ирэхэд эрдэм сураад эх орондоо тус болчих юм сан гэж сэтгэж эхлэх гэх мэт. Д.Нацагдорж “Улаанбаатараас Берлин хүртэл” гэдэг зохиолдоо бичсэн байгаа шүү дээ. “Эрдэм сурч улс арддаа тусална аа” гэж. Ингээд харахаар нөгөө ёстой түүхэн ухамсар өөр болчихсон байна. Харин өнөөдөр бол магадгүй дэлхийд нээлт хийх юм сан гээд залуучууд бичиж байгаа. Энэ бол түүхэн ухамсрын өөрчлөлт, хүний төлөвшил.
Тэгэхээр энэхүү “Дөрвөн цаг” зохиолд “нац.чувств” /зохиолч өөрийн гар бичмэлдээ орос хэлээр ийнхүү тэмдэглэсэн.сур/ буюу үндэсний мэдрэхгүй, “ист.erinnerung” /зохиолч өөрийн гар бичмэлдээ түүхэн гэдэг үгийг орос хэлээр, ухамсар гэдэг үгийг герман хэлээр ийнхүү тэмдэглэсэн.сур/ түүхэн ухамсар гэдгийг гаргаж өгчээ гэж судалж тайлсан юм. Энэ дөрвөн тойрог зураад, чагт зурсан нь бол уламжлал. Тэр доор нь түүхэн ухамсар, үндэсний мэдрэхүй, зуун мянган жил гээд тавьчихсан байгаа нь шинэчлэл болоод явчхаж байгаа юм. Оросоор, германаар бичнэ гэдэг чинь дэлхийг төлөөлүүлэн харж байна шүү дээ гэх мэтээр олон нарийн юмыг ганцхан хуудаст багтаасан байсан л даа.
“ДӨРВӨН ЦАГ”-ИЙН, “ХАРАНХУЙ ХАД”-ЫН ТУХАЙ ХИЙСЭН ЗҮЙЛЭЭ УРАН ЗОХИОЛ СУДЛАЛД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ХУВЬ НЭМЭР БОЛСОН БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ
-Дараа нь та юу олсон бэ?
-Ингээд гурав дахь нь бол “Ондоо хүмүүжил” гэдэг жүжиг. Б.Содном судлаач “Ондоо хүмүүжил” гээд нэг жүжиг Д.Нацагдоржид байна гэсэн мөртөө тэрийг ерөөсөө гаргаж ирж тавиагүй юм. Тэгээд гар бичмэлийг нь үзсэн чинь нэг навтарга, зүйж бичсэн гар бичмэл байсан. Нэг цаасан дээр зайгүй бичээд, нөгөө талд нь бас бичээд, цаасны өөдсөн дээр бичсэнээ хажууд нь оруулаад л, ийш, тийш нь оруулаад бичсэн их сонин гар бичмэл байсан нь “Ондоо хүмүүжил” жүжиг. Ямар ч байсан гаргаж уншаад, нөгөө олон энд тэндээ орчихсон юмыг урд, хойно нь оруулж үзээд эвлүүлж үзсээр байтал бараг л 7-8 жил болсон. Бүхэл бүтэн жүжгийн зохиолын тухай ярьж байна шүү дээ. Магадгүй энэ хугацаанд өөрөө жүжиг бичсэн бол хэдийг ч биччихээр маягийн хугацаа байгаа биз. Ингээд нөгөөхийнхөө эвийг олох гэж явсаар байгаад 1985-1986 оны үед л жинхэнэ бүтэн зохиол юм байна аа гэдэг юм гарч ирсэн дээ. Тэгээд яагаад хачин зүймэл юм болчхов гэсэн чинь Д.Нацагдорж яг энэ зохиолоо бичиж байхад шоронд сууж байсан болж таарсан. 1936 онд Д.Нацагдорж шоронд орсон шүү дээ.
-Хоёр дахь удаагаа?
-Тийм ээ. Хоёр дахь нь /санаа алдав.сур/. Тэгэхээр энэнээс Д.Нацагдоржийн тухай их сонин юм санагдаж байгаа юм л даа. Эхний удаа шоронд орохдоо шүлгүүд бичсэн шүү дээ. Нөгөө чихрийн цаасан дээр бичсэн гээд 10 шүлэг байдаг. “Со-ёо чамайг хайрлана”, “Эсэргүүг сонсвоос” гээд шүлэг, “Үзэгдээгүй юм” гээд өгүүллэг байдаг. Тэдгээрийг чинь 1932 онд шоронд сууж байхдаа л бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр Д.Нацагдорж гэдэг наранд сайхан явахдаа төдийгүй нарсанд хоригдож байхдаа ч гэлээ шүлэг, зохиол бичиж байдаг байжээ гэдэг нь харагддаг. Ялангуяа “Ондоо хүмүүжил” гэдэг жүжигт хүн биш болоод, хүнээ алдаад ирэхээр л ийм аймшигтай юм болдог байна гэж өгүүлсэн. Сахилгагүй, хүмүүжилгүй, төлөвшиж чадаагүй хүүхдүүдийн тухай гаргаж байгаа байхгүй юу. Шоронд орохдоо зохиолч маань эргэцүүлсэн байх л даа. Тэгээд би яагаад шоронд орчхов гэхээр энэ хүн болж чадаагүй хүмүүс л ер нь хүнийг ингэж эвгүй байдалд оруулж хорлодог юм байна аа гэж. Тэр чинь одоо Д.Нацагдоржийг гүтгээд байгаа шүү дээ. Хүрээлэнгийн юмнаас авчихсан, ном авчихсан, гэрэл зургийн цаас авчихсан энэ тэр ч гэх шиг тийм хачин, хачин юм яриад гүтгээд байсан байж. Тэгээд хойноос нь юм нэхэмжилж илүү хүндрүүлээд байсан. Дандаа тийм хачин юм болоод байсан. Тэгэхээр Д.Нацагдорж тийм юмсыг бас бодож, харж бичсэн байх аа.
-“Ондоо хүмүүжил” жүжгийг уншигчдад хэрхэн хүргэж байсан бэ. Амьдарч байх цаг үед нь “Учиртай гурван толгой”-оос өөр жүжгийн бүтээл тайзнаа тоглогдсон юм болов уу?
-“Ондоо хүмүүжил”-ийг би 1986 онд “Цог” сэтгүүлд анх удаа тавьсан юм. Ер нь 1990 оноос өмнө бол ямарваа нэгэн шинэ зохиол байвал бага хэмжээтэйг “Утга зохиол” сонинд, арай томхон шигийг нь Цог сэтгүүлд л гаргадаг байлаа. Утга зохиолын манай хоёр гол хэвлэл байлаа шүү дээ. Д.Нацагдоржийн “Хэлхээгүй сувд” зохиолын эхний хоёр бүлгийг Б.Содном “Цог” сэтгүүлд тавьж байсан. Яг тэр уламжлалаар нь л би 1986 онд мэндэлснийх нь 80 жилийн ойгоор “Ондоо хүмүүжил” жүжгийг гаргасан юм. Харин “Шувуун саарал”-ыг бол “Үнэн” сонинд тавьсан. Хамгийн олон хүнд хүрдэг учраас гэх мэтээр л бодож хүмүүст хүргэж байсан. Мөн “Ондоо хүмүүжил” жүжиг миний гаргасан зохиолын цоморлогт ч орчихсон байгаа. Д.Цэдэв нарын гаргасан Бүрэн зохиолд нь ч орсон. Жүжиг нь бол тоглогдоогүй. Одоо тоглоход ч жаахан төвөгтэй байж магадгүй. Д.Нацагдоржийн зохиолуудаас дэглэж тавихад арай гайгүй хялбар байсан нь “Учиртай гурван толгой” л байх. Ерөөсөө “Миний нутаг”-ийг нь жүжигчин Дамдинбазар хуурдаж уншаад, “Учиртай гурван толгой”-г төв театр буюу Бөмбөгөр ногоонд тавиад байж. Тэгээд үүнийг хэн зохиосон юм бэ гэвэл Д.Нацагдорж гэнгүүт бүх хүн л биширч шүтээд, одоогийнхоор бол ёстой “крашилж” байсан биз.
Тэгтэл хажуугаар нь тэрэнд атаархсан хүмүүс нэг биш байсан. Яагаад атаархах вэ гэхээр тайжийн хүү Д.Нацагдорж ийм байхад ядуу ардын хүү би яагаад энэнээс муу байдаг юм бэ гэсэн атаархал асар их байжээ. Ард гэхээр өөдөө яваад байдаг, тайж гээд доош нь дарчихдаг л байсан цаг байхгүй юу. Тэгээд л Д.Нацагдорж чинь тайжийн хүү, язгууртан гаралтан, ийм байх ёсгүй хүн гэж тухайн цаг үеийнхэн ойлгож байсан шиг байна л даа.
-Та бас “Шувуун саарал”-ын үргэлжлэлийг олсон байдаг?
-Аан тийм. “Шувуун саарал”-ыг үзсэн чинь бид нарын уншдаг, бичдэг 11 хэсэгтэйгээс гадна үргэлжлэл байсан. 16 хэсэг биччихсэн байх жишээтэй. Мөн “Нар аа!” гэдэг шүлгийн дунд ”Өвлийн шөнө” гээд нэг зураглал бичээд оруулчихсан учраас төгсгөлд нь байсан нэг бадгийг хаячихсан байх жишээтэй. Ингээд л гар бичмэлийг нь нарийн, өөрийн юм шиг, миний юм шиг үзээд байхаар ийм юмсыг олоод, гарч ирээд байсан даа.
Ингээд чиний асуултыг эцэслэн хариулахад, би Д.Нацагдоржийн зохиолуудыг бүрэн бүтэн болгох талаас нь л энэ хэдэн жилийг зориулсан юм байна. Тэгээд 2016 онд Д.Нацагдоржийн зохиолын цоморлог нэртэйгээр энэ 40 гаруй жилийн хугацаанд хийсэн юмаа нийлүүлэн нэг ном болгоод уншигчдадаа хүргэсэн дээ. Тэгэхээр Д.Нацагдоржийг судлаад, чиний хэлснээр энэ хугацаанд нээсэн юм гэвэл нэг ийм л юм байна. Үнэхээр “Дөрвөн цаг”-ийн тухай, “Харанхуй хад”-ын тухай хийсэн юмаа бол уран зохиол судлалд тодорхой хэмжээний хувь нэмэр болсон болов уу л гэж бодоод байгаа шүү дээ.
Тэгээд нэг тэмдэглэж хэлэх юм бол миний туулсан 40, 50 жил бол эргээд харж байхад энэ судалгааны салбар бол их сайхан юм байна аа. Жишээлбэл, төвөд хэлт уран зохиолыг судалдаг Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гээд их сайхан эрдэмтэй хүн байсан л даа. Бид нэг үе тэнгийн улсууд. Тэгээд бид төвөд хэлний янз бүрийн ном олох ч юм уу, юм хум олдвол хамгийн түрүүнд Л.Хүрэлбаатарт өгдөг. Эх бичиг судлал ч гэдэг юм уу, Д.Нацагдорж судлалтай холбоотой юмыг надад өгнө. Д.Цэнд багш гэхэд Оросоос “Основы текстология” гэдэг номыг авчраад л өгч байсан. Бид нарын гайгүйхэн шиг явсан зам бол бие биеэ дэмжиж байсанд л байгаа юм. Юм сонсвол нэгэндээ хэлж өгдөг байлаа. Энэ чинь нөгөө юм судалж байгаа хүнд чинь арай нэг өөр болох, судалгаа хийхэд хэрэгтэй шүү дээ. Олон багшийнхаа, найз нөхдийнхөө тус дэмээр салахгүй яваад байсны учир шалтгаан бол тэр байгаа юм. Хэрэв миний багш нар, найз нөхөд, бидний мэргэжил нэгтэй нөхөд хүлээн зөвшөөрөөгүй бол цаашаа явахгүй шүү дээ. Жишээлбэл, “Харанхуй хад”-ын тухай бичээтхээр л “энэ юу ярьж байгаа юм бэ, энэ муу жаахан юм” гэсэн бол хэцүү шүү дээ. Гэтэл хүлээн зөвшөөрөөд, анхаараад, хэвлээд, хараад, ярилцаад явсан учраас л бид нар ийм болсон. Дараагийн үеэ ч бид тийм маягаар өөд нь өргөж, татаж авах ёстой. Хүн чинь өөрөө шууд л гялалзаж, маналзаад гараад ирчихдэг нь ховор юм шиг байгаа юм.
-“Дөрвөн цаг” шүлгийн төлөвлөгөөг хараад оюуны зураглал /mind map/ гэдэг зүйлийг 1934-1935 оны үед ашигладаг хүн байжээ гэж бодсон. Одоо бид мэдээ, өгүүлэл гээд бүтээлийн төлөвлөгөөгөө ингэж гаргадаг л даа.
-Тийм, тийм. Д.Нацагдорж бол дорно, өрнө хосолсон нэг хүмүүн байжээ. Бага нас нь бол дорно, яалт ч үгүй. Гэрийн сургуулийн хажуугаар Нийслэл хүрээнд автономитын үед байгуулагдсан дунд сургуульд явсан шиг байгаа юм. Жаахан англи, хятад, орос хэлтэй болсон нь бол дунд сургуулиас авсан зүйл байх. Тэнд тийм юмнууд заадаг байсан гэдэг. Ингээд Орост очиж нэг жил болохдоо орос хэлийг ёстой чармайгаад сурч ёстой жинхэнэ өөрийнхөө гол юм болгосон. Тэгээд л тэр А.С.Пушкин нарыг орчуулаад байгаа шүү дээ. Германд бараг гурван жил ч хүрэхгүй хугацаанд байхдаа герман хэлийг герман хүн шиг сурчихсан байна гээд одоо энэ улсууд нь үзээд, гайхаад байна л даа. Бичиж, тэмдэглэж байгаа нь яг л герман хүн шиг. Герман чинь хэлний зөв бичгийн дүрмээ шинэчилсэн юм гэнэ лээ. Гэтэл Д.Нацагдорж яг тэр сольж, шинэчлээгүй байх үеийнх нь үсгээр бичиж, тэмдэглэсэн байгаа юм. Одоо тэмдэглэлийг нь германуудад үзүүлэхээр хуучин үеийнхээр л тэмдэглэсэн шиг байна гэх жишээний. Заа тэгээд орос, германаас гадна заримдаа хятадаар бичнэ, монгол үгийг латинаар галиглаж бичсэн нь ч байна. Германаас ирчхээд ерөөсөө нэг гаруйнхны хугацаанд ч юм уу хийж байсан ажлуудынх нь нэг ийм дэвтэр байдаг /нямбайлан хийсэн гялгар уутнаас нь гаргаж үзүүлэв.сур/ юм.
“Д.НАЦАГДОРЖИЙН ГАР БИЧМЭЛИЙГ ТҮҮНИЙ НАС БАРАХААСАА ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН “СПАРТАК” ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨНӨӨС НЬ Ш.НАЦАГДОРЖ, н.САНДАГ ХЭМЭЭХ ХОЁР ЗАЛУУ ОЛЖ АВЧ ИРСЭН”
-Тэгэхээр та бүхний судлаад, бидний уншаад байгаа эдгээр бүтээлийн гар бичмэлүүдийг хэн, хэрхэн, хаанаас олж авсан тухайд тодруулаад ярилцлагаа үргэлжлүүлье.
-За тэгье. Д.Нацагдорж нас барахынхаа өмнө “Спартак” зочид буудал гэдгийн хоёрдугаар давхрын нэг өрөөнд амьдарч байсан юм байна лээ. Ядуу зүдүү, Нина Чистякова нь хойшоо явчихсан, байр савнаасаа хөөгдчихсөн, ерөөсөө бараг амьдрахын аргагүй байх үедээ тэнд сууж байгаад нас барчихсан. Тэгээд тэнд үлдсэн юмнуудыг нь Ш.Нацагдорж, н.Сандаг гэдэг хоёр хүн олж авчирсан байдаг юм.
Тэр хоёр нөгөө өрөөнд нь очоод орон доогуур харсан чинь нэг хайрцагтай юм байж. Татаад үзтэл гэрэл зураг, гар бичмэлүүд, зөндөө ном, дэвтэр байсан гэдэг. Тэгээд бүгдийг нь авч ирээд хүрээлэнгийнхээ Дуун ухааны тасагт хүлээлгэж өгчээ. Ийм учраас л Д.Нацагдоржийн хэдэн гар бичмэл, үлдсэн гэрэл зураг, бусад холбогдох юмнууд нь энэ хүртэл ирсэн байна.
Хэрэв Д.Нацагдорж ер нь хүн тоохын аргагүй, хүнтэй, доод ажилтнуудтайгаа таагүй харьцдаг нэгэн байсан бол юу л боллоо гэж тийшээ очоод эд юмсыг нь хаа хамаагүй хоёр хүн, эмхэлж аваад Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дуун ухааны тасагт авчирч өгөх вэ дээ. Тийм үү? Энэ мэт олон юм бий дээ.
-Ш.Нацагдорж гэж “Мандухай сэцэн хатан”-ы зохиогч?
-Тийм, тийм. Ш.Нацагдорж түүхч тэр үед жаахан хүүхэд байжээ. н.Сандаг гэдэг хүнтэй хоёулаа очсон байгаа юм.
Д.Нацагдоржийн гарын үсэг. Уран бичлэгээр зурсан буй байдал.
-Хүмүүсийн бичгийн хэвээр зан чанараас эхлээд олон зүйлийг тодорхойлж болдог гэдэг. Та 50 жил энэ хүний гар бичмэлийг уншиж, судалж, бодож, тунгааж явсны хувьд Д.Нацагдорж гэж ийм хүн байж дээ гэсэн бодол байдаг байх. Тэрийг сонсмоор байна. Мөн өөрийнхөө тухай би ийм хүн гэж бичсэн юм ер байдаг болов уу?
-Байхгүй. Зүгээр бусад улс бол их Нацагдорж энэ тэр гээд биччихсэн байдаг юм. Өөрөө бол сайндаа л “Нацагдорж” гэж бичдэг. Гарынхаа үсгийг гурван янзаар зурсан нь тохиолддог. Тэр нь юу вэ гэхээр монгол бичгээр гарын үсгээ таталж зурна, гайгүй тогтуухан сайхан зурна, бас уран бичлэгээр зурна. Бас латин үсгээр зурсан нь бий. Би хэвлүүлсэн номууддаа тэр гарын үсгүүдийг нь оруулсан. Өөртөө нэг их тодорхойлолт хийж, энээ тэрээ бичээд байдаггүй байж. Тэгэхээр эндээс харахад бол даруухан хүн байсан хэрэг юм. Өөрийнх нь туулсан амьдрал энэ тэрийг харахад ч тэр, хүмүүстэй харьцсан байдал зэргийг нь харахад ямар ч болов хүний итгэлийг олсон, хайрыг татсан тийм хүн байсан юм болов уу гэмээр байгаа юм. Эмх цэгцтэй, юманд их шуурхай ханддаг гэдэг нь гар бичмэлд нь байна л даа. Бичиж байхдаа зураг зурна. Бас авьяастай байсан байгаа биз дээ? Шууд шууд зураад, санаагаа буулгаад явчхаж байгаа юм. Тухайлбал, сувд гэдгийг илэрхийлэхийн тулд сувдыг оруулаад л зураад, бичээд. Уран бичлэг шиг л. Уран сэтгэмжтэй, авьяастай, итгэл найдвартай хүн байсан нь олон зүйлээс харагддаг юм. Германд Д.Нацагдорж сурахдаа элбэг хангалуун байж чадаагүй шүү дээ. Мөнгө төгрөгөөр ямагт дутаж байсан. Д.Пагмадулам нь өвчтэй зовлонтой болоод эмнэлэг домнолго маш их хэрэгтэй байсан. Тэдэнд бусад суралцагч бага насны хүүхдүүдтэй адилхан хэмжээний мөнгө өгөөд байсан гэдэг. 10 гаруй настай, ганц жаахан хүүхэдтэй адилхан мөнгийг 20 гарчихсан, гэр бүлтэй хүнд өгөх чинь хэцүү шүү дээ. Тэгээд л ямагт дутагдаж байсан.
Гэхдээ Д.Нацагдоржид герман хүмүүс мөнгө зээлж өгөөд байсан байгаа юм. Үгүй энэ чинь найдвартай хүнд л мөнгө өгнө биз дээ, тэр тусмаа хүн германд, герман хүн шүү дээ. Бас Д.Нацагдоржийг тэнд хэцүү байна аа гэхэд Монголоос Жамсраны Цэвээн 500 төгрөг явуулж байсан байдаг. Хаа хамаагүй хүнд тэгж мөнгө явуулна гэж байхгүй биз дээ. Д.Нацагдоржийг их найдвартай, маш найдвартай хүн байсан болов уу гэж би боддог. Үнэхээр хүндлэгдсэн хүн байсан байх. Тэрнээс гадна бас хүнд их тусархаг, хүний ач тусыг айхтар мэддэг байж дээ гэж боддог юм.
Жишээлбэл, академич Ш.Нацагдорж гэж хүн байна шүү дээ. Энэ хүн чинь дунд сургуулиа дөнгөж төгсөөд хүрээлэнгийн түүхийн тасагт орж ажилласан хүн. Тэгээд Ш.Нацагдоржийн тухай Д.Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнд бичиг бичсэн байгаа юм. Энэхүү Ш.Нацагдорж болбоос ирээдүйд Монгол Улсад хэрэгтэй хүн болохын учир цалинг нь нэмж өгнө үү гэж бичсэн. Гэтэл Ш.Нацагдорж тэр бичгийг бүр сүүлд олж мэдсэн гэдэг.
-Таньсан байжээ. Гэхдээ би чиний төлөө ингэсэн, тэгсэн энэ тэр гээгүй аж дээ?
-Таньсан. Хэрэгтэй хүн гэж таньсан. Гэхдээ чамайг ингэнэ тэгнэ, ингэсэн тэгсэн гэсэн юм байхгүй. Ерөөсөө нам. Сайхан.
-Тайж гэдгээ бичдэг байсан уу?
-Зөвхөн анкетад хариулахдаа л тайж гэдгээ бичдэг. 1920 хэдэн оноос эхлээд нас барах хүртлээ л бичсэн байдаг. Ер нь тэгээд тайж гэж бичихгүй байхын ч арга байхгүй байсан байх аа.
Д.НАЦАГДОРЖ БОЛ ЧИНГИС ХААНЫ ҮЙЛ ХЭРЭГТ, МОНГОЛ УЛСЫН ӨНГӨРҮҮЛСЭН ТҮҮХЭНД ҮНЭХЭЭР ИХ АНХААРАЛ ТАВЬЖ БАЙСАН ТҮҮХЧ ХҮН
-Тайж Д.Нацагдорж. Тайж гэхээр бол алтан ураг тийм үү. Тэгэхээр бүтээл туурвилдаа Чингис хааны тухай хэрхэн оруулж шигтгэсэн байдаг вэ. “Миний нутаг” шүлэгтээ Их Монгол Улс гэж хэлээгүй ч “Хөх монголын цагт хүчирхэг боссон орон...” гэж айхтар сэтгэж оруулсан гээд таны жишээлж байсныг санаж байна.
-Ёстой. Алтан ураг. Өөрийнхөө санаа бодлыг хамгийн хүчтэй, ёстой айлтгүйгээр гаргасан нь бол тэр. “Монголын түүхийн товч” гэдэг нэг зохиол байгаа. Монголын түүхийн он тооллыг Чингис хааны он тооллоор хийсэн байгаа юм шүү дээ. 1936 онд шүү. Тэгэхдээ л “Шинэ толь” сэтгүүлд хэвлүүлээд гаргачихсан. Ард нь нөгөө “Түүхийн шүлэг” байгаа шүү дээ. “Манай Монгол Улс маш эртний улс. Монголын яруу түүх магад их гэрэлтэй...” гээд л. Чингис хааныг, Их Монгол Улсыг, монголын түүхийг манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтөнд гавьяа гэж хэлсэн юм шүү дээ. Одоо энэнээс илүү илэрхийлэх арга байхгүй. Заримдаа яах вэ жаахан нууцлагдуу хэлнэ. Жишээлбэл, Мөнх тэнгэрийн доор мянга мянган хавар гэжээ. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг үгийг чинь мөнх тэнгэрийн дор гээд л хийчхэж байна. “Миний нутаг” болбол онцгой үзэгдэл. Я
агаад онцгой байсан бэ гэхээр гучаад онд ялангуяа улс төр урваж хөрвөх үед түүхээ мэдэх явдал маш их чухал юм байна гэж Д.Нацагдорж ойлгосон. Ухаарсан хэрэг. Тэгээд түүхээ судалсан. Түүхийн тасгийн эрхлэгч байсан одоогийнхоор бол ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал гэсэн үг шүү дээ. Ингээд Монголын түүхтэй холбоотой зохиолуудыг гаднаас орчуулсан. Марко Пологийн “Их хааны ордонд” нэртэй зохиолыг 1930 онд өөрөө орчуулсан.
Тэрнээс хойш дэлгэрэнгүйг нь Б.Ренчинээр орчуулуулах гэж оролдсон. И.Я.Коростовецын “Баруун Монголын түүх” энэ тэр гэсэн юмыг бусад хүнээр орчуулуулсан. Ийшээ тийшээ захиалж, хайж түүхийн зохиолуудыг авсан. Бидний Монголын нууц товчооны нэг хувилбар гэж биширч, шүтдэг “Алтан товч” байна. Ингэж шүтдэг юмыг хамгийн анхан олж гаргаж, авчруулж, хэвлэлд бэлдээд хэвлүүлсэн гэх мэтээр үргэлжилнэ. Ингээд Чингис хааны үйл хэрэгт, Монгол Улсын өнгөрүүлсэн түүхэнд үнэхээр их анхаарал тавьж байсан түүхч хүн. Ингээд түүхийнхээ үүднээс бүх зүйлд хандсан. Тэр үед түүхээ мэдэхгүй хүмүүс ер нь хачин, хачин юм ярьж байсан байх л даа. Тийм учраас түүхээ мэдэх хэрэгтэй юм байна гэж түүхийн судалгаанд их анхаарал тавьсан шиг байдаг.
-Сая би асуултад шүлэг эшлэхдээ “хүчирхэг болсон” орон гээд алдлаа. Бидний олонх нь ингээд тогтоочихсон, магадгүй ингэж тогтоолгохын тулд, ойлгуулахын тулд санаатай, санамсаргүй гуйвуулсан жишээ олон байдаг юм билээ. Зохиолчийн бичсэн эх хувилбарыг харж, барьж, уншиж, судалсан хүн энэ мэт нарийн юмсаас хэлбэл?
-Таны эшилсэн мөрийн тухайд гэвэл, гар бичмэл, юмыг нь үзэхээр, тэгээд утга санааг нь бодохоор бол яалт ч үгүй л Хөх Монголын цагт хүчирхэг боссон орон байгаа юм. Хүчирхэгжиж босоод ирсэн байхгүй юу, дэлхийд. Болсон гэхээр нэг л сулхан байгаа биз дээ?
-Нээрээ өнгөрсөнд байгаад байна тийм ээ. Санаатай үгүйсгэл байна уу, санамсаргүй хөрвүүлгийн алдаа байна уу?
-Тийм. Нэг л сонин. Үгүй тэгээд мэдэхгүй. Ерөөсөө бараг санаатай ч байж магадгүй гэж бодохоор байгаа шүү. Д.Нацагдорж, “Миний нутаг” шүлгээ хамгийн эртдээ 1932 онд, магадгүй жаахан хойшилбол 1933 онд бичсэн гэдэг нь тодорхой. Түүний зохиолыг гуйвуулах ажил амьд сэрүүн байхад нь хүртэл эхэлсэн. Жишээлбэл, Пионерын дуу гээд бид нарын нэрлээд байдаг тэр дуунд чинь ямар ч тийм пионер энэ тэр гэсэн нэр байхгүй. “Бүх олон багачуудаа Бүрхсэн улаан цэцэрлэгтээ Бүр шинээр үүссэн Бүжиг наадмаар наадацгаая” гээд л явж буй юм байхгүй юу. Тэгтэл нөгөө л тэр үеийн хувьсгалчид ч юм уу, тэр улсууд чинь “Пионерын дуу” гэдгээ оруулаад тэрнээс хойш 1990 он хүртэл тэр чигээрээ явчихсан. Дотор нь улаан туг, намираа энэ тэр гээд янз бүрийн юмаа оруулчихсан. Ингэж л засварласан. “Миний нутаг” шүлэгт бол Сайн эрс цугласан байц бэрх газартай гэдэг. Сайн эрс гэдгийг тэр үеийн улсууд хулгайч л гэж ойлгоно. Харин Д.Нацагдорж сайн эрс гэдгийг ард түмнээ өмөөрч байсан хүмүүс гэж ойлгож, ухаарч байсан юм шиг байна лээ. Тийм учраас гавьяатай ч гээгүй сайн эрс цугларсан гэдэг утгаар хандсан байх. Гэтэл тэрнээс бол их айж байсан шиг байгаа юм. Тэгээд л бас тэрийг засна.
Хөх Монголын цагт хүчирхэг боссон орон гэдгийг засна. Манай янаглал амраглалд бахархал болсон орон ч гэдэг юм уу хаа хамаагүй юм энд тэнд нь оруулчихна. Тэгээд сүүлийн үед бол хэвлэл юман дээр бас нэг санамсаргүй гарсан алдаа юм уу, тэр юмнууд чинь их гай болчихдог. Одоо жишээлбэл, “Өсөхөөс сурсан үндсэн хэл орхиж болшгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг салж ч болшгүй орон” гэж Д.Нацагдорж бичсэн юм л даа, уул нь. Түүхийн шүлэгтээ. Тэгтэл тэрийг Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл болгочихсон. Тэрийг засах гэж оролдоод одоо бүр яагаад ч хүчрэхгүй юм.
Бүр Өвөрмонголчууд хүртэл тэгж уншиж байна шүү дээ. Ийм болгочих юм. Ерөөсөө эх хэлээ хүн мартана гэж байхгүй шүү дээ, байж л байна. Харин монгол хэл мэддэг мөртөө орхичхоод л англиар халтар мултар яриад байна. Тэгэхээр чинь ямар ч байсан эх хэлээ орхиж болохгүй шүү, нөхөд минь гэж. Орос хэл тэр үед бас л түрж байсан байх даа.
Д.Нацагдорж судлаач, доктор, профессор Ч.Жачин. МУБИС-ийн оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр. Арын дэлгэц дээр “Улаанбаатараас Берлин хүртэл” бүтээлийн гар бичмэл дээр зохиолчийн өөрөө дарсан хэсэг харагдаж байна.
“Улаанбаатараас Берлин хүртэл” гээд бүтээлийг нь өөрчилж хэвлэсэн гээд та гар бичмэл үзүүлж байсан. Бичсэн хэсгээ чагтлаад дарчихсан. Тэр үед зохиолч мэнд байсан байх тийм үү?
-Байсан. Амьд сэрүүн байсан. Гэхдээ ер нь тэгж засахаас өөр аргагүй болсон л доо. Аймшигтай шахалтууд болж байсан. Гэхдээ засагдаагүйгээрээ хэвлэгдчихсэн байдаг юм. 1928 онд “Залгамжлагч” сэтгүүлд яг Д.Нацагдоржийн анхны бичсэн нь гарчихсан. 1929 оны хавар хүрээд ирсэн чинь бүх юм орвонгоороо эргэчихсэн байж. Тэд нарыг Германд явуулсан дарга нар бүгдээрээ зайлуулагдчихсан байсан. Дамбадорж байхгүй, Жадамба байхгүй. Намын Төв хорооны бүрэлдэхүүн шал өөр болчихсон. Нөгөө зүүнтэн гэдэг юм хүчээ авчихсан. Хувьсгал, хувьсгал гээд коммунизм бараг байгуулчихна гэдэг л баахан ийм яриа, хөөрөөтэй залуучууд, янз бүрийн юмнууд гараад ирсэн. Хүмүүстэй ярьж байхад бол монголчууд л бие биеэ их сүйтгэж байсан даа гэдэг юм. Тос дотроосоо сүйддэг гэдэг шиг л байсан. Тэгээд хүрээд ирэхэд нь 1928 онд хэвлэгдсэн “Улаанбаатараас Берлин хүртэл”-ийг нь хүмүүс үзчихсэн байгаа шүү дээ. Аан чи одоо юу гэж байгаа юм? гэнэ биз дээ. “Энэ газрыг мартсан боловч, Эдүгээ бидний монголчууд нааш цааш явалцах болжээ” гээд бичсэн байгаа. Энд бол Москва хотын тухай л ярьж байгаа шүү дээ. Москва чинь үнэндээ 13 дугаар зуунд Монголын л эрхшээлд байсан, монголчууд байгуулсан тийм юм байгаа шүү дээ.
“Улаанбаатараас Берлин хүртэл”-д хоёр, гурван бахархалтай юм байгаа. Юу вэ гэхээр, Хүй долоон худгийн түүгээр гарахдаа энд долоон хошуу Даншиг наадам бужигналдан байжээ гэдэг ингэхээр түүхийн нэг юм сэргэж байна шүү дээ. Өөрийнхөө бахархлыг хэлж байна. Москвад оронгуутаа энэ чинь бид нарын эзэмшиж байсан газар аа, нэг хэсэг мартсан боловч одоо бид ирж байна гээд биччихгүй юү. Тэгэхээр тэрэнд чинь жигтэйхэн эмзэглээд энэ тайж Д.Нацагдорж одоо Чингисээ л санаж байна, ингэж тэгж байна гэсэн байх даа. Тэгээд л зайлуул тэрийгээ дараад хажуу талд нь “Шинэ боловсролын орон Москва” энэ тэр гээд баахан магтаад бичсэн байдаг.
-Уншиж байхад их эвгүй орж ирдэг шүү, яг тэр хэсэг.
-Тийм ээ. Огт өөр, үгүй юу юм бол оо гэмээр байгаа биз дээ?! Гэнэтхэн яагаад тийм солиотой юм шиг болчхов оо гэмээр. Аргагүйн эрхэнд ингэсэн байгаа юм. Мэдлэгтэй, хэлтэй үгтэй хүн чинь ийм болгочихлоо, оросыг магтчихлаа, Москваг магтчихлаа гэж л нэг юм аргалсан байна шүү дээ. Тэгэхдээ л хашир хүн болохоор нөгөө дарсан юм нь гар бичмэл дээрээ байж л байна. Эргээд харахад байж л байгаа байхгүй юу. Бүр байхгүй болгоод аваад хаячхаагүй. Тийм юм зөндөө байгаа. “Харанхуй хад”-ыг зассан, “Од”-ыг зассан зэрэг чинь бүгдээрээ тийм хэл үгтэй л холбоотой.
-“Од” гэж хэлсэн учраас “Од” шүлгээ Д.Нацагдорж С.Есенинээс хуулсан, түүний бичсэн адил нэрт шүлгийг орчуулсан гэж ярих нь бий, зарим хүн. Танд үүнийг үгүйсгэх баримт байдаг уу?
-Хуулаагүй ээ гэж хэлэх тодорхой баримт байгаа. Юу вэ гэхээр, Д.Нацагдорж ганцхан “Од” гэдэг шүлэг биччихсэн болбол Есенинээс авчихжээ гэж хэлж болох сон. Д.Нацагдорж “Нар аа!”, “Сар аа!”, “Од” гэсэн гурван зохиол бичсэн. Наранд, саранд, одонд хандсан шүлэг. Тэр Есенинд “Нар аа!” гэдэг шүлэг байдаг үгүйг би мэдэхгүй байна. “Сар аа!” гэдэг шүлэг бараг байхгүй байх. Тэгэхээр Д.Нацагдорж бол ерөөсөө хорвоо энэ ертөнц дээр ийм, ийм хачин юм ингэж болоод байхад чинь дэлхий ертөнцөөс өөр газарт хэрэв хүн амьдардаг, амьдрал байдаг бол гэж хандаж, ялангуяа Марс гаргийн тухай хамгийн айхтар хэлж байгаа шүү дээ. “Эрдэмт Марс од оо” гээд байгаа юм. Ерөөсөө энэ дэлхийгээсээ гарч сэтгэдэг байсныг нь Д.Нацагдоржийн олон зохиолоос харж болно. Энэ зохиолууд байж байгаа юм чинь ганцхан “Од”-ыг Есенинээс хуулахын үндэс байхгүй. Ерөөсөө тэр дэлхий ертөнцөөсөө гараад сэтгэж байгаа Есенин ч бай, Д.Нацагдорж ч бай яг л эрх чөлөө, үнэнийг хайсан, сайн сайхныг хайсан тэр юманд хандсан. Энэ чинь хажуу талд байж буй Богд уул, Туул голд хандахаас өөр шүү дээ. Хэнд ч хүртээлгүй, хэний ч гарт баригдахааргүй юманд хандаж байгаа юм чинь. Жинхэнэ чөлөөтэй, жинхэнэ эрх чөлөөтэй хандаж байгаа тийм зохиолууд. Миний хамгийн гол баримт бол Д.Нацагдорж ийм гурваар ч тогтохгүй зохиол бичсэн юм чинь хуулсан байхын учиргүй гэдэг хариулт юм даа.
“Д.НАЦАГДОРЖ “WAS IST CHAMANISMUS ХЭМЭЭХ ӨЧҮҮХЭН ДЭВТЭР” НЭРТ НОМ ГАРГАХААР ТӨЛӨВЛӨСӨН БАЙСАН. ДААН Ч БОЛООГҮЙ БАЙХ ДАА”
-Д.Нацагдорж ер нь юу уншдаг байсан юм бол, тэгж их бүтээж туурвихын хажуугаар. Ийм тийм зүйл уншлаа ч гэдэг юм уу дурдаж үлдээсэн юм байдаг болов уу?
-Бага насанд нь уншиж байсан юмны тухай бол дурсамжууд байдаг. Цог тахихын судар, Галын тахилга, Цаасан шувууны үлгэр гэх мэт. Тэр ч арга ч үгүй юм. Яагаад вэ гэвэл ерөөсөө тэр үеийн бичиг, үсэг сурч байгаа хүмүүсийн уншдаг ёстой номууд. Цагаан толгой, унших бичиг шахуу юм. Тэрүүгээр хүмүүжлээ олгодог. Дараа нь бол орост очоод чухам А.С.Пушкинийг, А.П.Чеховыг уншсан байх. Тэр хоёроос цаашаа гарч уншсаныг мэдэхгүй байна. Ингэж бодохын учир Пушкин, Чехов хоёрын бүтээлийг орчуулсан. Уншаагүй байж орчуулах гэж байхгүй шүү дээ. Германд бол мэдээж олон зүйлийг уншсан байх. Монголын түүхтэй холбоотой зохиолуудыг олж уншсан нь мэдээж хэрэг. Ирэнгүүтээ л Марко Полог орчуулж байна шүү дээ. 1929 онд ирчхээд л 1930 онд орчуулж байна гэдэг чинь тэнд уншсан байна. Европоос бол бас уран зохиол, түүхийн номууд гэх мэтээр их юм уншиж. Толь бичиг их уншдаг байсан байх. Их хэрэгтэй юм гэж ойлгосон шиг байдаг. Тэгээд өөрөө толь бичиг зохиож. Тэгэхээр чинь уншаагүй, үзээгүй хүн болбол толь бичиг зохиох гэж байхгүй шүү дээ. Түүхийн ном уншдаггүй хүн түүхийн тухай бичнэ гэж байхгүй. Уран зохиолын ном уншаагүй хүн уран зохиолоо бичнэ гэдэг нь боломж багатай л байх бодож байна. Тийм учраас бид нарын хамгийн сайн мэдэж байгаагаар бол ийм хүрээний номуудыг уншсан болов уу.
Д.Нацагдоржийн унших хэл бол монгол, орос, герман гурав. Зүгээр хэрэглэдэг хэл нь бол хятад, англи байсан байж магадгүй. Манж хэл ч байдаг юм уу. Жинхэнэ өөрийнх нь уншдаг, орчуулж хэрэглэдэг ч хэл бол герман, орос. Орос хэлнээс яаж ингэж орчуулсан юм бол гэмээр сайхан орчуулсан байна гэдэг шүү дээ. Герман бол бүр тодорхой.
-Толь бичиг зохионо гэхээр монгол хэл болон тухайн хэлээ асар эзэмшсэн гэсэн үг биз дээ?
-Тийм шүү дээ. Германаас ирчхээд латин үсгийн дүрмийг боловсруулсан. Латинд орно гэхээр хамгийн эхний даалгаврыг Д.Нацагдорж л авч байжээ янз нь. Ердөө 31-хэн насалсан шүү дээ. Нэлээн хатуу ширүүн амьдрал, гачигдал зовлон байсан байх. Долоохон настайдаа ээжээсээ өнчин хоцорчихсон юм чинь. Муу аав минь намайг үүрч дүүрээд л өсгөсөн гэж өөрөө бичсэн байгаа шүү дээ. Хоёрдугаарт, 1921 он чинь ер нь хүмүүсийг бас сэрээсэн, сайхан болчих юм байна гэж ойлгосон болов уу тэгээд л ёстой үнэн сэтгэлээсээ зүтгэсэн байх. 20 нас ч хүрээгүй байхад нь намын гишүүн болгоод, том тушаал өгөөд, 18-тайдаа цэргийн зөвлөлийн гишүүн гээд л. Одоо зүйрлэхийн арга байхгүй тийм юманд оччихож байгаа шүү дээ. Тэр чинь их боловсорчихсон байсны шинж шүү.
-Марко Пологийн тэмдэглэлийг Монгол Улсад анх орчуулсан тухай баримтыг та хэлж өгөөч.
-Дэлхийд нэр алдаршсан Италийн жуулчин Марко Пологийн зохиолыг монголд анх орчуулсан орчуулагч бол Д.Нацагдорж. Марко Пологийн Төв Ази ба Дундад улсад аялан явсан тухай зохиолыг хуучин франц эхээс нь германы профессор Альберт герман хэлээр хураангуйлан орчуулж “Их хааны ордонд” нэртэй гаргасныг Д.Нацагдорж 1930 оны 11 дүгээр сарын 26-нд монголчилж дууссан. Улмаар 1931 оны наймдугаар сарын 20-нд ШУХ-ийн Соёл боловсролын ангийн Түүхийн кабинетэд хүлээн авч хөлсийг олгосон тухай баримт байдаг.
Тухайн баримтад “Д.Нацагдоржийн герман хэлнээс монголд орчуулан сийрүүлж дэвтэр болгосон монголын түүхэнд холбогдох Итали улсын жуулчин Марко Пологийн Төв Ази ба Дундад улсад аялан явсны хураангуй зохиолыг Гэгээрүүлэх яамнаас тогтоосон ханшаар хуудас бүрийг дөрвөн төгрөг бүгд 156 хуудсыг 620 төгрөг болохоос 34 хувь хорогдуулан хямдруулж, хуудас бүрийн хоёр төгрөг 50 мөнгөөр бодож, бүгд 155 хуудас орчуулгын 384 төгрөг 50 мөнгөөр хэвлэх эрхийн хамт авсан тул уул үнийг үүгээр талбин олгому” гэсэн байдаг.
Энэхүү баримтаас үзвэл одоо Монгол Улсын Үндэсний номын санд байгаа 273 тал хуудастай, 22.2х34.5 см хэмжээтэй, шил талыг нь утсаар үдэж дэвтэрлэсэн, улаан даавуун хавтастай энэ дэвтрийг Д.Нацагдорж өөрийн гараар сийрүүлэн бичиж, дэвтэрлэсэн болохыг харуулдаг юм. Д.Нацагдоржийн энэхүү орчуулга нь нэр дурдан буй зохиолын орчуулгаас гадна “Орчуулагчийн өгүүлэл”, “Марко Поло ба монголчууд” гэсэн танилцуулга өгүүлэл, зохиолд буй зарим нэрийг тайлбарласан “Тусгай тодорхойлолт” зэргээс бүрддэг. Шинжлэх ухааны нийтлэлийн тансаг найруулгаар үг утгыг оноон орчуулсан энэхүү орчуулгын хуудас бүр эргэснийхээ хэрээр элэгдэж, хэвшсэн байдал нь уншигч, судлаачид хэчнээн их сонирхон уншиж байсныг харуулдаг юм.
Д.Нацагдорж зохиолчийн тэмдэглэлийн дэвтрийг дуурайлгаж /хуулбарлаж.сур/ хийсэн дэвтэр. “Was ist chamanismus" хэмээх өчүүхэн дэвтэр” хэмээн германаар болон монгол бичгээр бичжээ. /Үүнийг "Бөө мөргөл гэж юу вэ хэмээх өчүүхэн дэвтэр" гэж монголчилж болох ажээ.сур/
-Бас бөөгийн дуудлагыг судалж байсан гэдэг?
-Тэгсэн. Би энийг үзүүлэх гэж авчирсан юм. /Д.Нацагдорж зохиолчийн тэмдэглэлийн дэвтрийг дуурайлгаж хийсэн дэвтрийг дахин гялгар уутнаас гаргаж үзүүлэв.сур/ Бөөгийн дуудлага гэдэг чинь энэ байхгүй юу. Үнэхээр судалсан. Энэ жишээлбэл юу гэж байна. “Was ist chamanismus хэмээх өчүүхэн дэвтэр” /дэвтэртээ яг ингэж герман, монголоор тэмдэглэсэн байв.сур/ гэж байгаа биз. Ингэж тэмдэглээд л эхэлсэн байгаа юм даа. Хамгийн эхнийх нь дуудлага “Дээрээс 99 тэнгэр” гээд бичсэн.
Энэ бол Даян дээрхийн дуудлага. Үүнийг Сэлэнгийн Ерөө хавиас бичсэн байгаа юм. Даян дээрх гэдэг чинь бүр Хөвсгөлд байдаг биз дээ, тийм үү? Тэгтэл эндээс бичсэн. Дуудлагаа, даатгал гээд бүгдийг нь биччихсэн байгаа юм. Хүний хэлснийг шууд бичсэн нь илэрхий. н.Балжинням гэдэг бөөтэй уулзсан гэдэг. Дуудлагаа ингэж бичиж авчхаад дараа нь тэр бөөгөөс ямар учиртай, юу, юу зүүдэг, яадаг, ийдэг, ямар хувцас өмсдөг юм бэ гээд бүгдийг асууж тэмдэглэсэн.
Энэ бол бөөгийн оргойч гэдэг юм байна. Малгайнаас эхлээд дээл рүү ороод, хэдэн хувцас давхарлаж өмсдөгийг нь гаргаад сүүлд энэ бойтог буюу гутал, ташуур гээд бүгдийг их уран зурсан байгаа биз дээ. /зохиолч бөөгийн бүх эд хэрэгслийг тэмдэглэлийнхээ хажууд зурсан байв.сур/ Нөгөө өмнө ярьсан зурж тэмдэглэдэг онцлог нь гарч ирж байна шүү дээ. Ингээд бүхэл бүтэн бөөгийн дуудлагын талаар ийм их судалгаа хийсэн байгаа шүү дээ. Ёстой бөөг анхлан судалсан байх аа даа. Яах вэ, дараа залгасан нь Б.Ринчен байх. Тэгээд нэг ийм ном бичих гэж байж. Даанч болоогүй байх даа. Ер нь бол Д.Нацагдоржийн гар бичмэлүүдийг судлахад над шиг юманд мухардах, хэцүү болох юм байдаг. Юу гэхээр ингээд монголоор байж байснаа шууд л германаар бичээд явчихна. Миний мэдэж байгаа юм чинь энэ монгол бичгээр бичсэн юмс шүү дээ. Германы юмыг бол мэдэхгүй шүү дээ. Би сайн улсуудын буянаар л бага сага юм хийж байгаа.
-Энэ дэвтрийг яг л жинхэнэ юм шиг хийжээ. Таныг жинхэнэ дэвтрийг нь бариад явна уу ч гэж хардахаар юм. Та ч үнэхээр хайртай юм. Гаргаж ирж харуулах бүрдээ буцаагаад уутанд нь хийгээд тавьж байна. Хэдэн онд хийж байсан ажлынх нь тэмдэглэл энэ дэвтэрт байдаг вэ?
-1931 оны ажлууд. Энэ бол миний харж байсан гар бичмэлүүдийнх нэг хуулбар гэсэн үг юм. Поликлор /ус чийгнээс хамгаалах зорилгоор поливинилхлорид материалаар хийсэн.сур/ дэвтэр. Яг Д.Нацагдоржийн өөрийнх нь барьж, бичиж, тэмдэглэж байсан дэвтэр шиг яг дуурайлгаж хийсэн гэсэн үг. Гэхдээ тэрхүү эх дэвтэр нь биш. Япон улсад хэвлэсэн. Яг л цаас, өнгө, будаг, элэгдэл гээд бүгдийг нь тусгаад ингээд хэвлэчихдэг юм байна. Таны хэлсэнчлэн магадгүй цагдаа дуудаад асуувал Д.Нацагдоржийн дэвтэр байна шүү дээ гэж хэлэх эд. Бүх юм нь адилхан учраас. Энэ дээр байгаа гар бичмэлүүд яг л хэрхэн бичсэн тэр байдлаараа буй.
Д.Нацагдорж зохиолчийн тэмдэглэлийн дэвтрийг дуурайлгаж /хуулбарлаж.сур/ хийсэн дэвтэр. Тэрбээр энэхүү зурагт харуулсан үйлдвэрийн дэвтрийг ашигладаг байжээ.
-Хэдэн ширхэг хэвлэгдсэн бэ. Монголд танаас өөр хүнд бий болов уу?
-Бас нэг ойгоор нь Японд хийсэн. 100 ширхэг хэвлэсэн юм билээ. Өөр хүнд байгаа байх аа. Ийм дэвтэр байна хөөрхий. Энийг одоо тэгээд би яадаг юм билээ. Энэ ойгоор нь цахим архив гэдэг юм байгуулах гээд төлөвлөж байгаа юм. Д.Нацагдоржийн өвийг сонирхъё гэж буй та нар шиг улсуудад нэг их эрж сураад яваад байхааргүй болгоё гээд. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, МУИС, СУИС, СЭЗИС тэгээд Улаанбаатарын номын санд ч юм уу зургаа, долоон газар Д.Нацагдорж судлалын цахим архив, цахим номын сан гэсэн юмыг бүрдүүлье гээд байгаа юм. Яах вэ, нэг хийчихвэл хувилаад л тавьчих юм шүү дээ.
Д.НАЦАГДОРЖИЙН НЭГ МӨРӨӨДӨЛ НЬ АНАТОЛОГИ ГАРГАХ БАЙСАН. АНАТОЛОГИ ГЭЖ БИЧЭЭД ОРОХ ЗОХИОЛУУДАА ТЭМДЭГЛЭЧИХСЭН БАЙДАГ. ГЭВЧ ХЭВЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ УЧРААС УНШИГЧДАД ЗОРИУЛААД ЗОХИОЛУУДАА ХОЁР ДЭВТЭР ДЭЭР ХУУЛЖ БИЧСЭН ГЭДЭГ.
-Гар бичмэлийнх нь онцлог, танд анзаарагддаг онцгой содон зүйлсийн талаар хуваалцаач?
-Энэ тухай жаахан ярих бас зүгээр байх аа. Түрүүн ч бид хоёр яриан дундаа бас орууллаа. Жишээлбэл, Д.Нацагдоржийн бичгийн хэв тодорхой. Ер нь монгол бичгийн хэвийг ингээд юм хумнаас үзээд байхаар 3-4 ялгаатай байна. Хамгийн томоор нь үзэхэд энэ төв халх хавьцаа бичгийн хэв нэг янз. Буриад зүгийнх бас арай өөр. Урд талынх бас жаахан хурц өнцөгтэй ч гэмээр юм уу нэг тийм сонин, хятад бичгийн нөлөө байдаг юм уу яадаг юм. Баруун талынх бол тод үсгийн нөлөөтэй. Д.Нацагдоржийнх бол яалт ч үгүй төв халхынх. Бүр нэг тийм хөөрхөн одоо “махлаг” гэмээр ч юм уу их гаргацтай. Сайхан гэдэс, сүүл гаргана. Тодорхой бичиг байдаг юм. С.Шагжийн бичиг нэг тиймэрхүү маягтай байдаг л даа. Ц.Дамдинсүрэнгийнх бол хурц өнцөгтэй маягийн Матадынх болоод тэр юм уу, Б.Ринченийх бол яалт ч үгүй тэр хойд зүгийн маягтай шүд нь урагшаа гарчихсан, дугуй нуруутай маягийн юм шиг байдаг л даа. Ингээд бичгийн хэв хүртэл нутаг нутгаараа жаахан ялгаатай. Д.Нацагдорж бол төв халх дотроо их сайхан тогтсон тигтэй. Сүүлийн үеийн эрдэмтдээс Ш.Чоймаа багшийн бичиг бол Д.Нацагдоржийнхтой төстэй гэж хэлж болно. Т.Дашцэдэнгийнх бол арай жахан ялгаатай байх.
Онцлог содон зүйлээс нэгдүгээрт нь, Д.Нацагдорж зохиолоо бичихдээ гарчгаа тавьчхаад хоёр талд нь гурвалжин хашилт хийдэг. Ингэж байгаад л бичнэ шүү дээ. Хоёрдугаарт, үсгийн дүрмийн хувьд бол зарим үгийг жаахан ялгаатай бичдэг. Харьяалахын тийн ялгалыг өөрийнхөөрөө залгасан байдаг. Жишээлбэл, “у” нөхцөлийг заавал “н”-ээр төгссөн үгэнд бичдэг дүрэмтэй шүү дээ. Тэгтэл Д.Нацагдорж бол эгшгээр төгссөн үгэнд залгадаг. Тийм нэг өвөрмөц онцлог байна. Гуравдугаарт, латин үсэг мэддэг болохоороо “д, т”, “г, х”-г ялгаад тавьчихсан байдаг. Тухайлбал, “урт хөл” гэдэг үг байж байхад урт эсвэл урд ч гэж уншиж болно. Тэгэхээр ингэж магадгүй гээд “т” үсгийн хажууд латин үсгийн “t” тавьчихдаг. Гөлрөн, хөлрөн гэдэг хоёр үг байхад гөлрөн гэж унших газар “g” тавиад, хөлрөн гэдгийн хажууд “k” тавьчих жишээтэй.
Ийм онцлог юм бол зөндөө байна. Эдгээрээс гадна өмнө ярьсанчлан өөрийнх нь гарын үсэг, бичиж байх явцдаа зурдаг, зураглаж тэмдэглэдэг онцлог нь байна. Өмнө чиний хэлсэн нөгөө “оюуны зураглал” гэдэг юм байна. Сонин содон зүйл гар бичмэлд нь бий. Мөн тэр цаг үеэсээ ч болдог юм уу яадаг юм маш их зүйж бичсэн байдаг. Энд нэг бичээд, дахиад өөр юм тэмдэглээд, ахиад л нөгөө талаас нь юм бичих гэх мэтээр нэг хуудаст олон зүйлийг зүйж бичдэг байжээ. Хурдан сэтгэхдээ ч тэгж бичдэг юм уу даа.
Дараагийн дугаарт хэлэх нэгэн онцгой юм бол германаар, оросоор, хятадаар бичнэ. Тэр онцлог. Жишээлбэл, “Хэлхээгүй сувд” зохиолд Ван Шиань Юй гэдэг нэг зохиолын баатар байгаа юм л даа. Хятад хэлээр шөнийн анхилам цэцэг гэдэг ч утгатай юм уу нэг ийм үг байгаа юм. Тэр Ван Синьин гэдгийг хятад ханзаар бичсэн. /晚馨英шөнийн анхилам цэцэг гэдэг үгийг Д.Нацагдорж зохиолчийн бичсэн нэрийн агуулгаар утгачлан хятад ханзаар буулгав.сур/ Тэгэхээр энэ бол монгол ахуй, монгол хүний дүр биш гэдгийг тэнд гаргахын тулд зориуд ханз оруулж ирсэн хэрэг. Бас л Д.Нацагдоржийн гар бичмэлийн нэг л онцлог болж байгаа юм. Тэгээд зохиолдоо Ван Синьин гэдэг дүр чинь сүүлдээ биеэ үнэлдэг хүүхэн болж байгаа юм. Утга учрыг айхтар илэрхийлсэн байгаа биз. Бас дохио тэмдэг маягтай хэлсэн. Олон жил гар бичмэлийг нь үзэхэд энэ мэтээр сонирхолтой зүйл арвин бий.
-Гар бичмэлүүд нь одоо хаана байдаг вэ?
-Гурван газар байгаа. Хэл зохиолын хүрээлэн, Үндэсний төв номын сан, Архив гуравт. ШУА-ийн Түүхийн хүрээлэн гэдэг ч юм уу, энд тэнд бас жаал жуул юм байдаг шиг байна лээ. Тэгэхдээ гол төвлөрсөн юм нь ерөөсөө л энэ гурван газарт бий. Уран зохиолын өв нь бол хэл зохиолын хүрээлэлд голдуу байгаа юм. Харин Д.Нацагдоржийн музейд байсан гар бичмэлүүд алга болчихсон шүү дээ.
-Хаачсан юм бол?
-Мэдэхгүй. Тэгэхээр ёстой харамсалтай байгаа биз.
-Д.Нацагдоржийн музей гэж одоо байдаг уу? Монголын зохиолчдын эвлэл дээр байдаг гэж дуулж байсан.
-За тэр одоо хэд гурван зураг, элдэв шалдав юм байгаа байх аа. Чи мэдэх үү? Уул нь Чойжин ламын сүм музейн энд Д.Нацагдоржийн музей байсан шүү дээ. Тэрийг чинь ингээд баллаад хаячихсан байхгүй юу.
-Шинээр бүр гоё сайхан болгоно, байгуулна энэ тэр гэж яриад буулгасан санагдаж байна?
-Тийм, тийм. Тухайн үед байсан хүмүүс нь тэгээд баллаад хаячихсан. Одоо энэ Д.Нямдорж /МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга.сур/ нэг жаахан сэргээгээд явна л гээд байна. Гайгүй болох байлгүй дээ.
-Уг нь бусад улс орон зохиолчдынхоо музей энэ тэрийг үнэхээр гоё хийдэг юм байна лээ.
-Тэр чинь үндэсний баялаг гэж үздэг юм шүү дээ. Тэгээд тэгж байхгүй юу.
-Д.Нацагдоржийн гар бичмэлийн бидэнд олдсон байгаагаас өөр илүү зүйл байх ёстой. Тэр нь олдоогүй, бид олоогүй гэдэг. Та үүнтэй санал нэг байдаг уу?
-Магадлалтай гэж боддог. Хамгийн ойрхон байсан, сүүлд судалдаг Балданы Содном нар ярьсан юм л даа. Хоёр дэвтэр байсан. Нэг нь олдохгүй байна гэсэн. Тэр хүн бол санаанаасаа зохиогоогүй байх гэж боддог. Хүрээлэнд адилхан цуг ажиллаж байсан шүү дээ. Хамт авхуулсан зураг хөрөг нь хүртэл байдаг. Д.Нацагдоржийн өөрийнх нь мөрөөдөл бол зохиолоо эмхлүүлээд антологи маягтай болгоод уншигчдад хүргэх юм сан гэсэн зорилготой байсан. Бүр анатологи гэж бичээд үүнд бол миний ийм, ийм зохиолууд орно гээд тэмдэглэчихсэн байдаг. Тэгээд тэр анатологийг нь хэвлүүлж чадаагүй учраас Д.Нацагдорж уншигчдад зориулаад хоёр дэвтэр дээр зохиолоо хуулж бичжээ. Тэрний нэг нь бол одоо Хэл зохиолын хүрээлэнд байгаа. 46 зохиол бичсэн тийм дэвтэр байдаг. Нөгөөх нь одоо юу байсныг бүү мэд. Байдаггүй. Одоо хүртэл олдоогүй. Жишээлбэл, “Хэлхээгүй сувд”-ын их том төлөвлөгөө байдаг. Тэгээд хажуугаар нь “Ордны нууц” энэ тэр гээд төлөвлөгөө хийсэн байдаг. Тэрний зохиол гэж байхгүй. Тэгэхээр тэрний зохиол нь байсан байж магадгүй. 1930 хэдэн он, тэр шорон гяндан, устгал дунд бол юу эс л алга боллоо доо. Тийм болохоор энэ болсон байж магадгүй. Гэр оронгүй шахуу, олон нүүдэл суудал хийж явсан. Азаар л харин бид нарт нэг ийм юм үлдэж дээ.
Ярилцлагын үеэр. МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн 306 тоот
ТЭР БОЛ МОНГОЛЧУУДЫН ХАЙРЫГ, СЭТГЭЛИЙГ НЬ ТАТСАН ЗОХИОЛЧ. СЭТГЭЛД НЬ ХҮРСЭН БҮТЭЭЛТЭЙ ХҮН УЧРААС Д.НАЦАГДОРЖ СУДЛАЛ БОЛ ҮЕИЙН ҮЕД ТАСРАХГҮЙ ГЭДЭГТ БАТ ИТГЭДЭГ
-Д.Нацагдоржийн 120 жил гэж байна. Та 50 жил гар бичмэлийг нь судалсан байна. Цаашид судалгааны эргэлтэд орох, оруулах маш олон зүйл байгаа. Таныг залгаж байгаа гэдэг юм уу, энэ чиглэлд судалгаагаа чиглүүлж байгаа залуу судлаач, эрдэмтэн хэр олон байдаг вэ. Ямар судалгаа, шинжилгээ хийхэд хөрөнгө санхүүгийн асуудал чухал, үүнд нь төр засгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ дээр таны санал бодлыг сонсъё.
-За. Уул нь төр засгийн дэмжлэг гэвэл германы ч юм уу нэг утга зохиолын сургуульд гайгүй авьяастай хүүхдийг явуулчмаар л байгаа юм. Дор хаяхад шүү. Тэгвэл тэр чинь нэг герман хэлтэй судлаач гараад ирнэ. Тэр сайн судлаач байвал монгол бичиг энэ тэрийг дор нь сурна шүү дээ. Тэгвэл энэ германаар тэмдэглэсэн олон юмны учир начрыг бид нараас арай л илүү ойлгох болов уу. Магадгүй Шведэд байж байгаа юм уу, захидал занаагаар харилцаж байсан янз бүрийн хүн байдаг. Тийм юмыг ч гэсэн европын боловсролтой хүмүүс гараад ирвэл үзэх болов уу гэж бодож байгаа юм. Германд архивт бас юмууд байгаа. Тэдгээрийг үзэх нь байтугай би бол герман явж үзээгүй хүн энд сууж байна шүү дээ. Тийм учраас ийм юм хэрэгтэй.
Судлаачдын тухайд бол нэг үед их олуулаа байжээ. Одоо бол нэг талдаа цөөрч байгаа. Нөгөө талдаа олон болж буй. Д.Нацагдоржийг сонирхдоггүй хүн манай уран зохиол судлаачдын дунд байхгүй. Цөмөөрөө л сонирхож байгаа. Тийм болохоор өргөн дэлгэр болсон гэсэн үг. Бүр дагнаад үздэг хүн бий болоосой, ер нь нэг хараасай гэдэг зүйл дээр бол би “Д.Нацагдорж судлалын эрих” гээд нэг ном хийсэн. Өөрийнхөө хийнээс оруулаад, ном зүй хийгээд, бусад хүний Д.Нацагдорж судлалын талаар бичсэн өгүүллүүдийг эмхэтгээд гаргасан нь тэр юм. Энэ нь юу вэ гэхээр чиний саяын хэлдэг шиг мастерын ажил, бакалаврын ажил ч байдаг юм уу оюутнуудад хэрэг болог гэсэн санаа. 1960, 70-аад оны үеийн сонин олох гэж явж байхын оронд тэр сонин дээр гарсан юмыг, зохиолчдын бичсэн юмсыг яг бэлэн болгоод, кирилл болгоод тавьж байгаа гэсэн үг. Нэгдүгээр алхам нь энэ.
Одоо хоёрдугаар алхам нь түрүүний хэлдэг цахим номын сан. Дижитал архив бий болгоё гэж байгаа. Архивын нэг материал үзье гээд л архивын газар очоод нэг хуудас материалыг долоон мянган төгрөгөөр авч үзээд, номын сангаас авахын тулд магадгүй тэрнээс ч илүүг зарцуулаад явахын оронд бидний тав, 10 төгрөг цувуулж өгсөөр, үзэж судалсаар байгаа цуглуулчихсан юмаа цахимаар гаргаад өгөхөөр Д.Нацагдоржийг судлах, сонирхох хүмүүс нэмэгдэх болов уу гэж бодож байна. Тэгэхдээ Д.Нацагдорж бол монголчуудын хайрыг татсан, сэтгэлийг нь татсан зохиолч. Сэтгэлд нь хүрсэн бүтээлтэй хүн учраас Д.Нацагдорж судлал бол үеийн үед тасрахгүй цаашаа явна гэдэгт бат итгэж, болох ёстой зүйл гэж бодож байна. Ер нь аливаа судлал чинь цааш хөгжихөд огт өмнө нь юм хийгээгүй, судлагдаагүй хүний юм хийхэд хэцүү байдаг. Харин бид болсон болоогүй хийгээд, овоо оролдоод нэг юм босгочихсон учраас түүндээ тулгуурлаад цаашаа явахад бол бололцоо бий. Одоо ийм бололцоог манай өвөрлөгч эрдэмтэд, Өвөрмонголын залуу судлаачид харьцангуй хэрэглэж байна шүү. Тэд бас сүрхий байна. Жишээлбэл, Германтай холбоод судалсан нэг эмэгтэй судлаач дажгүй ном гаргачихсан байна лээ. Бүр хятад хүн хүртэл Д.Нацагдоржийн тухай судалж байна шүү. Тэгээд японы гайгүй сайн, сайн эрдэмтэд бий. Оросын эрдэмтэд байдаг. Дэлхийн монголч эрдэмтэд, монголын эрдэмтэдтэй хамтрахад бол Д.Нацагдорж судлал бас хөгжих, цаашаа ахих бололцоо байгаа.
-Бүтээлийг нь гадаад хэл рүү орчуулах ажил хэр явдаг юм бол?
-Ер нь хуучин бол “Миний нутаг”-аас эхлээд жаахан жуухан орчуулж байсан. Цаашлаад нэлээн олон хэл рүү орчуулсан байдаг. Гадаадын жараад орны хэлээр гарсан гээд тэмдэглэсэн байдаг. Би тэр бүрийг бүртгэж үзээгүй л дээ. Баталгаатай нь бол казахаар, оросоор, хятадаар байгаа, англиар ганц нэг зүйл бий.
-Дэлхийд хамгийн олон удаа нэр нь гарсан монгол хүний нэг болов уу гээд ярьж байсан.
-Тийм. Миний хийсэн “Дашдоржийн Нацагдорж. Зохиолын цоморлог” гэсэн хоёр боть түүврийн өмнөх үгийг манай Л.Дашням гуай бичсэн л дээ. Тэгэхдээ тэрбээр дэлхийд танигдсан хоёр монгол хүн байдаг. Нэг нь Чингис хаан, нөгөө нь Дашдоржийн Нацагдорж гэсэн байхгүй юу. Тэгээд би харж байгаад Занабазар гэж нэмэх байж дээ гэж бодож байсан. Гэлээ гэхдээ Занабазар бол нэг тийм мэргэжлийн хүрээнд шашин, дүрслэх урлаг ч юм уу хүрээнд юм байна. Гэтэл Чингис хаан, Д.Нацагдорж хоёр бол хүрээ хязгааргүй, зах хязгааргүй байсан юм байна. Тийм учраас тэр айхтар ухаантай хүн тэгж бодсон шиг байна гэж ухаарсан шүү.
-Гурвуулаа л “Алтан ураг” хэмээх тодорхойлолттой хүмүүс юм.
-Тийм, тийм. Ер нь тэр Алтан ураг гэдэг үг бол хүний хэлний үзүүрээс гараад байхаар үг биш гэж би боддог шүү. Тэд нар чинь идэж ууж байсан юмнаасаа юу, өөрийн сургууль, удам угсаанаасаа ч болсон юм уу. Чингис хаан ер нь зүгээр бид нарын өнөөдрийн боддог шиг нэг тийм хүн байгаагүй байх. Ер бусын хүн байсан байх. Тэрний нэг юм чинь ингээд л тасрахгүй яваад байсан юм буй байх аа. Хэлхээ нь үргэлжлээд л байдаг. Нэг бол их сайхан бие хаатай байдаг. Нэг бол оюуны их өндөр чадалтай байдаг. Нэг бол их авьяас чадвартай байдаг юм уу ингээд л явдаг. Тэр ноёдын угсаа энэ тэр юмыг хараад байхад бол ерөөсөө яалт ч үгүй л тийм. Ерийн нэг хүн бол байгаагүй. Арай л өөр байж дээ гэж би боддог.
-Хүмүүсийн түүхийг харахаар тэр хэцүү цагт үед бол угсаа гарлаа нуусан байх юм аа. Бага зэргийг заль мэх хэрэглэжээ ч гэх юм уу. Д.Нацагдоржид тийм боломж эсвэл бодол байгаагүй юм болов уу?
-Тийм нуусан хүмүүс бий. Д.Нацагдоржид бол ер тэгэх боломж байгаагүй. Хүсэл сонирхлыг бол мэдэхгүй байна. 1921 онд хувьсгал боллоо. Тэр үед чинь ард, феодал гэж нэг их ялгаагүй байхгүй юу. Д.Нацагдорж жаахан хойхно жишээлбэл 1931, 32 оны үед 17, 18 нас хүрч байсан бол нууж магадгүй шүү дээ. Зүгээр ардын гээд мань шиг. Бид нар чинь цөмөөрөө л харц ард гаралтай байсан шүү дээ. Гэтэл 1921 онд бол ерөөсөө өөрийнхөө угсаа гарлыг нуух шаардлага байгаагүй. Тайж бол тайж, ард бол ард л байсан. Тэгээд л тэр үед чинь Д.Нацагдорж тайж гэсэн болов чиг ажилд аваад, ажиллаад л яваад байсан. Эрдэм чадалтай ч байсан. Тэгтэл чинь 1926 онд явчхаад л 1929 онд хүрээд ирсэн чинь байдаггүй. Ёстой алга урвуулсан юм шиг л болчихгүй юу. Ямар 1921 онд өөрийгөө тайж гэж байсан хүн чинь биш гэлтэй биш дээ.
Тэгээд ямар сайндаа л Төв хороонд бичиж байх вэ дээ. Миний аав бол ядуулаг тайж байсан. Тайж байхдаа ардын ухамсартай, ардын амьдралаар амьдардаг хүн байсан, шударга ёсонд дуртай байсан гэж бичиж байгаа юм шүү дээ. Хэчнээн тэгж хэллээ ч нэмэр байхгүй.
Сүүлдээ хүмүүс овоо нууж чадсан шүү дээ. Наваан-Юндэн бол Даржаа гэдэг овогтой болсон. Насан-Очир нь байхгүй болчихсон. Нууж чадсан. Ямар нэгэн байдлаар анхаарлаас нь сарниулж чадсан. Насан-Очирын Наваан-Юндэн гэсэн бол тэгээд л хэцүүдэх байсан байх. Д.Нацагдоржид нуух боломж байгаад нуусан бол юу ч болох байсан юм билээ дээ, хөөрхий.
-Хохь тайж гэдгийг өөрөө бичиж байсан уу. Сурах бичигт ингэж бичсэн байдгийг амны уншлага болтол цээжилсэн байдаг.
-Харц ардаас, ядуу ардаас гаралтай гэдгээ ямар нэгэн байдлаар заавал нотлохгүй бол болдоггүй байсан бололтой. Ц.Дамдинсүрэн зохиолч л гэхэд “харц язгуурт” гэж бичиж үүнийгээ нэг баталгаа болгож байсан бололтой.
-Би биш ээ л гэдгээ батлах гээд байгаа юм. Ц.Дамдинсүрэн бол тайж угсаа гаралтай байгаагүй байх. Тэгэхдээ л тэрийгээ баталж байгаа биз. Аргаа барсан үг байгаа биз дээ, харц язгуурт Ц.Дамдинсүрэн гэж бичиж байгаа чинь. Тэгээд сүүлдээ бас л хэцүү байдалд орсон шүү дээ.
СҮҮЛЧИЙН ЗОХИОЛ “ИХ АВГАЙ” ЖҮЖГИЙНХ НЬ ГАР БИЧМЭЛ ДЭЭР ИОД ТУССАН БАЙДАГ. ТЭНД ИОД ТУССАН БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ЭМНЭЛЭГТ БАЙХДАА ЖААХАН ШАРХ СОРВИТОЙ Ч БАЙСАН БАЙЖ МАГАДГҮЙ.
-Бид хамгийн анх Д.Нацагдорж гэж ийм хүн байжээ гэж харсан, одоо ч түүгээрээ төсөөлдөг нэг зураг бий. Дээлтэй, бүрх малгайтай, гаанс барьсан. Гэхдээ энэ бол хувцас өмсгөж байгаад авсан зураг гэж та хэлсэн. Танаас л анх сонслоо.
-Ер нь бол Д.Нацагдоржийн зураг хоёр янз байдаг. Жишээлбэл, 1922, 23 оны үед авхуулсан минжин том малгай өмссөн эсвэл нэг хайс түшээд зогсож байгаа юм шиг гэх мэтийн зургууд бол тэр үеийн Улаанбаатар хот ч юм уу, Амгаланбаатарт ч юм уу байсан хятад зурагчинд авхуулсан байдаг. Тэр үед хятад зурагчид л байж дээ. Тийм зурагчид зохиомол орчин бүрдүүлээд хүмүүсийн зургийг нь авдаг байжээ. Тэндээ хувцастай, үүнийгээ өмсгөж байгаад авна. Сүүлийн үед нэг толгойгоо бэлдсэн юм руу шургуулж байгаад эхнэр хувцас хунартай зураг авуулдаг шүү дээ, хүмүүс. Тэр маягийн. Гэхдээ тухайн үед арай тэгж байсангүй. Зүгээр орчинд нь юм бүрдүүлээд, гоё хувцас хунар өмсгөөд, ар талд нь янз бүрийн юм хум хийгээд авхуулъя гэвэл болдог байсан. Юм хум түшүүлж зогсоодог ч юм уу. Тийм зураг ч бий. Гэхдээ Д.Нацагдоржийн хамгийн анхны зураг нь 1920 он гарснаас хойш л байх шиг байдаг юм. Бага жаахан үеийнх нь зургийг ерөөсөө олж чадаагүй шүү дээ. Нэг зураг олдлоо гэсэн чинь тэр нь худлаа, хуурамч зураг байсан. Тухайлбал, Д.Нацагдорж, Д.Пагамдулам хоёрын зураг болон Д.Нацагдоржийн хоёр хүүхэдтэй авхуулсан зураг бол яг нэг фон дээр байдаг. Хувцас нь ч адилхан байдаг шүү, энэ хоёр зургийн. Нэг их айхтар орчин бүрдүүлсэн юм байхгүй. Амгаланбаатарт бол зүгээр ард нь нэг юм босгож байгаад л байгаагаар нь дарчихдаг байж л дээ. Тэгтэл тэр Ма бэйсийн Дулам ч гээд Магсаржав бэйс гэдгийн Дулам гэдэг хүүхэнтэй, Цэнд гээд нэг найзтайгаа авхуулсан зургуудад бол илэрхий хувцас хунар өмссөн байдаг. Энэ Магсар хурцаас өөр хүн шүү. Тэр зурагт бол яг хятад шиг тоорцог моорцог өмсөөд гуталтай авхуулсан байхад нөгөөх дээр нь болохоор зүгээр монгол дээлтэй, том өвлийн малгай энэ тэртэй байдаг. Нэг ийм зохиомол.
Чиний асуусан тэр зургийн тухайд Чулууны Хас гэдэг хүний хэлснээр хариулъя. Түүний хэлснээр бол Нийслэл хүрээнд байсан нэг зургийн газар ороод тэндээс гаанс олоод зохиомол маягийн юм үүсгэж байгаад авхуулсан гэдэг. Их гоё, хээтэй торгон дээл өмссөн байгаа шүү дээ. Тэгж байгаад л зургаа даруулсан гэсэн юм хэлдэг. Тэр нь хэдэн он юм бэ гэхээр 1924 он гэдэг. Тэгээд магадгүй энэ 1924 он гэдэг бол байх үндэстэй гэж боддог. Яагаад вэ гэхээр тийм засвартай зураг 1925 оноос хойш авхуулсан зургийнх нь дотор байхгүй. Ерөөсөө зүгээр л байгаагаараа зургаа авхуулсан. 1930 онд ирээд гадаадын улсуудтай цуг нэг нохойн дээр гараа тавьчихсан зураг байдаг шүү дээ. Тэр бол ямар чиг зохиомол юм байхгүй зураг. Германд, оросод авхуулсан зургууд яг тэр чигээрээ байдаг. Германд ч хэд хэдэн зураг авхуулсан шүү дээ. Тариан талбайд, нуурын эрэгт явж байгаад, зам зууртаа явахдаа гээд янз бүрийн аж байдалтай авхуулсан зураг бүгдэд ямар ч засвар юм байхгүй. Ленинградад сурч байхдаа авхуулсан зураг мөн адил. Тэгэхээр зэрэг Д.Нацагдорж 1924, 25 оноос хойш ахиж тийм гаанс барьчхаад сүртэй засвартай юм уу, зохиомол маягийн зураг ерөөсөө авхуулаагүй гэдэг нь гол баримт байгаа юм.
Их зохиолч Д.Нацагдоржийн хөрөг
-1924 онд авхуулсан зураг гэж бодоход 18-тай л залуу байсан байх нь ээ?
-Тэгж л таарч байна шүү дээ. Тэгээд тэр чинь угаагаад, янзалж барихаар заримд нь бол арай жаахан ахмад юм шиг ч харагдахаар байдалтай байдаг. Тэгэхээр тэр зураг 1924 оных гэдэг нь үнэн болов уу гэж боддог. Сайхан зураг л даа.
-Гаанс гэснээс тамхи татдаг байсан юм болов уу. Магадгүй тамхи татдаг байсан бол гар бичмэл дээр цог унаж түлсэн мөр байх болов уу гэж бодоод танаас асууж байна л даа.
-Үгүй байх аа. Тийм баримт байхгүй. Харин татдаг байсан бол бас нээрээ гар бичмэл дээр нь цог унасан байж болно. Зохиол дээрээ бол тамхи татдаг гэж байгаа. Тэр чинь үнэн гэсэн үг биш. “Харанхуй хад” дээр чинь нойрноос сэрээд нэг тамхи шившиж байгаа биз дээ. Энэ бол үнэн магадтай байх албагүй. Хүмүүсийн ярьсан яриа, дурсамжид Д.Нацагдорж тэгж тамхи татаад, ингээд, тэгсэн, ингэсэн гэсэн юм бол байхгүй.
Ер нь тэгээд гар бичмэл бусад юмуудыг үзэхэд бол нэг их тамхи татаад байсан гэж харагддаггүй. Гар бичмэл дээр цог, үнс унасан байх магадлалтай гэж чиний хэлдэг бас үнэн. Юу гэхээр “Их авгай” гэдэг жүжгийн зохиолыг гар бичмэл дээр бол иод дуссан байсан.
Энэ ямар учиртай вэ гэвэл Галзуугийн больниц гээд байсан юм гэсэн. Яах вэ, нэр нь л ийм болохоос жаахан сэтгэц мэдрэлийн эмнэлэг маягтай байж. Тэр эмнэлэгт Д.Нацагдорж, “Монгол хүү” кинонд “шороотын” Цэвээн гээд тоглодог жүжигчин нар цуг хэвтэж байсан юм билээ. Тэгэхдээ л “Их авгай”-г бичсэн байхгүй юу. Сүүлчийн зохиол нь шүү дээ. Тэнд иод туссан байна гэдэг чинь эмнэлэгт байхдаа жаахан шарх сорвитой байсан ч байж магадгүй гэж бодогдохоор байдаг даа.
-Гар бичмэл гэж ёстой айхтар архив юм аа?
-Хачин байгаа биз.
Д.НАЦАГДОРЖИД ОЛГОСОН ШАГНАЛ ГЭВЭЛ АМЬД АХУЙД НЬ ХҮРЭЭЛЭНГЭЭС ӨГСӨН ЗУРГИЙН АППАРАТ, НАС БАРСАН ХОЙНО НЬ ОЛГОСОН ЭВЛЭЛИЙН ТӨВ ХОРООНЫ ШАГНАЛ ХОЁР БАЙНА ДАА.
-Би нэг ийм юм бодоод л байдаг юм. Үүнийгээ танаас асууя гэж саналаа. Ер нь бол их зохиолч Д.Нацагдоржийг угсаа гарлаас нь болж хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлж, эцэст нь цэл залуухандаа бие барахад хүргэжээ. Гэвч албаны баримт материалд “хэлмэгдсэн” гэдэг үг байхгүй болохоор цагаатгах тухай ойлголт байдаггүй юм байна. Гэхдээ төр түүнд хандаж “уучлаарай” гэж хэлэх ёстой боддог. Энд таны бодлыг сонсъё.
-Болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Улайм цайм хилсдүүлсэн шүү дээ. Хоёр удаа шоронд хийснийхээ төлөө уучлал гуйж болно шүү дээ. Нэгдүгээрт, тайж, хоёрдугаарт, атаархал гэж аймшигтай юм байна шүү дээ. Ер нь 1928 онд намын долоодугаар их хурал гэж болсон шүү дээ. Тэгээд л баруунтан гээд Дамбадаржаа, Жадамба нарыг буруутгаад тэрний дараагаар гарч ирсэн юмнууд чинь бараг 1990 он хүртэл явчихсан шүү дээ. 1928 он хүртэл бол яг мөн чанар дээрээ Монгол байгаад байсан шиг байгаа юм шүү. Ингээд нэг зургаа, долоон жил тэсжээ. Дор хаяж л залуучуудыгаа эрдэмтэй болгоё гээд байна шүү дээ, тэр үед чинь. Яаж ийж байгаад л сургууль соёлд явуулчихъя гээд л сайхан байгаа биз дээ. Гэвч 1928 оноос хойш юун тэр ийшээ тийшээ сургууль соёлд явуулах, сайндаа л Зөвлөлт /тухайн үеийн ЗХУ.сур/ рүү явуулдаг болсон.
-Д.Нацагдорж эх оронч хүн байсан уу?
-Эх оронч уу, эх оронч биш үү гэдгийг ямар хэмжүүрээр хэмжих вэ гэвэл миний ойлгож байгаагаар юм бүтээсэн үү, бүтээгээгүй юү гэдэг. Тэр чухам эх орондоо юм хийсэн хүн бол эх оронч хүн байх. Тэгж бодохоор Д.Нацагдорж бол ёстой дээд зэргийн эх оронч хүн байжээ гэж би бодож байна. Бүтээснээр нь бол ингэж хэлж болох байх. Мэдээж зохиолын үзэл санаа эн тэргүүнд үнэхээрийн эх оронч шүү дээ. Тийм ээ? Тэгэхдээ одоо гол нь бол тэр бүтээх гээд үнэхээр чармайж байсан. Үнэхээр ч бүтээсэн байгаа шүү дээ. Тэрийг ч чухам өөрийнхөө төлөө би хожим алдаршина, би гайхамшигтай хүн болно гэж бодож хэзээ ч хийгээгүй байх.
-Алдаршина гэснээс түүнд төрөөс өгсөн шагнал, урамшуулал гэж байсан уу. Их зохиолч гэж авгайлах нь хаанаас үүдсэн юм бол?
-Их гэдэг болбол уламжлалтай. Тэр үед нь хоёр Нацагдорж байсныг тэгж дууддаг байсан шиг байна л даа. Бага гэж Төмөрийн Нацагдоржийг, их гэдэг нь Дашдоржийн Нацагдоржийг хэлдэг байжээ. Энэний цаана бол зүгээр л их бага, том, жижиг гэдэг утгаараа биш ерөөсөө тэр үедээ л их том хүн байсан гэдэг тэр утга байсан шиг байгаа юм, нэлээдийнх нь дунд. Жишээлбэл, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэхэд тэгж ойлгогдож байсан байж магадгүй. Ер нь монголынхоо түүхийг үнэн магадтай ойлгодог, бичиг номын учир утгыг ойлгож боддог улсууд бол үнэхээр их л эрдэмтэй хүн шүү.
Их хүн юм шүү гэж ойлгодог байж магадгүй юм даа. Насаар нь биш шүү дээ. Одоо бол бид нар утгаар нь л ойлгож байгаа. Тэр үед бараг тэгж ойлгогдож байсан байх аа. Яагаад вэ гэхээр нөгөө алдаршсан хоёр зохиол байна шүү дээ. “Миний нутаг”, “Учиртай гурван толгой”. Энэ чинь нэг талаараа түүний их хүн болохыг тодруулсан, нөгөө тал дээр бол хүмүүсийн атаархлыг маш их төрүүлсэн.
Төрөөс шагнал авсан уу гэвэл сүүлд л нэг Эвлэлийн төв хороо /тухайн үеийн МХЗЭ.сур/-ны шагнал олголоо доо. Насан эцэслэснээс нь хойш бараг л 40 жилийн дараа юм байна шүү дээ. Хүрээлэнгээс бол тэр үед нэг шагнуулах урамшуулах хүмүүсийн нэг тодорхойлолт байдаг юм. 1936 онд Улс хувьсгалын 15 жилийн ойгоор нэг зургийн аппаратаар шагнасан байдаг. Долоодугаар сард нь хүрээлэнд ажиллаж байсан. Тэгээд намар 11 дүгээр сар болоод л шоронд оруулсан. Одоо шагнал гэвэл миний мэдэх юм энэ л байна даа.
-Тэр аппарат ажилд нь л хэрэгтэй юм даа?
-Өөрийнх нь ажилд хэрэгтэй гоё байсан байх аа. Тэр үед ховор зүйл байсан байх аа.
-Сүүлийн үед нэрт гэдэг үг нэрийнх нь өмнө тавьчихсан ганц нэг юм харсан. Д.Нацагдоржид нэрт гэдэг багадах болов уу, ерөөсөө зохихгүй байх гэж бодох юм.
-Тийм юм байна уу. Энэ бол хэрэггүй, дэмий байх аа. Тодорхойлолтууд байдаг. Нэгдүгээрт, нийтэд хүрсэн их зохиолч, их Д.Нацагдорж гэдэг байна. Хоёрдугаарт, ууган зохиолч гэдэг үг хэрэглэсэн. Үүнийг Ц.Дамдинсүрэн зохиолч өгсөн. Дараа нь бол сонгодог зохиолч гэж бас байна. Сонгодог зохиолыг туурвисан учраас сонгодог гэсэн нэр өгсөн байдаг. 1966 оноос хойш Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг. Тэгээд эдгээр л байх шив дээ. Тэгэхээр хүнд чинь өөрийнх нь тохирсон алдар нэр бол байгаад байдаг юм шиг байна. Ер нь элдэв шалдавын тийм хийсвэр юмаар хүнийг тодорхойлно гэдэг онцгүй дээ.
-Сонгодог зохиолч гэж тодорхойлсон тухай?
-Ц.Дамдинсүрэн зохиолч тодорхойлсон. Үнэхээрийн сонгодог бүтээлүүд ч туурвиж дээ.
-Аль алийг нь л Ц.Дамдинсүрэн өгчээ. Насны, ажлын хувьд ч ойролцоо хүмүүс байж?
-Тийм. Хоёр жилийн л зөрүүтэй байх. Ойрхоны хувьд ч гайгүй, гайгүй.
Д.НАЦАГДОРЖ КИНОНД ҮЗҮҮЛЭЭД БАЙГАА ШИГ ЯАХАА АЛДСАН АРХИЧИН БАЙГААГҮЙ. ГЭХДЭЭ АРХИ АМСАХААС ӨӨР АРГАГҮЙ, ЗҮГЭЭР АМЬДАРЧ БОЛОХГҮЙ НӨХЦӨЛД ТҮҮНИЙГ ХҮРГЭСЭН
-Бас Д.Нацагдоржийн нас барсан тухай Ц.Дамдинсүрэн “хөлчүүрэн явсаар” гэж бичсэн гэдэг. Гэтэл та ингэж бичсэн нь магадгүй гаднын нөлөөтэй гэдгийг тодорхойлох оролдлого байсан болов уу гэж боддог гээд тайлбарлаж байсан.
-Би бол тэгж л боддог. Тэгэхдээ одоо энэ кино шийгээр үзүүлээд байгаа шиг яахаа алдчихсан архичин байгаагүй л дээ. Яах вэ, тухайн цаг үеийнхээ хүмүүст бол Д.Нацагдорж ямар ч байсан жаахан архи уудаг юм байна аа гэдэг ойлголтыг өгсөн байх. Нөгөө талдаа бол Д.Нацагдорж ер нь архи уухаас ч өөр аргагүй тийм уур амьсгал бүрдсэн байх гэж боддог.
Яагаад вэ гэхээр зүгээр амьдарч болохгүй байгаа юм чинь яах юм бэ. Юм хийчихлээр элдэв хоёр үгээр яриад байна. Ажил хийгээд байж байхад нь бас гоочлоод л байна. Тэр баримтууд байна шүү, архивт. Янз бүрийн хулгайд сэрдэнэ, ажил хийхгүй зүгээр цалин авч байна гэж зарим нь яана, өч өчнөөн юм хийчихсэн байхад нь тийм матаас хийсэн тийм хүмүүс байсан. Хэцүү яа даа. Хүн зүтгээд, хийгээд бүтээгээд ингээд яваад байхад ингэж гоочилж, дарах юмнууд байна. Дараагийнх нь тайж гэж доромжилно. Герман гэж бүр доромжилно. Авгай хүүхэдтэйгээ амьдраад байж байтал ерөөсөө амьдрахын аргагүй болгоно.
Ийм үед чинь бол бас ганц нэг 100 грамм архи уухаас аргагүй байсан байж магадгүй. Хэчнээн архи уулгаа ч гэсэн Д.Нацагдорж бол гучаад оны үед манай хүрээнд байсан улсуудаас тод ялгарч байсан. Европ хувцас Д.Нацагдоржоос өөр хүн өмсөх нь нүдний гэм. Зохиолчид цуг суугаад зургаа авхуулахад ганцхан Д.Нацагдорж зангиа зүүчихсэн, европ хувцастай байх жишээтэй. Бид ерөөсөө өмссөн хувцаслалт, үг яриа энэ тэр европ юм руу болж чадаагүй байсан үе шүү дээ. Бүх л талаараа түрүүлээд явж байгаа хүн чинь янз бүрээр харагддаг юм шүү дээ. Ингээд гоё хувцаслачихсан явбал герман, арай нэг гайгүй аятайхан байвал тайж гээд зүгээр байлгадаггүй байжээ, янз нь.
-Тэр герман гэдгийн ар талд тагнуул гэсэн үг нуугдаж байсан уу, үгүй юү?
-Арай ч бас гайгүй. Тэр үед фашизм гэдэг нь арай гайгүй чимээгүй байсан. Магадгүй бас тагнуул, япон гэвэл японы тагнуул, герман гэвэл германы тагнуул, хятад гэвэл хятадын тагнуул болж таарна шүү дээ. Д.Нацагдоржид энэ бол гайгүй байсан байх. Гэхдээ л ийм их муухай хандлагууд гаргаж хүнийг зүгээр байлгадаггүй байж. Д.Нацагдоржтой эмэгтэйчүүд бас их дажгүй харьцдаг байсан байх аа.
-Заа. Их сайхан хүн байсан юм биш үү. Зураг хөргийг нь харахад?
-Тийм. Ер нь тэр шоронд ортлоо бол ёстой цэв цэвэрхэн, гоёхон байсан шиг байгаа юм. Тэгээд 1932 онд зургаан сарын хугацаанд бүр шоронгийн зооринд суусан шүү дээ. Тэгээд бие хаа, шүд нь ч муудсан байх. Ер нь 1935, 1936 он болоод ирэхэд бие нь муудсан, хэцүү байсан. Тийм учраас хааяа нэг жаахан архи уусан юм байгаа байх л даа. Тэгэхдээ л ямар ч байсан тэр хэзээ ч гудамжны архичин байгаагүй. Хэзээ ч байгаагүй. Гудамжны архичин хүнээр юу гэж л одоо хоёр тасгийн дарга хийлгээд байх вэ дээ. Тийм биз дээ. Түүний мэддэг, чаддаг юмыг боломжийн хэрээр ашигласан. Ийм хүмүүс байсан. Жишээлбэл А.Амар сайд.
Ер нь Д.Нацагдоржийн эргэн тойронд байсан улсуудаас бол хамгийн их сайнаар хандаж байсан хүмүүс байна аа, тэнд. Бүх хүн ч тэгж муу хандаад байгаагүй. А.Амар сайд Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал нэг үе хийсэн шүү дээ. Тэр үедээ Д.Нацагдоржийг хүрээлэнд ажиллуулж байсан. Дараа нь Лхамсүрэнгийн Дэндэв гээд манжич хүн байсан. Энэ Төв аймгийн хүн бас нутгийн ойролцоо ч байсан байх. Тэр хүн гайгүй сайн хандаж байсан. Эрдэм мэдлэгийнх нь хувьд бол Жамсраны Цэвээн гэдэг их сайн хандаж байсан. Со сайд гээд Гомбын Содном гэж Аж үйлдвэрийн яамны сайд байсан хүн Д.Нацагдоржид их сайн хандаж байсан байх жишээтэй. Д.Нацагдоржид юм бүтээх бололцоо өгсөн энэ хүмүүсийн ач буянаар түүний хийсэн бүтээсэн зүйлүүд бид нарын үед ирж.
Гэвч үүний цаана бидний олж мэдэж чадаагүй айхтар атаач жөтөөч, муу санаатай, муухай хүмүүс бас дутахааргүй байсан байх аа. Ер нь ингээд үзэхэд бол хүрээлэнгийн тэргүүлэгчид 1932 онд бичсэн өргөдөл нь байгаа юм л даа. Тэр өргөдөл дээрээ намайг сул цалин авч байна гэсэн. Гэхдээ би ийм юм хийсэн гээд долоон ажил дурдсан байгаа юм. Тэгэхээр тийм үг яриа гаргасан байна шүү дээ, зарим хүнээс.
-Тийм ч юм бичүүлээд сууж байх гэж дээ. Сэтгэл өвдмөөр юм.
-Тийм ээ, тийм. Тэр хүн чинь тэгж юм бичээд сууж байна гэдэг хайран аа даа. Тэгээд 1932 оны гуравдугаар сарын үед гэхэд чинь Содномын байшинг герман Д.Нацагдорж суллаж өг гээд бичиг ирж байгаа юм. 29-нд ирсэн бичиг дээр нь Д.Нацагдорж 30-нд би гарна аа гэсэн байх жишээтэй.
-Тэр нь одоо ямар байшин байсан юм бол доо. Өмнө таны дурдсан Гомбын Содном сайдын байшин байсан юм уу?
-Тэр нь одоо энэ төв дотор л байсан юм шиг байгаа юм. Хотын харьяаны Содном сайдын байшин. Хотын орон сууц байж. Г.Содном сайд мөн, мөн. Байшиндаа хүртэл суулгаж байна шүү дээ. Иймэрхүү л маягтай байлгасан.
-Тэгээд удалгүй хорьчихсон юм байна?
-Ингээд 1932 оны тавдугаар сард шоронд оруулчихлаа. 11 дүгээр сар болтол гаргаагүй. 1936 оны намар дахиад хорьсон. Тэгээд хоёр сар суулгачихсан. Гарч ирээд нэг жил ч болж чадалгүй нас барчихсан. Хамгийн сүүлчийнх нь бичсэн зохиол бол “Их авгай” гэдэг жүжиг. Эцсээ хүртэл бичиж л байсан хүн. Ийм л амьдрал туулсан даа, хөөрхий минь.
-Тэгээд тухайн үед хөлчүүрээд нас барсан л гэж үзсэн үү. Ер нь Д.Нацагдоржийн амиа алдсан хэрэг гэж мөрдсөн юм байх уу? Та энэ олон жилийн хугацаанд тийм юм олж сонсож, мэдэж байв уу?
-Ерөөсөө тийм хэрэг гэсэн, мөрдсөн юм байхгүй. Ер их хэцүү. Би бол одоо Ц.Дамдинсүрэн зохиолчийг арай нэг их худлаа хэлчхээгүй болов уу гэж, тэрийг л арай нэг ойр хэлсэн байх даа гэж бодож байгаа нь тэр шүү дээ. Нас барсан л гэж байгаа. Одоо чинь Д.Нацагдоржийг нас барсны талаар янз бүрийн л юм байна шүү дээ. Нас барсан, хүнд хорлогдсон, хүн алчихсан, зарим нь амьд байна ч гэх шиг. Ийм янз бүрийн юм байдаг. Миний ойлгож буйгаар бол 1937 онд нас бараад 1945 он гэхэд чинь бол гайгүй шүү дээ.
Найман жилийн дараа л Ц.Дамдинсүрэн “Д.Нацагдорж 1937 оны долоодугаар сарын 13-ны өдөр хөлчүүрэн явсаар Улаанбаатарын төв театрын баруун өмнөх банзан хашааг түшээд насан өнгөрчээ. Ингээд хөлчүүрүүлэгч ундаан манай нэгэн залуу зохиолчийн амийг авчээ” гэж бичсэн.
Ерөөсөө ч бас нэг голтой хэлнэ биз дээ. Ингээд би аргагүй нас барсан юм байна даа. Нас барахдаа бол мэдээж бие нь муу байсан. Өөрийнх өргөдөл ч байгаа шүү дээ, бие хэцүү байна гээд. 1935 оноос л эхэлсэн юм шиг байгаа юм, энэ тархи толгой, бөөр нурууны өвчин ужиг. 1932 онд тэр муухай шоронгийн зооринд нар үзэхгүй өчнөөн удаан хоригдсоны юм чинь илэрч байна шүү дээ. Тэсэхэд хэцүү юманд олон сараар сууна гэдэг чинь аймшигтай. Эрүүл агаарт, нар, салхинд явж байсан хүнийг чинь тэнд хийчихээр ямар байх вэ!.
-Хөлчүүрүүлэгч ундаа гэж тодорхойлсонд учир байна уу, үгүй юү?
-Магадгүй.
-Ямар ч цаг үе, нөхцөл байдалд уран бүтээлээ орхихгүй гэсэн чин сэтгэлтэй хүн байжээ?
-Тийм байжээ. Ер нь тэгээд бичих нь бүр дадал болсон ч гэж хэлэхээр юм уу. Жишээлбэл, бид нарт орон сууц хэрэгтэй байна гээд өргөдөл бичсэн байгаа юм. Тэнд Б.Ринчен, Гомбожав гурав байхад Д.Нацагдорж л өөрийн гараар өргөдлөө бичсэн байдаг. Бусад нь өргөдөл дээр зөвхөн гарын үсгээ зурсан байх жишээний. Монгол бичгээр үнэнхүү гоё бичнэ. Бичгийн хэв сайтай, жигтэйхэн гаргацтай. Таталгаж бичсэнийг нь ч би одоо уншаад байгаа гэсэн үг шүү дээ.
Д.НАЦАГДОРЖ ТИЙМ ХҮҮХЭДТЭЙ БАЙСАН БОЛ ОЛОН ЗҮЙЛ ДЭЭР ТОДРОХ БАЙСАН. Д.ПАГМАДУЛАМААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН. Д.НАЦАГДОРЖ АВГАЙ, ХҮҮХЭД ХОЁРОО ОРХИОД ЯВАХ ХҮН ЯАВ Ч БИШ БАЙСАН ГЭЖ УЧИР МЭДЭХ ХҮМҮҮС НАДАД ТАЙЛБАРЛАСАН
-50 жил зөвхөн нэг хүний гар бичмэлийг судална гэдэг бол их цаг хугацаа, эрүүл мэнд, хөрөнгө санхүү шаардсан болов уу?
-Тийм. Зөндөө л юм орно. Ялангуяа хамартаа гайморит гэдэг өвчин туссан шүү дээ, тоосноос болоод. Тэр үед хамгаалахаа ч мэдэхгүй, тэнэг юм шиг нөгөөдхөө хараад тоосыг нь сороод л байсан байлгүй дээ.
-Бас судалж буй хүнээ их ойрхноос мэддэг, мэдэрдэг болж, цаашлаад хайрлах, хамгаалах, өмөөрөх тийм холбоо үүсдэг болов уу гэж боддог. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Тэгнэ шүү дээ. Тийм юм бас л муу талтай. Их олон жил болохоор чинь сүүл рүүгээ муу талыг нь олж харахгүй болдог байх даа.
Д.Нацагдорж судлаач, доктор, профессор Ч.Жачин. МУБИС-ийн оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр.
-Хүүхдээ өмөөрч байгаа юм шиг л үү?
-Тийм, тийм. Тэгдэг л байх. Одоо тэр “Пагмадулам” киног чинь зүгээр л харахаас дургүй хүрээд ерөөсөө харж чадахгүй байгаа шүү дээ. Хэцүү туссан. Арай ч дээ л гэж бодсон. Тэнд буруу юм зөндөө байгаа. Шал худлаа, худлаа, балай, балай юм оруулчихсан. Тэр кинонд ерөөсөө Д.Нацагдоржийг судлалгүй оруулсан. 1932 он гэхэд Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр аль хэзээний тусдаа амьдардаг болчихсон байсан байхгүй юу. Тэр 1931 оны 12 дугаар сарын 31-ний Шинэ жил тэмдэглэхэд чинь Д.Пагмадулам ор сураггүй байхгүй юу. Байгаагүй. Тэгэхэд чинь тэр хоёрыг цуг байсан юм шиг болгоод л ингээд бөөн будилаан. Тэгээд л Д.Нацагдоржийн нэг шүлгийг нь Д.Пагмадулам би ийм юм зохиочихлоо гээд уншиж байх жишээтэй. Арай дэндүү гуйвуулж байна. Тийм бодит амьдралыг ингэж гуйвуулаад. Бас Д.Нацагдорж ирснийхээ дараа нэг их гомдоллоод, би их том хүн байсан, одоо намайг яахгүй байна гэж гомдол гаргаад л.
Д.Нацагдоржоос тийм авир бол яагаад ч гарахгүй. Яагаад ч тэгэхгүй хүн. Тэр хүний тухай тийм баримт ерөөсөө байхгүй. Тэр үед чинь юун тэгж агсам тавихтай манатай.
Нөгөө наадуул нь арай чүү гэж аргалж байгаад Төмрийн заводод орчуулагч болгоод, тэндээ жаахан юм хийж байтал Залуучуудын үнэн сонин руу явуулаад, тэгээд нэг багахан сиймхий гарахаар энэ хүрээлэн рүү авч байгаа юм шүү дээ. Юун тэр агсам тавихтай манатай. Наадуул гэж нөгөө хэд маань л тусалж байгаа шүү дээ. Ц.Цэвээн, А.Амар сайд нар.
-А.Амар сайд тайжийн хүүхэд бас алтан ургийн хүн байсан гэдэг. Тэгэхээр Д.Нацагдоржийн эрдэм чадлаас гадна тэдэнд адилхан зүйлс байсан нь нөлөөлсөн болов уу. Бас түүний Монголын товч түүх номонд “Монголын түүхийн товч” гэдэг өгүүлэл бичсэн Д.Нацагдоржийн оролцоо байсан болов уу?
-Тийм шүү дээ. Тэр холбоо хэлхээг мэдэж байсан байх. Ерөөсөө тэд нар монголынхоо түүхийг нэг үнэн зөвөөр авч үзье гэсэн санаа нэгдчихсэн хүмүүс байсан байх. Ер нь А.Амар сайдад Д.Нацагдорж их хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл, түүнд герман хэл байсангүй. Гэрийн боловсрол олсон, магадгүй хятад, манж хэлтэй, европ зүгийн юм бол огт байгаагүй хүн байх. Тийм учраас Д.Нацагдорж бол түүнд хэрэгтэйгээс гадна Монгол Улсад хэрэгтэй байж. Тэгж л харж, хандаж байгаа шүү дээ, ер нь.
-Тантай ярилцаж байгаанх нэг зүйл асууя гэж бодсоор байгаа юм. Д.Нацагдорж, Д.Пагамдулам нар ганц охинтой байсан. Охин Д.Цэрэндулам нь хожим С.Рэнцэнхорлоо хэмээх 25-хан насандаа монголын цагдаагийн байгууллагын дарга болсон, домогт хурандаа нэрээр алдаршсан хүнтэй ханилан сууж, 10 хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон тухай мэдээлэл байдаг юм билээ. Би энэ С.Рэнцэнхорлоо гэдэг хүний намтар түүхийг өгүүлсэн “Домогт хурандаа” гэдэг номд техник редактораар ажиллах үедээ энэ мэдээллийг олж авсан юм. Энэ хүний хүүхдүүд нь манай ээж Д.Цэрэндулам бол ийм хоёр алдартай хүний охин мөн гэж ярьдаг, бат итгэдэг юм билээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Аан за. Дамдины Цэрэндулам аа, Дамдины Цэрэндулам. Би Цэрэндулам гуайтай уулзсан. Миний уулзаад ингээд харахад тэрбээр надад ямар хүн харагдсан бэ гэхээр “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Самдан жолоочийн эхнэрт тоглодог эмэгтэй шиг дүр төрхтэй санагдсан. Сайхан хүн байсан. Д.Цэрэндулам бол надад би Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёрын охин гэж хэлсэн. Бүр баталгаатай хэлсэн. Тэр баримт юу вэ гэхээр “Миний хэнз хурга” энэ шүлгийг аав нь надад зориулж бичсэн. Тэгээд би энэ шүлгийг анх сурч байсан гээд. Би баярлана шүү дээ. 1970 хэдэн онд юм шүү дээ. Хөөх зүгээр, Д.Нацагдоржийн охиныг олчихлоо. Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр чинь Цэрэндулам гэж охинтой байсан юм байна гээд. Ингээд батлах хэрэгтэй биз дээ. Хамгийн түрүүнд л Д.Намдаг, Наваан-Юндэн, Баяндүүрэн бил үү хэн билээ нэг хүн гээд л Д.Нацагдоржийг мэддэг гэсэн хүмүүстэй уулзсан даа. Тэд надад юу гэж хэлсэн бэ гэхээр тийм байхгүй ээ. Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр тийм хүүхэдтэй байгаагүй ээ гэсэн. Д.Цэрэндулам бол Д.Пагмадуламын төрсөн дүү нь гэж хэлсэн. Тэд 10 гаруй насны зөрөөтэй байх. Зураг бий шүү дээ. Д.Пагмадулам нэг хөөрхөн, цөгцгөр охин зогсчихсон. Хажуу талд нь Д.Цэрэндуламыг Балжид гуай бариад зогсчихсон гурвуулаа авхуулсан зураг бий. Магадгүй хүүхэд нь байсан бол зурагт ээж л охиноо тэврэх байсан болов уу. Тэр зураг дээр бол Пагмадулам 15, 16 настай л баймаар харагддаг.
Мэддэг, чаддаг улсууд миний урдаас юу гэж тайлбарласан бэ гэхээр Жачин аа, энэ чинь тийм биш ээ. Д.Нацагдорж тийм хүүхэдтэй байсан бол олон зүйл дээр тодрох байсан. Дор хаяж л Д.Пагмадуламаасаа салж чадахгүй байсан. Д.Нацагдорж авгай, хүүхэд хоёроо орхиод явах хүн яав ч биш байсан. Тэд тийм хүүхэдтэй байгаагүй. Харин зүгээр дүү нь бол байсан. Тэр үеийн хүрээний гангачуул, арай гайгүй шиг амьдралтай улсууд нас жаахан дээр гарсан хойноо хүүхэд гаргавал том болсон охиныхоо хүүхдийг гэж ярих юм уу хүмүүст итгүүлэх тиймэрхүү юм байсан гэсэн дээ.
-Д.Цэрэндулам гэдэг нэр жаахан сонин санагддаг л даа. Пагмадулам, Цэрэндулам гээд нэг айлын хүүхдийн нэр шиг. Бас Д.Нацагдорж хүүхэдтэй байсан бол арай өөр нэр өгөх байсан болов уу гэж боддог юм.
-Харин тийм. Пагмадулам, Цэрэндулам тэгээд дүү нь ээ гэж тэр улсууд хэлсэн юм. Тэгээд л би одоо за больё. Би нээлт хийж чадсангүй ээ. Охиныг нь олсонгүй гээд бодсон. Д.Цэрэндулам бол өөрөө надад их гоё ярьсан, би хүүхэд нь ээ гээд. Хөөрхий багаас нь аав чинь Д.Нацагдорж, ээж чинь Д.Пагмадулам гээд итгүүлчихсэн байх л даа. Тэгэхээр чинь тэгж хэлэхээс өөр яахав. Өөрөө ингэж ярьж байгаа хүн чинь үр хүүхдүүддээ яг л тэгж хэлнэ шүү дээ. Өөрөө тэгж хэлснийг нь анх сонссон хүн нь би байна шүү дээ. Бүр социализмын үед шүү дээ. Тэрийг сонсоод би ямар их баярласан гээ. Баярлаад л давхиад, яваад учир шалтгааныг нь хайтал тэр үеийн настангууд чинь надад шууд л хэлсэн. Угаас тэр үеийн хүмүүс нэг хайрлаад, дүлэгнээд байдаггүй байсан. Шууд л надад ийм учиртай, яг дүү нь ээ, төрсөн дүү нь шүү гэсэн. Тэд нар чинь цуг л явж байсан улс мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ тэр “Пагмадулам” кино дээр бол бүр завааруулаад хаячихсан байна лээ. Нэг ийм л юм болсон доо. Тэгээд би энийг бол нэг их сөхөөд “биш ээ” гээд хашхираад байлтай биш. Ямар ч байсан нэг ийм зүйл байдаг.
-Нина Чистяковатай суугаад хүүхэд төрсөн гэдэг бол бодитой шүү дээ, тийм ээ?
-Тэр бол яалт ч үгүй яг бодитой. Д.Нацагдорж охиноо тэвэрчихсэн зураг байгаа шүү дээ. Охин нь 30 гаруй жилийн өмнө Монголд ирсэн хойноо бурхан болсон.
ОДОО УУЛ НЬ БОЛЖ ӨГДӨГ БОЛ МӨНГӨН ТЭМДЭГТ ДЭЭР Л НЭГ ТАВЬЧИХ ЮМСАН ГЭЖ БОДДОГ. ЧИНГИС ХААНЫГАА, Д.СҮХБААТАРЫГ ТАВЬСАН. Д.НАЦАГДОРЖИЙГ ТАВЬЧИХВАЛ ҮРГЭЛЖ НЭГ САНАЖ БАЙХАД ЗҮГЭЭР ЮМ ДАА
-Ингээд бодохоор Д.Нацагдоржийг илэрхийлэх, сануулах юм ер хэр байна вэ. Улаанбаатар зочид буудлын өмнөх хөшөө, УДЭТ-ийг түүний нэрэмжит гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй гэх мэт иймэрхүү л санагддаг. Илүү тод байлгахын тулд ийм юм хийчихвэл гэж бодож явдаг зүйл танд бий юу?
-Одоо ч хоёр, гурван юм байгаа шүү. Нэг хөшөө байна. Төв аймгийн Баяндэлгэрт нэрэмжит нэг дунд сургууль бий. Төв аймаг дээр бол нэг хөшөө байгаа. Улаанбаатар хотод уул нь нэг гудамж байсан юм. Одоо байхгүй, алга болчихсон. Нэг музей байсан нь алга болчихсон. Харин чиний хэлсэн хөшөө, театр хоёр байна. Тэгээд нэг номын сан байна. Улаанбаатар хотын төв номын сан гээд. Хотод бол ийм гурван юм байна. Зохиолыг нь бол хүмүүс цээжилчих юм аа. Их тарсан зохиолчийн юмыг хүн сэтгэлдээ аваад яваад байхаар өөрийнхөөрөө тогтоочихдог юм байна. Одоо зохиол нь жаахан гуйваад байгаа чинь бол хүн бүрийн цээжинд байдаг нь бас нөлөөлж байна. Зарим хүний зохиолыг яг харж л уншихгүй бол тогтоодоггүй шүү дээ, тогтоогддоггүй. Гэтэл Д.Нацагдоржийн зохиол бол уншихаар шууд тогтоогдчихдог байхгүй юу. Үргэлжилсэн үгийн зохиол нь хүртэл тогтоогдоно шүү дээ. “Орчлон ертөнцийн хоосон хэмээн хүрдийг бясалгаж винайн ёсыг сахисан гэвш лам” гээд л тогтоочихдог. Тэр чинь үгийн цохилго энэ тэр нь төвөд номын хэмнэл шиг.
Д.Нацагдоржийн зохиолыг харахад монголын амьдрал, монгол хүний үзэл бодол, амжилт бүтээл юмнаас салангид нь бараг байхгүй шүү. Хаана ч яваад очсон байж л байдаг. Үйлдвэр дээр яваад очвол “Аж үйлдвэр бол улсын тулгуур багана” гээд л хэлчихсэн байх жишээтэй. Одоо рашаан усанд яваад орвол рашаан усны тухай хэлчихсэн л байна. Эмнэлэг домнолгын тухай, монгол хүний тухай гэхэд л “Залуу үе эрүүл бол өдөр бүр амгалан, Нэгэн өдрийн амгалан мянган жаргалангийн үүд Өтгөс өвгөд эрүүл бол нас бартлаа амар Амар байж нөхөчвөл орчлонд төрсний гавьяа” гээд л шүлэглэсэн. Ингэж хүн болгонд, газар бүхэнд зориулаад хэлчихсэн байдаг.
-Сургаал ч юм шиг?
-Тийм. Сургаал, философи шиг хэлчихсэн, хийчихсэн. Ийм байдаг болохоор уран бүтээлийн хувьд санаа зоволтгүй. Гэхдээ Д.Нацагдоржийг жаахан мөнхжүүлэх санаатай хуучин бол нэг нэрэмжит юм хийгээд ингээд явдаг байж. Хааяа, хааяа нэг марк гаргачихдаг байж. Судалдаг, сонирхдог улсууд нэрийг нь тавьж байгаад номыг нь хэвлүүлэх юм. Одоо уул нь болж өгдөг бол мөнгөн тэмдэгт дээр л нэг тавьчих юмсан гэж боддог. Сонгодог зохиолчийнхоо хөргийг мөнгөн тэмдэгт дээр тавьсан орнууд байдаг юм гэсэн. Чингис хааныгаа, Д.Сүхбаатарыг тавьсан. Д.Нацагдоржийг тавьчихвал үргэлж нэг санаж байхад зүгээр юм даа гэж. Тэгэхдээ Д.Нацагдоржийг авьяас билиг, ном эрдэм, эх орныхоо төлөө зүтгэсэн гэдгээр нь дандаа уншдаг, хардаг, ярьдаг бол нэг тийм өөр л дөө. Ямар алтан хөшөө босголтой нь биш. Чингис хаандаа алтан хөшөө босгочихлоо. Д.Нацагдоржийн хүрэл хөшөөн дээр байж байна. Одоо мөнгөн тэмдэгтэд тэрнийг тавьчихвал хүмүүний өдөр тутам амьдрал дээр нь харагдаж байх юм даа. Хөөрхий, арчаагүй л их сэтгэж байгаа царай нь энэ л дээ.
Тэгээд болж өгвөл тэр төрсөн газар юуг нь их сайхан цэцэрлэгт хүрээлэн юм хум болгоод гадна, дотнын хүмүүс очдог, амардаг, шүлэг юугаа уншиж байдаг, яруу найрагчид тэнд очоод онгод хийморио хөглөж байдаг тийм нэгэн газар болговол үгүй мөн сайхан аа даа. Багануурын наад талд “Шувуун саарал” гээд нэг юм хийсэн. Гэхдээ одоо тэр чинь улсын чанартай биш болчхоод байна л даа. Эзэнгүй л болчхоод байгаа. Уг нь эзэнтэй, аятай сайхан байвал зүгээр юм.
-Таныг 120 жилийн ойд нь зориулаад тодорхой ажил санаачилсан юм байна гэж ойлголоо. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлээд яривал?
-Бид гурван төрлийн ажил санаачилж төлөвлөгөөг нь гаргаад байгаа юм. Энэ төлөвлөгөөгөө цаашид хамтран ажиллаад, хэрэгжүүлээд явах МУИС, МУБИС, СЭЗИС, СУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МЗЭ гэсэн зургаан байгууллагын удирдлагаар батуулж байна. Эхний ажил гэвэл өмнө бага зэрэг дурдсан Дижитал архив ба цахим номын сан бүтээх. Д.Нацагдоржийн гар бичмэлүүд, анхны хэвлэлүүд болон холбогдох гэрэл зургуудыг өндөр нягтаршилтайгаар дижитал хэлбэрт оруулж, олон нийтэд ил болгох юм. Хоёрдугаарт, ой угтсан уралдаан зарлахаар төлөвлөж байна. 5-12 настай хүүхдүүдийн дунд “Д.Нацагдоржийн шүлэг, зохиолд шингэсэн өнгө” сэдвээр гар зургийн уралдаан, 12-21 насныхны дунд “Миний мэдэх Д.Нацагдоржийн сонгодог бүтээл” сэдвээр уран бичлэг болон цахим контент бүтээх уралдаан, харин багш нарын дунд “Д.Нацагдоржийн зохиолыг хэн сайн задалж заах вэ” сэдэвт цахим хичээлийн уралдааныг орон даяар зарлана. Гуравдугаарт гэвэл Д.Нацагдорж судлалын эрдэмтдийн лекцийг зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагааг дээрх байгууллагууд чиглэл бүр дээрээ хариуцаад явах юм. Энэхүү төлөвлөгөөг МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор Т.Мөнхнаран бид гаргачхаад л зохион байгуулна, болгоно хийнэ гээд яваад байна даа.
Д.Нацагдорж судлаач, доктор, профессор Ч.Жачин, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор Т.Мөнхнаран нар. МУБИС-ийн оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр.
-Ойг зохион байгуулах комисс гэж байгаа гэсэн. Үүнтэй таны ажил бол хамаагүй юм байна тийм үү?
-Комиссын тухай бол мэдэхгүй байна. Энэ зөвхөн бидний л санаачлаад хийх гэж байгаа зүйл юм.
Танд баярлалаа. Таны эрдэм судлалын ажилд их амжилт хүсье.