Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн 7б ангийн сурагч Х.Цасныхээгийн бичсэн “Дээрэлхэлтэд “үгүй” гэж хэлье. Харилцан хүндэтгэе!” эсээг хүргэж байна.
Эрт урьдын цагт бус энэ л эрин зуунд нэгэн гүнж амьдарч байв. Бүгд түүнийг хайрлаж, урамшуулж, ерөөнө. Хүсэл бүхнийг нь биелүүлнэ. Бүдрээд унавал “Миний гүнжийг унагааж зүрхэлдэг яасан муухай газар вэ” гэж аав нь газрыг зэмлэнэ. Шалтгаангүй уурлавал “Миний гүнжийг уурлуулдаг яасан таагүй өдөр вэ” гэж ээж нь өдөр гарагийг буруутгана. “Чи бүгдийг чадна” гэж бүгд түүнд итгүүлнэ. Чадахгүй бол чадах боломжоор хангаагүй тэр нэгэн амьтай, амьгүй зүйл л буруутан болно. Эргэн тойрныхон нь түүнийг Гүнж гэж дууддаг бас итгүүлдэг.
Харин би бол Цасхан. Эргэн тойрныхон минь намайг хайрлаж, хамгаалдаг. Тэд намайг “бүгдийг хийж чадна” гэж итгэдэг, урамшуулдаг. Бүдэрч унавал “өөрөө бос” гэж аав сургасан. Шалтгаангүй уурласан бол “өөрийгөө тайтгаруул” гэж ээж зөвлөсөн. Хийж чадахгүй зүйлээ хийж суртлаа оролддог занг Бурхан надад заяасан.
Тэр өдөр нэг нохойн дээр гүнж бид хоёрын нүд зэрэг туссан юм. “Авъя” гэж ч зэрэг хэлсэн. Гүнж нохойг татаж, чангаар тэвэрсэн. Нохой гасалж, тийчгэнэж байлаа. “Надад дургүй байна” гээд Гүнж уйлав. “Бүгд чамд дуртай” гэж ээж нь хэлэв. Би тэднийг аргадах ёстой юм шиг санагдлаа. “Ямар хөөрхөн юм бэ? Тийчгэнээд байвал үс чинь өрвийчихнө. Хүн чамд хүч хэрэглэж байх үед гарыг нь тавиулах гэж хүчилбэл чи илүү өвдөнө” гэж ээжийнхээ хэлдэг үгийг нохойд хэлээд зөөлхөн илэв. Дараа нь “Чи их хөөрхөн охин юм. Уйлаад байвал хүмүүс хөөрхнийг чинь харж чадахгүй” гэж аавынхаа хэлдэг үгийг охинд хэллээ.
Гүнж, нохой хоёр тайвшрахад бүгд намайг магтсан. Магтаал надад зориулагдсан нь Гүнжид таалагдаагүй. Тэр уурлаж, нохойг шидэв. Нохой надад наалдав. Охин хашхичиж, түүнийг хүчээр авч явах гэж оролдов. Бяцхан нохой гэнэт Гүнж рүү муухай архирлаа. Охин гүйгээд явчхав. Худалдагч нохойг илж “гүнж минь, чи “үгүй” гэж хэлж чадлаа. Тэр охиныг бас Гүнж гэдэг юм билээ” гээд инээмсэглэсэн юм.
Хүмүүс надад их олон зүйл заасан ч “үгүй” гэж хэлэхийг заагаагүй юм билээ. Тэр өдөр би хүсэхгүй байгаа зүйлдээ “үгүй” гэж хэлэхийг бяцхан нохойноос сурсан юм. Дээрэлхэлт гэхээр сэтгэлд буусан дурсамж минь энэ. Бас “Би дээрэлхэлтэд өртөж байсан уу?” гэж бодлоо. Азаар би хайраар өлгийдүүлж, халамж, хамгаалалтаар “бамбай” хийн, аюулгүй амьдардаг. Бүх хүүхэд ийм байж чаддаг болов уу?
Үнэн зөв хариулт олохын тулд 6-9 дүгээр ангийнхны дунд судалгаа явуулсан юм. 93 хүүхэд оролцлоо. 33 хувь нь “дээрэлхэлтэд өртсөн”, 23.1 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ. Дийлэнх нь дунд ангидаа дээрэлхэлт мэдэрсэн бөгөөд муухай үгээр харааж, доромжлох дайралтад их өртдөг гэнэ. Тэдний 48.2 хувь нь дээрэлхэлтийг эсэргүүцэж, “үгүй” гэж хэлжээ. 19.3 хувь нь “хичээсэн ч үр дүнд хүрээгүй”, 15.7 хувь нь “чадаагүй” гэжээ. “Хэн чамд тусалсан бэ” гэсэн асуултад 36.6 хувь нь “би өөрөө”, 18.3 хувь нь “аав ээж”, 17.1 хувь нь “дотнын найзууд” гэж хариулжээ.
Хүмүүс соёл иргэншлээ байгуулаад 20 зууныг туулжээ. 21 дэх зуунд нь бид амьдарч байна. Дэлхий их өөрчлөгджээ. Гэтэл оюун ухаант хүн төлөвшиж, соёлжиж, араатан авираа гээж чадаагүй байна гэж үү? Амьтад хүртэл хүнд дасаж, хайрлаж, хамгаалдаг болчихсон байна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, миний нохойг Гүнж гэдэг. Тэр маш жижигхэн биетэй. Гэвч өөрөөсөө том амьтдын өөдөөс ч зоригтой хуцдаг. Тэр биеэ хамгаалахыг надад заасан. Харин би түүнд хайрлахыг зааж байгаа. Бид хүн, араатан гэдгээрээ ялгаатай ч биесээ харилцан хүндэтгэж, нөхөрлөдөг учраас хамгаалагдсан мэдрэмж авч, илүү зоригтой байдаг. Чамайг ч хайрладаг, урам өгдөг, хамгаалдаг нэгэн байгаа. Түүнийг олж хараарай. Магадгүй, хажууханд чинь зогсож байгаа. Зоригтой байгаарай.