Хог шатаах үйлдвэр шийдэл бишийг харуулах 10 баримт
Хог шатаах үйлдвэр шийдэл бишийг харуулах 10 баримт

Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.

Монгол Улс нийслэлдээ хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэртэй болно. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг байгуулсан бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Рэншоу Сычуань” эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан гэж хотын захиргаанаас мэдээлснээс хойш даруй долоон сарын хугацаа өнгөрч байна. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Морингийн даваа”-ны 10 га газарт өдөрт 1500 тонн хог шатаах, жилд 8000 цаг ажиллан 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээх хүчин чадалтай үйлдвэрийг 206.5 сая ам.долларын өртгөөр барина. Нийт 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ гэж мөн мэдээлсэн юм.

Гэвч хог шатаан эрчим хүч үйлдвэрлэх нь хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх арга нэгэнт биш болж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалиа хамгаалж дэлхийн насжилтыг удаашруулахын тулд улс орнууд, хүн төрөлхтөн хичээнгүйлж буй цаг үед хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэхийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг судалж таниад татгалзаж эхэлсэн. Үүний оронд хог хаягдал үүсгэхгүй байх тухайд буюу “тэг хаягдал”-ын зарчмыг хэрэгжүүлж зөвхөн иргэдийн санаачилгаар бус төрийн бодлогоор энэ чиглэлд зорьж байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотын захиргаанаас Япон, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй оронд хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх технологийг амжилттай нэвтрүүлж, хог хаягдлын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэж байгаа тухай бичиж, иргэд олон нийтэд хэт нэг талыг барьсан мэдээлэл хүргэж байна. Үнэн хэрэгтээ эдгээр улсад хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр үүргээ гүйцэтгэсэн боловч одоо цагт эрүүл мэндийн, байгаль орчны, эдийн засгийн гээд олон асуудал дагуулсан зүйл болж хувираад байгаа билээ.

Энэ удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн талаар судалгааны үндсэн дээр батлагдсан ноцтой, анхаарахгүй байж болохгүй баримтуудыг хүргэж байна. Эдгээр баримтыг Шатаах зуухны эсрэг дэлхийн холбооны 2018 онд хийсэн судалгаануудаас эшилсэн бөгөөд Монгол Улсаас “Эко сум” ТББ уг холбооны гишүүнээр ажилладаг юм.  

БАРИМТ - 1

Хог хаягдлыг цуглуулж, шатаагаад, үүссэн дулаанаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл явцыг хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх гэж нэрлэдэг. Энэ нь хогийн цэгт очих хогийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх үр ашигтай, булшлахаас ихэд давуу арга мэт санагддаг. Гэвч илүү цэвэр эрчим хүчний эх үүсвэр, хог хаягдлыг тогтвортой удирдах шийдлийн хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр энэхүү технологийн давуу талууд бүдгэрч байна. 

Бодит байдал дээр сурталчилдаг шигээ цэвэр технологи ч биш юм. Асар их хэмжээний хог шатаасны эцэст маш бага эрчим хүч үйлдвэрлэдэг. Иймээс үйлдвэрүүдийг ажиллуулахын тулд хог хаягдлын тогтвортой нийлүүлэлтийг хангах шаардлагатай болдог. Үүний улмаас Герман, Нидерланд, Швед зэрэг орон хөрш залгаа орнуудаас хүртэл хог импортлон үйлдвэрүүдээ "тэжээдэг" болсон.

Швед улс хоггүй болоод бусад улсын хогийг “цэвэрлэж” өгдөг болсон гэдэг мэдээлэл хэдэн жилийн өмнө цацагдаж байсныг зарим хүн санаж буй байх. Гэвч зөвхөн хог шатаах үйлдвэрээ “тэжээх”-ийн тулд илүү зарлага гаргаж энэхүү үйлдлийг хийж байгаа юм.

БАРИМТ - 2

Хог шатаах үйлдвэрүүд нөөц баялгийг үр ашиггүй зарцуулж, дахин боловсруулах болон хог хаягдлыг бууруулах үйл ажиллагаанд саад болох нь бий. Учир нь ахуйн хог хаягдал нөхөн сэргээгдэхгүй нөөц бөгөөд цаас, хуванцар, шил зэрэг хаягдсан материалаас бүрддэг. Өөрөөр хэлбэл эдгээр нь ой мод, ашигт малтмал, чулуужсан түлш зэрэг хязгаарлагдмал байгалийн нөөцөөс гаралтай гэсэн үг. Харин өнөөдөр шатаах үйлдвэр болон хогийн цэгт хаягдаж буй материалын 90 гаруй хувийг дахин ашиглах, дахин боловсруулах, компостжуулах боломжтой. Гэвч эдгээрийг зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд шатаах нь нөөц баялгийг хамгаалах, сав баглаа боодол болон хог хаягдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай үйл явцыг сааруулдаг. Мөн дахин боловсруулах, компостжуулах зэрэг эрчим хүч хэмнэх аргуудыг ч бүрэн мөсөн үгүйсгэдэг. Жишээлбэл, Дани улсын үйлдвэрүүдэд шатааж буй материалын 80 гаруй хувь нь дахин боловсруулах болон компостжуулах боломжтой байжээ.

БАРИМТ - 3

Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүд энгийн шатаах үйлдвэрүүдтэй л ижил хорт бодисууд ялгаруулдаг. Ойр орчмын иргэд болон нийт хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ихээхэн эрсдэл учруулдаг нь хамгийн аюултай юм. Хог шатаах үйлдвэрүүд нь хорт хавдар үүсгэгч диоксин болон фуран бодисын томоохон эх үүсвэр. Энэ төрлийн үйлдвэрүүдийн ойролцоо амьдардаг хүмүүсийн дунд хавдраар нас барах эрсдэл мэдэгдэхүйц өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Үйлдвэрийн бохирдол хянах төхөөрөмжүүд төгс ажилладаггүй бөгөөд хамгийн орчин үеийн технологитой үйлдвэрүүд хүртэл доголдож байсан олон жишээ байдаг ажээ.

Тухайлбал, “American Economic Review” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар тус улсын үйлдвэрлэлийн салбарууд дундаас хог шатаах үйлдвэрүүд нь агаарын бохирдлоос үүдэх эдийн засгийн сөрөг нөлөөгөөр хамгийн өндөр үзүүлэлт гарчээ. Түүнчлэн хог шатаах үйлдвэрүүдийн мөнгөн усны ялгаруулалт томоохон асуудал болдог бөгөөд нүүрсний цахилгаан станцаас ч илүү их мөнгөн ус ялгаруулдаг байна. АНУ-ын Нью-Йорк мужийн Байгаль хамгааллын газрын судалгаагаар мужийн хог шатаах үйлдвэрүүд эрчим хүчний нэгж тутамд нүүрсний цахилгаан станцаас 14 дахин их мөнгөн ус ялгаруулсныг тогтоожээ.

Мөн РМ10, РМ2.5 зэрэг нарийн ширхэгт тоосонцрын эх үүсвэр болдог. Эдгээр бичил тоосонцор уушгины үйл ажиллагаанд нөлөөлөх, зүрхний хэм алдагдуулах, зүрхний шигдээс болон дутуу нас баралтад хүргэх эрсдэлтэйг шинжлэх ухаанаар тогтоосон байдаг. Үүнээс гадна хог шатаах үйлдвэрүүдэд янз бүрийн эвдрэл, системийн доголдол, ажиллагааны саатал гарах нь түгээмэл учраас агаарын бохирдлын ноцтой асуудал үүсгэж, хүний эрүүл мэндэд аюултай ялгарлыг нэмэгдүүлдэг судалгаанд тодорхойлжээ.

БАРИМТ - 4

Хог хаягдал шатааснаар эрчим хүч бий болгодог үйлдвэр нь үйлдвэрлэснээсээ илүү их эрчим хүч хэрэглэдэг. Энэ нь хог шатаах үйлдвэрүүд эрчим хүчний асар их үргүй зарцуулалт бий болгодгийг харуулна. Учир нь хог хаягдлын илчлэгийн хэмжээ бага байдаг тул шатаах үйлдвэрүүд их хэмжээний дахин ашиглах боломжтой материалыг устгаж байж маш бага хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Мөн үйлдвэрлэдэг эрчим хүч нь тун бага тул цахилгаан эрчим хүчний системд бодитой хувь нэмэр оруулж чаддаггүй. Азийн орнуудын хог хаягдал ихэвчлэн органик найрлагатай байдаг учраас шатаахын өмнө нэмэлт боловсруулалт хийх шаардлагатай болдог. Энэ нь нэмэлт эрчим хүч шаардаж, үйлдвэрийн нийт эрчим хүчний балансыг улам дордуулдаг байна. Хуучин төрлийн шатаах үйлдвэрүүд цахилгаан эрчим хүчийг ердөө 19–27 хувийн үр ашигтай үйлдвэрлэдэг бол Их Британид хийсэн судалгаагаар шинэ үеийн шатаах технологиудын хувиргалтын үр ашиг үүнээс ч бага болохыг тогтоожээ. 

Уг нь шатаахын эсрэгээр дахин боловсруулах болон компостжуулах зэрэг “Тэг хаягдал”-ын зарчимд суурилсан арга хэмжээнүүд нь хог шатаалтаар үйлдвэрлэх эрчим хүчнээс 3–5 дахин их эрчим хүчийг хэмнэдэг ажээ. Жишээлбэл, АНУ-д зөвхөн хөнгөн цагаан болон ган лааз, цаас, хэвлэмэл бүтээгдэхүүн, шил, хуванцрыг дахин боловсруулдаггүйгээс алдаж буй эрчим хүчний хэмжээ нь дунд оврын 15 цахилгаан станцын жилийн үйлдвэрлэлтэй тэнцдэг байна.

БАРИМТ - 5

Хог шатаах нь сэргээгдэх эрчим хүч биш бөгөөд бодит сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг булаадаг. Уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой үр дагавраас сэргийлэхийн тулд дэлхий нийт чулуужсан түлшнээс татгалзаж, салхи, нар зэрэг жинхэнэ сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээнд нэвтрүүлэхийн тулд ажиллаж байна. Гэтэл өнөөдөр хог шатаах үйлдвэрүүдийг сурталчлахын тулд “сэргээгдэх эрчим хүч” хэмээн олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа юм. Энэхүү буруу ойлголтод итгэн улс орнуудын зарцуулж буй хөрөнгө оруулалт нь жинхэнэ сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн алдагдсан боломж болж байна. Түүнчлэн энэхүү төөрөгдөл нь хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй төдийгүй эрчим хүч хэмнэдэг дахин боловсруулах болон компостжуулах хэрэгцээ шаардлагыг ч үгүйсгэж байгаа юм.  

БАРИМТ - 6

Уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэхэд нөлөөлж буй зүйлүүд дотор хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүд ордог. Хог шатаах үйлдвэрүүд нэг мегаватт/цаг эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс, байгалийн хий, газрын тосоор ажилладаг цахилгаан станцуудаа  илүү их нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулдаг байна.  АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр хог шатаах үйлдвэр болон хогийн цэг нь тухайн хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулснаас илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж, эрчим хүчний хэрэглээ үүсгэдэг гэжээ. Тухайлбал, Европын шатаах үйлдвэрлэлийн “сурталчилгааны нүүр царай” гэж нэрлэгддэг Дани улс шатаах үйлдвэрүүд нь өмнө тооцоолсноос хоёр дахин их CO₂ ялгаруулж байсныг саяхан илрүүлсэн бөгөөд олон жилийн турш ийм байдал үргэлжилсэн байж болзошгүйг тогтоосон байдаг.

БАРИМТ - 7

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх нь асар өндөр өртөгтэй. Эрчим хүч үйлдвэрлэх болон хог хаягдал боловсруулах аргууд нь өндөр өртөгтэй бөгөөд байгуулагдсан газар орондоо эдийн засгийн томоохон дарамт учруулдаг. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн тооцоолсноор шинэ хог шатаах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаас хоёр дахин өндөр бөгөөд цөмийн эрчим хүчний байгууламжийнхаас 60 хувиар илүү байдаг. Мөн хог шатаах үйлдвэрүүдийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал нь нүүрсний станцынхаас 10 дахин, цөмийн станцынхаас дөрөв дахин өндөр байдаг гэжээ. Шатаах үйлдвэрүүдийн улмаас өрөнд орсон хот, суурин газрын жишээ байна. 2011 онд АНУ-ын Пенсильвани мужийн Харрисбург хот дампуурлаа зарлахад хүргэсэн шалтгаануудын нэг нь хотын шатаах үйлдвэрийг шинэчлэхэд гарсан их өр төлбөр байсан. Детройт хотын татвар төлөгчид дэлхийн хамгийн том хог шатаах үйлдвэрийг барих, шинэчлэхтэй холбоотой өрийн үйлчилгээний төлбөрт 1.2 тэрбум ам.доллараас илүү мөнгө зарцуулсан гэжээ. 

Эдгээр зардлын өчүүхэн хэсгээр дахин боловсруулах, дахин ашиглах болон дахин үйлдвэрлэх салбарт хөрөнгө оруулсан бол илүү олон бизнес, ажлын байр бий болгох боломжтой байжээ.

БАРИМТ - 8

Хог шатаах үйлдвэрүүд асар их хөрөнгө оруулалт шаарддаг боловч дахин боловсруулах салбартай харьцуулахад маш цөөн ажлын байр бий болгодог. Тухайлбал, хөгжиж буй орнуудад байгуулагдсан хог шатаах үйлдвэрүүд нь албан бус хог хаягдлын салбарт ажилладаг хог түүгч, дахин боловсруулагч, тээвэрлэгч зэрэг хүний ажлын байрыг устгах эрсдэлтэй байдаг ажээ. Ихэвчлэн цаас, хуванцар зэрэг дахин боловсруулах салбарын амин чухал түүхий эдүүдийг цуглуулж шатаадаг учраас эдгээр бүтээгдэхүүн буюу дахин боловсруулалтаас амьжиргаа нь хамаардаг сая сая хүний орлогын эх үүсвэрийг ч булааж буй хэрэг юм. Харин АНУ-д дахин боловсруулах үйл ажиллагаа нь шатаах үйлдвэрүүдээс дунджаар 10–20 дахин олон ажлын байр бий болгодог байна.

Ингэхээр шатаах үйлдвэрийн эсрэгээр дахин боловсруулах, дахин ашиглах, компостжуулах салбарт хөрөнгө оруулалт хийх нь илүү олон ажлын байр бий болгож, албан бус салбарын ажилчдыг тогтвортой, ногоон ажлын байранд шилжих боломжийг бүрдүүлдэг байна.

БАРИМТ - 9

Тогтвортой хөгжлийн өргөн хүрээний үүднээс авч үзвэл хог шатаах үйлдвэрүүд нь үр ашиггүй сонголт бөгөөд тойрог эдийн засгийн үзэл баримтлалтай үндсэндээ нийцдэггүй. Энэ зарчмаар авч үзвэл эдгээр байгууламж нь хаягдсан бүтээгдэхүүн, материалыг устгагч бөгөөд хорт бодисыг төвлөрүүлэгч. Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхгүй, улам хүндрүүлэгч гэж тайлбарладаг. Учир нь хог шатаах үйлдвэрүүд хогийг бүрэн устгадаггүй бөгөөд шатаалтын дараа нийт шатаасан хогийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний аюултай үнс үүсгэж, үүнийг нь дахин тусгайлан зайлуулах шаардлагатай болдог.

Өөрөөр хэлбэл, шатаалт нь хог хаягдлын эзлэхүүнийг багасгадаг ч хордлогын түвшнийг нэмэгдүүлдэг бөгөөд нэг төрлийн хогийг нөгөө төрлийн хогоор сольж байгаа хэрэг юм. Дээр дурдсанчлан шатаах үйлдвэрийн үнс маш хортой бөгөөд ямар нэгэн ашигтай хэрэглээ байхгүй. Иймээс энэ нь системийн хувьд бүрэн алдагдал болдог байна.

БАРИМТ - 10

Сүүлийн жилүүдэд олон улсын шатаах үйлдвэрийн компаниуд хөгжиж буй орнууд, ялангуяа Азийн хот, орон нутгуудад хандан байгууламжаа идэвхтэй сурталчилсаар. Шатаах үйлдвэрүүдийг “өндөр технологийн шийдэл”, “хөгжингүй орнуудад амжилттай хэрэгжсэн арга” хэмээн танилцуулж байна. Гэхдээ дэлхийн хэмжээнд хог шатаахаас татгалзаж, “Тэг хаягдал” бодлого руу шилжих хүчтэй хөдөлгөөн өрнөж байна. Хог шатаалтын бодит үр дагаврыг ойлгож, түүний бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрч эхэлж буй. Өмнө нь ихээхэн түшиглэж, найдаж байсан хөгжингүй орнууд одоо энэ аргаас аажмаар татгалзаж байгаа юм. Дэлхийн хамгийн дэвшилтэт хог шатаах байгууламжуудын төв болсон Европ тив шатаах үйлдвэрүүдийг үе шаттайгаар халж эхэлсэн. Энэхүү өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь Европын холбооны Тойрог эдийн засгийн үйл ажиллагааны төлөвлөгөө. Тойрог эдийн засаг гэдэг нь “бүтээгдэхүүн, материал, нөөцийн үнэ цэнийг аль болох урт хугацаанд хадгалж, хог хаягдал болон нөөцийн хэрэглээг хамгийн бага түвшинд байлгах эдийн засгийн тогтолцоо” гэж тодорхойлдог.

АНУ-д олон нийтийн эсэргүүцэл, эрүүл мэндийн эрсдэл, өндөр өртгийн улмаас 1997 оноос хойш нэг ч шинэ шатаах үйлдвэр баригдаагүй. Мөн хог хаягдлыг бууруулах болон дахин боловсруулах зорилтуудыг чангатгаснаар олон томоохон хотуудад шатаах үйлдвэр хэрэггүй болсон. Үүнтэй адил Европын холбоонд органик хаягдлын менежмент, дахин боловсруулалт, хог хаягдлыг бууруулах болон булшлахаас зайлсхийх зорилтууд нэмэгдсэнээр шатаах үйлдвэрүүдийн илүүдэл хүчин чадлын асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, шатаах үйлдвэрүүдийн тоо нь шатаах боломжтой хогийн хэмжээнээс давсан байна. Энэ илүүдэл хүчин чадлын улмаас Герман, Нидерланд, Их Британи, Швед, Дани, Испани зэрэг улсууд гадаадаас хог импортлох болсныг өмнө жишээлсэн.