“Ногоон тойм”-ын зургаа дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.
“НОГООН” МЭДЭЭ
Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг Засгийн газрын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд бямба гараг /2026.03.21/-т ажиллалаа. Энэ үеэр хууль, журам ноцтой зөрчсөн долоон аж ахуйн нэгжийг илрүүлж, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гарган холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагын албан хаагчид багтжээ.
“НОГООН” ӨДӨР
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон тэмдэглэж, ойн экосистемийн ач холбогдол, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг зэргийг онцлон хэлэлцдэг. Энэ өдөрт зориулсан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VII хурлыг “Ой ба эдийн засаг” сэдвийн хүрээнд пүрэв гарагт зохион байгуулжээ. Хуралд оролцогчид монгол орны ойн нөөцийн төлөв байдал, бодлогын чиг хандлага, ойн эдийн засгийн боломж, үр ашиг, таримал ой, ойжуулалт, нөхөн сэргээлт, мод, модон материалын нийлүүлэлт, үйлдвэрлэл, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэн, ойн судалгаа, инновац, технологи зэрэг сэдвээр 16 илтгэл хэлэлцүүлсэн байна. Хурал, хэлэлцүүлгийн үр дүнгээс нэгтгэсэн санал зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.
Сонирхолтой тоон мэдээлэл
Хиймэл оюун ашиглан бүтээв.
“НОГООН” ЯРИА
Өндөр уулын бүс дэх уур амьсгалын өөрчлөлт, ирвэсийн амьдрах орчны чиглэлээр хийж буй судалгааны ажлын үр дүнг танилцуулах судлаач, сэтгүүлчдийн уулзалт пүрэв гарагт болсон. Энэхүү уулзалтын үеэр манай сэтгүүлч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддоржтой хийсэн ярилцлагыг онцлон хүргэж байна. Түүнтэй удахгүй болох “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа, ирвэс хамгаалах үйл ажиллагаа, олон улсын болон монголын эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнгийн талаар ярилцжээ. Б.Чимэддорж: Говьд дөрвөн км урсаж буй булаг бол Амазон шиг л том мөрөн юм шүү дээ ярилцлагыг холбоос дээр дарж уншина уу.
-Усны эхийг хамгаалах гэж та дурдлаа. Булаг шандын эхийг хамгаалж, хашиж буй ажил хэр үр дүнтэй байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хуурайшилтаас булгийн эх ундарга ширгэж байхгүй болох тохиолдол сүүлийн жилүүдэд маш их ажиглагдаж байгаа. Булаг шанд байхгүй болно гэдэг тэнд буй амьдрал байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс булаг, шандын эхийг хамгаалах замаар урсцыг нь нэмэгдүүлж, тэндхийн хүн, амьтан, зэрлэг амьтад ундаалах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж харсан. Өнөөдрийн байдлаар баруун монголд 91 булгийн эхийг хашиж хамгаалаад байна. Биднийг хашиж хамгаалахаас өмнө гуравхан метр урсдаг байсан булаг нэг жилийн дараа 23 метр урт болтлоо урсан нэмэгдэж байх жишээтэй. Дөрвөн метр булаг маань дөрвөн км болсон байна. Энэ км-ээр хэмжигдэж байгаа нь бол яах вэ 10 жилийн хугацааных л даа. Гэхдээ л говийн тэр хатуу ширүүн нөхцөлд дөрвөн км урсаж байгаа булаг гэдэг бол нөгөө Амазон шиг л том мөрөн байгаа юм шүү дээ. Үнэхээрийн ач холбогдолтой том ажлыг бид санаачилж, хэрэгжүүлж, хийж буй юм. Ялангуяа энэ ажил уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нутгийн ард иргэд, зэрлэг амьтдад нэн ээлтэй сайхан ажил гэж бодож байгаа.
“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ
Хүний гараар бүтсэн “Тосон нуур”
Хунгийн дэгдээхэйнүүд хөвж яваа энэхүү нуур бол Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгийг хамран орших Тосон нэрт хүний гараар бүтсэн нуур юм. Монполимет компанийн хамт олон уул уурхайн үйлдвэрлэл явуулсан талбайдаа биологийн нөхөн сэргээлт хийж 16 га талбайг хамарсан энэхүү нуурыг 2001 онд байгуулж, 2011 онд Монгол Улсын гадаргын усны тооллогод “Тосон” хэмээх нэрээр бүртгүүлсэн байдаг.
25 жилийн турш биологийн олон янз байдал бүрдсэн цэнгэг уст Тосон нуурт таван төрлийн загас нутагшиж, найман зүйлийн усны шувууд зорин ирдэг бөгөөд нуур байгуулсан цагаас хойш хос хун ирж зусдаг болжээ. Мөн байгаль хамгаалах, усны шинэ эх үүсвэр бий болгох, нутгийн иргэдийн мал сүрэг, зэрлэг амьтад ундаалах, ургамал ногоо дэлгэрэх, хөрсний чийгшлийг хадгалах, хангах таатай орчин болсон байна.
“НОГООН” ДЭЛХИЙ
НҮБ-ын Дэлхийн усны хөгжлийн 2026 оны тайлангаас энэхүү хэсэгтээ онцолж байна. “Ус-Бүх нийтийн тэгш эрх, боломж” нэрээр хэвлэгдсэн энэхүү тайланд ус, хүйсийн тэгш байдлын хоорондын холбоо, дэвшлийн талаарх цогц, нотолгоонд суурилсан дүгнэлтийг оруулжээ. Аюулгүй, боломжийн үнэтэй ундны ус, ариун цэврийн үйлчилгээ авах, хангалттай хэмжээний усны хангамжтай байх зэргээр бүх хүний хамгийн үндсэн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай. Гэвч ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээнд хамрагдах боломжгүй үед ихэвчлэн өрх гэрээ усаар хангах үүрэг хариуцлагыг эмэгтэйчүүд, охид тэнцвэргүй байдлаар хүлээдэг. Цаашилбал, эмэгтэйчүүд усны хангамжийн засаглал, менежмент, түүний дотор санхүүжилт, устай холбоотой дэд бүтцийн хөгжилд бага төлөөлөлтэй байдаг. Энэ нь тэдний усны нөөцөд хандах, ашиг тусыг тэгш хуваалцахад саад учруулж, эрүүл мэнд, амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй юм гэж тайланд дурджээ.
Мөн хүн амын суурьшлын ундны ус, ариун цэврийн болон эрүүл ахуй хувьд 2024 оны байдлаар 2.1 тэрбум хүн аюулгүй ундны усаар хангагдаж чадахгүй хэвээр байгаа бол 3.4 тэрбум хүн аюулгүй ариун цэврийн үйлчилгээ, 1.7 тэрбум хүн гэр орондоо ч усны эрүүл ахуйг хангасан үйлчилгээ авч чадахгүй байна. Эмэгтэйчүүд, охид ус цуглуулах, зөөх үүрэгтэй байх магадлал өндөр тул ялангуяа алслагдсан эсвэл аюулгүй бус газарт эрсдэлд өртдөг. Ус зөөх нь бие махбодын ачаалал, гэмтэл учруулж болзошгүй бөгөөд эмэгтэйчүүд, охид хүйсийн хүчирхийлэлд өртөж болзошгүй гэж дүгнэжээ.
Үүнээс гадна ариун цэврийн байгууламж муу байгаагаас болж хувийн нууц, аюулгүй байдал дутмаг байгаа нь эмэгтэйчүүд, охидод илүү их сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ. Тиймээс тэгш эрхийг хангахын тулд хүйсээр ялгаж тусгаарласан, сайн арчилгаа, тохижилттой бие засах газрыг байгуулах ёстой бөгөөд эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн эрүүл ахуйг харгалзан зохих шийдлийг байгууламждаа багтаасан байх ёстой гэж тайланд онцолсон байна.
“НОГООН” АГААР
Анхааруулга: Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаа тул цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарна уу.
Хур тунадас: 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -8...-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -4...-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 хэм хүйтэн, өдөртөө +12...+17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-12 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчимд
Хур тунадас: 21-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм дулаан байна.