Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.
Цалин бууна гэх хүлээлт хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй олон залуусын хувьд сар бүр давтагддаг бараг дасал болсон мэдрэмж болжээ. Эхэндээ хэдхэн хоног хойшлох нь хэвийн мэт санагдана. “Орлого жаахан муу байна”, “маргааш өгнө” гэх үгс итгэл төрүүлнэ. Харин энэ хүлээлт сунжирсаар ажлын байр хаалгаа барьж, хариуцах хүн сураггүй болох мөчид ажилтан зөвхөн цалингаа бус, өөрийн хөдөлмөрийн үнэ цэн, эрхээ алдаж байгаагаа ухаардаг. “Маргааш өгнө” гэх амлалт ийнхүү монголын хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн их давтагддаг атлаа хамгийн баталгаагүй үгсийн нэг болжээ.
Өнгөрсөн зун Өвөрхангай аймагт байрлах “Номин” сүлжээ дэлгүүрт бараа өрөгчөөр ажиллаж байсан Х.Золтой байгууллага огт хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байна. “Хөдөлмөрийн гэрээ хийх өдөр менежер ирээгүй, хүний нөөц алга гэдэг байсан. Ингээд л ажиллаад эхэлсэн” хэмээн тэр ярив. Тухайн хугацаанд тогтмол ажилласан ч түүний тооцоолсноор авах ёстой 500-600 мянган төгрөгийн цалин нэг ч удаа олгогдоогүй. “Номин угаасаа цалин “мурьдаг”-аараа алдартай газар” гэж Х.Зол хэлэхдээ энэ явдлыг ганц өөрийнх нь бус олон хүнд давтагддаг гэдгийг онцолсон юм. Томоохон, олон салбартай, нэр хүндтэй сүлжээ дэлгүүр хүртэл хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж, цалин олгох үүргээсээ мултарч чаддаг нь асуудал хувь хүний түвшинд бус, тогтолцооны хэмжээнд байгааг харуулна.
Цалин бол ажил олгогчийн сайн дурын өглөг биш. Энэ бол хөдөлмөрийн гэрээгээр баталгаажсан, хуулиар хамгаалагдсан үндсэн эрх. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтны цалинг тогтоосон хугацаанд бүрэн олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр энэ заалт, ялангуяа бичгээр гэрээ байгуулаагүй, түр болон хагас цагаар ажиллагсдын хувьд бараг хэрэгждэггүй. “Гэрээ байхгүй” гэдэг ганц өгүүлбэр олон ажилтны эрхийг хүчингүй болгож байна.
Үйлчилгээний салбарт ажиллаж байсан Б.Лхагвасүрэн ахлах ангийн зуны амралтаараа кофе шопт хагас цагаар бариста хийж байсан тэрээр “хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй. Эхэндээ цалингаа өгдөг байсан ч дараа нь "орлого муу байна", "цалин өгөх боломжгүй" гэдэг болсон” хэмээн ярив.
Гурван сар орчим тэвчиж хүлээсний эцэст тэрээр цагдаад мэдэгдэж, иргэний шүүхэд хандсан ч бичгээр байгуулсан гэрээ байхгүй гэсэн шалтгаанаар хэрэг түүний талд шийдэгдээгүй байна. Хууль цаасан дээр үлдэж, бодит амьдрал дээр ажилтан хамгаалалтгүй хоцорсон нэг жишээ энэ юм.
Гэрээгүй хөдөлмөр эрхлэлт нь ажил олгогчид давуу байдал олгож, ажилчдыг нотлох баримтгүй, дуугүй байдалд үлдээдэг. Ийм төрлийн зөрчил зөвхөн хувийн хэвшлээр хязгаарлагдахгүй, төрийн байгууллагад ч илэрч буй явдал юм. Өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин сар бүрийн 25-нд олгогдох ёстой байсан ч 31-нд орсон тохиолдол гарсан. Энэ нь нэг удаагийн саатал байсан байж болох ч тухайн хугацаанд багш нар цалингүйгээр ажлаа үргэлжлүүлсэн бодит байдал өөрөө хөдөлмөрийн эрх зөрчигдөж байгааг илтгэнэ.
Энэ тухай ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Анхбаяр “Цалин буусан өдрүүд үнэхээр тарчиг байсан. Өр зээлээ дарахад хүндрэлтэй, хүүхдүүдийн хэрэгцээний мөнгө гэртээ хоол хүнс авахад ч хүрэлцэхгүй хэцүү байсан. Энэ хугацаанд ажиллах нь сэтгэл санаанд нөлөөлж, өдөр тутмын амьдралд их бэрхшээл учруулсан” гэж ярилаа.
Төрийн байгууллагад ажилладаг, улс орны ирээдүйг бэлтгэж буй багш нар хүртэл цалингаа хугацаанд нь авч чадаагүй энэ явдал нь “бизнес дэх хүний эрх” гэдэг ойлголт хувийн хэвшлээр хязгаарлагдахгүйг харуулж байна. Төр өөрөө ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх ёстой атал цалинг хойшлуулсан нь хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдэл юм. Төсөв оройтож орж ирсэн, зохион байгуулалтын асуудал үүссэн гэх тайлбар нь ажилтны эрхийг золиослох шалтаг болж чадахгүй.
Монгол Улс НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдамж зарчим”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн орон. Уг баримт бичигт бизнес төдийгүй төр өөрөө хүний эрхийг хүндэтгэх, зөрчил гаргасан тохиолдолд үр дагаврыг арилгах хариуцлага хүлээх ёстойг тодорхой заасан байдаг. Ашиг орлого муу, төсөв тасалдсан гэх шалтгаан нь цалин хойшлуулах үндэслэл биш. Эрсдэлийг ажилтан бус байгууллага үүрэх ёстой.
Цалингаа авч чадаагүй хүмүүс статистик тоогоор дурдагдаад өнгөрөх нь шийдэл биш. Тэд зуны амралтаараа хөдөлмөрлөсөн сурагч, аймаг орон нутагт ажилласан залуус, ангид зогсож хичээл заасан багш, өдөр тутмын хэрэгцээгээ залгуулахын төлөө хөдөлмөрлөсөн энгийн иргэд. Нэг байгууллагын хариуцлагагүй шийдвэр хэд хэдэн хүний амьдралд бодит хохирол учруулж, нийгмийн шударга ёсны итгэлийг эвдэж байдаг.
Цалингаа нэхэх нь гуйж буй үйлдэл биш. Цалингаа цагтаа өгөх нь сайн дурын хандив ч биш. Энэ бол хууль, үүнээс ч илүү хүний эрхийн асуудал. Хэрэв цалин “мурьдаг”, хариуцлагаас мултардаг тогтолцоог хувийн хэвшилд ч, төрд ч хэвийн мэт хүлээн зөвшөөрсөөр байвал “маргааш өгнө” гэх хоосон амлалт монголын хөдөлмөрийн бодит үнэн хэвээр үлдэж, цалин хүлээсэн энэ түүх бидний өөрсдийн түүх болон дахин дахин давтагдах болно.
М.Солонго
Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв НҮТББ-аас хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зохион байгуулсан “Бизнес дэх хүний эрхийн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах, энэ чиглэлээр сурвалжлах сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, чанаржуулах сургалт”-д хамрагдсаны хүрээнд бэлтгэв.