“Жаргалтай золгоё” үзэсгэлэн худалдаа болж байна.
Дөрвөн есийн жавар тачигнасан энэ өдрүүдэд хотын төвд байрлах “Аса Арена” буюу циркийн танхимд монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ баярын утга учрыг мэдэж, догдлон хүлээж, чин сэтгэлээ зориулдаг ахмадууд аль хэдийн ирчихсэн үр хүүхэд, ач зээгээ дагуулан хэвийн боов, сүү, цагаан идээний лангууг тойрч явна. “Жаргалтай золгоё” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
“Жаргалтай золгоё” үзэсгэлэн худалдаа болж байна.
Тэдний дунд үндэсний хувцасны хоёрхон лангуу байгаа нь содон харагдана. Тэр хэсгийг зорьж очсон хүмүүс үнийг нь асуун жаахан харж зогсож байгаад л хүнс рүү эргэж байлаа. Өөрийн урласан дээлүүдээ худалдаж буй оёдолчин Ч.Оюунгэрэлтэй уулзаж хэдэн үг солилоо. Тэрбээр уламжлалт, энгийн хийцтэй дээл урладаг аж. Хүмүүс нас, өмсөх орчноосоо шалтгаалан өнгө, загвараа өөр өөрөөр сонгодог ч ихэнхдээ гадаад өнгө үзэмжээс илүү материал, оёдлын чанарыг чухалчилдаг гэдгийг онцолж байв. Дээлийн үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй бөгөөд материал, хийцээсээ болоод 400-450 мянган төгрөг байна. Зарим дээлийг 350 мянга хүртэл хямдруулан худалдаж буйгаа хэлэв. Тэрбээр өөрөө дээлээ урлаж зардаг тул баяр дөхсөн ч үнэ нэмж зохиомол хөөргөдөл үүсгэхийг хүсдэггүй гэнэ.
Мөн дээлийн материал, эсгүүрээс гадна тухайн хүний нас, өмсөх орчин чухал. Ахмадууд зөөлөн өнгийг илүүд үздэг бол залуус арай тод, хөнгөн хийцтэй дээл сонирхох хандлагатай байдаг. Гэхдээ дээлийн захиалга ихэвчлэн уламжлалт баярын өмнөх богинохон хугацаанд л ирдэг. Уламжлалт хийцтэй дээл өдөр тутмын хэрэглээнээс улам холдож байгаа гэж ярьсан юм.
“Жаргалтай золгоё” үзэсгэлэн худалдаа болж байна.
Дээлийн лангууг зорьж ирсэн 24 настай Д.Номин-Эрдэнэ “Баярын бэлтгэл хийхээр ээжтэйгээ хамт явж байна. Цагаан сараар заавал дээл өмсдөг. Үүгээрээ монгол хүн гэдгээ илэрхийлж буй өв соёлын илрэл гэж боддог. Гэхдээ жилд ганцхан удаа өмсөх дээл авахын тулд 400-500 мянган төгрөг зарцуулах нь залуус бидэнд амаргүй. Дээл зөвхөн баяраар өмсдөг, үнэтэй хувцас мэт ойлгогдоход, залуус тийм бодолтой байхад хэт өндөр үнэ нөлөөлдөг гэж боддог” гэж бодлоо хуваалцав.
Тэдний ярианаас дээл ёс уламжлалыг хадгалж дамжуулах хувцас хэвээр боловч үнэ, хэрэглээ нь монгол хүмүүсээсээ улам холдоод ч байх шиг санагдлаа.
Харин ахмад үеийнхэн дээлийн материалын чанарыг чухалчлан, сайхан хийцийг анхаардаг. Гэвч дээл хэт үнэтэй болсныг өндөр настан Ц.Цэрэндэгд хэлэв. Тэрбээр
“Энгийн дээл 300-600 мянган төгрөг, хурган дотортой дээл 2-3 сая төгрөг хүрчихсэн байна шүү дээ. Уг нь Цагаан сараар гоё, сайхан дээл өмсөж ирсэн зочдоо хүндэтгэмээр л байна”
гэж байлаа. Ахмад хүмүүс дээлийг гоёл гэхээс илүүтэй өв соёл, уламжлал, хүндэтгэлийн илэрхийлэл гэж үздэг. Гэвч өнөө үед тэдний орлогоос олон давсан өндөр үнэтэй байна. Иймд тэд шинэ дээл авч өмсөхөөс илүү тавгийн идээ, хүмүүсийн гар цайлгах бэлэг сэлт бэлдэхийг зорьдог гэнэ.
“Жаргалтай золгоё” үзэсгэлэн худалдаа болж байна.
Оёдолчид, худалдаачид дээлийн үнийг тогтмол барихыг хичээж буй ч материалын өртгийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар хоёрын зөрүүг тэнцвэртэй байлгах боломжгүй байгааг ярьж байсан юм. Монгол уламжлалт дээлээ өдөр тутмын хувцас болгох, хот суурин газрын залуу хүмүүсийн дуртай хэрэглээ байлгахад үнэ өртөг чухал ажээ.
М.Солонго