У.Сандуйнжүд: Дутуу дулимаг судалсан, хэрэглээгүй болгосон шинжлэх ухаанаа дахин судалж хөрсөнд, амьдралд  буулгамаар байна

Цаасан дээр мянга сайхан юм байгаад хэрэг юу байна. Бодитоор ашиглахгүй хэрэгжүүлэхгүй бол тэр зүгээр л хог 

Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрд сайн сайхан ажиллаж, амьдарч, монгол хүний оюун ухаан, ур чадварыг батлан харуулсаар явна. Тэдний нэг Япон улсын Күрита компанид ажиллаж буй химийн инженер У.Сандүйнжүдийг “Инженерийн өнцөг” буландаа урьж ярилцлаа. Түүний шинжлэх ухаанч, сонирхолтой, уншууртай бас шударга ярилцлагыг хүлээн авна уу.

sanduinjud_gol_zurag1 "Инженерийн өнцөг” булангийн зочин, химийн инженер У.Сандуйнжүд. Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.

-Бидний урилгыг хүлээн авч манай “Инженерийн өнцөг” буланд өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцахыг зөвшөөрсөн танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.

-Намайг Уртнасангийн Сандуйнжүд гэдэг. 35 настай. Увс аймгийн Улаангом хотод төрсөн. ЕБС-иа Улаангомд дүүргэсэн. Хүүхэд байхдаа зуны амралтаар хөдөө их гарна. Нагац талаа дагавал Хархираа, Түргэний өндөр сүрлэг уулст, авга талаа дагавал Орлогын овоо, Бөөргийн элс, Увс нуурын эрэгт зуныг өнгөрөөдөг байлаа. Хангай болон говийн хүмүүсийн, олон ястны төстэй, ялгаатай байдлыг ихэд мэдэрч өсөж дээ гэж боддог. Ингээд намар хичээл эхлэхээр пад хар хүүхэд очно. Тэгээд хичээл,олимпиадад бэлдэнэ. Намар ирэхэд өрсөлдөгчид маань нэлээд сайжирчихсан байдаг байж билээ. Бөхөөр ярих юм бол Тулгаа заан байж дээ гэж өөрийгөө онгироодог шүү дээ. Энэ завшааныг ашиглаад багш Б.Цэрэн, Ю.Цэзэн, Д.Орломжав, П.Амгалан нартаа болон бусад нэр дурдаж амжаагүй багш нартаа үргэлж талархаж явдгаа хэлмээр байна.

-Та инженер болъё гэсэн сэдэл санааг хаанаас олж байсан бэ. Уг нь Увс аймагтаа ЕБС-иа төгсөөд тухайн үеийн ЭМШУҮИС одоогийн АШУҮИС-д эмч болохоор ирж байсан юм билээ шүү дээ. Тэгээд гэнэт япон хэл сурч эхэлсэн, Япон улс руу явсан. Энэ тухайгаа хуваалцаач?

-Нэг үгээр хариулахад их хэцүү асуулт байна. Товчхон хэлэхэд  хүний амьдралын сонголт  байжээ гэж боддог. Далд утгаар нөлөөлсөн зүйл гэвэл миний хувь хүний онцлог байх. Хүүхэд байхдаа “яагаад” гэдэг асуултыг  ойр тойрны хүмүүсээс шалдаг байсан. Тэгээд эмч байхаас илүү инженер болсон нь илүү олон “яагаад” гэдэг асуултад хариулж чадна гэж итгэж байсан. Тэгээд ч анагаахад байхдаа ч клиник эмнэл зүй гэхээсээ илүү эрүүл болон эмгэг физиологи, эмзүй, биохими гэх мэт аливаа зүйлсийн учир шалтгааныг нь ухдаг, тунгаадаг хичээлүүдэд дуртай байсан. Мэдээж клиник эмнэл зүй чухал л даа. Энэ бүх шинжлэх ухааны суурь сайн байж чухамхүү сайн клиник дээр гарамгай “Doctor House” эмч төрдөг гэж боддог. Тухайн үеийн Сандуй ирээдүйн сайн эмч болох сууриа бэлдэж байсан үе гэхээсээ илүүтэйгээр юмс үзэгдлийг нарийн ухаж яагаад гэдэг асуултад хариулах  нь сонирхолтой байсан үе байна гэж дүгнэдэг.

Японд ирээд анх япон хэл сурч эхлэхэд хэцүү байсан. Яагаад гэвэл аав маань өөд болоод удаагүй үетэй таарсан бас шинэ соёлын орчинд дасан зохицох гэж багагүй кортизол даавар ялгардаг байсан үе. Монголд эрхтэн тогтолцоо хүний бүтэц гэж яг юу юм бэ гэдгийг ойлгох гээд явж байсан хүн чинь японд ирээд япон хэл, математик, физик, хими гэх мэт суурийн суурь шинжлэх ухаанаар бөмбөгдүүлээд ирэхээр өөр л дөө. Хөгжилтэй зүйлс ч олон тохиолдсон. 

Нэг хөгжилтэй түүх хэлэхэд, анх монголоос гурилын мод, ариун цэврийн цаас, том шатар шажигнуулчихсан ирж байж билээ. Одоо найзууд маань гурилын мод, ариун цэврийн цаас монголоос японд авч ирж байсныг маань дурсаад шоолдог юм. Ангаахын дотуур байранд оюутнууд бүх юмаа бэлдээд очдог тэр сэтгэхүйтэйгээ л япон явсан хэрэг л дээ.

Сониноос, миний авч ирсэн хатуу орос ариун цэврийн цаастай харьцуулахад эндэхийн ариун цэврийн цаас зөөлөн хэрэглэхэд таатай байсан бөгөөд цаас боловсруулалтын хоёр өөр стандарт мэдрэх шиг болсон юм. Техник технологийн ямар ялгаа үүнийг бий болгосон бол гэж бодсоор байсан маань энэ үндэстнээс суралцах юм их байгааг сануулсан хөшүүрэг болсон. Өнөөдрийн өнцгөөс харахад надад тохиолдсон их хөгжил, их өөрчлөлтийн эхлэл үе байжээ. Энэ бүхэнд хамт байсан найзууддаа их баярлалаа гэж хэлмээр байна.

sanduinjud_zurag2 У.Сандуйнжүдийн ангийнхан Үсэглэлийн баяр тэмдэглэх үеэрээ. Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.

-Энэ хугацаанд та Япон улсын Ибараки Үндэсний Технологийн коллеж болон Нагаокагийн технологийн их сургуулийг төгссөн. Бас Тохоку их сургуулийн магистрын түвшинд суралцаж байсан. Олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр гэж харагдаж байна. Нөгөө талаар ийм амархан гэж үү ч гэдэг бодол төрүүлэх шиг. Хэрхэн ингэж амжилттай суралцсан бэ?

-Нэг үгээр хэлбэл шаргуу хичээл зүтгэл /GRIT/ байх. Гэхдээ би өөрийгөө тийм ч амжилттай суралцсан гэж бодохгүй байна. Тэгээд ч гадаад хэлээр нэн ялангуяа ханзаар хичээл үзэх амаргүй байсан. Оюутан байхдаа яс махандаа тултал ойлгосон зүйл гэвэл япон хэлээр ойлгох нэг хэрэг харин ойлгосноо шалгалтад ханзаар бичих гэдэг бол бас нэг өөр ойлголт юм байна гэдгийг мэдсэн. Күнзийн сургаалтай улсын онцлог байх, Японд бичгийн шалгалт ихтэй. Коллежийн ангид 40 орчим япон оюутан, нэг монгол, нэг хятад бас нэг хятад гаралтай малайз хүүхэд байсан. Хүн амын харьцаатайгаа тэнцүү япон хүүхдүүд байгаа гэсэн үг л дээ. Манай улс сайхан улс болохын тулд би энэ 40 хүүхдийг нийлүүлсэнтэй тэнцүү бүтээмжтэй байх ёстой. Өмнөд хөрштэй харьцуулъя гэвэл би бүр 400 хүний бүтээмжтэй тэнцэж таарах гээд байдаг. Энэ логик миний толгойд байнга эргэлддэг байсан юм. Энэ бодол миний хөгжлийн хөшүүрэг болох үе ч байсан бас дарамт, стресс болсон ч үе бий.

Надад коллежоос их сургуульд орох гэж шалгалт өгөх бас монбушо тэтгэлгээ сунгуулахын тулд голчоо 2,8 /3,0/ байх шаардлага байсан. Энэ нь бараг бүх хичээлээ 80 хувиас дээш үнэлгээтэй гаргах шаардлагатай гэсэн үг. Мэдээж эдгээр шалгалт монгол хүнд хэцүү, нэн ялангуяа хими гэх мэт бичих зүйл их хичээл надад маш хэцүү бас буруу шалгуураар өрсөлдөөд байгаа юм шиг санагддаг байсан. Гэхдээ дүрмийг би зохиож чадахгүй юм чинь дүрмийг сайн судалж өөрөө бэлдэхээс өөр сонголт байгаагүй. Шантармаар зүйл зөндөө байсан. Гэсэн хэдий ч япон шударга шалгалттай хүний өөрийнхгүй тэгш боломж өгдөг сайхан улс. Ийм болохоор бөхөөр яривал унасан, давсан алинд ч харамсах зүйлгүй.
Насаараа ажлын тогоонд чанагдсан шилдэг инженерүүдээс их юм сурч, үйлдвэрт ажиллах дөртэй болсон

-Япон улсын Ибараки Үндэсний Технологийн коллежийг та хими болон материалын шинжлэх ухаан мэргэжлээр төгссөн. Улмаар Хоэй Холдинг компанид Химийн процессын хөгжүүлэлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний хэлтэст үндсэн ажилтан болсон. Ажил, мэргэжлийнхээ онцлогийн талаар?

-Миний мэргэжлийг энгийнээр хэлэх юм бол үйлдвэрлэл гэдэг зүйлийг химийн шинжлэх ухаан талаас нь судлах, хөгжүүлэх ажил. Их өргөн хүрээг хамарсан хэр нь тухайн салбар бүрдээ маш нарийн олон задардаг онцлогтой мэргэжил.

-Тэгэхээр энэ компанид ажиллахдаа та багагүй хугацаанд нарийн судалгаа, шинжилгээний ажлууд хийсэн юм байна лээ. Тухайлбал, цахилгаан зуухны тоосжилтын судалгаа?

-Тиймээ, би багагүй хугацаанд цахилгаан нуман зуухны тоосны талаарх судалгааны ажил хийсэн. Миний ажлыг энгийнээр хэлбэл цайр болон төмөр ялгадаг ажил. Ердөө л энэ. Тайлбарлавал, Япон машин үйлдвэрлэгч учраас машины болон төмөр эд ангийг зэврүүлэхгүйн тулд заавал цайрддаг юм л даа. Монголд цайрдсан төмөр гэлцдэг. Ийм цайрдсан төмөрлөг ганг дахин боловсруулах явцад цайр маань буцаад “шүдний өвчин” болдог. Цайр 419.5 хэмд  хайлж, 907 хэмд ууршина. Металл дотроо харьцангуй нам температур. Төмрөөс харьцангуй бага температурт ууршаад тоос хэлбэрээр хуримтлагдах, гадагшлах явцдаа хийн хоолойг нь бөглөчихдөг. Энэ тоос ихэвчлэн цайр болон төмрөөс бүрддэг. Миний ажил бол энэ тоосноос цайр болон төмөр ялгах юм.

sanduinjud_zurag3 Нагасака багшийн хамт. Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.

-Цахилгаан зуухны тоосжилтын судалгаа шиг энэ төрлийн судалгааны ажил ямар нөхцөлд, ямар хугацаанд явагддаг вэ. Заавал тодорхой үр дүнг практик дээр гаргах зорилготой хийдэг гэсэн үг биз дээ, тийм үү?

-Ийм үйлдвэрлэлд чиглэсэн судалгаа их урт үе шаттай л даа. Эцсийн зорилго бол үйлдвэр барих юм. Суурь лаборатори судалгаа бүрэн гүйцэд хийсний дараа, үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааг хийнэ. Энэ явцад дан ганц химийн инженерийн мэдлэгээр шийдэх асуудал огтхон ч биш инженерчлэлийн асуудал илүү их тулгарна. Бас үйлдвэр юм чинь ашигтай байх шаардлагатай учраас санхүү  талаас нь харах ёстой. Тиймээс, ТЭЗҮ хийнэ. Энэ бол цэвэр багийн ажил. Би энэ багийн нэг гишүүн байсан.

-Мөн таны хүнд металлын ус цэвэршүүлэх туршилт, судалгаа. Тэгэхээр ямар үйлдвэрлэлд ашигладаг ямар, ямар хүнд элементүүд гэсэн үг вэ. Ер нь хүнд металлын усыг цэвэршүүлэх нь ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усны хамгийн анхаарах ёстой чухал асуудал шүү дээ. Та бүхний судалгааны ажлын арга барил, үр дүнгийн тухай?

-Үйлдвэрлэлд усгүйгээр хийх ажил цөөхөн. Ялангуяа химийн үйлдвэрлэл. Тиймээс устай холбоотой асуудалд шийдэл хэрэгтэй. Миний ажил бол цахилгаан нуман зуухны тоосонцроос цайр болон төмрийг хооронд нь ялгахад үүссэн хар тугалга, кадми, цайр, селени фтор гэх мэт элемент уснаас ялгах. Үүний шийдлийг олох ажил байсан. Манай баг компани, их сургууль, төр гурвын хамтарсан судалгааны баг байсан. Японоор 産学官連携 гэдэг. Их сургууль талаасаа манай Тохокү их сургуулийн профессор маань багийн судалгаа хариуцсан лидер байснаараа их онцлогтой. Мөн туршлагатай, насаараа үйлдвэрлэлийн салбарт  практик голлосон эрдэмтэд, онол суурилсан эрдэмтэд, насаараа ажлын тогоонд чанагдсан шилдэг инженерүүд байсан. Залуу хүний хувьд их юм сурсан. Үйлдвэрт ажиллах ажлын дөртэй болсон гэх юм уу даа.

“Фүкүшима Дайчи”-н ус боловсруулах бол нүсэр ажил

-Одоо Күрита компанид хийж буй ажлынхаа тухай манай уншигчдад сонирхуулбал?

Ерөнхийдөө үйлчлүүлэгчид устай холбоотой технологийн шийдэл хийж өгч байна. Ихэвчлэн Цахилгаан станцтай холбоотой. Ойрд хийж байгаа  нэлээн том ажил гэвэл Нүүрсхүчлийн хийн (CCS Carbon dioxide Capture and Storage) төсөлд ус дахин боловсруулах ажил. Нүүрсхүчлийн хийг амин гэдэг химийн бодисоор ялгаж авдаг. Үүнд их хэмжээний ус болон амин агуулсан ус ялгардаг. Үүнийг яаж дахин ашиглах вэ гэдэг бодлого бодож байгаа гэж хэлж болно. Бодлогын хариулт бол RO (Reverse Osmosis) гэдэг технологи юм. Технологийн хувьд RO хэрэглэхийн тулд заавал UF (Ultrafiltration)  болон UF-н өмнөх боловсруулалт байх шаардлагатай. Хамтдаа нэг бүрдэл (set)  гэж хэлж болно. Күритад ороод мембран технологи гэдэг шинэ ертөнцтэй танилцаад явж байна. 

Хэдийгээр би хими, химийн инженер ч гэсэн сайн мэддэггүй, хичээл дээр хэдхэн кредит үзэх төдий л байсан. Харьцангуй шинэ бас ховор /niche market/ юм л даа. Бас “Фүкүшима Дайчи”-н ус боловсруулах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа. Мембран технологи /шүүлтүүрийн технологи/ гэвэл ахуйн хэрэглээний ус шүүдэг шүүлтүүрээр төсөөлөгдөж магадгүй. Гэвч бидний мэдэхгүй олон зүйлд шүүлтүүр ашиглагддаг юм байна лээ. Хүнсэнд жимсний жүүс, сүү өтгөрүүлэх, анагаах ухаанд уураг ялгах, үйлдвэрлэлд ус боловсруулах, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл гэх мэт олон зүйлд ашигладаг. 

sanduinjud_zurag3_kurita Күрита компанийн хамт олонтой. Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.

-Та болон таны ажиллаж буй баг дулааны болон атомын цахилгаан станцын ус цэвэршүүлэх ажлыг хийдэг. Одоо бол голчлон “Tokyo Electric Power Company Holdings”-ийн “Фүкүшима Дайчи” цөмийн цахилгаан станцын ус цэвэршүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа гэж ойлгосон. Энэ ажиллагаа ер нь ямар учиртай, яаж явдаг юм бэ? Аюултай юу? Сүүлийн хэдэн сарын турш “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож эхэлнэ” гэдэг мэдээлэл авснаар монголчуудын дийлэнх нь айдастай байна. Таныг монголдоо болж буй үйл явдлын тухай мэдээлэл авдаг байх гэж бодож байгаа учраас энэ асуултыг тавьж байгаа юм шүү. Танаас шинжлэх ухаанч тодорхой хариулт хүлээж байна.

-Тиймээ. Товчхондоо “Фүкүшима Дайчи” осол их хэмжээний цацрагт ус болон хайлмал зуухан дотроос үлдсэн цацраг бүхий түлшний үлдэгдлийг гаргаж авах гэсэн  хоёр том ажил байгаа гэж харж байна. Үүнээс, Манай баг “Фүкүшима Дайчи”-н ус боловсруулах шийдэл гаргасан. Цаашид ч гаргаад явах байх. Би энэ багт ороод нэг жил болох гэж байна. “Фүкүшима Дайчи” бол ослын эхэн үед далайн усаар хөргөчихсөн учраас асар их хэмжээний далайн цацрагт ус байгаа. Үүн дээр нэмээд  хөрс борооны ус нэмэгддэг. Учир нь харьцангуй нам газар байрладаг. “Фүкүшима Дайчи”-н ус боловсруулах бол нүсэр ажил. Өөр жишээ гэвэл АНУ-д дэлбэрсэн “Three Mile Island”-ийг голын усаар хөргөсөн байдаг. Эсрэгээрээ “Фүкүшима Дайчи”-г далайн усаар хөргөчихсөн. Энэ нь эргээд ус боловсруулах технологийн талаасаа илүү хүнд болгоод байгаа. 

Та төсөөл дөө. Далайн усанд хэчнээн зүйлийн эрдэс бодис байгаа билээ дээ. Хэрэв, цэвэр уснаас цацраг идэвхт 137Cs, 90Sr ялгах бол нэг өөр асуудал. Далайн усан дотроос агуулсан цацраг идэвхт 137Cs, 90Sr-г ялгах бас нэг өөр асуудал болоод байгаа л даа. Технологийн хувьд цацрагт ус ялгах систем бол SARRY гээд Cs ялгах, ALPS гээд Sr ялгах системээс бүрддэг. Замд нь янз бүрийн усаа дахин боловсруулах RO систем болон Ca ялгах систем байгаа. Инженер хүн учраас илүү технологи талаас нь ярих гэж хичээлээ. 

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох талаар сонссон. Цаашид энэ салбар хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт тодорхойгүй байгаа юм. Энэ салбар хөгжөөд явах бол инженер хүний хувьд дэмжиж байгаа. Зүгээр нэг ухах гэдэг бол олон эрсдэл байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Салбарын хүмүүс нь нарийн судлаад хийсэн гэж итгэж байна. Уран олборлох мэдээж байгаль орчинд нөлөөлөлтэй нь ойлгомжтой гэж таамаглаж байна. Гэхдээ хамрах хүрээ хэр гэдгийг хараахан хэлж мэдэхгүй байна. Гэвч хортой гээд ашиглахгүй гэдэг ухаалаг бус хандлага. Төр болон иргэд, ТББ хяналтаа тавьсан шиг тавих хэрэгтэй. Тавьсан шиг тавих хэрэгтэй гэдэг маань хууль эрх зүйн хүрээнд шүү дээ. Малчин монгол хүний нүдээр  бол оршихуй, эс оршихуйтай холбогдох асуудал болж таараад байна. Нэн ялангуяа нутгийн иргэдэд. Малчин хүний үр сад болохоор ойлгож байна. Гэсэн хэдий ч бид урагшлах хэрэгтэй.

Нэг түүх хэлэхэд, би анх ажилд ороод удаагүй байхдаа туршилт бүр дээр айдаг байсан. Хэдий үйлдвэрийн өмнөх шат ч гэсэн том багаж төхөөрөмж ашиглана. Нэг өдөр цайрын исэл шүлтээр угаасны дараа шүүлтүүрээр шүүлээ. Тэгсэн өндөр даралттай халуун натрийн гидроксидтой халуун уусмал шүүгч хавтангаас олгойдож байсан. Хэрэв тэр өдөр нүдэндээ оруулсан бол би гарцаагүй сохрох байсан. Энэ бүхний эцэст илүү ухаалаг, илүү аюулгүй ажиллахын тулд илүү л сайжраад явдаг юм байна лээ.  Мэдээж үүнд цаг хугацаа болон мэдлэг хэрэгтэй байсан.

-Химич, судлаач хүний хувиар та ураны хор хөнөөл бас түүнийг ашиглахын давуу талын тухай ярьж өгөөч. Мөн Монгол Улсын иргэн, шинжлэх ухаантай ойрхон хүний хувьд өнөөдөр монгол оронд өрнөж буй урантай холбоотой асуудлыг юу гэж харж буй тухайгаа хариулж болох уу?

-Би хэдийгээр химич бас цацрагт бодистой холбоотой ажил хийдэг ч бүгдийг мэддэг хүн биш. Өөрийн харж байгаагаар дүгнэлт хийхэд, ямар ч хөрсийг хүчил болон шүлтийн уусмалаар үйлчлэхэд тухайн хөрсөнд байдаг матери химийн өөрчлөлтөд орно. Мэдээж хэдэн хувийн ямар уусмалаар яаж үйлчлэх вэ гэдэг тусдаа химийн кинетик онолын асуудал. Селени(Se), Арсен(As) /Хүнцэл/, Хар тугалга(Pb), Кадмий(Cd) хортой элемент үүсэх байх. Харин хамрах хүрээ нь үйлдвэр дотроо, түүнээс гараад сум, аймаг уу гэдэг л экологи нөлөө тодорхойгүй байна.

-Ер нь үндэсний үйлдвэр, тэр тусмаа хүнд үйлдвэрлэл хөгжүүлж чадсан улс хөгжлийн тухай, эдийн засгийн тогтвортой бие даасан байдалдаа итгэлтэй байдаг. Өнөөдөр Монгол Улсад хүнд үйлдвэрлэл гэвэл хэдэн цементийн үйлдвэр байна. Гэхдээ төрийн маш том дарамт дор тэд ажилладаг. Таны бодлоор бид юу үйлдвэрлэж, ямар хүнд үйлдвэр байгуулбал хэрэгтэй вэ?

-Юун түрүүнд дэд бүтэц, нэн ялангуяа цахилгаан эрчим хүчээ бэлтгэх хэрэгтэй. Бидэнд байгаа нөөц бололцоогоо ашиглая гэвэл зэс болон бусад суурь металл боловсруулах үйлдвэрээс эхлэх нь зөв гэж дүгнэдэг. 

Япон улсад төслийн хэрэгжүүлэлт болон  мөнгөний хяналт маш чанга байдаг

-Япон улс үндэсний үйлдвэрээ, судлаачдаа буюу шинжлэх ухааны салбараа хэрхэн дэмждэг вэ? Үйлдвэрлэл, шинжлэх ухааны халуун цэгт ажиллаж байгаа хүн тул танаас энэ асуултыг асуумаар байна.

-Яг бодит хэрэгжүүлэх шаардлагатай нийгэмд тулгамдсан болон нийт хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэх төсөлд эргэн төлөх болон 100 хувь эргэн төлөхгүй нөхцөлтэй дэмждэг юм байна лээ. Гагцхүү эдгээр төслийн хэрэгжүүлэлт болон  мөнгөний хяналт маш чанга байдаг нь ажиглагдсан. Төсвийн хөрөнгө юм чинь аргагүй биз дээ. Ийм үед төрийн байгууллага мөнгөний зарцуулалт болон төслийн хэрэгжилт, үр дүнгээ хянана. Их сургууль талаас онол зарчим болон зөвлөх маягтай. Компани төслийг хэрэгжүүлнэ. Цаасан дээр байгаа зүйлийг бодитоор багаж тоног төхөөрөмж дээр туршина. Шулуухан хэлэхэд хамаг бор ажлыг компани хийж байгаа юм.

Жишээ болгоод хэлэхэд би ийм гурван төсөл дээр ажиллаж байсан. Эхнийх нь, Цахилгаан зуухны тоосноос цайр болон төмөр ялгах төсөл. Энэ бол 100 хувь эргэн төлөх төсөл байсан. Хоёр дахь нь, хөнгөн цагааны хайлшнаас хөнгөн цагаан болон өндөр найрлагатай хайлш ялгаж авах төсөл байсан. Би энэ төсөлд их хувь нэмэр оруулаагүй болохоор товч дурдаад өнгөрье. Гурав дахь төсөл бол одоо ажиллаж байгаа “CCS Carbon dioxide Capture and Storage”. Төрийн байгууллагаас санхүүжилттэй төсөл юм байна лээ. Учир нь нүүрсхүчлийн хий дэлхийн дулааралд хүн төрөлхтний шийдэх ёстой чухал асуудлуудын нэг шүү дээ. 

sanduinjud_zurag5 Коосэн коллежийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр "Комаба-11" залуусын хамт. Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.

-Бүхий л салбар, мэргэжилд хүч түрэн орж ирж буй хиймэл оюуны нөлөө танай салбарт хэр байна вэ? Давуу болон сул талын хувьд?

-Large Language Model /Том хэлний загвар/-ийн хувьд бичиг цаасны ажил нэлээд хялбарчилж өгч байна. Хувьдаа бол байнга ашиглаж байгаа. Яг ажил дээр гэвэл хараахан орж ирээгүй байна. Үнэндээ, манай компани хувийн мэдээлэл алдахгүй үүднээс Coplilot-с бусдыг хэрэглэхийг хориглодог. Яваандаа аль аль нь илүү төгөлдөржөөд AGI /Artificial general intelligence/ буюу ерөнхий хиймэл оюун ухаан болоход тухайн компани бүрд зориулсан нь гарах байх. Тэр цагт ашиглах байхдаа гэж хардаг шүү дээ. 

-Та бас металлургийн чиглэлээр магистрын зэрэг горилон сурч байгаад түр завсарласан байгаа юм билээ. Үргэлжлүүлэн сурах уу?

-Үгүй. Гэхдээ би байнга суралцаж байгаа. Сурагчийн ширээнээс салаад удаагүй байхдаа надад нэг эргэлзээтэй асуулт байсан юм. Энэ юу вэ гэвэл, дан онол давамгайлсан хүн, практик дээр суурилсан онол суурьтай хүн эсвэл дан практик суурьтай бол аль нь илүү мундаг вэ гэдэг асуулт байсан.

Үүний хариулт бол манай салбарт хамгийн шилдэг нь практик, дараа нь онол практик хосолсон хүн. Хамгийн сүүлд дан онол давамгайлсан хүн орсон юм. Яагаад вэ гэвэл үйлдвэрлэлд тулгарч байгаа асуудал бол маш олон талаар харах шаардлагатай. Ихэвчлэн комплекс асуудал байдаг. Тиймээс асуудлыг олон талаас харах хэрэгтэй.

Хоёрт, жинхэнэ практик суурьтай хүн /現場たたき上げの人間- японоор ингэж хэлдэг/ маань өөрийгөө байнга олон талаар хөгжүүлж тухайн асуудалд тохирсон мэдлэгийг цаг тухайд нь эзэмших чадвартай. Аль эсвэл тохирох хүнийг олох чадвартай болсон байдаг. Тиймээс практик туршлага илүү үнэ цэнтэй, чухал гэж хэлнэ. Магадгүй 10 жилийн өмнө би ингэж хариулахгүйгээр онол илүү гэх байсан байх. 

-Та танилцуулгадаа ч дурдсан байсан, улс орондоо тулгамдаж буй салбарт анхаарч, өөрийгөө сайжруулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон гээд. Энэ зорилгодоо та хүрч байгаа юу? Монгол Улс химийн шинжлэх ухааны салбартаа хэрэгтэй, дадлага, туршлагатай сайн мэргэжилтэнтэй болжээ гэж ойлгож байна. Таны бодол?

-Хөгжөөд л явж байна. Өөрийгөө хараахан болоогүй гэж бодож байна.  

Залуучууд дургүйдээ, төвөгтэй болохоор байгалийн шинжлэх ухаан сонирхохгүй байгаа биш практик ач холбогдол олж харахгүй буй байх

-Үнэнийг хэлэхэд Монгол Улсад байгалийн шинжлэх ухаан сонирхож, судлан суралцах оюутан залуусын тоо маш цөөн байна. Бид хэрхвэл зохилтой бол?

-Тоёотад “яагаад” гэдэг асуултыг таван удаа асуувал тухайн асуултын жинхэнэ шалтгаан гарна гэж хэлдэг. Жинхэнэ шалтгаан юу байгааг олох хэрэгтэй. Тиймээс бодлого боловсруулах хүнээс асууж илүү гүнзгий ухах нь илүү зөв байх. Миний харж байгаа өнцөг бол боловсролын тухайн шат шатанд хичээл сургалтыг илүү практик дадлагад холбох хэрэгтэй байна. Бас төгсөж гарсан хүмүүсийг баталгаатай ажлын байраар хангах. Энэ хоёр хамтдаа байх шаардлагатай. Манайд аль аль нь дутагдалтай. Залуучууд дургүйдээ, төвөгтэй болохоор байгалийн шинжлэх ухаан сонирхохгүй байгаа биш сонирхоод яг яах юм бэ? гэдэг асуултдаа бүдрээд байгаа байх. Бүдрээд байгаа гэхээсээ илүү практик ач холбогдол олж харахгүй байгаа байх. Миний харж байгаагаар сүүлийн үеийн залуучууд илүү мэдээлэл сайтай, илүү прагматик сэтгэдэг гэж итгэж байгаа. 

-Танд Монгол Улсдаа ирж ажиллах сонирхол, цаашилбал зорилго байдаг уу?

-Монголдоо очиж ажиллахыг хүсдэг. Одоохондоо бодит гарц олдохгүй байна. 

-Судалгааны ажил хийнэ гэдэг зөвхөн ажлын цагаараа ажиллахын нэр биш болов уу гэж бодож байна. Ер нь янз бүрийн утга, санаа байнга л толгойд эргэлдэж байдаг байх тийм үү?

-Судалгааны ажил бол уншиж ойлгох, ойлгосноо практик дээр хэрэгжүүлэх их чухал. Ийм ажил хийвэл онол практик хоёрын ялгааг маш сайн ойлгодог болдог. Ялангуяа үйлдвэрлэлийн судалгаанд бодит практик инженерчлэл илүү чухал. Ер нь цаасан дээр мянга сайхан юм байгаад хэрэг юу байна. Бодитоор ашиглахгүй хэрэгжүүлэхгүй бол тэр зүгээр л хог. 

sanduinjud zurag6 fuji_san Япон улсын алдарт "Фүжи" уулын оройд. Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.

-Таны ажил гэр бүлдээ зарцуулах цагаас чинь хомсолдог уу. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Ажил амьдралын баланс алдаж болохгүй л дээ. Ажил амьдрал хоёрын дунд шугам татахыг хичээдэг. Харамсалтай нь миний сул тал бас давуу тал болдог зүйл бол энэ шугам. Энэ шилжилт их удаан явагддаг төрлийн хүн. Ажил дээр байхгүй ч ажил толгойд, эсвэл ажил дээр гэр толгойд байх үе олон. Чөлөөт цагаараа усанд сэлэх дуртай. Долоо хоногт тогтмол багадаа нэг ихдээ хоёр бол заавал сэлдэг. Усан дотор бодол цэгцэрдэг. Бас гэр бүлтэйгээ хамт байх, хүүхдүүдээ эрхлүүлэх дуртай. 

-Миний танаас онож асуугаагүй зүйл байгаа болов уу. Тийм бол та юу хэлэх вэ? Сүүлийн хариултыг танд үлдээж байна.

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад нэг үг хэлмээр санагдлаа. Дэлхийн соёлт хүн төрөлхтний мэдлэгийг маш сайн суралцмаар байна. Бас өөрийн үнэт зүйлээ хадгалмаар байна. Мөн түүнчлэн хэт хуучинсаг соёл уламжлалаа дахин харж тунгаан үзэж, орчин цагт тохирох, шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхэд эргэлздэг болмоор байна.

Дутуу дулимаг судалсан, хэрэглээгүй болгосон шинжлэх ухаанаа дахин судалж, цаасан дээрээс хөрсөнд, амьдралд  буулгамаар байна. Амьдралд дутуу дулимаг буулгаж зөвхөн нэг талаас харсан инженер шийдлээ монголчилж байна гэж худлаа баярхмааргүй байна. Бид өөрсдийн давуу болон сул талаа сайн мэддэг болмоор байна.

Монголчууд бол харизма лидерт дуртай, эго өндөртэй, ноён зантай ард түмэн гэж дүгнэдэг. Хандлагаа өөрчилж хүнтэй чин сэтгэлээсээ харьцаж, үйлчилж, үйлчлүүлэх соёлд  суралцмаар байна. Монголчууд бид ээдрээт түүхийн нугачаанд олон зүйл үзлээ. Одоо олдож байгаа нөхцөл боломжоо ашиглаад жижиг амин хувийн эрх ашиг биш нийт үндэстнийхээ эрх ашгийг нэгд тавиад хурдан хөгжмөөр байна. Эвлэх цагтаа эвлээгүй, хөгжих цагтаа хөгжөөгүй бол эцэстээ цус, нулимсаар төлнө гэдгийг дахин ухаараасай. 

Танд баярлалаа. Судалгаа, шинжилгээний ажилд нь их амжилт хүсье.