Бид 2022 оны яг энэ өдрүүдэд /2022 оны сүүлээр/ нүүрсний хулгайн хэргийг бүх нийтээрээ “шүүж” байлаа. Гэвч жилийн хугацаа өнгөрөхөд нүүрсний хэрэг аль хэдийн хуучирч, дараа дараагийн дуулиан шуугиантай мэдээлэлдээ анхаараад 40 их наяд төгрөгийн хулгайн хэргээ бараг л мартаж орхисон. Харин жилийн дараа УИХ-ын Хянан шалгах түр хорооноос удаа дараа хойшилсон нүүрсний сонсголыг зохион байгуулж, нэг хэсэгтээ л нийгмээрээ нүүрсний хэргийн сонсголд оролцсон гэрчүүдийг гоочилж шүүмжлэв. Гэвч сонсгол зохион байгуулж, хэн нэгнийг шүүмжилж харлуулснаар нүүрсний хулгайн хэрэг шийдэгдэнэ гэсэн үг биш. Сонсгол бол зөвхөн олон нийтэд бодит мэдээлэл өгөх зорилготой. Тэгвэл өнгөрсөн жилийн хугацаанд хууль хүчний байгууллагууд нүүрсний хэргийг хэрхэн шалгаж, үр дүнд нь юу болов гэдгийг эргэн харъя.
Нүүрсний хулгайн хэмжээ 40 их наяд төгрөг болно гэдгийг анх олон нийтэд мэдээлсэн хүн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд. Түүний тооцоолсноор алдагдсан нүүрс 3 их наяд, үнийн зөрүү 20 орчим их наяд, нүүрсний тээврийн хохирол 5 их наяд, оффтейк гэрээ 12 их наяд нийт дүнгээр нь тооцвол 40 их наяд төгрөгийн нүүрсийг улс төр, бизнес, хууль хүчний байгууллагын оролцоотойгоор хулгайлсан гэж мэдээлсэн. Гэхдээ сүүлд болсон нүүрсний сонсголын үеэр энэ тоо батлагдаагүй юм.
Ингээд олон нийтийн зүгээс нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улс төрчдийн нэрсийг зарлахыг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулсны дараа АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Энэ дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн удирдлагууд, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, Б.Ганхуяг, Эрхэт Монгол группийн захирал Х.Мандахбаяр нарын 17 хүн багтаж байлаа.
Гэвч өнөөдөр тэднээс ганцхан Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэрэг шүүхэд шилжсэн. Түүнтэй хамт энэ жагсаалтад нэр нь байгаагүй УИХ-ын гишүүн асан /өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн/ Т.Аюурсайхан яллагдагчаар татагдаад байна. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж эхэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Наранбаатарын хэргийг шалгаж байна гэх мэдээллийг АТГ-аас өгсөн.
Үүнээс харахад нэрсийг нь зарласан 17 хүнээс дөрвөн хүнийх нь хэрэг шүүхэд шилжиж, бусад төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хэрэг шүүхийн шатнаас өмнө хэрэгсэхгүй болж, хаагдсан гэсэн үг. Гэхдээ нүүрсний хулгайн хэрэгт өнгөрсөн хугацаанд төрийн өндөр, дээд албан тушаалтнуудаас гадна хил хамгаалах байгууллага, гааль, авто тээврийн үндэсний төв, мэргэжлийн хяналт зэрэг газруудын ажилтан алба хаагчид олноороо холбогдож, хэрэг нь аль хэдийн шийдэгдэж эхэлсэн.
Өнгөрсөн оны сүүлээр байгуулсан хууль хүчний байгууллагын хамтарсан ажлын хэсэг жилийн хугацаанд 10 хэрэг үүсгэж, 93 хүн, 2 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс одоогоор 6 хэрэг шийдвэрлэгдэж, 4 хэрэг нь шүүхийн шатанд хянагдаж буй.
Шүүхээр хянагдаж буй хэргүүд:
Шүүхээр шийдэгдсэн хэргүүд:
Товчхондоо нүүрсний хулгайтай холбоотой жижиг хэргүүд түргэн, шуурхай шийдэгдсэн бол төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай холбогдох хэрэг нь удааширчээ. Өөрөөр хэлбэл, хууль шүүхээр шийдэгдсэн хэргүүдийг харахад 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн хэргийг төрийн дунд, доод шатны цөөн хэдэн албан хаагчид үйлдсэн гэх дүр зураг харагдана. Ямар нэгэн улс төрийн өндөр дээд албан тушаалтны нөлөөгүйгээр хил хамгаалах байгууллага, гааль, мэргэжлийн хяналт, авто тээврийн үндэсний төвийн албан хаагчид нийлж нэгдээд ийм том хэргийг үйлдсэн гэхэд итгэхэд бэрх. АТГ-аас өгсөн хамгийн сүүлд нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувь нь шүүх рүү шилжсэн гэж мэдээлснээс харахад энэ хэрэг шийдэгдэж, дуусах шатандаа орсон гэсэн үг.
Тэгвэл одоогоор төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүсээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэг л шүүхийн шатанд хянагдаж байна. Тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр МАН-ынхан болон УИХ-ын гишүүдэд хандаж “Та нар бид хоёроор туг тахиад, жинхэнэ нүүрсний хулгайчдаа хамгаалах гэж байна. Энд хамтдаа суугаад асуудлаа яръя” гэх утгатай үгийг удаа дараа хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Ер нь бид хоёрыг ингээд хаячихвал бүх нууцыг чинь дэлгэнэ шүү гэж анхааруулаад байх шиг. Харин тэдний араас хэрэг нь шүүхэд шилжих магадлалтай хүмүүс бол Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар. Ингээд эцэст нь 40 их наядын нүүрсний хулгайн хэрэг 4 хүний асуудал болоод дуусч байна. Энэ хэргүүдийг шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж, хүлээхээс өөр арга бидэнд үгүй.