Ажил олгогчид таван удаа гадаад ажилтан авах хүсэлт гаргана
Ажил олгогчид таван удаа гадаад ажилтан авах хүсэлт гаргана

2025 онд шинэ ажлын зөвшөөрлийн хүсэлтийг таван удаа хүлээн авна гэж мэдэгдлээ.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгосын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаад ажилчдыг ажилд авахын тулд ажлын зөвшөөрөл хүсдэг. Энэхүү E-9 визээр ажиллах мэргэжлийн бус ажиллах хүчин авах ажлын зөвшөөрлийн хүсэлтийг хүлээж авах хугацааг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Мүнсү зарлав.

Тэрээр ажиллах хүч хэрэгтэй байгаа компаниудад Е-9 визтэй гадаад ажилчдыг цаг тухайд нь ажилд авах боломжийг олгох үүднээс 2025 онд шинэ ажлын зөвшөөрлийн хүсэлтийг таван удаа хүлээн авна гэж мэдэгдлээ.

Хүсэлт хүлээн авах хугацаа:

1 дүгээр хүсэлт: Хоёрдугаар сарын 10-21-нийг хүртэл

2 дахь хүсэлт:  Дөрөвдүгээр сарын 21- тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл

3 дахь хүсэлт: Долоодугаар сарын 7-18-ныг хүртэл

4 дэх хүсэлт: Есдүгээр сарын 15-26-ныг хүртэл

5 дахь хүсэлт: 11 дүгээр сарын 24-28-ныг өдөр хүртэл

БНСУ-ын Засгийн газар 2025 онд илгээгч 17 улсаас нийт 130 мянган ажиллах хүчин авахаар тогтсон. Энэ 130 мянган ажиллах хүчнээс эхний хүсэлтээр нийт 22,418 гадаад ажилчинд ажлын зөвшөөрөл өгнө. Үүнд, үйлдвэрлэлийн салбарт 16,328, хөлөг онгоц 625, хөдөө аж ахуй-мал аж ахуйн салбарт 2,347, загас агнуурын салбарт 2,077, барилгын салбарт 445, үйлчилгээний салбарт 596 гадаад ажилчныг ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг ажил олгогчдоос авах ажээ.

Харин хүсэлтийн үр дүнг ирэх гуравдугаар сарын 11-нд зарлах бөгөөд ажлын зөвшөөрлийг мөн сарын 12-25-ны хооронд олгохоор шийдвэрлэсэн байна. Ажлын зөвшөөрөл нь гарсан гадаад ажилчид тавдугаар сарын 25-ны өдрөөс БНСУ-ын хилээр нэвтэрч, ажиллаж эхлэх юм байна.

Ингэж ойр ойрхон гадаад ажилчдыг авах ажлын зөвшөөрлийг олгож байгаа нь аж ахуйн нэгжүүдэд шаардлага гарсан тухай бүрдээ шинэ ажилчин авах боломжийг өгч буй нэг арга хэмжээ гэж үзсэн байна. Мөн БНСУ-ын Засгийн газраас шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахын тулд жил бүр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэжээ.

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв