Үнэхээр харамсалтай, хүнд мэдээтэй өдрүүд байна. "Онцгой байдлын алба хаагч гурван залуу амь эрсдэж, 19 хүн эмнэлэгт хүргэгджээ" энэ мэдээг унших, бодох ямар хүнд вэ! Энэ осолд амь үрэгдсэн иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан өмнөх аймшигт мэдээний бэх нь ч хатаж амжаагүй байхад дахиад л …
Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс, Монгол Улсын иргэн хүний хувьд эх орондоо өрнөж байгаа үйл явдал, мэдээ мэдээллийг хүлээж авахдаа өөрийн амьдарч буй улстай харьцуулж жиших нь олонтоо. Өнөөдөр л гэхэд японы парламент хуралдаж байна.
Хуралдааны үеэр “газар хөдлөлтөд өртсөн иргэдэд чиглэсэн арга хэмжээ, тусламж дэмжлэгийн талаар” ерөнхий сайд Кишидагаас гишүүд асууж байна. "Гамшигт өртөж орон гэр нь сүйдсэн иргэдийн тусламжийн мөнгийг нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ?”, “усны асуудлыг яаж шийдэх вэ”, “Гадаа хүйтэн байна. Хоргодох байранд байгаа иргэдийн хоол хүнс халуун, шим тэжээлтэй байж чадаж байна уу?” гэх зэргээр асууж, хариулт авч байх юм.
Гишүүд асуудалд өөрсдөө иргэдийн байр сууринаас хандаж одоо яг ямар нөхцөл байдал, асуудал үүсээд байна түүнийг хэрхэн яаж даван туулахаа хэлэлцдэг.
Хэрэв манайх шиг энэ осол японд болсон бол:
Төв телевиз NHK хамгийн шуурхай бөгөөд бодитой мэдээллийг тухай бүрд нь хүргэнэ.
Засгийн газар, онцгой байдлын алба, төрийн албан тушаалтнууд хэн нэгнээр хэлүүлж, чичлүүлэхгүйгээр хамгийн эхэнд эмгэнэл илэрхийлж, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.
Уг осолд хэн буруутайгаас үл хамаарч газын компанийн төлөөлөл олон нийтээс уучлал хүснэ. Цаашид илүү анхаарал болгоомжтой ажиллах арга, боломж, аюулгүй байдлын сургалт зэрэг ажлыг компани дотроо хийж эхэлнэ.
Цаашид адил төстэй ослоор хүний амь эрсдэхээс сэргийлж холбогдох бүх салбар түвшинд асуудал хөндөнө.
Тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэх дүрэм, журам, хууль, эрх зүйн хяналт, хэрэгжүүлэлт дээр төрийн байгууллага, мэргэжилтнүүд хамтран ажиллаж өөрчлөх шаардлагатай зүйлсийг судалж тогтооно гэх мэт үйл ажиллагаа өрнөх байх.
Харин манайд юунд төвлөрч ач холбогдол өгч байна вэ? Хэвлэлийнхнийг цуглуулаад “Би буруугүй, бид буруугүй” гэдгээ л юунаас түрүүлж мэдэгдэх төрийн алба хаагчид буюу хариуцлагатай албан тушаалтнууд … Тэднээс одоо хариуцлага, ёс суртахуун нэхээд илүүц биз. Нэгэнт манай төрийг удирдаж буй хүмүүст заяагаагүй зүйл гэж хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөх болжээ. Маш харамсалтай.
Уг нь одоо ослоос үүдсэн асуудлуудыг түргэн хугацаанд шийдвэрлэх, дахин ийм төрлийн осол гаргахгүй байх, гарсан ч хохирол багатай даван туулах, яаралтай авах арга хэмжээг зөв, оновчтой зохион байгуулахаар ажиллаж байх учиртай, бусад орны жишгээс харвал. Харин Монгол Улсад маань тэр чухал бодлого, тогтолцоо дутагдсаар л …