“Хүний амь”-аар гал унтраадаг явдал хэзээ дуусах вэ Г.Ариунбуян дарга аа!
“Хүний амь”-аар гал унтраадаг явдал хэзээ дуусах вэ Г.Ариунбуян дарга аа!

Албан үүргээ гүйцэтгэж явсан гурван залуу дэлбэрэлтэд өртөж амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Тэд бусдын амь насыг аварч, аюул эрсдэлээс хамгаалахаар тангараг өргөсөн албан хаагчид хэдий ч өөрсдийнхөө амийг өгөх ёсгүй. Тэд тангараг өргөсөн ч амьд явах эрхтэй. Харин тэднийг албан үүргээ гүйцэтгэж байх үед, шаардлагатай техник хэрэгслээр хангаж, удирдан зохион байгуулж, аюул эрсдэлээс хамгаалах ёстой байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газар. Тэгвэл энэ байгууллага үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

Энэ бол анхны тохиолдол биш. Өнгөрсөн оны сүүлээр Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцанд гарсан галыг унтраахаар очсон онцгой байдлын албан хаагч мөн л амиа алдсан. Бусдын амь насыг аврахын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амиа алдлаа гэсэн гашуудлын мэдээтэй хамт тэр хүний амьдрал ч бас дууссан. Гэтэл өнөөдөр дахиад гурван амь.

Мэдээж гэнэтийн аюул, ослыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллага аливаа дуудлага мэдээллийг авсан даруйд аюул эрсдэлийг нь тооцоолж, албан хаагчдадаа заавар, зөвлөгөө өгдөг нь ойлгомжтой. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдлыг буруу тооцоолов уу? 60 тн хэмжээтэй газ ямар хэмжээний дэлбэрэлт үүсгэж болохыг энгийн хүн мэдэхгүй. Харин мэргэжлийн хүмүүс үүнийг тооцоолох ёстой. Хэрэв тооцоолж чадсан бол албан хаагчдыг гал гарч буй цэгээс ямар зайд байвал амьд үлдэх боломжтойг урьдчилан сануулж чадна. Гэтэл галын цэгээс хэдхэн метрийн зайд зогсож байсан гурван залуу дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн ёмкост дарагдан амиа алдав.

“Шалаанк чирээд гал руу гүйдэг цаг өнгөрсөн. Ийм аюултай гал руу албан хаагчдыг ойртуулахгүй зайнаас бодис харвах, дрон нисгэх гэх мэт технологийн шийдлүүд байна. Онцгой дэгдэмхий бодис шатахад ус байндаа хүрч чадахгүй замдаа ууршдаг юм билээ. Онцгойгийн албан хаагчиддаа хэдэн ийм төхөөрөмж аваад өгвөл бодитой дэм болно шүү” гэх зэргээр иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байна.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

ontsgoi_darga 

“Газтай машин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй давхар хий эргэлт хийж, автомашинтай мөргөлдсөнөөр гал алдсан” гэсэн юм.

Магадгүй газтай машины жолоочийн буруу болж таараад хариуцлага хүлээж болно. Үүнийг цагдаагийн байгууллага тогтоож шалгах нь тодорхой. Харин дараагийн удаа гал гарахад онцгой байдлын албан хаагчид аюул эрсдэлээ урьдчилан зөв тооцоолж, амь насаа алдахгүй гэх баталгаа байна уу. Онцгой байдлын байгууллагын үеийн үед ярьдаг бас дорвитой шийдэж чадахгүй явсаар ирсэн нэг асуудал бол албан хаагчдын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл. Албан хаагчид амиа алдаж буй нь үүнтэй  холбоотой юу, эсвэл дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь ажиллахдаа аюул эрсдэлээ зөв тооцоолж чадахгүй байна уу?

Үүнийг тодорхойлж удирдлага зохион байгуулалт, техник хэрэгсэл, ажилчдын хувцас хэрэгсэл, аюулгүй байдалд нь анхаарахгүй бол дахиад хэдэн хүний амь авахыг хэлэхэд бэрх байна. 

 “Хүний амь”-аар гал унтраадаг явдал хэзээ дуусах вэ Г.Ариунбуян дарга аа!