12 сарын 20, 2024
Бөөсөнд нуугдсан бизнес
Бөөсөнд нуугдсан бизнес

Монголд толгойн бөөсний халдвар ихсэж тэр тусмаа цэцэрлэг болон баг ангийн сурагчид, эцэг эхчүүд, багш нарын толгойн өвчин болжээ. Нэрэлхүү зантай монголчууд энэ  асуудлыг ил гаргаж тавих хүсэлгүй, далдхан шийдэх арга зам хайсаар л. Гэртээ хүүхдийнхээ үсийг угаагаад, шүүрдэж самнаад ч шийдэж чадахгүй эцэг эхчүүд эцсийн арга бөөсний салон болж байна гэдгийг бидэнтэй уулзсан ээжүүдийн яриа гэрчилж байна.

“Бөөсний салон” нийслэлийн хэд хэдэн хэсэгт үүд хаалгаа нээн, бөөстэй тэмцэж эхэлжээ. Үүний нэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хурд Рапид” хотхонд байрлах бөөсний салоныг зорилоо. Эдийн засагч мэргэжилтэй Г.Ганбилэг нь “Lice cleaning салон” нэртэй тус салоныг үүсгэн байгуулаад гурван сарын нүүр үзэж байгаа аж. Энэ хугацаанд 300 гаруй үйлчлүүлэгч  зорин иржээ. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тэд ачааллаа дийлэхгүй өдрүүд цөөнгүй байдаг тухай ярьж байлаа. Нэг удаа үйлчилгээ авахад 80 мянган төгрөг бөгөөд бөөстөлтөөс шалтгаалан хэдэн ч удаа ирэх тохиолдол байдаг байна. Харин багцын үйлчилгээ 180-220 мянга төгрөгийн үнэтэй.

Бөөсний тархалт халдварын тухай “Арьсны өвчин судлалын үндэсний төв”-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Д.Уранцэцэг “Арьс өвчин судлалын амбулатори дээр бөөснөөс үүдэн эмгэгшсэн иргэн цөөнгүй ирж байна. Тухайлбал, цэцэрлэгийн насныхан дийлэнх хувийг эзэлж буй юм. Энэ нь цэцэрлэг сургуулийн нягтаршил их, дүүргэлт хэтэрсэнтэй шууд холбоотой байна. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын зүгээс бөөсийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй. Ор тасалгаа болон эмнэлгийн даац хүрэлцэхгүй. Тиймээс мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч гэрийн нөхцөлд арилгах чиглэл өгдөг. Нийгэмд бөөс нь бохир заваанаас үүсдэг гэх ташаа ойлголт байдаг. Энэ бол худал зүйл, ямар ч давхаргын хүмүүс өвчлөх боломжтой халдварладаг өвчин. Учруулах хор хөнөөлийн хувьд тууралт гарч загатнах, хазсан шарх нь загатнах, хуйханд хөндүүр шарх үүсэх, шөнө унтахад тухгүй болох зэрэг сөрөг нөлөө илэрдэг. Цэвэрлэж устгахгүй удвал арьсанд гүн шигдэж цаашлаад цусанд үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг" гэдэг мэдээллийг өгсөн.

Бөөсийг бохир заваан зүйлээс үүддэг, нийгмийн эмзэг давхаргынхан л өртдөг гэх буруу ойлголт, мэдээлэл дутмаг байдал нь энэ халдвар хурдацтай тархахад нөлөөлдөг аж.  Бусдад ярихдаа ичих, санаа зовох, манай хүүхдийг “бөөстэй” хэмээн гадуурхах вий зэрэг айдсаас үүдэн энэ халдварыг даамжрахад  хүргэдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ буруу ташаа ойлголтоос үүдэн монголчууд тэр чигтээ толгойн бөөстэй болохыг ч үгүйсгэх арга алга.

Бөөс нь хүний цусаар хооллодог шимэгч амьтан. Дэлхийн бүх оронд тархсан халдварт өвчин аж. Жилд 100-аас дээш сая хүн өвчилдөг гэсэн баримт ч хүртэл байна. Тэр битгий хэл “Дэлхийн бөөсний өдөр” байдаг. Жил бүрийн 10 дугаар сарын 12-нд бөөснөөс үүсэх эрүүл мэндийн асуудлуудыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих зорилготой аж.

Үүнээс харахад олон улсад аль хэдийн бөөсний халдварыг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал АНУ-д жилд 12 сая хүн бөөсний халдвараар өвчилдөг. Бусад хүн амын нягтаршил ихтэй БНХАУ, Энэтхэг зэрэг улсад бөөсний клиник эмнэлэг хүртэл нээгдсэн байдаг гэнэ. Тиймээс бид бөөсийг заваан, нийгмийн доод давхаргынхан өвчилдөг, ядуусын зэрэг үзлээ эцэслэх цаг иржээ.

Бөөс нь толгойн, биеийн, бэлгийн  бөөс гэх гурван төрөл байдаг. Манай улсын хувьд 90 хувь нь толгойн бөөс байна гэж мэргэжилтэн хэлэв. Мөн хоёр хүйсээр ялгадаг эм нь нэг сар амьдарч өдөр бүр 7-10 өндөг гаргах чадвартай. Өндөгний боловсрох хугацаа нь найман долоо хоноод хуурс болно. Хуурс нь ахин найман долоо хоноод бөөс болох процессоор үржин ихэсдэг.  Цагаан  өнгөтэй нүдэнд амархан анзаарагдана. Зарим асран хамгаалагчдын хувьд мэдэхгүйн улмаас үүдэн хуурсыг үсний хагтай андууран тоолгүй орхисноос бөөстөлт улам нэмэгдэх, цааш халдварлах нөхцөл үүсдэг  гэдгийг ярилаа.

“Lice cleaning” салонд бөөсний тухай мэдлэг мэдээлэл дутмаг эцэг эхчүүд их ирдэг байна. Ихэвчлэн “манай хүүхдийн толгойд харшил өгч тууралт үүссэн” гэж хандах нь элбэг гэнэ. Салоны үйлчлүүлэгчийн олонх нь цэцэрлэгийн насныхан. Мөн хүүхдээсээ бөөсний халдвар авсан ээжүүд ч цөөнгүй гэлээ.

Бөөсний өөр нэг бизнес үүсэж бүр луйврын шинжтэйгээр цэцэглэж байна. Энэ бол цахим орчинд зарагдаж буй  “бөөсний шампунь” гэх хулхи бараа бүтээгдэхүүн гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Тухайн шампунь химийн орц найрлага ихтэй учир үсний хуйхыг түлж харшил үүсгэдэг гэж хэрэглэж үзсэн ээжүүд ярьж байв. “Lice cleaning” салоныхон химийн найрлагатай бүтээгдэхүүн аль болох баг ашиглаж тэрчлэн гар аргаар түлхүү цэвэрлэдэг гэж ярьж байна.

Бөөсний өвчлөлийн 80 хувийг цэцэрлэгийн насныхан болон бага ангийнхан эзэлж буй тухай мэргэжилтнүүд хэлж байв. Нийслэлийн 243 дугаар цэцэрлэгийн эмч М.Жаргалтуяа “Цэцэрлэгийн насныханд бөөсний халдвар их байна. Бид өдөр тутамдаа үзлэг хийдэг. Үзлэгээр бөөс илэрвэл эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэж бөөсийг нь бүрэн цэвэрлэж дууссаны дараа цэцэрлэгт  хамруулахыг шаарддаг. Асран хамгаалагчид өөрсдийн ажлаас үүдэн  хүүхдээ  цэцэрлэгт нь тогтмол явуулахыг хүсдэг. Энэ нь бусад хүүхдэд бөөсний халдвар халдах эрсдэлтэй байдаг” гэж ярьсан.

Бөөс нь хоорондоо хүрэлцэх, сам болон боолтоор халдварлан дамждаг. Нэг ангид байх хүүхдийн тоо хоёр, гурав дахин хэтэрсэн нь бөөсний халдвар хурдацтай тархахад нөлөөлж байгааг цэцэрлэгийн багш Н.Нарангэрэл хэлэв. Нийгмийн халдварт өвчнөөс салахын тулд нийтээрээ, үнэн зөв мэдээлэлтэй байх нь чухал байна. Толгойн бөөс нэг хэсэг хүмүүсийн толгойн өвчин, нөгөө хэсгийнх нь бизнес болоод амжлаа. Мэргэжилтнүүдийн яриа бодит байдлаас харахад энэ асуудлын гол шалтгаан нь эргээд л  нийгмийн хүнд асуудал болоод ирж байна. Гарч шийдэл хайдаг ч  шийдэж чадахгүй байгаа. Өөрөө хэлбэл бас нэгэн шийдэлгүй асуудал үүслээ.

Хэдэн жилийн өмнө Хятад улсаас орж ирсэн үсний боолтоос бөөс гарсан гэх мэдээлэл тархаж нэг хэсэг хүн итгэж ч байв. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл болохыг эрдэмтэд хэлдэг. Өнөө цагт хамгийн чухал нь нийтээрээ үнэн зөв мэдээлэл, ойлголттой байж, бөөсийг хүлээн зөвшөөрөх зайлшгүй шаардлага үүсжээ. Бөөс аль хэдийн нийгмийн эрүүл мэндийн нийтээрээ анхаарах ёстой асуудал болсныг мэргэжилтнүүд батлан хэлж хүлээн зөвшөөрч байна.

Бөөс бизнес болсон шалтгаан нь “ядуусын өвчин”-өөр халдварлаж нийтийн дунд гадуурхагдах байх, доромжлогдох вий гэсэн сэтгэл зүйн айдсаас үүдэлтэй. Нэрэлхэж нуугдах бус нийтээрээ бөөсийг хүлээн зөвшөөрч, далд биш эл тэмцэх цаг болсон.

Б.Лувсанпэрэнлэй