Амьдрахын тулд, амьдрахын ч гэж дээ амь зуухын тулд тэмцэлдэж байгаа юм, энэ хотод. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл тодотголтой. Өвөл эхэлсэн цагаас хойш амьдрал улам бүр хэцүү болно. Хүмүүс хар өнгийн хувцас өмсөөд, халтирч унахгүйн тулд бээцийгээд алхдаг. Утааны улмаас урдах зам ч олигтой харагдахгүй, амьсгалахын тухайд ярих ч юм биш, бага насны хүүхдийн амьсгал боогдсон дуудлагаар 103 дугаарын утас “шатаж” байдаг.
Агаар цэвэрхэн байна гэдэг ойлголт энд үгүй. “Цэвэр агаар” нэртэй “мөнгө угаах” сан харин байсан. Утаагүй түлш, утаагүй зуух, утаагүй, утаагүй ... гэх зүйлс олон бий. Гэвч иргэд харж, хэрэглэж, үр дүнг нь үзэж байгаагүй. Дэлхийн хотуудын агаарын чанарын индексийг харахад Улаанбаатар үргэлж бохирдолтой байдаг. Хүний эрүүл мэндэд асар аюултай нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-н хэмжээ Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн зохист хэмжээнээс байнга хэтэрсэн байдаг. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай гэж эрдэмтдийн тогтоосон аюулт тоосонцор хотын агаарт 12, 13, 15, 17, заримдаа бүр 35 дахин их байдаг. Уг нь тус байгууллагаас РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 24 цагт 15 мкг/м3 гэж зөвлөсөн байдаг бол Монгол Улсын стандарт 50 мкг/м3 гэж тогтоосон байдаг.
Яагаад ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээнээс 3,3 дахин их тоог монголд тохиромжтой гэж тогтоосон бэ?! Бас л асуудалтай боловч өнөөдрөө аргацааж, маргаашийн тухай бүтэн бодож чадахгүй байгаа учир үүнийг анзаарах сөхөө манай хотынхонд байхгүй.
Байнга толгой дүйрч өвдөх, хоолой хорсох, дотор муухай оргих, ... зэрэг бол хотын иргэдийн наад захын асуудал. Зарим хүн асуудал гэж харахаа болиод ч уджээ. Энэ утаа, бохирдол дунд хүний эрх, Монгол Улсын Үндсэн хууль, ... ер ямар ч хууль, дүрэм, стандарт үйлчлэхээ байгаад удаж байна. Ямар тохиолдолд, юу болсон үед эдгээрийг эргэн санахыг үл мэднэ.
Сүүлийн гурван жилд зөвхөн утааг бууруулахтай холбоотойгоор тус бүр 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тавьжээ. Зөвхөн “Цэвэр агаар сан” байгуулагдсанаас хойш гурван их наяд гаруй төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий. Энэ мэтчилэн утааг бууруулах чиглэлээр зарцуулсан зардал, гаднын, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийг тооцвол маш олон оронтой тоо гарах нь тодорхой. Гэвч харамсалтай нь юу ч өөрчлөгдөөгүйг өнөөдрийн утаа, өнөөгийн нөхцөл байдал гэрчилж байна.
Манай хотын иргэд нэгдэж дуугарахаас айдаг тул чимээгүйхэн л ханиадаа дарахын тулд эмийн санд, хатгаагаа эмчлүүлэхийн тулд эмнэлэгт дараалж байна. Толгойн өвчин намдахаа больсон тул эмчийн зөвлөснөөр өдрийн цалингаараа шингэн хүчилтөрөгч худалдаж авлаа. Би энэ хотын чимээгүй, өрөвдөлтэй иргэдийн нэг. Амь зуухын тулд өвдөх эрхгүй. Дахиад ч хүчилтөрөгч ...