12 сарын 09, 2024
Утааны сонсгол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэх үү?
Утааны сонсгол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэх үү?

У.Хүрэлсүх бол утааны асуудлаас тодорч гарсан ерөнхийлөгч. Нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглож, шахмал түлшний хэрэглээг эхлүүлсэн Засгийн газрын тэргүүний шийдвэр агаарын бохирдлыг 30-50 хүртэл хувиар бууруулсан гэх мэдээлэл түүний нэр хүндийг огцом өсгөсөн. Өөрөө ч энэ боломжоо мэдрэмжтэй ашиглаж, ковидын үеэр нярай биетэй эмэгтэйг төрөх эмнэлгээс дан халаад, углааштай гаргасан гэх эмнэлгийн ажилтнуудын үйлдэлд Ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээлээ гэх нэрээр Ерөнхийлөгч болох замаа засаж байлаа. Ингээд энэ эрчээрээ явсаар Ерөнхийлөгч болж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зургаан жил монгол төрийн сэнтийд залрах эрхээ авч чадсан. Гэхдээ түүний хүсэл дуусаагүй бололтой. Дахиад төрийн тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллах хүсэл нь Ерөнхий сайд, УИХ-ын даргатай зөрчил үүсгэж, төрийн өндөрлөгүүдийн дунд улс төрийн эрх мэдлийн төлөөх “зодоон” үүсгэсэн гэх мэдээлэл оргүй биш аж. Төсвийн хоригоос эхлээд зэс нь цухуйж эхэлсэн тэдний зөрчил утааны сонсголоор үргэлжилж мэдэх нь.

Нээлттэй “сонсгол”-оор өрсөлдөгчөө намнах ээлжит арга

УИХ-ын нээлттэй сонсголыг хэрхэн өрсөлдөгчөө муухай харагдуулах, “намнах” арга хэрэгсэл болгон ашиглаж болдгийг сонгуулийн өмнө бид хангалттай харсан. Нээлттэй сонсголоор ил болсон баримтууд, шинжээчийн дүгнэлт, гишүүдийн асуулт хариулт энэ бүхэн олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх зорилготой ч гэлээ эцэст нь энэ хүн л буруутай юм байна гэх ойлголтыг түгээж, харагдуулж, зохион байгуулж чаддаг нь өмнөх сонсголуудаас харагдсан. Харин ээлжит сонсголын нэг бай нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болж магадгүй.

Учир нь утааг эсэргүүцэж, нээлттэй сонсгол хийхийг шаардаж жагссан Ч.Ганжавхлангийн тэмцлийг улс төрийн оролцоотой гэж цахим орчинд олон хүн шүүмжилж байна. Зүгээр ч нэг шүүмжлэл биш, олон танил нэр нөлөө бүхий хүмүүс оролцож, цахим орчинд талцал үүсгэж чадаж буй нь дээрээс шидсэн чулуу байж мэдэх юм. Ингэхээр Ганжавхлан яг өөрийн итгэл үнэмшлээр жагссан уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдэж байна.

Гэхдээ энэ бүхний ард нэг тодорхой үр дүн гарсан нь утааны сонсгол. Харин энэ үр дүнг эртнээс тооцоолж бэлтгэсэн үү, эсвэл зүгээр тохиолдлоор ингээд таарчихав уу гэдгийг бид бодох учиртай.

462649311_1645242352696520_4068536117459258171_n 

Тодруулбал, цахим парламентын https://petition.parliament.mn/ хаягт “Утааны сонсгол хийцгээе! Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!” нэртэй өргөдлийг Б.Мөнгөнхишиг гэж хүн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр санаачлан эхлүүлжээ. Эхний хэдэн өдөр дорвитой санал авч чадаагүй байсан өргөдөл Ч.Ганжавхлангийн жагсаалын үеэр эрс нэмэгдэж, утааны сонсгол зохион байгуулахыг дэмжсэн хүний тоо 70000-д хүрэв. Хэдэн өдөр хэрүүл шуугиантай үргэлжилсэн жагсаалын асуудал өнөөдрөөс намжиж байна. Гэхдээ жагсаал зохион байгуулагчид өөрсдийн хүссэн үр дүндээ аль хэдийн хүрсэн байж мэдэх юм. Харин бид өөрсдөө ч мэдэлгүй олны хэсэгт нь тоглосон байж магадгүй.

Улс төр бол үргэлж эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө улайран тэмцэлдэж байдаг талбар. Ингэхдээ энэ талбартаа олон нийтийг аль болох татан оролцуулахыг хүсдэг. Ийм нэг арга нь нээлттэй сонсгол болсон. Утааны сонсголоор хэн юу ярьж, ямар үр дүнд хүрэхийг харах л үлдлээ.