Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
2024 он дуусахад 25 хоног үлджээ. 2024 он гарснаас хойш хүн 340 өдрийн дотор хүн төрөлхтөн 1,973,545,197 /2024.12.05-ны 18:50 цагийн байдлаар/ тонн хог хаягдлыг дэлхий ертөнц дээр бий болгожээ гэж “theworldcounts.com” сайтад мэдээлж байна. Энэ тоо секунд тутам хэдэн мянга, сая тонноор нэмэгдэж байгаа юм. Үүнээс хойш хэрхэн нэмэгдэж буй тухай тоон мэдээллийг холбоос Хүн төрөлхтний бий болгож буй хог хаягдал дээр дарж харна уу.
Бид жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдлыг хаядаг. Бүгдийг нь ачааны машинд ачаад цуваа үүсгэвэл дэлхийг 24 удаа тойрох хэмжээний хог хаягдлыг ганцхан жилийн дотор бий болгодог байна. Үүний гол шалтгаан нь хүмүүс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ 99 хувийг зургаахан сарын дотор хог руу хаядагтай холбоотой гэжээ.
Манай редакц нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж, аливаа асуудлын гарц шийдлийг эрэлхийлсэн хөгжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг бэлтгэн уншигч, үзэгчдэдээ хүргэдэг. Бид энэ удаа шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ байгальд ээлтэй баярлахыг уншигчдадаа уриалж, энэ төрлийн туршлагуудыг хуваалцаж байна.
Монголчууд шинэ жилийн баярыг нь гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд өргөн тэмдэглэдэг болжээ. Олон баярт үйл явдал, тэр үдшийн гоёмсог дэгжин байдалд автсан хүний олонх нь үүнээс үүдэн байгаль дэлхийд учруулж буй гэм хорыг төдийлөн сайн ойлгодоггүй ажээ. Шинэ жилийн дараа сая, сая тонн хуванцар тоглоом, чимэглэл, гоёл зэрэг задардаггүй хог хаягдал хогийн цэгт ирдэг. Зөвхөн АНУ-ын хувьд л гэхэд Талархлын баяраас эхлээд шинэ жил хүртэлх баярын улирлын турш хог хаягдал ердийн түвшнээс 25 хувиар нэмэгддэг гэнэ. Харамсалтай нь манай улсад үүн шиг нарийн хувьчилсан тоо алга.
2. Гишүүнчлэлийн эрхийн бичиг. Фитнес, иог, усанд сэлэлт, шатар, бүжгийн сургалт, амралтын газар зэрэг хүний бие, эрүүл мэнд, оюун санаанд ач тус, эерэг үр нөлөөтэй үйл ажиллагаанд хамрагдах эрхийн бичиг нь бэлгийн нэгэн сонголт байж болох юм. Мэдээж тухайн хүнийхээ хэрэгцээ болон хоббиг харгалзан сонгох нь зүйтэй.
3. Хоолны хаягдал цуглуулж, хөлдөөх боломжтой бордооны сав. Маш сонин сонсогдож буй энэ бэлэг мод, ургамал, цэцэг тарьдаг хүмүүст ихээхэн хэрэгцээтэй бэлэг ажээ. Жижиг хэмжээтэй саванд хүнсний хаягдлыг цуглуулж ялзмаг бордоо болгох бөгөөд хөлдөөгчид хадгалах боломжтой, угааж цэвэрлэхэд ч хялбархан.
4. Байгальд ээлтэй усны сав. Хүмүүс өөрийн усны савыг биедээ авч явж хэвшсэнээр олон тонн хуванцар сав далайд, хог руу хаягдах эрсдэлээс сэргийлэх боломжтой. Тиймээс өдөр тутамдаа болон аялал, амралтад авч явах боломжтой усны аяга, савыг сонгон бэлэглэж болох нь ээ.
5. Ургамлын үр болон цэцэг тарих, арчлах хэрэгсэл. Хэрэв та хэн нэгэнд урт удаан хугацаанд үлдэх бэлэг өгөхийг хүсэж буй бол тасалгааны ургамал, цэцгийн үр болон тарьж, арчлах хэрэгслүүдийг сонгон бэлэглээрэй. Мөн цэцэрлэгтээ мод тарьж, ургуулах хүсэлтэй хүнийг модны үр илүү баярлуулах болно.
6. Дахин ашиглах боломжтой тор, уут. Бэлгээ сонгох, боохдоо гялгар уутнаас татгалзах нь байгальд ээлтэй бэлгийн утга учир. Тийм учраас бэлгийн уут, тор, сагс, баглаа боодлыг хүнс цуглуулах, эд зүйлс хийж өдөр тутамдаа ашиглах гэх мэт ямар нэгэн зүйлд дахин ашиглах боломжтой байдлаар сонгохыг зөвлөж байна.
7. Байгальд ээлтэй, хэрэгцээтэй эд зүйлс. PET /полиэтилен терефталат/ буюу дахин боловсруулж ашиглах боломжтой материалаар хийсэн үүргэвч, үзгийн гэр, зөөврийн компьютерын цүнх зэрэг нь ухаалаг сонголтын нэг болж чадна.
8. Эко бэлэг. Монгол малын ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир зэргийг ашиглаж хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн нь хамгийн эрүүл бөгөөд органик бэлгийн жагсаалтад багтана.
9. Үндэсний эсвэл орон нутгийн үйлдвэрлэгчийн бэлгийн багц. Энэхүү бэлгийн багц нь тухайн бүс нутгийн эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүлж, жижиг бизнес эрхлэгчийг дэмжээд зогсохгүй органик бүтээгдэхүүнүүдийг бэлэглэх боломж олгоно.
10. Тарьж ургуулах боломжтой мэндчилгээний хуудас. Сайхан үгс, ерөөлөөр дүүрэн гоёмсог загвар, материалтай боловч уншаад л хогийн саванд хийх мэндчилгээний хуудаснаас татгалзаж эхэлжээ. Энэхүү мэндчилгээ нь хөрсөнд тарьсан үед ургахад бэлэн өвслөг ургамал эсвэл ногооны үрийн хольцтой байдаг аж. Бэлэг хүлээн авсан хүн уншаад дараа нь ургуулчхаж болох нь ээ.