Дорноговь аймаг, Хүслийн уул
Өнөөдөр “Зулын 25”. Энэ өдрийг хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуунд хамаарах нутаг одоогийн Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхан баяр ёслолын хэмжээнд хүлээн авч тэмдэглэсээр ирсэн нь олон зуун жилийн түүхтэй ажээ. Хот айлаасаа хүүхдийн хувь хэмээх боорцог, чихэр, ёотон, өрөм тостой бэлгийг тусгайлан хүртдэг учир хүүхдүүд энэ баярт тун дуртай. Би ч тэдний нэг байлаа.
Эмээгийн хэлснээр Зулын 25 бол айл хотлоороо буян үйлдэж, уурламаар байсан ч тэвчиж, муу үг хэлэхийг хүссэн ч хэлээ хазаж, мах идмээр санагдавч мөн л тэр тухай мартаж, хүнд тусалж, бурхан тахилынхаа тоосыг үргээж, бүх цөгцөндөө зул өргөж, өөрийнх нь надад заасан маань мэгзмийг уншиж сайн сайхан зүйл бодох ёстой өдөр. Ухаан орсон цагаасаа л сонссон, учир мэдэх үедээ ирээд ойлгосон хялбархан тайлбар.
“Зулын 25”-ны бэлтгэл ажил тавгийн боорцог хавсай буюу хайрмал хийхээс эхэлнэ. Таваг засах, бурхан тахилд өргөх, хүүхдэд өгөх цэцгэн хэлбэрт боорцог гэсэн дараалалтай бөгөөд жирийн үед боорцог хийхээс арай өөр хүндэтгэлийн дэг жаягтай болно. Тухайн өдрийн хамгийн хүндтэй идээ нь “25-ны хожгор булан”. Гүзээтэй тосны жижиг хожгор булантай хэсэг бөгөөд үүнийг бурхан тахилын өмнөх тавагтай идээний дээр тавьдаг уламжлалтай. “Хорин таван болно оо Хожгор булангаа хагална аа” гэдэг үгтэй шүү гээд эмээ минь хуучилдаг юм. Зул өргөх нь ч их учиртай. Энэ өдрөөс өмнө өвөл, хаврын идшээ бэлдэхийг эрмэлздэг бөгөөд муулсан бог малын бөөрний өөхийг шахаад зулын тос гаргана. Энэ нь олон амьтны амь тасалсан нүглээ наманчилж, төрөл сайжрахыг ерөөн залбирч буй хэрэг гэдэг. Эмээ “хуучин цагт бүр хонины баруун бөөрний өөхийг л шахаж зул өргөдөг байж билээ. Одоо ч тэгээд өөх л байвал тос болж дээ” гэсэн юм.
Гэрийн дотор бурхан тахилд зул өргөхөөс гадна гэрийн гадна зүүн хойд зүгт долоон бурханд зул өргөдөг заншил бий. Айлууд шинэ цай чанаж, цагаан хоол зооглоно. Мэдээж, хүүхдүүд хувь бэлэгтэй. Хүмүүс маани, мэгзэм тоолж, сайн сайхны тухай бодож, сайн үйлс хийхийг эрмэлздэг өдөр.
Хүний амьдралд жилийн 365 өдөр бүр өөр өнгөтэй, онцлогтой, уйтгар гунигтай бас баяр жаргалтай агшнуудаас бүтнэ. Бурханы шашинд сүсэлдэг зарим монгол хүний тухайлан ач холбогдол өгдөг энэ өдөр бусдынх нь хувьд энгийн даваа гараг байж болно. Гэхдээ хүний шашин шүтэх эс шүтэх эрх чөлөө нь ёс суртахууныг эрхэмлэх, ёс уламжлалыг хүндэтгэх, нүглийг тэвчих зэрэг дээр ирээд нэг чигт нөхцөлдөх тул нэг ч болов эерэг, зөв өдрийг нийгэмдээ бий болгохыг уриалж байна.
Угтаа билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу бидний нэрлэж заншсан “Зулын 25” бол бурхны шашны гэлүгва урсгалыг үндэслэгч Богд Зонховын муу сэтгэлийг ялан дийлж нууц тарнийн онцгой эрдмийг олж нирваан дүр үзүүлсэн өдөр. Богд Зонховын үндэслэсэн урсгал бурхны шашны олон уламжлалаас хамгийн сонгодог нь бөгөөд монголчууд эрт дээр үеэс эл шашныг шүтэж ирсэн. Хожмоо Богд Зонховын гэлүгва уламжлал дэлгэрснээр урт удаан хугацаанд үндэстнээрээ шүтэж дээдэлж ирсэн түүхтэй хэмээн МБШТ Гандантэгчэнлин хийдийн зүгээс энэ өдрийн тухай тодруулан тэмдэглэжээ.