Гэрэл зургийн эх сурвалж: Монгол ялна Х.Баттулга цахим хуудас
Нарийн царигтай төмөр зам тавьбал Хятадууд Монголыг эзлэх аюултай. Харин өргөн царигтай бол “Монгол ялна” хэмээн нэгэн цагт Монголчуудад итгэн үнэмшүүлж, төрийн тэргүүний сэнтийд заларч чадсан эрхэм бол женко буюу Халтмаагийн Баттулга. Гэтэл тэр саяхан “Царигийн тухай асуудал өнөөдрөөс эхлээд зогсож байна. Дахиж битгий яриач ээ. Ингээд ойлголцлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл Женко Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт нэг завинд сууж, түүний Хятадтай хийсэн хэлэлцээр, “Чайна Энержи”-тэй хийх гэрээг дэмжинэ гэдгээ шуудхан илэрхийлсэн гэж хэлж болно. Харин тэдний эсрэг MCS групп болон Тавантолгойн ордод олборлолт явуулдаг компаниудын ашиг сонирхол хөндөгдөж, Монголын улс төрийн салхи хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй цаг үеийг бид харж мэдэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээр байгуулсан. Олон жил үргэлжилсэн төмөр замын бүтээн байгуулалтын бөглөөг гаргаж, үр ашгийг нь нэмэгдүүлэх боломжтой энэ төслийг хөдөлгөх болсон нь сайн мэдээ. Харин Хятадын талаас энэ гүүрэн байгууламжийг барьж өгснийхөө хариуд юу хүсч буйг “Чайна Энержи”-гийн зүгээс Х.Баттулгын хүн гэгддэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд ирүүлсэн захидлын агуулгаас харж болно гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
Тодруулбал, Хятадын талаас манай Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьсон 14 мега төслийн нэг Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замыг барьж гүйцээнэ. Оронд нь Эрдэнэс тавантолгойтой урт хугацааны гэрээ байгуулж, уурхайн хоёр хэсэгт нүүрс олборлохыг хүсч байна. Энэ нь нүүрсний бизнес эрхэлдэг олон хүний эрх ашгийг хөндөж, улс төрийн олон акц өрнүүлж магадгүй.
Засгийн газрын хувьд энэ төслийг хөдөлгөхөөс өөр сонголт байхгүй. Учир нь Ерөнхий сайд энэ төсөл гацаанаас гарвал “Чайна Энержи” 2014 оноос хойш алдагдсан боломжоо авахын тулд Олон улсын арбитрын шүүхэд Монголын Засгийн газрыг өгөхгүй гэсэн анхааруулгатай ирсэн. Ийм ч болохоор улс төрийн бүлэглэлүүдийн арга эвийг олж, намуудаас дэмжлэг авах нь хамгийн чухал. Тэртусмаа Хятадууд биднийг эзлэх аюултай гэх тархи угаалтаар олон нийтийг итгүүлж, “Монгол ялна” хэмээн лоозогнож явсан Женко хамгийн түрүүнд эсэргүүцэж мэдэх хүмүүсийн нэг.
Гэтэл “Царигийн тухай асуудал өнөөдрөөс эхлээд зогсож байна. Дахиж битгий яриач ээ” гээд сууж буй нь Хятадын талаас тавьж буй саналыг дэмжиж буйг илтгэнэ.
Тэгвэл нөгөө талаас энэ төсөл нь Женкотой мөнхийн дайснууд гэгддэг MCS-ийн улс төр, бизнесийн ашиг сонирхолд нөлөө үзүүлж мэдэх юм. MCS групп нь Тавантолгойн ордын Ухаа худагт олборлолт явуулж, БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг. Гэтэл Хятадууд өөрсдөө нүүрсээ олборлоод эхэлвэл юу болох вэ? гэдэг асуудал гарах нь тодорхой. Зөвхөн MCS-ч биш Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлодог томоохон аж ахуйн нэгжүүдийн бизнест шууд болон дам байдлаар нөлөөгөө үзүүлж мэднэ. Тэд ч зүгээр суухгүй нь тодорхой.