11 сарын 13, 2024
Иргэдийнхээ сэтгэлгээнд тулаад зогссон эрчим хүчний шилжилт
Иргэдийнхээ сэтгэлгээнд тулаад зогссон эрчим хүчний шилжилт

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”-ийг Монгол Улсын Хүний хөгжлийн төлөөх Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт сэдвээр танилцууллаа.

Монгол улс цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ тавны нэг орчим хувийг БНХАУ, ОХУ-аас импортлон авч байна. 2020-2050 онд цахилгаан эрчим хүчний хэрэгцээ хоёр дахин өсөх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал улам дордох магадлалтай. Эх сурвалж: НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”

Эрчим хүчний салбар элгээрээ мөлхөөд удаж байна. Татвар төлөгчдийн татаас, дэмжлэгээр амь аргацааж, хотоороо хөлдчихгүйхэн шиг аваарын байдалтай ажиллаж буй гэдгийг албаныхан ил тод ярьж, үнээ тарифаа л нэмэхээс өөр аргагүй болсон гэдгийг хэлж буй. Гэвч үнээ нэмэх эхний оролдлого иргэдийн шүүмж, эсэргүүцлийн хариуд бүдгэрч, хүлээж харзнасан байдалд шилжив.

Үнэ нэмэх шийдвэр нь угтаа бол эрчим хүчний шилжилт хийх эхний алхам байсан ч төрөөс иргэддээ бодит байдал, бодлого чиглэлээ сайтар ойлгуулж чадсангүй. Уг нь эхний ээлжинд хийж хэрэгжүүлэх гэж буй ажлынхаа үр дүн, ач холбогдол, алсын хараагаа сайтар ойлгуулах шаардлагатай байв. Гэвч шүүмжлэлийн бай болж, энэ салбарын шинэчлэл, шилжилтийг эхлүүлэх “алтан” цагаа алдаж сууна. Хэрэв бид одоо л эрчим хүчний шилжилтээ эхлүүлэхгүй бол дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага, бодлого чиглэлээс хол хоцрохын зэрэгцээ, өнөөгийн Монгол Улсын өмнө тулгамдсан агаар, орчны бохирдлоос үүдэлтэй олон асуудал өдрөөс өдөр томрох болно.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбар, хүн амын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хүчин чармайлт гаргасны үр дүнд Монгол Улс хүний хөгжилд ахиц дэвшил гаргасан. Гэвч сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр (ХХИ) хэмжигдэх ахиц дэвшил удааширч байна. Тус улсын ХХИ 2018 он хүртэл тогтмол өсөж байсан боловч аажмаар буурч, 2022 он гэхэд 2016 оны түвшиндээ ч хараахан хүрээгүй хэвээр байна.

Эх сурвалж: НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбатар хот нь агаарын бохирдол хамгийн ихтэй хотуудын нэг болсон. Энэ бохирдлын 80 гаруй хувийг нь чулуун нүүрс түлшэндээ хэрэглэдэг гэр хорооллын айл өрхүүд, үлдсэн хувийг нь дулааны болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх станцууд, тээврийн салбар бүрдүүлж байна. Ингээд зогсохгүй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ үйлдвэрлэлээсээ давж байгаа нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх системд үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүлдэг. Үүнээс болж 2023-2024 оны өвлийн улиралд зарим бүс нутагт эрчим хүчний хязгаарлалтыг ойр ойрхон хийхэд хүргэсэн. Түүнчлэн, эрчим хүчний хэрэглээний үнэ маш бага байна. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хангамж нь өндөр татаастай учир үйлдвэрлэлийн өртгийг бүрэн нөхөж чадахгүй байна гэдгийг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024” Монгол Улсын Хүний хөгжлийн төлөөх Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт тайланд онцолсон байна.

0e4a5885

Тодруулж хэлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 хувь нь чулуун нүүрснээс бий болдог. Цаашид бид нүүрсний станцуудаа нэмж бариад, иргэдэд чулуун нүүрсийг хөнгөлөлттэй үнээр өгч, төрөөс цахилгааныхаа үнийг хүчээр зах зээлийн ханшаас доогуур байлгадаг энэ буруу жишгээр явбал өөрсдийн бий болгосон намаг балчигтаа улам бүр шигдэж буйгаас ялгаагүй.

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, жирэмсэн эхчүүд, ургийг маш эмзэг байдалд оруулж байна. Улаанбаатар хотын хүүхдүүд гуурсан хоолойн үрэвсэлт өвчлөлд илүү өртөмтгий байгаа бөгөөд хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад ийм төрлийн өвчлөлийн тохиолдол 5-15 дахин олон байна. Мөн сэтгэл сэртхийлгэсэн мэдээлэл ч гарчээ. 2015 онд 435 хүүхэд уушгины хатгалгаагаар нас барсан. 2018 оны байдлаар уушгины хатгалгааны улмаас нас барсан таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байсан мэдээ байна. 2022 оны байдлаар Монгол Улсын орчны агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн эдийн засгийн хохирол 1.15 тэрбум ам.долларт хүрчээ. Нэг нас баралтад ногдох дундаж өртөг 386,980 ам.доллар байсан бөгөөд амьсгалын доод замын цочмог үрэвслийн өвчлөл хамгийн их хувийг эзэлж, чихрийн шижин, цус харвалт удаалсан байна. Эдийн засгийн энэхүү ачаалал тус улсын ДНБ-ий 8 хувьтай тэнцэж байна.

Эх сурвалж: НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ингэж муугаар нөлөөлөөд зогсохгүй дэлхийн агаар мандал, экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлж буйг баримт бичигт дурджээ. Монгол Улс нь дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын дөнгөж 0.12 хувийг ялгаруулж байгаа хэдий ч нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн (CO2) ялгаруулалт маш өндөр буюу 11.2 тонн болж 2022 оны байдлаар дэлхийд 17-рт жагсаж байгаа нь эрчим хүчний хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг нүүрсээр хангаж байгаатай холбоотой. 1990 оноос хойш Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэлээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт 59.6 хувиар өссөн байна.

Ийм ч учраас дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс бага багаар татгалзаж, сэргээгдэх эрчим хүч буюу цэвэр эрчим хүчний шилжилт хийх зорилгод нэгдсэн. Харин Монгол улс энэ шилжилтээ цаг алдалгүй эхлүүлэх ёстой. Яагаад гэвэл цаашид чулуун нүүрс нь эрчим хүчний тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах хамгийн хямд бөгөөд найдвартай эх үүсвэр байж чадахгүй, сэргээгдэх эрчим хүчний үнэ буурсаар байна. 2010 онд дэлхийн хэмжээнд нарны PV эрчим хүч үйлдвэрлэх нь малтмал түлшээр ажилладаг хамгийн хямд шийдлээс 710 хувиар илүү өндөр өртөгтэй байсан. Харин 2022 он гэхэд энэ нь 29 хувиар бага өртөгтэй болсон. Зарим нь бүр 1960-1980 аад оноос хойш ажиллаж байгаа нүүрсээр галладаг одоогийн цахилгаан станцууд эдийн засгийн хувьд үр ашиггүй болох магадлал өндөр байна.

0e4a5846 Монгол дахь НҮБХХ-ийн эдийн засагч Ясин Жанжуа "Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024"-ийг танилцуулав.

Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь тогтвортой, бага зардлаар бараг бүх цаг үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ихээхэн ач тустай байх болно. Дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нүүрсний үйлдвэрлэлийн дэд бүтцийн насжилт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн тууштай хөгжил зэрэг нь Монгол Улс төдийгүй дэлхий даяар нүүрснээс татгалзаж, илүү тогтвортой, эдийн засгийн хувьд үр ашигтай эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах шаардлага байгааг илэрхийлж байна.

Монгол Улс хэрэглэгчдийнхээ орон сууцны цахилгаан, дулааны хэрэглээнд тэр дундаа гэр хорооллын иргэдийн сайжруулсан түлшний хөнгөлөлт үзүүлж байгаа нь айл өрхүүд эрчим хүчний хэрэглээндээ хайнга хандах нэг шалтгаан болж байна. Дулаан хангамжийн төвлөрсөн системээр үзүүлж буй үйлчилгээний үнэ төлбөр бага, халаалтын хяналтын тоолуур, тооцооны систем байхгүй зэрэг нь хэрэглэгчдэд эрчим хүч хэмнэх сэдлийг төрүүлэхгүй байна. Монгол Улс 2023 онд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 37,740 тэрбум төгрөг зарцуулсан нь 2018 онтой харьцуулахад 120 хувиар өсчээ. Малтмал түлшний хөнгөлөлт гэхэд өндөр орлого бүхий хэрэглэгчдэд хамгийн их үр өгөөжийг үзүүлж байна. Сүүлийн үед эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь ядуурлын шугамд ойролцоо болон түүнээс доогуур орлоготой хүмүүсийн амьжиргаа орлогод хүнд цохилт болно. Аливаа үнэ тарифын өсөлт нь эмзэг бүлгийн хүн амд ноцтой нөлөөг илүүтэй үзүүлдэг тул ийм арга хэмжээг авахдаа эрчим хүчний нийгмийн хамгааллын зорилтот арга хэмжээтэй хавсруулан аажмаар хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Хүний хөгжлийн үндэсний баримт бичигт тодорхой тусгажээ.

0e4a5797 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нар.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”-ийг танилцуулах арга хэмжээнд оролцсон УИХ, ЗГ-ын төлөөллийн зүгээс Монгол Улсын хэрэгжүүлэх гэж буй 14 мега төслийн нэг нь сэргээгдэх эрчим хүч. Энэ төслийн дагуу сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн томоохон төслүүдийн хэрэгжүүлж, хувийн хэвшлийг энэ салбарт татан оролцуулах таатайн нөхцлийг бүрдүүлнэ гэж мэдээлсэн.

Гэхдээ төр дангаараа энэ бүхнийг шийдэх нь гарц биш. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг аж ахуйн нэгж, айл өрх бүр хэрэглээндээ нэвтрүүлж, тэр тархмал эх үүсвэрүүдээ буцааж эрчим  хүчнийхээ системд холбох, тохируулга хийдэг тийм уян хатан тогтолцоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Ингэж чадвал Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө ашиглах, эрчим хүчний хараат бус тогтолцоог бүрдүүлж чадах юм. Түүнээс биш бүгдийг төр хийнэ гэдэг хүлээлт, биднийг өнөөгийн хүнд байдалд хүргэсэн.

Харин өнөөдөр энэ бүхнийг эхлүүлэхэд иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх нь хамгийн том даваа болсон. Бид чулуун нүүрсээ хөнгөлөлттэй үнээр аваад, цахилгааны мөнгөө төрөөс хөнгөлүүлээд сууж болно. Гэвч юу ч өөрчлөгдөхгүй. Хамтдаа өөрчлөхийн тулд дэлхий нийттэй хөл нийлүүлэн эрчим хүчний шилжилт хийхээс өөр гарцгүй. Хүн бүр сэтгэлгээгээ өөрчилж, эрчим хүчний шилжилтийг хийхэд гар бие оролцох шаардлагатай. Төр нь ч гэсэн бодлого шийдвэрээ гүйцэт, тодорхой ойлгуулж чадахгүй, ард иргэдийнхээ сэтгэлгээнээс айгаад суух цаг биш.