Цэргийн ангид гардаг дүрмийн бус зөрчлүүд
Цэргийн ангид гардаг дүрмийн бус зөрчлүүд

Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны тайлан илтгэлд хугацаат цэргийн таван алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байсан гэх судалгаа гарчээ. Энэ судалгааны дүн “цэргийн анги салбаруудад ямар ч дэглэлт, яргалалт байхгүй” гэж хэлсэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хэлснийг үгүйсгэж байна. Судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь дүрмийн бус зөрчилд өртөнө гэдэг бага тоо биш. Гэтэл бодит байдал дээр үүнээс илүү хувьтай байж мэдэхээр байна.

Тодруулбал, яг алба хааж буй цэргүүдийн 18.8 хувь нь дүрмийн бус харьцаа байдаг гэж хариулсан бол алба хаасан иргэдийн 45.1 хувь нь ийм дүрмийн харилцаа байдаг гэсэн байна. Бараг тал нь гэсэн үг. Тэгвэл ойролцоогоор хоёр цэрэг тутмын нэг нь дүрмийн бус харилцаанд өртдөг байж болзошгүй аж.

Тэгвэл хугацаат цэргийн алба хаагчид ямар “дүрмийн бус” зөрчилд өртдөг вэ?

garciggj_dizajn_4 

Дүрмийн бус зөрчлийг Хүний эрхийн үндэсний комиссоос хэд хэдэн ангилалд хувааж үзжээ.

  • Бие махбодийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил
  • Сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой зөрчил
  • Эдийн засгийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил
  • Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил
  • Сахилгын шийтгэлд заагаагүй шийтгэлээр шийтгэх, цэргийн нийтлэг дүрэмд заагаагүй ажил хийлгэх зэрэг хэд хэдэн ангилалд хувааж үзсэн байна.

Цэргүүдийг гадаа хүйтэнд зогсоох, зодох цохих зэргээр биед нь халдах, мөнгө эд зүйл нэхэж дарамтлах зөрчил гаргахаас гадна цагт нь унтуулахгүй байх, унтлагын цагаар сэрээх, хүссэн үед нь бие засуулахгүй байх зэргээр сэтгэл зүйгээ давхар хүчирхийлдэг байна. Мөн судалгаанд оролцсон 8 цэрэг бэлгийн дарамтад өртсөн, 17 иргэн ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа илэрхийлжээ.

 garciggj_dizajn_3     

Ийм байдлаар хугацаат цэргийн алба хаагчтай “дүрмийн бус”-аар  харилцаж бие болон сэтгэл зүйн дарамт учруулах нь цаашлаад илүү хүнд, ноцтой гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болдог байна. Тухайлбал, ийм дарамтаас болж хүний амь насанд халдсан хэрэг цэргийн ангид гарч байв.

garciggj_dizajn_2 

Цэргийн байгууллагад хяналт шалгалт сул, хугацаат цэргийн алба хаагчтай ажиллах арга барил муутай гэж Хүний эрхийн байгууллагаас дүгнэсэн байдаг. Магадгүй цэргийн дэгтэй холбоотой хуучин уламжлал, хэвшмэл хандлагаасаа салж чадаагүй нь өнөөгийн бүх зөрчил дутагдлын гол шалтгаан байж мэднэ. Наад захын хандлага, соёлоо өөрчлөхгүйгээр онц, ноцтой гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж чадахгүй. Олон жижиг асуудал нэг том асуудлыг шалтгаан, урьдач нөхцөл болдог. Иймээс Хүний эрхийн үндэсний комиссын тайланд туссан зөрчил дутагдлыг сууриар нь харж, шийдэл хайх нь чухал.