Жендерийн эрх тэгш байдлын талаарх ойлголт хүчтэй байгаа ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хүчгүй хэвээр.
Манай улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар нэлээд хүчин чармайлт гаргасаар буй. Улмаар НҮБ болон бусад олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орж, тэдгээрийн зарчим, заалтуудыг үндэсний хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлсээр ирсэн.
Нийгэмд жендерийн эрх тэгш байдлын талаарх ойлголт жил бүр хүчээ авсаар байгаа ч шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хүчгүй хэвээр. Учир нь 1990 оноос өнөөг хүртэл УИХ-ын даргаар ажилласан эмэгтэй гишүүн байхгүй байна. Мөн энэ жилийн УИХ-ын сонгуульд тогтолцооны шинэчлэлт хийж нэр дэвшигчдийн хүйсийн квотыг 30-40 хувь болгож ахиулсан. Гэтэл улс төрийн намууд тайлан болон амлалтад тусгахдаа эмэгтэй гишүүдийн квотыг 30-40 хувьд хүргэнэ гэсэн ч бодит байдал дээр 20-29 хувьтай байна.
Дэлхийн ихэнх улс орнуудын туршлагаас харахад зөвхөн квотыг хуульчилснаар асуудлыг шийдэхгүй аж. Харин цогц арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлснээр тодорхой ахицтай үр дүнд хүрч болох юм байна. Үүнд Үндсэн хууль болон бусад хуульд хүйсийн квотыг тусган хуульчлахдаа хариуцлагын механизмыг тодорхой зааж өгчээ. Ингэснээр хуульчилсан квотын хувь хэмжээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.
Манай улсын хувьд 2012-2024 оны хооронд УИХ-ын гурван удаагийн сонгуулиар 11-13 эмэгтэй нэр дэвшигч сонгогджээ. Улмаар парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх суудлын тоо 11.5-17.1 хувьд хүрсэн нь ардчилсан сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байж. Эл хугацаанд давхардаагүй тоогоор 30 эмэгтэй улс төрч УИХ-ын гишүүнээр сонгогдож, нийт 127 хуулийн төслийг санаачилжээ.
Гэвч тухайн жилүүдэд эмэгтэй улс төрчийн хүйсээр ялгаварлах дорд үзэх, дэвшүүлж буй асуудал, санаачилж буй хуулийн төслийн талаар бус хувь хүн талаас нь доромжлох, буруутгах, тэдний талаарх сөрөг ойлголтыг нийгмийн мэдээллийн сүлжээгээр дэвэргэх явдал түгээмэл ажиглагдсаныг Жендерийн үндэсний хороо онцолсон юм. Жишээ нь, нийгмийн сүлжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг тохиолдол гарах үед “Эмэгтэй гишүүд яагаад чимээгүй байна, яагаад таг алга болов, тэд л энэ асуудалд анхаарах ёстой байтал хаачив” зэрэг шүүмжлэлд байнга өртөж байдаг аж.
Гэтэл тус гэмт хэргийг үйлдэгч этгээдүүдийн зонхилох хувийг эрчүүд эзэлж байдаг. Хэрэв хүйсийн хамаарлаас үүдсэн гэмт хэргийг жендертэй шууд холбож байгаа бол эрэгтэй улс төрчид тус гэмт хэрэг үйлдэгч эрчүүдэд ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? Яагаад тэднийг соён гэгээрүүлэхгүй байна вэ? гэх асуулт урган гарч болох юм.
Улс төр судлаач Д.Оргил
Дэлхий даяар хүйсийн харьцааг 50-50 байх хэрэгтэй гэдэг. Гэвч шийдвэр гаргах түвшинд эрэгтэй улс төрчид зонхилж байна. Энэ бол аль ч улс оронд буй үзэгдэл. Гэхдээ гаргасан шийдвэр, хууль тогтоомжийг хүйсийн ямар нэг ялгамжгүйгээр адилхан мөрддөг. Иймд улс төрд шийдвэр гаргах түвшин дэх бүхий л асуудлыг шийдвэрлэхэд хүйсийн тэнцүү харьцаатайгаар хандах нь зүйтэй. Нэг үгээр бол нэг жендерийн өнцгөөс харахаас илүүтэй эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн өнцгийг тусгая, хэлэлцье, мэтгэлцье тэгээд шийдвэрээ гаргая гээд байгаа юм. Эргээд тус шийдвэр нь илүү хүртээмжтэй мөн хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь өндөр байна гэв.
Тэгвэл Дэлхийн банкны судалгаагаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл хоёр хувиар өсөхөд авлигын индекс арван хувиар буурдаг гэдгийг тогтоожээ. Мөн жендерийн тэгш байдлыг хангасан улс орнуудын үзүүлэлтийг харахад эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлын шийдвэрлэлт нь харьцангуй өндөр байна.
Нийгмийн гарал үүсэл болоод боловсролын түвшнээс хамааран иргэд өөрсдийн үнэлэмжээр “Манлайлагч улс бол тэр” гэж тодорхойлдог. Тус тодорхойлолтод эрэгтэй улс төрч түлхүү нэрлэгддэг. Гэтэл эмэгтэйчүүдийн төлөөллөөс төр нийгмийн зүтгэлтэн нэрт С.Удвалаас өөр эрхэм нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй л байна.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сайжирснаар:
Парламент гэх зөвшилцлийн байгууллага нийгмийн гарал үүсэл болоод хүйсийн хувьд эрх тэгш байснаар иргэд “амьтай” шийдвэрийг хүртэж чадна. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нийт 1336 нэр дэвшигч оролцож буй. Сонгуулийн ерөнхий хороо “Тунгаахуй” өгөгдлийн урлантай хамтран гаргасан мэдээллээр нийт нэр дэвшигчийн 61 хувь эрэгтэй, 39 хувь эмэгтэй байна.
Ингэснээр квот дөнгөж шүргэсэн эмэгтэй улс төрчид энэ удаагийн сонгуулиар олонх болж суудал авах нь эргэлзээтэй болж байгаа юм. Манай улсад улс төрч эмэгтэйчүүдийн дуу хоолой, тэднийг дэмжигчдийн хүрээлэл дутагдсаар байна.