Алим жимсний модоо арчилж ургуулах шигээ амьдралын сайхныг бүтээжээ
Алим жимсний модоо арчилж ургуулах шигээ амьдралын сайхныг бүтээжээ

Гэрийн эзэн Б.Алтанхүү, эзэгтэй Б.Батзаяа нар өөрсдийн бүтээсэн цэцэрлэгтээ. 2025.09 сар.

Бороо шивэрч хонов. Чийг үнэртэж, намрын дулаан нар ээсэн жин үд. Хоёрхон хоногийн дараа намрын эхэн сар шувтарна. Үенч голын хөндийн бургас, улиасны есдүгээр сарын өнгө цэлмэг тэнгэртэй хослон дүнхэр саарал уулсыг чимнэ.

Тор татан хашаалсан газрын хаалгаар орвол ойн цоорхойд хүрээд ирэх шиг ажээ. Хадланд өртөлгүй шигүү налсан ногоон өвс дээр унасан улаан, ягаан, шар, улбар, ногоовтор навчис өлмий дор үргэлжилж, өндөрт тэмүүлсэн моддын шар навч агаарт эргэлдэн жингүйдсээр шүүдэр тогтсон цэцэгс дээр унах гоо сайхан. 

Тэд биднийг замчлан болгоомжтой явахыг анхааруулангаа замд таарсан моддоос үрэл, ранетка түүж хүн бүрийн алгыг дүүргэнэ. Шаазгай, хэрээ, болжмор гээд тэдний цэцэрлэгийн байгалиас заяасан байнгын “үйлчлүүлэгчид” ч айж ичихгүйгээр бидэнтэй зэрэгцэнэ.

Шувуудын тарьсан хэргийн ул мөрийг ч харуулж явав. Амар амгалан, өгөөмөр сэтгэл, хүний гар, сэтгэл, зүтгэлээр бүтээсэн байгалийн үзэсгэлэн, уйгагүй хөдөлмөрийн үр шим, үнэ цэн, хамтдаа хийж бүтээхийн, цугтаа амьдрахын аз жаргал, баяр баяслыг эндээс, тэднээс мэдэрч байлаа.

Атгандаа, халаасандаа дүүрэн жимстэй, унасан навчны гоёмсгийг, тэдний хөдөлмөрчийг шагшсаар аяны ширээндээ ирж захчин эмэгтэйн гарын цайг амтлан яриа халав. Гэрийн эзэн Б.Алтанхүү, эзэгтэй Б.Батзаяа хоёр гэр бүл болоод хорин найм дахь намраа угтжээ. Та хоёр захчин ёс заншлаараа хуримласан уу гэж асуухад 1997 онд нэг гэрт орж байсан. Хүмүүс л танайх зуслан дээр их гоё хурим хийж байсан гээд одоо ч ярьж л байдаг юм гэж хариуллаа. Ингээд л шинэхэн гэр бүл, залуухан аав ээж хоёр долоохон хоногтой өлгийтэй охиноо тэврээд хилчин болжээ. 

Гэрийн эзэн Хилийн цэргийн 0130 дугаар ангийн дугаар салбарт жолоочоор ажиллахаар болж гэргий нь гурван настай хүү, өлгийтэй охинтойгоо хилийн заставд амьдрахаар очиж байснаа, Газ-66 машинд гэрээ ачаад их л хол замыг туулж шөнө дунд зорьсон газраа хүрснээ, аав, ээж, ах нь хүргэж өгч байсныг,  цэргийн алба, цэрэг гэдэг ойлголт үгүй явсан хүн салбарын ариун цэврийн зааварлагчаар томилогдон ажиллаж эхэлснээ, анхны хамт олноо сайн, сайхан хүмүүс байсныг тэд цайлган, хөгжилтэй инээд, бахархал, хайрын нулимстай дурсав.

Тэдний хүү удам залган хилчин болсон бол охин нь дата аналист мэргэжил эзэмшжээ. Залуу хилчдэд хариуцлага, сахилга бат хоёрыг л сахивал ажил алба болдог юм даа хэмээн захисан, залуу гэр бүлд итгэл байхад л болж байгаа юм гэж хэлсэн ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч Б.Алтанхүү бол Монгол Улсын гавьяат механикжуулагч Д.Батсүхийн хүү билээ. Түүний нагац өвөө Мэндээ хилчдэд туслах ардын сайн дурын группийн гишүүн эх оронч хүмүүн байжээ. Багаасаа л цэргийн хүн болох хүсэл мөрөөдөл тээсэн тэрбээр хилчний үүргээ нэр төр, хариуцлага зарчимтайгаар 20 жил гүйцэтгээд гавьяаны амралтдаа гарсан ч тэдний хилчин удам хүүгээр нь дамжин үргэлжилж байна. 

Тэрбээр намайг хилээр яваад ирэхэд л манайх нүүх гээд ачаалчихсан хүлээж байдаг байсан гэж хэлээд биднийг инээлгэв. Харин түүний хэлсэн хамт олны хүч гэж сайхан шүү. Хилчин хүн бол хилээ сайн хайрлах хэрэгтэй. Хил гэдэг чинь ариун шүү дээ гэдэг үгс санаашралд автууллаа. Цэл залуудаа давтсан тангараг сэтгэл зүрхэнд нь халуунаараа оршиж буй, тэнд бүтээсэн, бүтээлцсэн дурсамжаараа хөглөгдөж яваа ахмад хилчнийд бид зочилжээ. Тэрбээр цэргийн ангийн захирагч асан бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн хожим эх орноо бүтэн тойрч алхах үедээ “жолоочоо авна аа” гэж түүнийг дуудаад хамт явснаа ч мөн хуучлав.

hovd2_2 Гэрийн эзэн Б.Алтанхүү, эзэгтэй Б.Батзаяа нар өөрсдийн бүтээсэн цэцэрлэгтээ. 2025.09 сар.

Нутгийнхан тор гэж нэрлэдэг энэ цэцэрлэгт олон төрлийн модод, өчнөөн төрлийн жимс ургуулдаг. Орон нутгийн ханшаараа сургууль, цэцэрлэгт өгдөг. Ихэнхийг нь тэгээд хүмүүст өгчихдөг юм даа гээд гэрийн эзэгтэй ярьж байна. Ханиа дагаж, үрсээ хөтөлж хилийн цэрэг хэмээх өнөр бүл, ажилсаг хамт олон дунд цэл залуугаасаа ижилдсэн тэрбээр одоо ч Хилийн цэргийн 0130 дугаар ангид ажиллаж яваа мөрдэст алба хаагч. Өглөө 08:00 цагт анги нэгдэнэ гэхээр нь 05:00 цагт босож үнээгээ сааж, бага сага ажил амжуулчхаад очсон. Тороо арчилна, өвс ургамал тарьж, жимс ногоогоо ургуулна, үнээ сааж, бог малаа төллүүлнэ гээд өвлөөс бусад улиралд ер нь ажилтай шүү. Тэгээд амжуулаад л байна даа. Энэ бол хадам аав, ээж хоёрын минь буян. Тэр хүмүүсийн хөдөлмөрлөж, хөгжүүлж явсан юмыг манайх үргэлжлүүлж байгаа юм. 

Манай нутагт үе үеийн сайхан хөдөлмөрч, амьдралтай хүмүүс бий гэж тэрбээр ярина. Өөрийнх нь ярьж буй үе үеийн хөдөлмөрч хүмүүс гэдэгт тэд яахын аргагүй багтах ажээ.

Биднийг очиход гэрийн эзэгтэй цагаан идээний гэрт тогоо нэрж, гэрийн эзэн өвс ногоонд цадсан намар цагийн үхрийн шавар таваг мэт нойтон баас нимгэн хүрзээр сурмаг гэгч нь зөөж байв. Тэдний гялалзсан ажилсаг хүмүүс гэж тодорхойлохыг олонтоо сонссон. Угаас “ямар ч ажлыг хийгээд сурчихвал хаана ч явсан гологдохгүй” гэдэг зарчмаар хүмүүжсэн, түүнээ үр хүүхдэдээ өвлүүлж, хамтран ажиллагсдадаа үлгэрлэсэн ажилсаг хөдөлмөрийн гол дүрүүд аж. Тэд уугуул нутагтаа сэтгэл баясгалантай ажиллаж, хөдөлмөрлөж, эх орондоо тангарагтай үүргээ хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэж, алим жимсний модоо арчлан ургуулах шигээ амьдралын сайн сайхныг бүтээж, өгөөмөр сэтгэлийн илч гэрлийг бусдад түгээсэн эгэл даруухан монгол гэр бүлийг бүтээжээ.