Ван ШинПин: Хүн бүр байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж чадна
Ван ШинПин: Хүн бүр байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж чадна

Хятадын Шинжлэх ухааны академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван ШинПин

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хуралд оролцож буй олон улсын эрдэмтдийн нэг Хятадын Шинжлэх ухааны академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван ШинПинтэй цөөн хором ярилцлаа.

-Та сайн байна уу. Та эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлийнхээ тухай мэдээлэл өгөөч?

-Сайн байна уу. Миний илтгэл “Цөлийн бүс дэх ургамалан бүрхэвчийн сэргээлт: Усны тэнцвэрт байдлын асуудал” гэдэг сэдэвтэй. Энэ нь хүн төрөлхтний амьдрах нөхцөлийг сайжруулахтай шууд холбоотой чухал сэдэв юм. Байгаль орчны асуудлуудад маш өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлдэг сэдэв.

-Та судалгаагаа аль бүс нутагт хийсэн бэ?

-Судалгаагаа Хятадын баруун хойд нутгуудад хийсэн. Энэ бүс нутаг бол хуурай уур амьсгалтай газар нь доройтож, цөлжилтөд өртсөн байдаг. Тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих, нөхцөл байдлыг сайжруулахад судалгааны ажил маш чухал. Бид дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол дэлхий нийтийн асуудал гэж бодож байна. Тухайлбал, өчигдөр /2025.06.17/ ган, цөлжилттэй тэмцэх өдөр байсан шүү дээ.  

-Хятад улсын баруун хойд хэсэг гэхээр Өвөрмонголын нутаг дэвсгэр гэсэн үг байх нь?

-Тийм ээ. Өвөрмонголын нутаг дэвсгэрийн хэсгийг хамарсан.

-Хятад улс ойжуулалтыг сайн хийдэг орон. Та энэ удаа Монголд ямар туршлага хуваалцах гэж байна вэ?

-Тийм ээ. Ой модыг сүйтгэх асуудал байсан. Одоо байгаль орчноо нөхөн сэргээж, ойжуулалтаар сайжруулж байгаа. Би монгол орны бараг гуравны хоёр хувьтай тэнцэхүйц газар нутгаар явж судалгаа хийж байсан. Сүүлийн таван жилийн хугацаанд "Элсэн тасархай" гэдэг газар элс тогтворжуулах судалгааны ажил хийж байгаа. Ойжуулалт хийхэд ямар бут, сөөгийн төрөл сонгох вэ, мод суулгасан ч хангалттай усны нөөц байхгүй бол тэдгээр нь ойн хэмжээнд хүрч ургах боломжгүй. Тиймээс усны тэнцвэр маш чухал. Үүнийг хангахын тулд юу хийх учиртай вэ гэдэгт миний илтгэл төвлөрнө. Ер нь усны нөөц хязгаарлагдмал бол бүх зүйл алдагдаж, асуудал хэвээрээ үлдэх эрсдэлтэй.

-Хүрээлэн буй орчны асуудалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Та хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тийм ээ. Энэ бол маш чухал асуулт. Хүмүүс бид нөөцийг хэрхэн ухаалаг, байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах талаар ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Газрын ба усны нөөц хязгаартай гэдгийг бид ойлгох ёстой. Бид амьдралын түвшнээ сайжруулахыг хүсдэг ч бүхий л нөөц хязгаартай. Тиймээс амьдрах хэв маягаа өөрчилж, олон зүйл дээр шинэ хандлага хэрэгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр бид 50 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү өндөр түвшний амьдрах орчинтой болсон. Энэ өөрчлөлт нь хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлж байгаа нь гарцаагүй. Гэхдээ байгаль орчиндоо найрсаг хандах хэрэгтэй. Мөн аливаа зүйлийг ухаалгаар шийдэх хэрэгтэй. Байгалийн нөхцөл, амьтан, ургамал зэргээ анхаарч хамгаалах ёстой. Усны нөөцийг хэмнэхийн тулд илүү ухаалаг аргаар ашиглах хэрэгтэй. Хөрсний бохирдлыг бууруулах гэх мэт олон асуудалд анхаарах шаардлагатай байна. Хүн бүр өөрийн хэмжээнд байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж, дэлхийгээ хамгаалахад хичээл зүтгэл гаргаж чадна.

-Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Танай байгууллагын олон улсын хамтын ажиллагаа өргөн үү?

-Манай байгууллагад хэд хэдэн үеийн судлаачид хувь нэмэр оруулсан. Би бол тав дахь үеийн судлаач нь юм даа. Манай байгууллагын үйл ажиллагаа 1950-иад оны үеэс эхэлж өнөөдөр хүртэл бараг 70 жилийн турш үргэлжилж байна. Таван үе дамжсан гэж хэлж болно. Цаашид ч үргэлжилнэ. Бид АНУ, Египет, Казахстан, Монгол зэрэг орны цөл судлалын хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг. Тулгамдсан асуудалтай халуун цэгүүдийг тодорхойлж, мэдлэг, туршлагаа зохистой бүс нутагт, зохистой аргаар ашиглахыг зорьдог.

-Сүүлийн асуулт. Та “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар сэтгэгдлээ хэлнэ үү.

-Маш чухал үйл ажиллагаа гэж бодож байна. Дэлхийн өнцөг булан бүрээс судлаачид цуглан, санал бодлоо хуваалцаж, Монгол Улсыг жишээ болгон ярилцаж байна. Санал солилцох, хэлэлцэх, нийтлэг ойлголт бий болгох нь хамгийн чухал. Зарим зүйл үнэхээр онцгой ач холбогдолтой байдаг. Танд сайн санал байж болох ч түүнийг хэрэгжүүлэх арга зам нь илүү чухал байдаг шүү дээ.

Танд баярлалаа.