Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Монголын говийн биологийн олон янз байдал форумд БОУАӨ-ийн сайдын зөвлөх Д.Мөнхнаран, ХААИС-ийн багш, Монголын ан агнуурын холбооны гүйцэтгэх захирал Э.Магсаржав нар “Монгол орны уулын туруутны тогтвортой ашиглалт ба хамгааллын менежмент:Боломж ба сорилт” сэдвийн дор илтгэл хэлэлцүүллээ. Мөн аргаль, янгир зэрэг ан амьтдыг хамгаалах олон улсын жишигт тулгуурлан Тогтвортой ан агнуурын зарим сайн туршлагаас танилцуулсан юм. Түүнээс таван шилдэг туршлагыг онцлон хүргэж байна.
1. Шинжлэх ухаанд суурилсан тоо толгойн хяналт, квот тогтоох
Энэ нь популяцийн мониторинг буюу тогтмол судалгаа, тооллогоор амьтдын тоо толгой, насны бүтэц, эрүүл мэндийг хянах.
Агнуурын квот буюу ан амьтдын үржих чадамжийг хэтрүүлэхгүйгээр агнуурын тоо тогтоох.
Байгаль орчин, популяцийн өөрчлөлтөд уялдуулан бодлогоо шинэчилж Дасан зохицох менежментийг бий болгох гэсэн үг.
2. Хуулийн зохицуулалт ба хэрэгжилтийг хангах
Агнуурын улирал, зөвшөөрөгдсөн арга, агнах хориотой зүйлүүдийг тодорхой хууль, дүрмээр нарийн зохицуулах.
Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох чадвартай байгууллагууд хяналт, хэрэгжилтээ сайжруулах.
Агнуурыг зөвхөн зөвшөөрөл, лицензийн дагуу явуулдаг зөвшөөрлийн тогтолцоотой байх учиртай.
4. Орон нутгийн иргэдийн оролцоо, үр шимийг хуваалцах
Тухайн орон нутгийн хамтын удирдлагыг хангаж хөдөө нутгийн иргэд, уугуул ард түмнийг шийдвэр гаргалтад оролцуулах.
Агнуурын орлогоос иргэдэд ашиг хүртээх замаар хамгаалалтыг дэмжиж эдийн засгийн урамшуулал олгох
Уламжлалт мэдлэгийг хослуулах буюу шинжлэх ухааны болон нутгийн хүмүүсийн мэдлэгийг ан агнуурын үйл ажиллагаандаа хослуулан хэрэглэх нь зүйтэй.
Монголын говийн биологийн олон янз байдал форумд БОУАӨ-ийн сайдын зөвлөх Д.Мөнхнаран илтгэл хэлэлцүүлэв.
4. Ёс зүйтэй, хариуцлагатай ан агнуурыг төлөвшүүлэх
Ан агнуурт ч ёс зүй бий. Тухайлбал, шударга өрсөлдөөн, амьтныг хурдан, зовлонгүй агнах зарчмыг барих хэрэгтэй.
Трофей ба амин зуулгын тэнцвэрийг ялгах. Энэ нь трофейн ан ба орон нутгийн хэрэглээг ялгаж зохицуулах ёстой гэсэн үг. Спорт буюу трофейн агнуур гэж анчин ан агнах, барих хэрэгцээгээ хангах зорилгоор ан амьтны эд, эрхтнийг үзүүлэлтийн хувьд сонголт болголгүй агнах, барих үйлийг хэлдэг.
5. Олон улсын хамтын ажиллагааг баримтлах
CITES-ийн шаардлагыг дагах ёстой. Энэ нь “Вашингтоны конвенц” буюу англиар “Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora” монголоор “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийг хэлж буй юм. 1975 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн эл конвенцод нэгдэн орсон 100 гаруй орны нэг нь манай орон.
Хил дамнасан менежмент буюу нүүдлийн болон хил дамнасан ан амьтны зүйлсийн хамтарсан хамгаалалтыг хийх, оролцох.
Олон улсын удирдамж, туршлагыг ашиглах. Тухайлбал, Олон Улсын Байгаль хамгаалах холбоо (IUCN), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Зэрлэг амьтныг хамгаалах олон улсын зөвлөл (CIC) зэрэг байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх нь олон улсын хамтын ажиллагааны хэлбэр юм.
Монголын говийн биологийн олон янз байдал форумыг Биологийн олон янз байдлын олон улсын өдийг тохиолдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн ЗДТГ болон Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Монгол Улс 1993 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдэн орсон. Улмаар биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогоо тодорхойлж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж НҮБ болон дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд ажиллаж буй юм.