Гэрэл зургийн эх сурвалж: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид клуб
Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх болсон тухай асуудалд үндэсний үйлдвэрлэгчид байр сууриа илэрхийлсээр байгаа энэ үед “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубээс өнөөдөр Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар оролцов.
Ш.Шинэбаяр: Ганцхан сая тонн улаан буудай нь л гэхэд бидний гурван жилийн хэрэгцээг хангана
Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал
Энэхүү хэлэлцээрийг хийх нь “Тариаланчдад ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ярья. ОХУ, Беларусь зэрэг улс жилдээ 100-150 сая тонн улаан буудай үйлдвэрлэдэг. Үүний нэг сая тонн нь л манай улсын гурван жилийн хэрэглээг хангачихна. Харин манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 15-18 гурил үйлдвэрлэгч бий. Жилд 220-240 тонныг үйлдвэрлэдэг. Монголчууд сард дунджаар 20 тн гурил л хэрэглэдэг. Яах вэ, цагаан сар, наадмын үеэр энэ тоо хоёрхон тонноор л өсдөг. Өнгөрсөн зургаадугаар сараас гурилын квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдсан. Ийм байдлаар экспортын бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлдөг.
Төр засаг үнэхээр үндэсний үйлдвэрлэгчдэдээ анхаарал хандуулж, дэмжмээр байгаа бол татварт, долларын ханшид, чанартай бордоог татваргүй болгох зэрэг хэрэгтэй асуудалд анхаарч өгөхийг хүсэж байна. Жилдээ хэдэн зуун сая тонн улаан буудай үйлдвэрлэдэг улстай бид өрсөлдөх боломжгүй. Хүнсний хувьсгалын хүрээнд 400 гаруй мянган тонн улаан буудай экспортолно гэсэн. Энэ нь ч ажил хэрэг болоогүй одоо өнөөх улаан буудай нь агуулахад л хэвтэж байна.
Зүүн гар талаас Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва
Л.Эрхэмбаяр: Евроазийн холбоотой гэрээ байгуулбал үндэсний үйлдвэрлэл элгээрээ хэвтэнэ
Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч
“Яагаад та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байгаа юм бэ? гэж асуулаа. Тийм, үнэтэй байгаа нь үнэн. Манайх бол хөгжиж буй статустай орон. Ийм шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр гаднын бүтээгдэхүүнээс үнэтэй тусаад байна. Гэтэл иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг. Энэ зовлонг даван туулж чадсан улс орнууд хөгжлийн зам руугаа ордог. БНСУ л гэхэд ган болон техник технологийнхоо үйлдвэрлэлийг аварч үлдэхийн тулд татварын уян хатан бодлого барьж үйлдвэрлэлээ бойжуулсан. Эрийн цээнд хүрэхээр нь татаасуудаа нэмсээр байгаад зах зээлдээ байр суурьтай болгож чаддаг. Өнөөдөр манай улс ийм зам дээрээ явна. Ядуу буурайгаас ангижрах гэж л яваа үе шүү дээ. Үнэхээр үйлдвэрлэгчид татварын дарамтад туйлдаж байгаа.
Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр татварын дарамт өндөр учраас зах зээлд борлуулах өртөг нь импортын бараанаас өндөр тусаад байдаг. ОХУ-ын арилжааны зээлийн хүү 6-12 хувь, Монголынх 11-21 хувь байгаа. Цахилгаан эрчим хүч нь манайхаас хамаагүй хямд. Зарим мужаа тарифаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татвар нь хамгийн дээд хязгаар нь 6 хувьтай байна. Гэтэл манай улс цэвэр ашгаас 25 хувийн татвар татаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл яаж хямд байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ үйл явдал бол нас биед хүрсэн хүнийг хүүхэдтэй тулалдуулж байгаатай л ижил шийдвэр гаргаж байна. Евроазийн холбоотой ямар нэгэн гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ унана шүү.
Л.Тэрбишдагва: Цаасны араас хэлэлцээр хийгээд байна уу даа
Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүн
Манай холбоо 400 гаруй гишүүнтэй, энэ салбарт 20 мянга гаруй хүн ажилладаг. Бид газар тариалангаа дэмжих бодлогоо сайжруулах хэрэгтэй. Намайг үг дуугарахаар чи ч гэсэн хамтран буруутан биз дээ гэдэг. Би ч гэсэн энэ асуудалд буруутайгаа зөвшөөрнө. Гэхдээ зөв голдирол руу оруулахын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй биз дээ. Үйлдвэрлэл эрхлэгчид рүүгээ дайрдаг байдлаа болих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон оршин тогтоно. Мах махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Гэхдээ манайхаас гулуузаар авдаггүй заавал халууны боловсруулалт хийх шаардлагатай гэдэг. Ер нь салбараа мэддэг хүн л хэлэлцээр хийх ёстой. Цаасны араас хэлэлцээр хийгээд байна уу даа гэж харж байна. Ингэж зүтгэвэл сайн зүйл болохгүй. Хэлэлцээр хийхээс өмнө бид дуу хоолойгоо хүргэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Зүүн гар талаас Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа нар
Б.Мөнхзул: Үйлдвэрлэгчтэй улсууд ковидыг хохирол багатай давсан
Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ энэ хэлэлцээрийн жагсаалтаас хасах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь үйлдвэрлэгчдийнхээ эсрэг болж байгаа учраас нэлээн бодолтой хандаж, зарим зүйлийг засаж залруулаасай гэж бодож байна. Илүү ул суурьтай хандаасай гэж бодож байгаа. Ковидын үед улс орнууд хэсэг хугацаанд тогоон дотроо амьдарлаа. Энэ үед үйлдвэрлэж чадаж байгаа улс орнууд өөрсдийн боломжоороо даваад гарсан. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид байгаагүй бол ямархуу байдлаар даван туулах байсан бол гэдэг асуудалтай тулгарах байлаа. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” аяныг хэрэгжүүлсэн байх. Хүнсний салбарынхан хичээгээрэй, бид боломжоороо дэмжье гэсэн. Бид ч гэсэн чадлаараа хичээж байна. Хийж бүтээнэ гэдэг бэлэн бараа импортлохоос хамаагүй хэцүү. Гэвч улс орон оршин тогтнож илүү их хөгжихийн тулд үйлдвэрлэгч байх ёстой.
Р.Сансармаа: Монгол Улс махны дүрэмгүй 10 жил болсон
Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Монголын зарим улс төрч энэ хэлэлцээрийг экспорт гэж хараад хатуу байр суурь яриад байна. Гэтэл бодит байдал дээрээ манай мал эмнэлэг, хяналтын бодлого шаардлага хангахгүй. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсын мал эмнэлгийн тогтолцоо хангалттай бүрдээгүй гэж үнэлсэн. Жагсаалтад байгаа бүтээгдэхүүний 50 гаруй нэр төрөл нь малын гаралтай. Талууд харилцан нэгнээ хүлээн зөвшөөрч байж хэлэлцээр явагдах ёстой. Гэвч ийм нөхцөл байдалтай байж хэлэлцээрт нэгдэх тухай ярих нь утгагүй. Тэд монголоос мах авахгүй. Харин оруулж ирнэ. Уг нь Монгол Улс Махны дүрэмтэй байсныг хүчингүй болгосон. Махны салбар бодлогын баримт бичиггүй 10 жил болсон.
Б.Болдбаатар: Бүх төрлийн цаасан хайрцгийг дотооддоо үйлдвэрлэдэг
Сав баглаа боодлын үндэсний холбооны тэргүүн
Энэ хэлэлцээр хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй асуудал болоод буй тул өнөөдрийн уулзалтад оролцож байна. Манай улсад 400 гаруй хүнсний үйлдвэр, 50 гаруй сав баглаа, боодлын үйлдвэр байдаг. Тэдгээр үйлдвэрийн 50 орчим хувь хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг хийдэг. Бид өнөөдөр бүх төрлийн цаасан хайрцаг, гялгар уут, ус ундааны савыг дотооддоо бүрэн хийж байна. Үйлдвэрлэгчдэд учрах хохирлыг тэд ч мөн үүрнэ.