УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байна.
Ээлжит сонгуулийн үр дүнгээр баталгаажсан Монгол Улсын их хурлын анхдугаар хуралдаан эхэлж, шинээр сонгогдсон 126 гишүүн тангараг өргөж байна.
Ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон төрийн түшээд хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд, улсын ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, УИХ-ын танхимд улс орны хөгжил, дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай. УИХ-ын гишүүний бүрэн эрх бол ард түмнээс эхтэй. Төрийн түшээ хүн нэр төрөө өндөр өргөн хариуцлагатай байж, Монгол хүн эх орон, газар нутаг, байгалийн баялагтай эзэн байх боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Намчирхан талцалгүй, эвлэн нийлж хичээн зүтгэх ёстой. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдэл бол Монгол Улсын оршин тогтнох үндэс. Төрийн үйл хэргийг шийдэхдээ дээрх гурван зүйлийг эрхэмлэн бодож явах учиртай. Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.
Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран бүх гишүүдэд хандаж сонгуулийн үр дүн, үйл явцын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Ингээд анхдугаар чуулганыг шинээр сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь болох ШУА-ийн ерөнхийлөгч асан Д.Рэгдэл даргалан явуулж байна.
Гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар индэрт гарч тангаргийн үг уншсаны дараа төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авах бөгөөд дараа нь тангаргийн бичигт гарын үсэг зурах дэгтэй.
Шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж байна.
Тангаргийн үг:
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.