Боловсролын зээлийн сангаар 2023 оны дэлхийн шилдэг 50-д эрэмбэлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах эрх олгох сонгон шалгаруулалт явуулахдаа хууль тогтоомж зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэргээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяаг Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллагдагчаар татсан байна.
Тодруулбал, Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор баталсан “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 4.5 дахь хэсэг, 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолын 2 дахь заалтад дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид тэтгэлэг олгохоор журамласан.
Гэтэл Ш.Нарантуяагийн ахалсан сонгон шалгаруулах ажлын хэсэг гадаадын оюутанд огт тэтгэлэг өгдөггүй сургуульд элссэн 10 гаруй суралцагчид тэтгэлэг олгохоор шийдвэрлэж Засгийн газрын тогтоол, сонгон шалгаруулалтын журмыг зөрчжээ. Тэрээр сонгон шалгаруулалтад оролцсон суралцагч нарыг үнэлэхдээ ажлын хэсгийн гишүүдийг бүгдийг нь оролцуулаагүйгээс гадна 1-2 гишүүнээр л үнэлгээ хийлгэсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Мөн дэлхийн шилдэг 50 их дээд сургуулиас авах урилгад тухайн мэргэжлийг тусгасан эсэх талаар тодорхой зохицуулалтгүй мөртлөө үүнийг үнэлгээнд ашигласан, оролцогчдын мэргэжлийг үнэлэхдээ нэг аргачлалаар үнэлээгүй, хувь хүний үзэмжийн шинжтэй үнэлгээ хийсэн, сонгон шалгаруулалтын суурь шаардлагыг хангаагүй иргэдийг суурь шаардлага хангасан суралцагчаас дээгүүр эрэмбэлж үнэлсэн зэрэг олон зөрчил илэрчээ.
Авлигатай тэмцэх газраас төрийн албан тушаалтнууд энэ мэт дүрэм дурмын зохицуулалтын сул байдлыг ашиглан бусдад давуу байдал олгож байгаа явдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авч, сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас шаардсан байна.
Харин гэмт хэрэгт холбогдож, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг будлиантуулж, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх Ш.Нарантуяа төрийн албанд одоог хүртэл ажиллаж байгаа аж.