06 сарын 06, 2024
АН-ын жагсаалтын №7: Ж.Баясгалангийн тухай 15 баримт
АН-ын жагсаалтын №7: Ж.Баясгалангийн тухай 15 баримт

АН-ын жагсаалтын №7: Ж.Баясгалан

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр АН-ын жагсаалтын долоод эрэмбэлэгдсэн Ж.Баясгалангийн тухай 15 баримтыг хүргэж байна. 

  1. Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг татварын өртэй учир бүртгэхээс татгалзсан. Гэхдээ татварын өрөө төлөөд зургаадугаар сарын 2-ны дотор хүсэлтээ дахин өгөх эрх нь нээлттэй гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. 
  2. Тэрбээр Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 
  3. 1995-1999 онд жүжигчин мэргэжлээр СУИС-ийг төгссөн. 
  4. Мөн 2021-2024 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 
  5. 2003 онд хүчирхийлэл, бэлгийн чиг хандлагыг нийгэмд ойлгуулах үүднээс “Тайчигч хөвгүүд ба Саарал гудамж” жүжгийг дэглэсэн. 
  6. Түүний хувьд “Бодлын хулгайч“, “Үргээлэг” киноны продюсероор ажилласан.
  7. 2016 онд “Үргээлэг-2” киноны нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан. 
  8. Мөн “Үргээлэг-2” кино нь “Academy Awards- 2016” наадмын зургаан төрөлд шагнал хүртэж, 2016 оны Канны кино наадамд зочин киногоор оролцож байсан. Тус киноныхоо орлогоос 29-р тусгай дунд сургуульд хүүхдийн автобус бэлэглэж байжээ. 
  9. 2015 онд зохиогдсон “Ирээдүйн мистер-2015”  тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байр эзэлж байсан. 
  10. 2020 онд хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтод гэргийтэйгээ хамт 2019 онд клипжүүлсэн “Чин зүрх” дуугаа дуулж байв. 
  11. Мөн “Мэдэрмээр байна”, “Мөрөөдөл мөхөхгүй” зэрэг дууг гэргийнхээ хамт дуулж байжээ.
  12. Ж.Баясгалан нь “Бугант Мандал” ХХК-ийн ерөнхий захирал, “Кино драмын А групп”-ийн тэргүүн, “Үүрт гоулд” ХХК-ийн ерөнхий захирал аж. 
  13. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д элсэж байгаагаа зарлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойг төрд хүргэхээр зорьж буйгаа илэрхийлсэн.
  14. Улмаар 2020 оны сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан.
  15. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард АН-ын даргын “Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх”-өөр томилогдсон.