06 сарын 04, 2024
ХҮН намын жагсаалтын №2: Л.Энхнасангийн тухай 9 баримт
ХҮН намын жагсаалтын №2: Л.Энхнасангийн тухай 9 баримт

Л.Энхнасан

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ХҮН намын жагсаалтын хоёрт эрэмбэлэгдсэн Л.Энхнасангийн тухай есөн баримтыг хүргэж байна.

  1. Улаанбаатар хотод төрж өссөн. Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын зээ охин. “Лодойдамба” сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
  2. Япон улсын Сундай коллежийг аялал жуулчлалын мэргэжлээр төгсөж, Австралийн Монашийн их сургуульд олон улсын аялал жуулчлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
  3. 2000 оноос Дэд бүтцийн яамны мэргэжилтэн, 2004-2009 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын газарт мэргэжилтэн, 2009-2010 онд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын орлогч дарга болтлоо төрийн албанд ажилласан. 
  4. 2010-2024 он хүртэл хуучнаар Оёдлын үйлдвэрийн нэгдэл буюу “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашсан бөгөөд энэ жилээс эхлэн “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
  5. “Тахько” ХК нь нийт 600 гаруй хувьцаа эзэмшигчтэй Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани. 
  6. 1997 оноос үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд 2004 оноос Мобиком корпорацитай хамтран “Тэди” төвийг байгуулж, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. “Мобиком”, “Скайтел” зэрэг компанид үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлдэг. 
  7. 2020 оны УИХ-ын сонгуулиар “Зөв хүн электорат” эвслээс өвөөгийнхөө нутаг Говь-Алтай аймагт нэр дэвшсэн ч сонгогдоогүй. 
  8. Түүнийг Говь-Алтай аймагт нэр дэвших үед “Гурван тэрбумын хөрөнгөтэй. Орон сууц, барилга байгууламжийнх нь үнэлгээ 1.4 тэрбум төгрөг байгаа нь тус тойрогт нэр дэвшигчдийг хөрөнгөөрөө тэргүүлж байна” хэмээн хэвлэлээр бичиж байв. 
  9. Л.Энхнасан нь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн удирдах зөвлөл болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн. 2022 оноос одоог хүртэл ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.