Нэгийхээ уг гарвал, биеийн онцлог, хэрэглэж буй эд зүйлсээр нь ялгаварлан гадуурхаж, шоглох хандлага нэгэнтээ бугшжээ.
Өсвөр насны хүүхдүүдийн дундах дээрэлхэлтийн талаар өнгөрсөн сард олон төрлийн суртал ухуулга, сайн дурын ажлууд зохиогдлоо. Олон нийтийн цахим сүлжээнд хаягтай нөлөөлөгчид “Дээрэлхтэл дэлгэрэх ёсгүй” гэж уриалав.
Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт нь сурагчид дангаар эсхүл бүлэглэж хүчний тэнцвэргүй байдал болон хүний ялгаатай байдлыг ажигласны үндсэн дээр олон удаа давтагдах эсвэл давтагдах магадлал өндөртэй аливаа ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хүсээгүй үйлдлүүд юм. Нийгмийн амьдралын хувьд хараахан өргөн хүрээнд оролцох болоогүйс цагаахан цаас шиг хэмээдэг сурагчдын хүрээлэлд далд хэлбэрээр явагддаг байсан үйлдэл, хэргүүд ил гарсан нь эцэг эхчүүдэд томоохон сануулгыг өгсөн биз ээ.
Гэтэл насанд хүрсэн хүн гэх тодотголтой их сургуулийн оюутнууд дунд дээрэлхэлтээс илүүтэй гадуурхлын шинж чанартай үйлдлүүд байнга өрнөх аж. XXI зууны залуус нударгаар бүхнийг шийдэхгүй, эвээр учраа ольё гэдэг. Гэлээ ч нэгийхээ уг гарвал, биеийн онцлог, хэрэглэж буй эд зүйлсээр нь ялгаварлан гадуурхаж, шоглох хандлага нэгэнтээ бугшжээ.
Оюутан болсон залуусын хичээлийн ачаалал, хэрэглээний зардал ерөнхий боловсролын сургуульд байснаас хэд дахин нэмэгддэг. Адаглаад солиод өмсөх хоёр ээлжийн хувцас, зөөврийн компьютер гэх зэргээр ар гэрээс авах татаас их. Гэвч оюутан хүүхэдтэй айл бүрд санхүүгийн боломж, чадавх адилгүй, чадан ядан жилээ давах нэгэн байхыг үгүйсгэхгүй.
Нэгэн их сургуулийн охин “Чамаас комисс үнэртээд байна” гэж ангийнхаа залууд шоглож хэлжээ. Найз, нөхдийн дунд явуургүй хошин наргиа байх ч энэ үг залууд тун эвгүй санагдсан байна. Орон нутгаас оюутан болж ирсэн түүний нутгийн аялга, ярианы онцлогийг хотын залуус тохуурхдаг байсан бол хэрэглэж буй эд зүйлс, амьдарч буй газар зэргээр нь хүртэл шоглодог байж. Тэдний эл үйлдлүүдийг тоглоом, наргиа төдийд боддог байсан ч ганцаардах, гадуурхагдах мэдрэмж байнга авдаг байснаа ярьсан юм.
Соёлтой эсвэл хотын иргэн гэх ойлголт нь сүрчиг ханхлуулж, ганган хувцас өмсөх биш гэдгийг залуус ойлгоосой. Найз нь тоглож хэлсэн юм аа гэх бүдүүлэг зөвтгөлөөр хаацайлсан үйлдэл хэн нэгний сэтгэлд насан туршийн шарх болж үлдэж ч мэднэ шүү.